Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: Б. Цэрэнбат

Улсын яллагч Б.Батцэцэг,

Гэрч Н.О,

Шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Лхам,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.У, Б.Б, Б.Б нарт холбогдох 2122000090014 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Дорноговь аймгийн ........ төрсөн, ...... настай, ....., ......, ......., ...., ам бүл ....., ....... хамт Дундговь аймгийн .........оршин суух, ........., ....... овогт А.У гэв.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .....дугаар сарын .......-ны өдөр Дундговь аймгийн ...... төрсөн, .... настай, ......., ......., ...... эрхэлдэг гэх, ам бүл ..... ........ хамт Дундговь аймгийн ........... оршин суух, ..... овогт, Б.Б гэв.

 

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дундговь аймгийн ...... төрсөн, ....... настай, ....... ......., ........, ......., ам бүл ......, ....... хамт Дундговь аймгийн ........оршин суух, ..........., ...... овогт Б.Б гэв.

          Шүүгдэгч А.У, Б.Б, Б.Б нар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө хохирогч Г.Л, Б.Б, Х.Ш нарын өмчлөлийн олон тооны адууг бэлчээрээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж бага хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          1.Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Б-тай мал хийлцэж байхад У ирсэн. Орой алдсан хэдэн адуу хашилцаад өгчих гэхээр нь хашсан. Тэгээд хэдэн адуугаа хийх гэсэн юм та 2 хийлцээд өгчих гэсэн”  гэв.

