Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00356

 

П.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2125 дугаар магадлалтай

П.Бын нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Өнөр хороолол 25 дугаар байрны 31 тоот орон сууцыг анхны болох хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтулгын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Нрын зарим шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тус газар нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6/6 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6/58 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол тус тус гаргаж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан. Улмаар 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээг “М” ХХК-тай байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлж, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17/997 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчилж байгаад 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл АНУ-д амьдарч байгаа. Гэр бүлийн гишүүдийн нэг болох дүү П.Ганбат нь түүний зөвшөөрөлгүйгээр орон сууцны өмчлөлөөс хууль бусаар хасуулж, өөрөө цорын ганц өмчлөгч гэж бүртгүүлж гэрчилгээ авч, “М” ХХК-иас зээл авахдаа уг орон сууцыг барьцаалсан. П.Ганбат нь зээлийн үүргээ хугацаандаа төлөөгүй тул шүүхээс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэр гарч, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс П.Б өмчлөх эрх зөрчигдсөнөө мэдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05239 тоот шийдвэрээр П.Быг орон сууцны хамтран өмчлөгчөөр буцаан тогтоосон. Харин орон сууцыг П.Бын зөвшөөрлөөр эзэмшиж байсан иргэдэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 3/20358 тоот мэдэгдэл гардуулж орон сууцыг чөлөөлөх, эс бөгөөс албадан чөлөөлөхийг сануулсан байсан. Уг мэдэгдэл хүргүүлснээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар болон П.Бын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар мэдсэн учир бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгчийн төлөөлөгч болохын хувьд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хандсан ч 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч цагтаа ирээгүй гэж нэхэмжлэлийг буцаасан. Нар нь мэдэгдэх хуудсыг өгөх үе шат, аргатай холбоотой журмыг буруу хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шүүх мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэсэн нь шийдвэр гүйцэтгэгч эхний үе шат болгож мэдэгдэх хуудсыг үйлдээд аливаа этгээдтэй утсаар холбогдох, бусдаар хэл хүргүүлэх зэргээр өөрийн байгаа газраас дуудан ирүүлж байж мэдэгдэх хуудсыг гарт нь өгөх санаа. Хэрэв энэ үе шат боломжгүй бол шийдвэр гүйцэтгэгч дараагийн үе шат болгож мэдэгдэх хуудсыг тухайн этгээдэд гардуулж өгөх ёстой. Гардуулж өгөх арга нь шийдвэр гүйцэтгэгч уг этгээдийн байгаа газарт өөрөө очих эсвэл оршин суугаа газарт баталгаат шуудангаар хүргүүлэх явдал юм. Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газартаа байхгүй бол түүний хамт амьдардаг насанд хүрсэн хүн, сум, баг, хорооны Засаг даргад гардуулж өгч гарын үсэг зуруулна гэж зааснаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг гарт нь гардуулж өгөх шаардлагатай чухал баримт юм. Боломжгүй бол баталгаат шуудангаар хүргүүлэх ёстой. Хүргүүлэх гэдэг нь аваачиж өгөх гэсэн агуулгатай, энэ нь гардуулан өгөх, хүлээлгэн өгөх гэсэнтэй ижил утгатай. Баталгаат шуудан бол захидлыг хүлээн авагчийн гарт нь атгуулсан эсэхийг хүргэлтийн кодын тусламжтай мэдэх боломжтой байдгаар энгийн шуудангаас ялгаатай. Дүгнэхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх гурван аргыг хуульд зааснаар хэрэглээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32.5-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болдог, П.Б орон сууцны өмчлөгчийн хувьд уг орон сууцанд явагдах ажиллагаанд бие даасан тал болж оролцох боломжтой бөгөөд хуулийн 33.1-д заасан эрхтэй. А.Түвшинтулга би П.Боос надад олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 3 шатны шүүхэд төлөөлөн оролцсон. Энэ итгэмжлэл Иргэний хуулийн 7 дугаар бүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36.1, 36.5, 38.1, 38.4-т заасан хэсгүүдээр зохицуулагдаж байдаг. Нар нь ажиллагааны явцад А.Түвшинтулга намайг дуудан ирүүлж, гардуулан өгөх боломжтой байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Хэрэв намайг дуудсан бол би П.Бын эрх ашгийг хамгаалж, тухайн мэдэгдэх хуудаст дурдсан асуудлаар хариу санал өгч, улмаар П.Б нэхэмжлэл гаргахгүй, тус газар нь АНУ-д оршин сууж байгаа П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсад байгааг мэдсээр байж үүргээ биелүүлээгүй. Улмаар мэдэгдэх хуудсаа П.