Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавилууд багийн Их булагийн 1-17 тоотод оршин суух Мангууд овогт Нооногойн Халзанхүү /РД:КЙ50091060/-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Халзанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Халзанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдэлд 1966 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1976 он хүртэл мал маллаж байгаад 1976 оны 02 дугаар сарын 19-нд тус сумын 21-р цэцэрлэгт туслах ажилчнаар ажилласан. Тус сумын эмийн санд 1983 оны 08 дугаар сарын 25-нд ажилд ороод 2000 оны 9-р сарын 11-нд тэтгэвэрт гарсан. Миний бие анх эх Сэнгээр овоглож байснаа 1976 оны 02 дугаар сарын 19-нд эцэг Дуламын Нооногойгоор овоглосон билээ. Ингээд Галбын хөгжил нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт овгийн зөрүү гарч тэтгэвэр зогсоход хүрээд байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлээс 1968 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эх Сэнгээр овоглож олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Нооногой овогтой Халзанхүү миний бие мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Халзанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Миний бие анх эх Сэнгээр овоглож байснаа 1976 оны 02 дугаар сарын 19-нд эцэг Дуламын Нооногойгоор овоглосон билээ. Ингээд Галбын хөгжил нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт овгийн зөрүү гарч тэтгэвэр зогсоход хүрээд байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлээс 1968 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эх Сэнгээр овоглож олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Нооногой овогтой Халзанхүү миний бие мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №134/000212 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №213 дугаартай тодорхойлолт, 1968 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэнгээр овоглож олгосон Халзанхүүгийн №146883 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Х.Амбаа,  Н.Хүүхэндүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Халзанхүү нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч Н.Халзанхүүгийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлээс 1968 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэнгээр овоглож олгосон хөдөлмөрийн дэвтрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

            Нэхэмжлэгч Н.Халзанхүүгийн ээж нь Сэнгэ, аав нь Нооногой гэх хүмүүс байсан бөгөөд Халзанхүү нь аав Нооногойгоор овоглодог боловч 1968 оны 05 дугаар сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь ээж Сэнгээр овоглож олгогдсон болох нь түүний иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний лавлагаа, гэрч Х.Амбаа,  Н.Хүүхэндүү нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Н.Халзанхүүд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлээс 1968 оны 05 дугаар сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь ээж Сэнгээр овоглож олгогдсон байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Нооногойн Халзанхүүг тогтоох үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлээс 1968 оны 05 дугаар сарын 05-ны өдөр олгосон Сэнгэ овогтой Халзанхүү гэсэн 146883 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь  Мангууд овогт Нооногойн Халзанхүү мөн болохыг тогтоосугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.БАТТУЛГА