          2. Шүүгдэг А.У, Б.Б нар “шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

          3. Шүүгдэгч А.У мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “2021 оны 01 сарын 12-ны өдрийн өглөө Дэлгэрцогт сумын хойгуур Адаацаг сум орох гээд явж байхад явган шуурга тавиад заримдаа юм үзэгдээд заримдаа үзэгдэхгүй байсан юм. Дэлгэрцогт сумаас хойш Цахиурт бригадаас баруун урагш явж байхад зам дээр 8 тооны адуу шуурганы уруу явж байхаар нь очиж үзсэн чинь янз, янзын тамгатай азарга байхгүй адуу байхаар нь мөнгө болгочихъё, холоос уруудаж байгаа адуу юм байх гэж бодоод шуурганы уруу зүүн урагшаа нэлээн ширүүн туусан чинь 3 /нэг гүү, хоёр сарваа/ адуу нь явахгүй болохоор нь зүүн тийш нь хөөгөөд орхисон. Үлдсэн 5 адууг багцаагаар 20 км туугаад нэг хар толгод дунд орхиод бензин байхгүй болж байсан болохоор бензин авах гээд Дэлгэрцогт сум руу 14-15 цагийн хооронд орсон. Тэгээд колонк орж бензин аваад дэлгүүрээс тамхи авах гэж орсон. Тэгсэн дэлгүүрийн зүүн талын мал бойн дээр мал хийж байгаа хүмүүс байж байхаар нь очсон чинь тэнд Б.Б, Б.Б, Б.Б, Б.Б-ын эхнэр бас хэдэн танихгүй хүмүүс мал хийж байсан. Тэгээд би таарсных ганц нэг пиво ууя гээд Б-г аваад дэлгүүр рүү яваад, пиво аваад эргэж бой ороод, тэнд Б, Б бид гурав жаал пиво ууж байхдаа  би “таван адуу алдаад, алдсан адуугаа олчихлоо, дахиж алдахаасаа өмнө мөнгө болгочихъё, хийгээд өгчих” гэсэн чинь Б “орой болчихлоо, маргааш хийж өгье” гэхээр нь “тэгвэл адаглаад хашчихъя” гэсэн. Б.Б-г “хийж байгаа ажилгүй юм чинь хамт явж адуу хашъя” гээд Б-г авч яваад Дэлгэрцогт сумаас хойш 15-16 км яваад нөгөө 5 тооны адуун дээрээ очоод зүүн тийшээ туутал овоон дунд шинэхэн барьсан чулуун хороо байхаар нь тэнд хөөж оруулж хашсан. Тэгээд Дэлгэрцогт ороод бойн дээр очсон чинь Б малаа хийгээд дуусаж байсан. Тэгэхээр нь би Б-ыг “махаа ачихаа больсон юм бол арьс, толгойн дээрээ миний малыг хийгээд аччих, бензин тосны мөнгө, хөлсийг нь өгье” гэж хэлсэн чинь “тун болохгүй бол хийж өгье” гэсэн. Тэгээд хашсан адуу руугаа арьс шир ачсан Б-гийн цагаан өнгийн Бонго пронтер маркийн машинтай Б, Б, Б бид хэд явсан. Би болохоор дагуулаад мотоциклтой явсан. Адуун дээрээ нэлээн орой 21-22 цагийн хооронд очоод хашсан адууг би барьж өгөөд Б, Б хоёр хийсэн. Б хөл татаж, хийсэн адууны махыг машин дээр дэлгэж байсан. Тухайн үед Б “шөнө оройгоор хийгээд байна, хулгайн юм биш биз дээ” гэхээр нь ахынх нь адуу байгаа юм, тус болоод өгчих гэж хэлсэн. Тэгээд 5 тооны адууг хийгээд аймаг руу хөдлөөд чигээрээ явсаар байгаад аймаг руу өглөөний 06 цагийн үед орж ирсэн байх. Б-нд унтсан. Тэгсэн Б “махаа өг, машин тэрэг суллая, арьс ширээ тушаамаар байна” гэхээр нь “бие өвдөөд босож чадахгүй байна, чи яваад өгчих, ирэхдээ нэг дотор засах юм аваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд Б, Б хоёр явсан байх, тухайн үед долингортой бие өвдөөд байсан юм. Яваад 2 цаг шахуу болсон байх, Б, Б хоёр ирээд "махаа өгчхөөд ирлээ, 2.500.000 гаран төгрөг болсон, О-ээс түр мөнгө зээлээд нэг юм аваад ирлээ”   гэж хэлсэн. Нэг шил юм уугаад дуусаж байхад нэг жижигхэн биетэй шар залуу бэлэн мөнгө авчирч өгсөн. 2.500.000 төгрөг болсон гэж мөнгө өгсөн. Тэр мөнгөнөөс адуу хийсний хөлс, өмнө бас мөнгөний өртэй байсан болохоор 500.000 төгрөг Б-д өгсөн, Б өвс тэжээлийн мөнгө, гурил будаа авна гээд 500,000 төгрөг зээлсэн. Үлдсэн мөнгөөр нь архи дарс уугаад, жижиг сажиг өрөө өгсөн. Хонгор морь, хүрэн зээрд морь, бөөн сүүлтэй том зээрд морь, буурал /хөх буурал/ морь, хар гүү, ийм таван адуу. Хөх буурал морь нь задгай чандмань тамгатай, бөөн сүүлтэй зээрд морь “Жүсгэн тамгатай, хонгор морь тавын тоо шиг тамгатай байна гэж харсан. Хүрэн зээрд нь зөв талын ташаан толгой дээр нар саран тамгатай, хар гүүний тамгыг мэдэхгүй ээ. Адууны мах ачсан машиныг Б унаад явж байсан, хэнийх болохыг нь мэдэхгүй, Бонго Пронтер маркийн цагаан өнгийн машин улсын дугаарыг нь мэдэхгүй ээ. Адууны махыг би өөрөө өгөөгүй болохоор хаана хэн гэдэг хүнд өгснийг мэдэхгүй, Б мэдэж байгаа. Миний унаж явсан мотоцикл улаан хүрэн өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл, миний өөрийн мотоцикл байгаа юм. Уг нь шинэ дээр нь улсын дугаар авч байсан юм, хугараад ойчсон юм. Би тэр 5 тооны адуун дээр ямар нэгэн гарал үүслийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг /1-р хх211-213/

          4.Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “Би сонсгосон зүйл        ангийг хүлээн зөвшөөрөхгүй. У, Б нарын хамт явж 5 адуу хийсэн бусад адууг нь мэдэхгүй. У “миний адуу байгаа юм, хийгээд өгчих” гээд гуйгаад байсан болохоор л хийж өгсөн. “Адуугаа олсон айлын хашаанд хашчихсан” гэж надад хэлсэн. Би хулгайн адуу гэж огт мэдээгүй ээ. У-ыг гуйгаад байсан болохоор 5 адууг хийж өгсөн, 5 тооны адуу ямар зүс тамгатай байсныг мэдэхгүй.  Б, У, хүү Б нарын хамт явсан. Цагаан өнгийн пронтер маркийн машин болохоор Б-гийн эхнэрийн машин байгаа юм. Би Б-гийн машиныг нүүрсэнд гуйгаад унаж байсан. Би хулгайн адуу гэж мэдээгүй ээ. У миний адуу байгаа юм хийгээд өгчих гээд байсан болохоор хийж өгсөн” гэх мэдүүлэг /1р хх227-228/