Бод баталгаат шуудангаар хүргүүлэх байсан. Хариуцагч нь ажиллагааныхаа талаар нийт 6 удаа мэдэгдэх хуудас “Монгол шуудан” ХК-иар RR6349341MN, RR006360775MN, RR006361387MN, RR006361926MN, RR006361838MN, RR006838910MN кодоор АНУ-д оршин суух П.Бод хүргүүлсэн гэх боловч эдгээр нь П.Бод огт хүргэгдээгүй. Хариуцагч нь мэдэгдэх хуудсаа П.Бын гарт гардуулан өгсөн эсэхийг кодоор шалгалгүйгээр дараагийн ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15.7, Иргэний хуулийн 72.5-д заасан зохицуулалтууд нь хэн алиндаа хүргүүлэхээр хуулиар хугацаа заасан тохиолдолд хэрэглэх боломжтой. Нар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 159 тоот тогтоолоор шинжээч томилж, шинжээч нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 77.000.000 төгрөгөөр тогтоосон албан бичгийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус газарт хүргүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т зааснаар дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 дахь өдөр баталгаат шууданд хийсэн нь хуулийн заалт зөрчсөн эс үйлдэхүй юм. Хуулиар тогтоосон өмчлөгчийн өмчлөх эрхээ хамгаалахтай холбоотой хугацааг баримтлаагүй, өмчлөгчийн эрхийг хангаагүй байж 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 6/6 дугаар тогтоолоор дуудлага худалдаа зарласан нь П.Бын гомдол гаргах эрхийг зөрчсөн үндэслэл мөн. Дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь орон сууцны хөрөнгийн үнэлгээг тогтоох, дуудлага худалдаа болон холбогдох гэрээ байгуулах хугацаанд шууд нөлөөлдөг баримт бичиг болно. Нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулиар нэхэмжлэгчид олгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг эдлүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70.2.2, 176.1, Иргэний хуулийн 175.3 дахь хэсгийг зөрчиж мэдэгдэх хуудсыг хүлээн авсан эсэхийг нягталж шалгалгүйгээр нэгэнт битүүмжлэгдсэн орон сууц алга болохгүйг мэдсээр байж өмчлөгчийн хуульд заасан эрхийг зөрчиж дуудлага худалдааг яаруу сандруу гүйцэтгэж болхи алдаа гаргаснаар П.Б үнэлгээнд санал өгөх, дуудлага худалдаа явуулахыг зогсоох санал гаргах, дуудлага худалдаанд оролцох зэрэг эрхээ өөрөө болон төлөөлөгчөөр дамжуулж эдлэх боломжгүй болсон. П.Бын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхээ хамгаалах боломжийг хуульд заасан хугацааны хувьд зөрчсөн тул 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6/6 дугаартай тогтоол болон уг тогтоолын үр дагавар болсон 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6/58 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй. Мөн албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77.17-д заасныг зөрчиж 3 биш 2 этгээд гарын үсэг зурсан. Эрхлэн хөтлөгч дуудлага худалдааг удирдаж байх үедээ тэмдэглэл давхар хөтлөх боломжгүй. Иймд “М” ХХК-ийг төлөөлж орсон н.Мөнх-Учралыг ялагч гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 197.24-т зааснаар хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул хариуцагчаас тус байгууллагатай хийсэн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр буцаан тогтоож өгнө үү. Мөн Нар нь “М” ХХК-тай гэрээ байгуулахдаа орон сууцны өмчлөгч болох нэхэмжлэгчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй, Иргэний хуулийн 109.2-т заасан хэлбэрийг зөрчсөн тул эдгээр ажиллагааны үндсэн дээр 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгоно уу. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, дээрх 4 төрлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаартай шийдвэрээр П.Ганбатаас 43 306 633 төгрөгийг гаргуулан “М” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 31 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 134/01 тоот тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн дуудлага худалдааны анхны үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбөр төлөгч П.Ганбат нь саналаа 120 000 000 төгрөг гэж төлбөр авагч “М” ХХК-тай тохирсон. Энэ үнийн 70 хувиар тооцож 84 000 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаа явуулах тухай өмчлөгч П.Ганбатад 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бичгээр мэдэгдсэн. Анхны дуудлага худалдаагаар эд хөрөнгө худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13711 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5239 дугаар шийдвэрээр П.Быг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан. Иймд хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнийг дахин тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбөр төлөгч П.Ганбат, хамтран өмчлөгч П.Б нарт үнийн санал ирүүлэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 3/520, 3/519 тоот албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул дахин төлбөр төлөгч П.