| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Оргилболд
Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Ц-т холбогдох 2122000000057 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ....... боловсролтой, ......, ам бүл......, Дундговь аймгийн ........... оршин суух, ......., ........ овогт Д.Ц гэв.
Шүүгдэгч Д.Ц нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг Ханан гэх газарт иргэн Д.Д-ын гэрийн гадаа С.Х-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан зодолдох явцдаа түүний хүзүү, гар, хэвлийн тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 4 сарын 02-ны өдөр Х-тай сумын төв дээр таараад ойрд уулзаагүй гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд хөдөө очоод Х-тай муудалцсан. Айлгая гээд бодож байсан чинь хатгасан байсан...” гэв.
2. Хохирогч С.Х-ын “...2021 оны 04 сарын 02-ны өглөө Б-тай суман дээр таараад 1 шил архи уусан. Тэгээд Б-нд очиж тэжээлийн морь усална гээд сумаас гарахдаа 2 шил архи аваад У, Ж хоёртой хамт Д ахынд очсон. У, Ж хоёр их согтуу байсан болохоор гэрт ороогүй машинд унтаад үлдсэн. Бид 2 адуу мал усалчхаад ирэхэд С ирсэн байсан. Бид 3 хоёр шил архи уугаад дуусаж байхад Д ах ирсэн. Тэгээд би согтсон байсан, Б-тай юунаас болоод хоорондоо муудсаныг мэдэхгүй, тасарсан байсан. Тэгээд сэргэсэн чинь гэрээс урагш Б бид 2 хоорондоо муудалцсан, Б миний хүзүү рүү хутгалчихсан, хүзүүнээс цус гарчихсан, Б гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан. Архи нэлээн уусан байсан болохоор ухаан орж гараад байсан байх, зарим зүйлээ мэдэхгүй байна. Бид 2 уг нь маргалдах шалтгаан байхгүй. Гадаа гараад барилцсан гэж байсан. Би 2-3 унагаагаад жаахан шоглохоор Б уурласан юм байлгүй гэж би дотроо бодож байна. Миний биед хүзүү, хэвлий, гарын харьтны булчин руу өнгөцхөн 3 удаа хутгалсан. Өөр гэмтэл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний эмчилгээ болон эм тарианы зардал 300.000 төгрөгийг Ц төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
3. Гэрч Т.С-ын “...Өчигдөр өдөр Д ахынд очиход Б, Х 2 нэлээн согтуу байсан. Х надад нэг шил архи өгөөд бид 3 уугаад сууж байхад Д ах ирсэн. Тэгээд юм ярьж байгаад Х “чи аавыгаа зоддог гэсэн” гээд Б-т хэлсэн чинь Б “би аавыгаа зодоогүй” гээд тэр 2 маргалдаж байгаад хамт гарсан. Би араас нь гараад машин дээр мотоцикл ачаад байж байтал нөгөө 2 хоорондоо зодолдоод эхэлсэн. П очоод салгатал эргээд араас нь Х “Б хутгатай байна” гээд гүйгээд ирсэн чинь хүзүүгээ дараад тэр хавиас нь цус гарч байсан. Би тэгээд яваад өгсөн. Тэр 2 их согтуу байсан. Х Б-т “чи аавыгаа зодсон” гэсэн гээд хэлснээс болоод хэрэлдсэн. Тэр 2 ах дүү үеэлүүд, миний ах дүү хүмүүс байгаа юм. Х хутгалуулчихлаа гээд гүйгээд ирэхэд У, Ж 2 машинд унтаж байгаад сэрээд гарч ирсэн. Хутга шөвөг болохыг нь би хараагүй. Х хутгалуулчихсан цус болчихсон гүйгээд ирсэн. Б тэр газраа байж байсан...” гэх мэдүүлэг /хх23-24/
4. Гэрч Д.Б-ийн “...Өчигдөр өдөр 14 цагийн үед Д ахынд очиход гэрт нь Б ах, Х, Д ах, С ах 4 байсан. У, Ж 2 согтуу гадаа машинд унтаж байсан. Гэрт тэр хэд архи ууж байсан. Би очоод байж байхад Б ах Х хоёр Д ахыг зоддог, зоддоггүй гээд маргалдаад байсан. Би гараад машины дугуй янзлаад байж байхад Х, Б ах 2 гарч ирээд байшингаас зүүн тийш нэлээн зайтай очоод хоорондоо зодолдоод байгаа ч юм шиг барилдаад байгаа ч юм шиг, нэг бол бие биенээ цохичхоод, тэгээд инээлдээд тоглоод байсан. Нэг харсан чинь хэрэлдээд эхлэхээр нь би очсон чинь зодолдож байсан. Би хорих гэж үзээд дийлээгүй. Буцаад С ах дээр очсон чинь Х хутгалуулчихлаа гээд гүйгээд ирсэн. Харсан чинь хүзүүгээ дараад цээж нь нил цус болчихсон, гэдэснээс нь бас цус гарч байсан. Б ах араас нь ирэхэд машинаас Ж ах гарч ирээд хутгыг нь булааж аваад шидсэн. Би айгаад түргэн дуудсан. Улаан бариултай хутга барьсан байсан, тэр 2 их согтуу байсан. Ер нь сураг сонсоход урд өдрөөс нь уусан байх. Х их согтуу намайг өдөөд байсан, би тоогоогүй” гэх мэдүүлэг /хх26-27/
5.Гэрч Д.Д-ын “...Миний хувьд мэдэх зүйл байхгүй. Малдаа яваад ирэхэд Х, Б, С 3 байсан. Халамцуу байсан. Х бол миний дүүгийн хүүхэд, надтай золгох гэж ирсэн гэсэн. Б манай хүүхэд, энэ 2 гэрт маргалдах аястай болохоор нь би загнаад гар гэж хэлсэн. Гараад юу болсныг нь мэдээгүй, гэнэт хутга шөвөг болсон байсан. Би хүүхдээр түргэн, цагдаа дуудуулсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Гараад очиход цус, нөжиндөө холилдсон байсан” гэх мэдүүлэг /хх-29/
6. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.04.07-ны өдрийн 109 тоот “ С.Х-ын биед хүзүү, бугалга, хэвлийд хатгагдсан шарх, бугалгад зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Бугалга хэсэгт үүссэн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна” гэх дүгнэлт /хх32-33/
7. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.04.06-ны өдрийн 108 тоот “ Д.Ц-ын биед зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх40-41/
8. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/
9. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримт болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар хохирогч С.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг “Ханан” гэх газарт иргэн Д.Д-ын гэрийн гадаа бусдад хүзүү, гар, хэвлийн тус газраа хутгалуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын дараа хохирогч С.Х-ын биед хүзүү, бугалга, хэвлийд хатгагдсан шарх, бугалгад зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан байсан болох нь нотлогдож байна.
Хохирогч С.Х-ын биед учирсан хүзүү, бугалга, хэвлийд хатгагдсан шархыг шүүгдэгч Д.Ц хутгалах хэлбэрээр учруулсан, уг хатгагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан гэрч Т.С, Д.Б, Д.Д нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ц-ын хохирогч С.Х-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Ц-ыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ц нь хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Ц-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн эмчилгээний зардалд шүүгдэгч нь 300.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай, хар өнгийн иштэй, ишийг нь улаан өнгийн лентээр битүүлж ороосон ажлын хэсгийн урт 15 см, ишний урт нь 11 см ажлын хэсгийн өргөн нь 2,5 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ...... овгийн Д.Ц-г хутгыг зэвсгийн чанартай ашиглан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч С.Х-т 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч С.Х нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