5. Хохирогч Б.Б-ын “Би Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багт мал маллаж амьдардаг юм, би өөрийн нэр дээр 11 тооны адуутай юм. Миний адуун дунд унагатай 2 гүү байдаг юм. Тухайн хоёр гүү унагатайгаа, манай сумын Г.Л гэх хүний 2 тооны морь, Х.Ш гэх хүний 2 тооны морьдын хамт Дэлгэрцогт сумаас хойш 30 гаран км зайд бэлчээрлэж байдаг байсан юм. Тухайн 8 тооны адууг Х.Ш, Г.Л нар нь отроор явсан учраас би харж маллаж байдаг байсан юм. Тухайн 8 тооны адууг хамгийн сүүлд 2021 оны 1 сарын 11-ний өдөр Дэлгэрцогт сумын төвөөс хойш 16 орчим км-т “Дэлийн довон бууц” гэх газрын дэрсэнд бэлчээрлэж байсныг харсан. Тэгээд маргааш нь өнжөөд 2021 оны 1 сарын 13-ны өдөр адуугаа хайж үзтэл алга болсон байсан. Тэгсэн манай адууг байсан газраас нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ 12 орчим км мотоциклоор туугаад, шинээр баригдсан хороонд хашиж байгаад 5 тооны адууг нь нядлаад гэдсийг нь хороон дотор хаяж орхичхоод, арьс толгой, шийрийг нь ачаад явсан, давхар дугуйтай ачааны машины мөр гарсан байсан. Хэргийн газарт цавьдар морины шийрийг үлдээгээд явсан байсан юм. Тэгээд би тэр талаар цагдаад мэдэгдсэн. Манай адуу 8 тоотой явсан бөгөөд хэргийн газарт 5 тооны адууны гэдэс байсан, үлдсэн 3 тооны адуу яасныг мэдэхгүй байна. Тухайн ойр орчмын газруудаар 2-3 хоног хайгаад одоог хүртэл олоогүй байна. Иймд би өөрийн 2 тооны гүү, 2 тооны сарвааг нэхэмжилж байна. Хар гүү хөндөлтэй задгай чандмань тамгатай, буурал гүү гогцоотой чандмань тамгатай, охин хээр сарваа /унага/ тамгагүй, охин зээрд сарваа /унага/ тамгагүй. Хонгор морь зөв талын ташаан дээр нар саран тамгатай, хүрэн цавьдар морь зөв талын ташаан дээр нар саран тамгатай эзэн Л-аа, буурал морь зөв талын гуя дээрээ хөндөлтэй задгай чандмань тамгатай, зээрд морь бөөн сүүлтэй зөв талын гуя дээрээ дармал “Ж” үсгэн тамгатай эзэн нь Ш. Эдгээр морьд бүгд зөв талын гуя дээрээ шар будагтай байсан. 1 гүүгээ тус бүрд 2.000.000 төгрөгөөр 2 тооны сарваа / 2020 оны унага / нэг тус бүрийг 500.000 төгрөгөөр үнэлж байна. Б гэх залууг танина. Адаацаг сумын малчин залуу байгаа юм. Тэднийх манайхаас 20 гаран км зайтай, нэг нутгийн бие биенээ таньдаг хүмүүс байгаа юм. Б манай адуу болон Ш, Л нарын адууг бүгдийг нь танина, байнга адуу малаа сурж байдаг хүмүүс байгаа юм. Харин У гэх хүнийг би танихгүй. Гомдолтой байна, алдсан адуугаа нэхэмжилж байна /1-р хх-33/

6. Хохирогч Х.Ш-ын  “...Би Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багт мал маллаж амьдардаг юм, энэ жил цаг муу байгаа учир Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас урагш нутаглаж байна. Би өөрийн нэрийн 30 гаран тооны адуутай, түүнээс зээрд морь, буурал морь хоёр нутагт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин Б.Б-ын адуунд байсан юм. Тэгсэн 2021 оны 1 сарын 13-ны өдөр Б.Б гуай утсаар залгаад “танай, манай адууг хулгайч нар авсан байна” гэж хэлсэн. Буурал морь зөв талын гуя дээрээ хөндөлтэй задгай чандмань тамгатай, зээрд морь бөөн сүүлтэй зөв талын гуя дээрээ дармал “Ж” үсгэн тамгатай. Морио нэг тус бүрийг нь 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Б.Б гэх залууг танина.  Адаацаг сумын малчин залуу байгаа юм. Тэднийх манайхаас 20 гаран км зайтай байдаг юм, манай адууг сайн мэдэх хүний нэг байгаа юм. Гомдолтой байна, алдсан адуугаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх38-39/