Ганбатад 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/8370 тоот албан бичгээр АНУ, Калифорни муж, Лос Анжелес хотын Өмнөд Ардмор гудамжны 401 дүгээр байрны 214 тоот, 90020 зип кодтой хаягаар, хамтран өмчлөгч П.Бод 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3/8371 тоот албан бичгээр АНУ, Иллинойс муж, Чикаго хотын Хойд Сполдинг гудамжны 3048 дугаар байрны 2 тоот хаягаар, олон улсын баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 31 дүгээр зүйлд зааснаар тусгай мэдлэг шаардсан асуудлаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл талуудын хүсэлтээр шинжээчийг оролцуулж болдог тул мөн хуулийн 37.2.2-т заасны дагуу хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь хөрөнгийг 77 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч П.Ганбат, хамтран өмчлөгч П.Б нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээний 70 хувиар тооцож, 53 900 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болохыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/15489, 3/15490 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болох тухай мэдэгдлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 3/16382, 3/16383 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн болно. Хоёр дахь албадан дуудлага худалдааг тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцож, 38 500 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 3/18710, 3/18711 тоот мэдэгдэл, тогтоолыг хүргүүлсэн. Хоёр дахь дуудлага худалдаанд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 31 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн 30 м.кв орон сууцыг 38 000 000 төгрөгөөс дуудсаныг төлбөр авагч “М” ХХК ялагч болж 41 000 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон. Ялагч “М” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хөрөнгийн үнийг бүрэн төлж өмчлөх эрхийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул П.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргэж болно, 20.4-т хүргүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж заасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заажээ. Иймд АНУ дахь нэхэмжлэгчийн оршин суудаг хаягт баталгаат шуудангаар явуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр П.Б нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 3/8371 дугаартай үнийн санал авах тухай мэдэгдлийг хүлээн авсан байдаг тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээгүй гэдэг нь огт үндэслэлгүй. Мөн тэрээр П.Ганбатыг хариуцагчаар татан өмчлөлийн зүйлийн маргаан үүсгэн улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд уг маргаан дууссаны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдана гэдгийг мэдэж байсан нь тодорхой юм. Тэрээр хариуцагчаас баталгаат шуудангаар явуулсан эхний хоёр мэдэгдлийг хүлээн авсан атлаа дараагийн мэдэгдлүүдийг хүлээж аваагүй, улмаар үүнийгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зөрчил гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ ажиллагааг дахин удаашруулах зорилготой байна. Нэхэмжлэгч П.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш учраас ажиллагааны талаар нэг бүрчлэн мэдэгдэх үүрэг хуулиар хүлээгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 43.3-т зааснаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан тул өмчлөгч П.Бод тогтоолыг мэдэгдэх шаардлагагүй байсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг надад мэдэгдээгүй гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтулга нь П.Бын нэхэмжлэлтэй П.Ганбатад холбогдох иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох итгэмжлэлтэй. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд түүнийг төлөөлөх итгэмжлэл аваагүй тул түүнд ажиллагааны талаар мэдэгдэх хууль зүйн үндэслэлгүй. “М” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг хууль ёсны гэдэгт итгэн албадан дуудлага худалдаанд оролцож, уг хөрөнгийг 41 000 000 төгрөгөөр худалдан авч, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул “М” ХХК уг үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нарт холбогдох 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6/6 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6/58 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг тус тус хүчингүй болгуулж, Нар болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 31 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2125 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8-р сарын 8-ны өдрийн 184/ШШ2018/01986 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 12-ны өдрийн 12125 тоот магадлалыг үл зөвшөөрөн энэхүү хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах шатны гомдолд дурдсан нэхэмжлэлээ хангуулах тухай үндэслэлээ дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Үүнд:

- Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн зарим үндэслэлийг огт хянан хэлэлцээгүй орхиж зөрчил гаргасан.

- Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн зарим үндэслэлийг огт хянан хэлэлцээгүй орхиж зөрчил гаргасан тухайд.

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа хуульд заасан хугацааны шаардлага зөрчсөн.

Иргэний хуулийн хуулийн 197-р зүйлийн 197.23. “Үнэ хаялцуулах ажиллагааг гэрээ байгуулах эрх олж авах нөхцөлтэйгөөр явуулсан бол уг ажиллагааг явуулж дуусаад тэмдэглэл үйлдсэнээс хойш хорь хоногийн дотор, эсхүл зард дурдсан хугацаанд талууд гэрээнд гарын үсэг зурна.” гэж заасан. 2017 оны 7-р сарын 18-ны өдөр явагдсан дуудлага худалдаагаар ялагчаар тодорсон гэх хуулийн этгээдтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 28 хоногийн дараа буюу 2017 оны 8-р сарын 15-ны өдөр Албадан дуудлага худалдааны худалдах-худалдах авах гэрээг байгуулсан байна. Ингэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээр дурдсан хуулийн заалтыг 8 хоногоор хэтрүүлж зөрчсөн болно. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1. “хууль зөрчсөн ... хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж маш тодорхой заасан. Харамсалтай нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан энэ үндэслэлийг огт авч хэлэлцээгүй зөрчил гаргасан.

2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “Орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ” байгуулахдаа хуульд заасан хэлбэрийг зөрчсөн.

Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.2. “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтаар аливаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг бусдад шилжүүлэх хэлцэл нь уг хэлцлийг хийж буй этгээдийн эрх бүхий байдлаас үл хамаарч заавал нотариатын гэрчлэлтэй байх ёстой гэсэн хатуу шаардлага тавьсан. 2017 оны 7-р сарын 18-ны өдөр явагдсан дуудлага худалдаагаар ялагчаар тодорсон гэх хуулийн этгээдтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 8-р сарын 15-ны өдөр “Албадан дуудлага худалдааны худалдах-худалдах авах гэрээ”-г байгуулахдаа уг гэрээгээ нотариатаар гэрчлүүлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна. Түүнчлэн уг гэрээнд гарын үсэг зурсан иргэн өөрийгөө тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэйгээ гэрчилсэн баримт бичгийг уг гэрээнд хавсаргах эсвэл тэмдэглэх тухай хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8. “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж үр дагаврыг нь тодорхойлсон. Харамсалтай нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан энэ үндэслэлийг огт авч хэлэлцээгүй зөрчил гаргасан.

3. Нийслэлийн шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа уг орон сууцны өмчлөгч болох нэхэмжлэгчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.2. “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг ..., бичгээр ... авна.” гэж заасан. Гэвч 2017 оны 7-р сарын 18-ны өдөр явагдсан дуудлага худалдаагаар ялагчаар тодорсон гэх хуулийн этгээдтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба орон сууцыг П.Бын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусдад худалдсан байна. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8. “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан. Харамсалтай нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан энэ үндэслэлийг огт авч хэлэлцээгүй зөрчил гаргасан.

Тиймээс хяналтын шатны шүүхээс дээр дурдсан 3 үндэслэлийг хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн алдааг залруулж өгөх эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатанд буцааж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

  1. Шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдэгддэг мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай хуульд заасан журмыг тайлбарлахдаа хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах ажиллагаа хийхдээ дараах 6 төрлийн мэдэгдэх хуудсыг АНУ-д оршин суух П.Б руу илгээхээр шуудангийн байгууллагын баталгаат бүргэлтийн үйлчилгээг сонгосон нь хэрэгт авагдсан баримтаар тодорхойлогдож байгаа болно. Тэдгээр мэдэгдэх хуудсуудыг дурдвал:

- RR006349341МN дугаар бүхий хүргэлтийн хяналтын кодтой, 2017 оны 1-р сарын 4-ний өдөр үйлдэгдэж, 5-ны өдөр нь шууданд хийгдсэн, орон сууцны зах зээлийн үнэлгээний санал авах тухай мэдэгдэх хуудас. Энэ мэдэгдэх хуудас хаана байгаа нь тодорхойгүй.

- RR006360775МN дугаар бүхий хүргэлтийн хяналтын кодтой, 2017 оны 3-р сарын 15-ны өдөр үйлдэгдэж, 17-ны өдөр шууданд хийгдсэн, орон сууцны зах зээлийн үнэлгээний санал авах тухай мэдэгдэх хуудас. Энэ мэдэгдэх хуудас хаана байгаа нь тодорхойгүй.

- RR006361387МN дугаар бүхий хүргэлтийн хяналтын кодтой, 2017 оны 5-р сарын 29-ны өдөр үйлдэгдэж, 30-ны өдөр шууданд хийгдсэн орон сууцанд хийгдсэн, шинжээчийн дүгнэлтийн тухай мэдэгдэх хуудас. Энэ мэдэгдэх хуудас Монгол Улсад буцаж ирсэн. Шалтгаан нь тодорхойгүй. Энэ мэдэгдэх хуудас хүргэгдсэн бол П.Б шинжээчийн үнийн саналд гомдол гаргах эрхээ эдлэх боломжтой байсан юм. Гэвч түүнд тийм боломж олдоогүй.