7. Хохирогч  Г.Л-ын “2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр манай саахалт  айлын Б гэх хүн утсаар залгаад манай адуунд байсан танай хоёр морь, мөн Ш-ын хоёр морь, манайхаас нэг гүү сумаас хойш байх эзэнгүй хороон дээр  хийгдсэн байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд Б сумынхаа цагдаад
дуудлага мэдээлэл өгөөд шалгуулж байгаа гэсэн. Манай хоёр морь Б гэх айлын адуунд байдаг байсан. Тухайн  үед адуу сумаас баруун хойш л байсан гэж байсан. Хонгор морь зөв талын ташаан толгойн дээр нар саран тамгатай, хүрэн цавьдар морь мөн зөв талын ташаан толгойн дээр нар саран тамгатай хоёр морь байсан. Хоёулаа бүдүүн морьд байсан. Хүрэн цавьдар морь, хонгор морио хоёуланд нь тус бүрийг нь  2,000,000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой хоёр морио төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-33/

          8. Гэрч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2010 оноос хойш мах авч байна...Надад таалагдаагүй болохоор би махыг нь аваагүй. Намайг авахгүй гэсэн чинь энэ хэд “өөр авах хүн байна уу” гэхээр нь М руу яриад хамт аваачаад өгчихье гээд байхаар нь аваачиж өгсөн гэв. Б дансаа мэдэхгүй гэхээр нь би дансаараа авч өгсөн. Б-ыг таньдаг болоод 2-3 жил болж байна. Махны мөнгө орж ирэхээс өмнө бензин тосны мөнгө хэрэг болоод байна гээд 200.000 төгрөг зээлж авсан. Дансаар нь өгөх гэсэн чинь бэлнээр авна гэхээр нь би гэрт нь аваачиж өгсөн. Гэрт нь очиход энэ 3 байсан.  Б-ын гуйлтаар мөнгө аваачиж өгсөн. Би зуучилж өгсний хөлсөнд М-с 200.000 төгрөг авсан. Ер нь авдаг. Би аваагүй болохоор гарал, үүслийг шалгаагүй, мэдээгүй. Б адууны мах авчирлаа гэхээр нь авъя гээд сөхөөд хартал онц биш туранхай байхаар нь авахгүй болилоо гэсэн чинь өөр авах хүн байна уу гэсэн. Тэгэхээр нь М руу асуугаад авах юм уу гэсэн чинь авъя хүрээд ир гэсэн. Энэ хэд газар мэдэхгүй хамт явъя гэсэн. Баар урьд нь бой хийлгэдэг байсан. Эхнэрийнх нь дансаар мөнгө өгдөг байсан. Эхнэр нь бас гэдэс дотор арилгаж янзалдаг байсан” гэв.

          9. Гэрч Ю.П-гийн “Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр адуугаа харсан. Тэгэхэд манай адуу сумаас баруун хойш Дэл гэх газар байсан. Тэгээд би адуугаа харах гээд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ээжийн хамт машинтай адуу байсан газраа очиход манай адуу байхгүй байсан. Тэгээд адуу байсан газрын дэрсний захаар явж байтал адуу туусан мотоциклын мөр гарсан. Тэгэхээр нь би тэр мөрийг дагаад яваад байтал сумаас хойш 14 км-д байх эзэнгүй хороон дээр адуу хийгдсэн байдалтай, гэдэс дотрыг нь гаргаад хаясан, ганц ширхэг адууны шийр байсан. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө сумын төв ороод сумынхаа цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд сумынхаа төлөөлөгчтэй адуу хийгдсэн хороон дээр очиж үзэхэд 5 адууны гэдэс гаргаад хаясан, мөн нэг ширхэг адууны шийр байсан.  Би адуугаа 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр харсан. Тэгэхэд манай адуу сумаас баруун хойш Дэл гэх газар байсан. Тэгэхээр нь би очиж үзчихээд тэнд нь орхиод гэр рүүгээ явсан. 4 морь, хоёр сарваатай гүү нийт 8 тооны адуу байсан. Хонгор морь зөв талын ташаан толгойн дээр нар саран тамгатай, цавьдар морь мөн зөв талын гуя дээрээ нар саран тамгатай, буурал морь хөндөлтэй задгай чандмань тамгатай, зээрд морь Ж үсгэн тамгатай, хар гүү хөндөлтэй задгай чандмань тамгатай, буурал гүү гогцоотой чандмань тамгатай, хоёр сарваа тамгагүй адуунууд байсан. Хоёр сарваатай гүү нь манай ах Б.Б-ын, нөгөө 4 морь нь манай нутгийн Х.Ш, Г.Л гэх хүмүүсийн адуунууд байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх52-53/