- RR006361926МN дугаар бүхий хүргэлтийн хяналтын кодтой, 2017 оны 6-р сарын 7-ны өдөр үйлдэгдэж, 7-ны өдрөө шууданд хийгдсэн, орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай мэдэгдэх хуудас. Энэ мэдэгдэх хуудас Монгол Улсад буцаж ирсэн. Шалтгаан нь тодорхойгүй. Энэ мэдэгдэх хуудас хүргэгдсэн бол П. Баттогтох дуудлага худалдаанд төлөөлөгчөөрөө дамжуулж эсвэл өөрийн биеэр оролцож хуульд заасан эрхээ эдлэх боломжтой байсан ч түүнд тийм боломж олдоогүй.

- RR006361838МN дугаар бүхий хүргэлтийн хяналтын кодтой, 2017 оны 7-р сарын 4-ний өдөр үйлдэгдэж, 4-ний өдрөө шууданд хийгдсэн, орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай мэдэгдэх хуудас. Энэ мэдэгдэх хуудас хаана байгаа нь тодорхойгүй. Энэ мэдэгдэх хуудас хүргэгдсэн бол П.Б дуудлага худалдаанд төлөөлөгчөөрөө дамжуулж эсвэл өөрийн биеэр оролцож хуульд заасан эрхээ эдлэх боломжтой байсан ч түүнд тийм боломж олдоогүй.

- RR006838910МN дугаар бүхий хүргэлтийн хяналтын кодтой, 2017 оны 8-р сарын 7-ны өдөр үйлдэгдэж, 8-ны өдөр шууданд хийгдсэн, орон сууц хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлуулагдсан тухай мэдэгдэх хуудас. Энэ мэдэгдэх хуудас Монгол Улсад буцаж ирсэн. Шалтгаан нь хаяг тодорхойгүй гэсэн. Энэ үед П.Б мэдэгдэх хуудас дээрх хаяг дээрээ байсан тул хаяг тодорхойгүй гэсэн нь үндэслэл муутай. Учир нь П.Быг тухайн хаяг дээрээ байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа болно.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20-р зүйлийн 20.3. “Мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах, биечлэн хүргүүлэх буюу баталгаат шуудангаар хүргүүлж болно” гэж заасан. 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.3. “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ.” гэсэн заалт бий. Хүргүүлэх гэдэг нь аваачиж өгөх, гардуулан өгөх, хүлээлгэн өгөх гэсэн утгатай байна. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэгч баталгаат шуудангийнхаа хүргэлтийн кодыг шалгасны үндсэн дээр тухайн мэдэгдэх хуудас хүлээн авагчид очсон гэдгийг мэдсэний дараа уг мэдэгдэх хуудас хүргэгдсэн гэж ойлгох ёстой. Харамсалтай нь анхан шатны шүүх “хүргүүлэх“ гэдэг ойлголтыг “шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлэх” гэсэн ойлголтоор сольж хэрэглэсэн бөгөөд үндэслэлдээ Иргэний хуулийн 72-р зүйлийн 72.5. “Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ.”, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно.” гэсэн заалтуудыг иш татжээ. (шийдвэрийн 8-р хуудасны 5-7-р догол мөр, 9-р хуудас 5 дахь догол мөр).

Анхан шатны шүүхийн энэ үндэслэлийг дараах хариу үндэслэлээр няцааж байна. Үүнд:

1. Хуулийн заалтыг буруу хэрэглэх нь хуулийн зөрчилд тооцогдоно.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 болон 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтууд нь аливаа ажиллагааны оролцож байгаа субьектүүдэд ямар нэгэн баримт бичиг (албан бичиг, хүсэлт, мэдэгдэх хуудас, гомдол гэх мэт)-ийг хэн алиндаа хүргүүлэхийг хуулиар хугацаа зааж үүрэг болгосон тохиолдолд л хэрэглэхээр тусгагдсан юм. Тодруулбал, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89-р зүйлийн 89.3. “Хүн, хуулийн этгээд, албан тушаалтан шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авмагц төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос ... суутгасан орлогыг суутгал хийсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор мэдэгдэл олгосон шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.” гэжээ. Мөн уг хуулийн 96-р зүйлийн 96.4. “Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 96.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан тохиолдолд тухайн битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодорхойлсон лавлагааг ажлын 3 өдрийн дотор мэдэгдэл өгсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлнэ.” гэсэн байна. Эдгээр заалтуудын хувьд тухайн этгээдүүд ажлын 3 дахь өдрийн сүүлчийн 24 цагийн дотор амжиж суутгал, лавлагаагаа шуудангийн байгууллагад хүлээлгэж өгсөнөөр үүргээ хуульд заасан хугацаанд нь гүйцэтгэсэнд тооцогдох бөгөөд үүргээ гүйцэтгээгүйгээс учрах хуулийн хариуцлага хүлээхээргүй болж байгаа юм. Түүнчлэн Иргэний хуулийн 296-р зүйлийн 296.2. “Орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө хөлслөгч тодорхой буюу тодорхой бус хугацаагаар гэрээг сунгах тухай хүсэлтээ хөлслүүлэгчид бичгээр гаргаж ... болно.”, 394-р зүйлийн 394.2. “Ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаарх шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр тээвэрлэгчид гаргана.” гэх зэргээр заасан байдаг. Эдгээр заалтуудын хувьд тухайн этгээдүүд хуульд заасан хугацааны (3 өдөр, 7 хоног, 2 сар) сүүлчийн өдрийн 24 цагийн дотор амжиж хүсэлт, шаардлагаа шуудангийн байгууллагад хүлээлгэж (шилжүүлсэн) өгсөнөөр хуульд заасан хугацаанд нь амжиж тухай баримтыг нөгөө талдаа гаргасанд тооцогдох юм. Харин хуульд хугацаа тусгайлан заагаагүй үүрэг (жишээ нь, мэдэгдэх хуудсыг талуудад хэзээ илгээх тухай үүрэг)-ийн хувьд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 болон 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтууд нь хамаарахгүй юм. Тэгэхээр Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 болон 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтууд нь бол хуулиар хугацаа тогтоосон тохиолдолд тухайн баримт бичгийг хэзээ амжиж илгээх тухай (сүүлийн өдрийн 24 цагийн дотор амжиж шуудангийн байгуулагад хүлээлгэж өгөх тухай) зохицуулалт ба 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалт болон 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт нь тухайн баримт бичгийг хэрхэн хүргүүлэх тухай (баталгаат шуудангаар хүргүүлэх тухай) зохицуулалт тул эдгээр нь маш ялгаатай ойлголтууд билээ.

2. Нийтийн эрх зүйд эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэхийг хатуу хориглодог.

Энгийн үгээр бол эхлээд мэдэгдэх хуудсыг шуудан, харилцаа холбооны байгууллага (А цэг)-д хүлээлгэж өгсөний дараа уг шуудан, харилцаа холбооны байгууллага мэдэгдэх хуудсыг баталгаат эсвэл баталгаат бус шуудангийн үйлчилгээ (тээвэрлэлт)-ийн аргыг ашиглаж хүлээн авагч (Б цэг)-ид хүргэж өгдөг билээ. Гэтэл анхан шатны шүүх “шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлэх“ болон “хүргүүлэх“ гэсэн тэс өөр агуулгатай үгсийг нэг утганд оруулж А цэг болон Б цэг хоёр нь адилхан ойлголт гэж тайлбарлан хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь байж болшгүй алдаа юм. Хэрэв хууль тогтоогч “хүргүүлэх“ гэсэн үгийн агуулгыг “шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлэх“ гэсэн үгсийн агуулгатай адилхан гэж үзэхээр байсан бол энэ тухайгаа шууд илэрхийлсэн өгүүлбэр тухай заалтын ард шууд илэрхий байдлаар нэмж оруулах боломжтой байсан. Гэвч тэгээгүйн шалтгаан нь эдгээр ойлголтууд өөр гэсэн зарчмаар хандсан болно. Түүнчлэн зөвхөн Улсын Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанд л хууль тайлбарлах эрх байдаг ба анхан шатны шүүхэд хууль тайлбарлэх эрх байхгүй билээ. Шүүх авцалдаагүй өөр хуулийг эсвэл авцалдаатай ч хуулийн заалтыг буруу хэрэглэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийн зөрчилд тооцогддог билээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэл алба мэдэгдэх хуудсуудыг П.Бод заавал хүргүүлэх буюу гардуулан өгөх, хүлээлгэх өгөх ёстой ба үүнийгээ лавтай мэдсэний дараагаар орон сууцыг албадан дуудлага худалдааг явуулах тухай хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй. Энэ эс үйлдэхүй зөрчлөөс шалтгаалж П.Бын хуулиар хамгаалагдсан эрхүүд болох орон сууцны үнэлгээнд саналаа өгөх, орон сууцны үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээж авах, уг дүгнэлтэнд гомдол гаргах, төлбөр төлөгчийн үүргийг өмнөөс нь гүйцэтгэн орон сууцыг өөрийн өмчлөлд дангаараа авах санал гаргах байдлаар дуудлага худалдаа явуулахыг зогсоох хүсэлт гаргах, орон сууцыг бие даан борлуулах санал гаргах, дуудлага худалдаанд оролцох зэрэг хуульд заасан эрхүүдээ эдэлж чадаагүй тул тэдгээр эрхүүд сэргээгдэх учиртай.