        10. Гэрч М.М-ын “Би хувиараа мал мах худалдан авч борлуулдаг ченж хүн байгаа юм. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед ченж Н.О гэх залуу “адууны мах авах уу, мах зарах гээд хүн ирсэн байна, авах бол би дагуулаад очъё” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “хүрээд ир, авъя” гэж хэлсэн. Тэгсэн төд удалгүй Н.О машинтайгаа мөн цагаан өнгийн пронтер маркийн автомашинтай мах зарах гэж байгаа гэх 3 хүнтэй ирсэн. Тэр гурван хүн миний танихаар мал нядалдаг Мөнх буюу Б хүүгийнхээ хамт, цэнхэр хүрэмтэй улаан өнгийн дээлтэй хөдөөний байрын нэг танихгүй залуугийн хамт ирсэн юм. Тэр хэд 5 тооны адууны мах зарна гэж ирсэн, тэр адууны мах нэлээн туранхай мах байсан тул 1 кг тутмыг нь 3800 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм. Тэгээд мах нийт 670 кг болж 2.546.000 төгрөг болсон. Мөнгийг нь бэлнээр авъя гэж Б хэлсэн. Тэгэхээр нь би бэлнээр тооцоо хийхгүй гэж хэлсэн. Тэгсэн Б тэгвэл О-ийн дансанд хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би О-ийн дансанд 2.546.000 төгрөгийг явсных нь дараа араас нь шилжүүлсэн юм. Надаас Б мөнгө төгрөг сурсан зүйл байхгүй. Би Б-тай хамт яваа тэр хөдөөний хүний адууны мах юм болов уу гэж бодсон. Дэлгэрцогтын бойн дээр хийсэн гэж Б хэлж байсан. Баас “гарал үүслийн бичиг байна уу” гэж асуухад “гарал үүслийн бичиг авч амжаагүй” гэж хэлсэн. Машин дээр нь ямааны арьс байгаа харагдсан, өөр зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх63-64/

          11. Иргэний нэхэмжлэгч Ц.У-ийн “Цагаан өнгийн пронтер маркийн 31-26 ДУА дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин байгаа юм. Миний машиныг Б 2021 оны 01 сард нүүрсэнд явна гээд аваад явсан юм. Тэгсэн 2021 оны 01 сарын арван хэдний  үеэр өдрийг нь санахгүй байна, Б надад хэлэхдээ  хулгайд холбогдоод машиныг журамласан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх128-129/

          12. Гэрч Ж.Б-ын “...А. У гэдэг хүнийг танина. Намайг 4 жилийн өмнө Адаацаг сумын 1-р багийн засаг дарга болоход манай багийн үндсэн харьяат иргэнээр байсан. Тэрнээс хойш шилжүүлэг хийлгэсэн юм бол байхгүй. Гэхдээ У Адаацаг сумын 1-р багт бүртгэлтэй боловч тус хаяг дээрээ амьдардаггүй. Говь-Угтаал суманд амьдардаг. 2020 оны жилийн эцсийн мал тооллого явагдаж байх үед У-ын аав утсаар залгаад “ хэдэн мал тоолуулах гэсэн юм” гэхээр нь ямар учиртай ямар мал вэ гэсэн чинь “манай хүү У Угтаал суманд амьдардаг, тэрний нэр дээр хэдэн мал тоолуулах гэсэн юм” гэж ярьсан. Тэгээд манай хөгшин ажил дээр очсон байгаа гэхээр нь ажил дээрээ ирж Алтангэрэл гэдэг хүнтэй уулзахад “манай өвгөн ярьсан уу” гэхээр нь ярьсан гэсэн. Алтангэрэл гуай хэлэхдээ “хүүгийнхээ нэр дээр хэдэн мал тоолуулах гэсэн юм” хэлсэн. Л гуай утсаар надтай яриад У-ын нэр дээр үхэр 1, ямаа 35, адуу 5, хонь 30 нийт 71 тооны мал хэлснийг би малын А дансанд бүртгэж авсан. У нь өөр дээрээ албан ёсны малтай гэдгийг мэдэхгүй. Говь- Угтаал суманд хөдөө амьдардаг гэдгийг нь мэднэ...” гэх мэдүүлэг /1-р ххх134-135/

13. Гэрч Ч.Дням “...Манайх Дэлгэрцогт сумаас хойш 20 км-д хөдөө байдаг юм. Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийнхөө хониноос 42 хонь, 42 ямаа хийлгэх гээд сумын төв рүү тууж аваачсан. Малаа тууж ирэх гэсээр байгаад оройтоод суман дээр 16 цаг өнгөрөөж ирсэн. Ирээд шууд сумын төвийн зүүн урд мал нядалгааны газар аваачаад аймгийн төвийн Б.Б, Б.Б, Б.М, Б.Б гэх хүмүүсээр малаа хийлгэсэн. Мал хийж дөхөж байхад мотоциклтой хүн ирсэн. Тэгсэн тэр ирсэн хүнийг Б, У гэдэг манай найз гэж хэлсэн. Тэгээд малаа хийгээд орой 22 цаг өнгөрч байхад дуусаад мал нядалгааны хашаанд байх агуулахад малынхаа махыг хийж орхиод ямааныхаа арьсыг Б.Б гэх хүний Пронтерт ачсан. Тэгээд би эхнэртэйгээ Б.М бид гурав манайх руу хөдөө явсан. Тэнд Б, Б, Б, У нар үлдсэн. У гэдэг хүний мотоциклыг ачаад аймгийн төв явна гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 138/