  1. Шүүх нотлох баримтад үндэслэж байж шийдвэрээ гаргах зарчмыг зөрчсөн.

Анхан шатны шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас П.Б руу илгээсэн 6 мэдэгдэх хуудаснуудаас 3 нь (RR006349341МN дугаар бүхий хүргэлтийн хяналтын кодтой орон сууцны зах зээлийн үнэлгээний санал авах тухай мэдэгдэх хуудас, RR006360775МN дугаар бүхий хүргэлтийн хяналтын кодтой орон сууцны зах зээлийн үнэлгээний санал авах тухай мэдэгдэх хуудас, RR006361838МN дугаар бүхий хүргэлтийн хяналтын кодтой орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай мэдэгдэх хуудас) Монгол Улсад буцаж ирээгүй нь тэдгээр мэдэгдэх хуудсууд П.Бод хүргэгдсэн байх магадлалтай гэсэн агуулгатай зүйл шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурджээ (шийдвэрийн 9-р хуудасны 6 дахь догол мөр).

Анхан шатны шүүхийн энэ үндэслэлийг дараах хариу үндэслэлээр няцааж байна. Үүнд:

Зарим мэдэгдэх хуудас Монгол Улсад буцаж ирээгүй нь тэдгээр мэдэгдэх хуудсууд П.Бод хүргэгдсэн гэсэн үг биш. Дээр дурдсан мэдэгдэх хуудсууд Монгол Улсад буцаж ирээгүй бөгөөд тэдгээр мэдэгдэх хуудсууд П.Бод хүргэгдсэн гэсэн албан ёсны шуудангийн газрын тодорхойлолт байхгүй тохиолдолд тэдгээр мэдэгдэх хуудсуудыг П.Бод хүргэгдээгүй л гэж үзнэ. Тухайн мэдэгдлүүд замдаа үрэгдсэн ч байж болно. Тиймээс анхан шатны шүүх хүргэгдсэн эсэх нь тодорхойгүй баримт бичгийг хүргэгдсэн гэж таамгаар ойлгох нь аливаа хэргийг нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх тухай зарчмыг бүдүүлгээр зөрчсөн явдал юм.

3. Шүүх нотлох баримтыг үнэлэх тухай зарчмыг зөрчсөн.

2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71-р зүйлийн 71.17. “Дуудлага худалдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч болон тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурах ...” тухай үүрэг болгож заасан. Энэ заалтаар бол шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж 3 субьект буюу 1-т эрхлэн хөтлөгч, 2-т тэмдэглэл хөтлөгч, 3-т шийдвэр гүйцэтгэгч нар бүгдээрээ дуудлага худалдаанд оролцож, тэмдэглэлд гарын үсэг зурах үүрэгтэй юм. Харин Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 7-р сарын 3-ны өдрийн 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7-р сарын 18-ны өдрийн эрхлэн явуулсан албадан дуудлага худалдаанд эрхлэн хөтлөгч ахмад Л.Билэгдэмбэрэл болон комиссын дарга, хошууч Р.Энхтайван гэсэн 2 субьект л оролцож, тэмдэглэлд гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа юм. Харин тэмдэглэл хөтлөгч нэр болон гарын үсгээ зураагүй байна. Энэ нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч талын зүгээс үзсэн юм. Харин анхан шатны шүүх дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч нь тэмдэглэл хөтлөгч байж болохыг хуулиар хориглоогүй тул тэмдэглэл хөтлөгчийн нэр, гарын үсэг дуудлага худалдааны тэмдэглэлд байх албагүй гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурджээ. (шийдвэрийн 10-р хуудас 1 дэх догол мөр).