14. Гэрч Б.Мгийн “2021 оны 01 сарын 11-ний өдөр санагдаж байна. Би нөхөр Б.Б, хүү Б.Б нарын хамт нөхрийн найз Б.Б-гийн цагаан өнгийн пронтер маркийн автомашинтай Дэлгэрцогт сум руу хуурай дүү Д-нд очиж мал нядлахаар явсан юм.  Замдаа Дэлгэрцогт суманд дээр ирээд Б.Б-г Адаацаг сумын хөдөө гэрээс нь “хүрээд ир” гэж манай нөхөр Б утсаар дуудсан юм. Тэгээд Б.Б-г Дэлгэрцогт сумаас тосож аваад цаашаагаа сумын төвөөс хойшоо Д-гийн хөдөө гэрт очсон юм. Тэгсэн Д-гийн мал нь уруудсан байсан тул Д, Б, манай нөхөр Б нар малыг нь ачааны машинтайгаа 2-3 удаа зөөж авчирсан юм. Тэгээд тэр өдрөө бид Д-нд хоносон. Манай нөхөр Б.Б Дэлгэрцогт сум руу явж манай ах Л-нд очиж хоносон юм. Тэр өдөр сумын төв орж архи уух санаатай явсан байх гэж би бодож байна. Тэгээд манай нөхөр маргааш өглөө нь эрт Д-гийн мотоциклтой ирсэн юм. Тэгээд Д-гийн нядлах 80 гаран тооны малыг туугаад Дэлгэрцогт сумын төв оруулсан.  Тэгээд сумын төвийн бойн дээр 2021 оны 1 сарын 12-ны өдөр 17 цагийн үед очоод малаа нядалж эхэлсэн. Тэгсэн гэгээ тасарч байх үед Адаацаг сумын У гэгч ганцаараа мотоциклтой ирсэн. Тэгээд тэр пиво авчирсан,  тэр пиво манай нөхөр болон Б нарын хамт хувааж уугаад байсан. Тэгээд У нь Б-г аваад адуугаа хайна гээд явсан юм. Тэгээд бид хэдийг мал нядлаад дуусаж байх үед тэр хоёр ирээд “адуугаа олчихлоо, Баас хийгээд өгөөч ээ, хөлс мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Б бид хоёр орой болсон байна, маргааш хийж болдоггүй юм уу” гэхэд “зүгээр, зүгээр хамт хийгээд явъя” гээд байсан. Тэгээд бид хэд ачааны машин дээр нядалсан бага малын арьс,  толгой гэдсийг ачаад махыг Дд хүлээлгэж өгсөн. Манай нөхөр Б, манай хүү Б, Б нар ачааны машинд суугаад, У гэгч мотоциклтойгоо адуу хийхээр явсан юм. Би Д-гийн хамт сумын төв дээр үлдээд маргааш нь буюу 2021.01.13-ны өдрийн орой Дундговь аймагт очсон. Аймагт ирэхэд тэр хэд 5 тооны адуу нядалсан, махаа борлуулсан талаар ярьж байсан. Тухайн 5 тооны адууг У гэгч нь “өөрийн адуу байгаа юм” гэж байсан. Нэг адууг 40,000 төгрөгөөр бодож хийсэн гэж хэлж байсан...”  гэх мэдүүлэг /1-р хх47-48/

15. Хөрөнгө эстимэйт ХХК-ний шинжээчийн 2021.01.22-ны өдрийн №01/02 тоот “Хонгор морь 10 настай-1500.000 төгрөг, хүрэн цавьдар морь 10 настай-1500.000 төгрөг,  бор морь 5  настай-1500,000 төгрөг, зээрд морь 7 настай-1500,000 төгрөг, хар зүсмийн хээлтэй гүү 6 настай-1300.000 төгрөг, буурал зүсмийн хээлтэй гүү 5 настай-1300.000 төгрөг, охин хээр сарваа /2020 оны унага/-450,000 төгрөг, охин зээрд сарваа /2020 оны унага/-450,000 төгрөг, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол улсад орж ирсэн, улсын дугаар 3126ДУА Bongo Fronter-3500,000 төгрөг, Хятад улсад 2018 онд үйлдвэрлэгдэж, 2018 онд Монгол улсад орж ирсэн Даюун маркийн мотоцикл-500.000 төгрөг, үнэлгээний нийт дүн-13.500.000 төгрөг гэх дүгнэлт

16. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 3/

17. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 4-9/

18. Тээврийн хэрэгсэл хураан авсан тэмдэглэл /1-р хх-18/

19. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх26-28/

20. Шүүгдэгч А.У, Б.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 77-83/ ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 9-30/

21. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон шүүгдэгч  нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Х.Ш-ын 2 тооны, Г.Л-ын 2 тооны, Б.Б-ын 4 тооны буюу нийт 8 тооны хамт сүрэглэж байсан адуу алдагдсан, үүнээс 5 тооны адууг нь Дундговь аймгийн  Дэлгэрцогт сумын 2-р багийн  нутаг “Хавчуу” гэх хороон дээр нядалж гэдэс дотрыг нь орхисон, 2021 оны  01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө А.У, Б.Б, Б.Б, Б.Б нар нь Дундговь аймгийн  Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг “Хавчуу” гэх газарт 5 тооны адууг нядалж, улмаар Ц.У-ийн бонго пронтер маркийн 3126 ДУА дугаартай тээврийн хэрэгсэлд махыг нь ачиж Дундговь аймгийн  Сайнцагаан сумын төвд авчирч  зарж борлуулсан  үйл баримт тогтоогдож байна.

          Прокуророос шүүгдэгч А.У, Б.Б, Б.Б нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын олон тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

          Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч А.У нь бусдын 8 тооны буюу олон тооны адууг бэлчээрээс нь мотоцикл ашиглан хулгайлж замдаа 2 даага, 1 гүүг нь зүг буруулан хөөж, бусад 5 адууг нь 20 орчим км газар тууж аваачсаны дараа Дэлгэрцогт суман дээр бой хийж байсан Б.Б, Б.Б нарт “алдсан адуугаа оллоо, дахин алдахаас нь өмнө мөнгө болгоё” гэж хэлж нядлуулан, махыг нь тээвэрлүүлэн, заруулсан болох нь шүүгдэгч нарын болон гэрч Б.М-гийн “...тухайн 5 тооны адууг У гэгч нь өөрийн адуу байгаа юм гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ю.П-гийн  “...тэгээд адуу байсан газрын дэрсний захаар явж байтал адуу туусан мотоциклын мөр гарсан. Тэгэхээр нь би тэр мөрийг дагаад яваад байтал сумаас хойш 14 км-д байх эзэнгүй хороон дээр 5 адуу хийгдсэн байдалтай гэдэс дотрыг нь гаргаад хаясан байсан...” гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.

          Прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь 5 адууг зарж борлуулсны дараа шүүгдэгч Б.Б 500.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Б 170.000 төгрөгийг шүүгдэгч А.У-аас авсан, адууны махыг Б.Б, Б.Б нар зарж борлуулсан, шөнийн цагаар эзэнгүй хороон дээр адуу хийж байгаа, мах ачаад хулгайн замаар пост тойрч Сайнцагаан суманд ирсэн зэрэг үйлдэл нь шүүгдэгч  нарыг бүлэглэн бусдын олон тооны адууг хулгайлсан гэдгийг  нотлох баримт юм гэсэн тайлбар дүгнэлтийг гаргаж байна.

          Шүүгдэгч Б.Б, Б нар нь 2021 оны 01 сарын 13-ны өдөр 5 адууны махыг Н.О-ээр дамжуулан бусдад зарж борлуулсан болох нь гэрч Н.О, М.М нарын мэдүүлгээр нотлогдож байгаа боловч энэ нь шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь шүүгдэгч А.Утай бүлэглэн тээврийн хэрэгсэл  ашиглан бусдын 8 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэдгийг шууд нотолж байгаа баримт биш юм.

          Мөн шүүгдэгч А.У-аас шүүгдэгч Б.Б нь 170.000 төгрөгийг зээлж авсан гэж, шүүгдэгч Б.Б нь бойны хөлс, бензиний зардал, шүүгдэгч А.У-ын барьцаанд тавьсан утасны төлбөр гэх зэрэг 500.000 төгрөгийг авсан гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Б.Б-ын мэдүүлэг нь гэрч Б.М-гийн “Нэг адууг 40,000 төгрөгөөр бодож хийсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлгээр нотлогдсон ба үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

          Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь Дэлгэрцогт сумын иргэн Д-ын 84 тооны бог малыг бойлохоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр очсон, улмаар 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим Дэлгэрцогт суманд байх мал нядалгааны газарт 84 тооны бог малыг оруулан 22 цагийн орчимд нядалж дууссан, энэ хугацаанд шүүгдэгч А.У нь ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар “адуу хашилцаад өгчих” гэж Б.Б-г дагуулан явсан, “алдсан адуугаа олсон, ахиад алдахаас нь өмнө мөнгө болгоё” гэж шөнийн цагаар  хийлгүүлсэн талаар шүүгдэгч нар, шүүгдэгч Б.Б нь адуу хашилцахдаа болон адуу нядлах үед “хулгайн адуу биш биз” гэж 2 удаа асуухад “ахынх нь адуу”  гэж шүүгдэгч А.У хариулсан талаар шүүгдэгч Б.Б, А.У нар нь тус тус мэдүүлсэн ба үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. 

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “улсын яллагч дүгнэлтээ хулгайн замаар ирсэн, шөнийн цагаар адуу хийсэн юм чинь хулгайн гэмт хэрэгт оролцсон гэсэн таамаглалд үндэслэж гаргаж байна. Өдөржин архи уусан согтуу хүмүүс машин бариад постоор орж ирэхгүй, тойрч л орж ирнэ. 22 цагт бусдын бог малыг хийж дуусаад  дараа нь адуу хийхэд шөнө болсон байсан” гэсэн тайлбар  гаргаж байгааг үгүйсгэх боломжгүй ба шүүгдэгч нар нь шөнийн цагаар адуу хийсэн нь нотлогдож байгаа боловч 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 16 цагаас 22 цаг хүртэл иргэн Д-ын 84 тооны бог малыг бойлж дууссан тул зориуд бусдаас нууц далд аргаар буюу шөнийн цагаар  адуу нядалсан гэж үзэх боломжгүй юм.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.У нь бусдын 8 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан бэлчээрээс нь хулгайлснаар уг гэмт хэрэг төгссөн ба хэрэгт  авагдсан баримтуудаар шүүгдэгч А.У нь хулгайлсан адуугаа зарж борлуулан ашиг олох зорилгоо биелүүлэхийн тулд 5 тооны адууг шүүгдэгч Б.Б, Б.Б нараар нядлуулж, махыг нь заруулсан нь шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг энэ гэмт хэргийг үйлдэхэд бүлэглэн оролцсон гэдгийг шууд  нотлох баримт болохгүй юм.

          Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь А.У-тай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан бусдын 8 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай, эргэлзээгүй тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б, Б.Б нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар  шийдвэрлэх нь зүйтэй.

          Иймд шүүгдэгч Б.Б, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг цагаатгаж, шүүгдэгч А.У-ыг бусдын 8 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бусадтай бүлэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийг Эрүүгийн  хуулийн  17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч А.У-ыг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын олон тооны буюу 8 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч А.У нь гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг хохирогч нарт төлж барагдуулсан нь Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн  1 дэх  хэсгийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч А.У нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар 10 хоногийн баривчлах ялаар, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 03 сарын 04-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил 24 хоногийн хорих ялаар, Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.

          Иймд шүүгдэгч А.У-ын хувийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн  хуулийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг  оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч А.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч А.У нь хохирогч Г.Л, Х.Ш нарын 4 тооны адууны  /хохирогч Б маллаж байсан/ хохиролд 4 тооны адууг хохирогч Б.Б-д хүлээлгэн өгсөн, хохирогч Б.Б нь өөрийн болон бусад хохирогч нарын хохирлыг хүлээн авсан,  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүхээс шүүгдэгч А.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-ийн эзэмшлийн 30 толгой бог малыг битүүмжилж ирүүлсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2021 оны 2 сарын 22-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хэвээр үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч А.У-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Б-ээс 76750 төгрөгийг тус тус хураан ирүүлжээ.

          Шүүгдэгч Б.Б-г гэм буруугүйд тооцсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 76750 төгрөгийг шүүгдэгч Б.д буцаан олгож, шүүгдэгч А.У-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн /500.000 төгрөгийн үнэлгээ бүхий, улаан хүрэн өнгийн/ тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг гэм буруугүйд тооцож цагаатгасан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Ут хорих ял оногдуулсан тул энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг цагаатгасугай.

          2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

          3.Шүүгдэгч Сайхан овгийн Алтангэрэлийн У-ыг бусдын олон тооны буюу 8 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-т 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-т оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлсүгэй.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

          9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 76750 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б-д буцаан олгосугай.

          10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Ут энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                     Г.МӨНХБАТ