Анхан шатны шүүхийн энэ үндэслэлийг дараах хариу үндэслэлээр няцааж байна. Үүнд:

1. Дуудлага худалдаа дутуу бүрэлдэхүүнтэй явагдсан ба хууль дээдлэх зарчмыг шүүх баримтлах ёстой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71-р зүйлийн 71.17 дахь заалт нь дуудлага худалдаанд 3 субьект оролцох ёстойг гэдгийг маш тодорхой дурдаж бичсэн байна. Дуудлага худалдааг зохион эрхлэн хөтлөөд завгүй байдаг хүн дуудлага худалдаанд оролцогчдын тухай давхар тэмдэглэл хөтлөөд байх боломжгүй байдаг эрхлэн хөтлөгч болон тэмдэглэл хөтлөгчийг тус тусдаа хүмүүс байхаар хуульчилсан байна. Нийтийн эрх зүйд төрийн албан тушаалтанд зөвшөөрснөөс бусдыг хориглох, харин иргэдэд хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчим үйлчилдэг билээ. Эрхлэн хөтлөгч нь тэмдэглэл хөтөлж болно гэж зөвшөөрсөн хуулийн заалт байхгүй л бол эрхлэн хөтлөгч нь тэмдэглэл хөтлөх хориотой. Дуудлага худалдааны үед төрийг төлөөлж 3 хүн оролцож, нэр, гарын үсэг нь зурагдах ёстой эрх зүйн ач холбогдол бүхий баримт дээр 1 хүн нь нэр, гарын үсгээ зураагүй нь уг дуудлах худалдааны бүрэлдэхүүн дутуу болж, улмаар уг хуралдаанаас гарсан үр дүн хууль зүйн хүчин чадлаа алдах учиртай.

2. Тэмдэглэл бол нотлох баримтын нэг төрөл мөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51-р зүйлийн 51.2. “Үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ.”, 48-р зүйлийн 48.1. “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан. Дээрх заалтуудаас үзвэл тэмдэглэл бол тодорхой ажиллагааг баримтжуулсан нотлох баримтын нэг төрөл бөгөөд уг ажиллагааг явагдсаныг гэрчлэх тодорхой тооны хүмүүсийн гарын үсэг тэмдэглэл дээр зурагдаж байх нотлох баримтын шаардлага хангаж байх ёстой юм. Албадан дуудлага худалдаанд уг дуудлага худалдааг үнэн зөв явагдсаныг баримтжуулан хийгдсэн тэмдэглэлд эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч 3 заавал гарын үсгээ зурж байж уг тэмдэглэл гэрчлэгдэн баталгаажих ёстой байх агуулгаар хуульд тусгасан байна. Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7-р сарын 18-ны өдрийн эрхлэн явуулсан дуудлага худалдааны тэмдэглэлд 3 хүн гарын үсэг зурах ёстойгоос 1 нь зураагүй тул уг тэмдэглэл нотлох баримт болох хуулийн шаардлагаа алдаж байгаа бөгөөд үр дагаварт нь хэн хөтөлсөн нь тодорхойгүй тэмдэглэлээр уг дуудлага худалдааны ялагчийг тодорсон гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд гомдол гаргагчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8-р сарын 8-ны өдрийн 184/ШШ2018/01986 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 12-ны өдрийн 2125 тоот магадлалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх, хэрэв ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

П.Б нь Нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Өнөр хороолол 25 дугаар байрны 31 тоот орон сууцыг анхны болох хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаартай шийдвэрээр П.Ганбатаас 43 306 633 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгуулах, хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 25 дугаар байрны 31 тоот хоёр өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдснаас олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг биелүүлэхээр 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл өгч, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 15/3 тогтоолоор барьцааны хөрөнгийг битүүмжилж, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 134/01 тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийн санал авч, анхны албадан дуудлага худалдаанд оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13771 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5293 дугаар шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр П.Быг тогтоосныг үндэслэн хураасан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийн санал авах ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн явагдсан байна.  

Мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч П.Ганбат, хамтран өмчлөгч П.Б нарын хаягаар явуулж, үнийн саналаа ирүүлээгүй үндэслэлээр шинжээч томилж, 77 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон тухай мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлж, дээрх үнийн дүнгийн 70%-иар анхны албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг 53 900 000 төгрөгөөр тогтоосныг мэдэгдэн байна.

Дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах үнийн санал ирээгүй үндэслэлээр 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хоёр дахь албан дуудлага худалдаагаар оруулахаар тогтоож, мэдэгдэл, мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч, хамтран өмчлөгчийн  хаягаар хүргүүлсэн.

Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр авагч “М” ХХК ялагчаар тодорч 41 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах эрхтэй болж, улмаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж өмчлөгч болсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.

Шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад  үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах эрхтэй, 44 дүгээр зүйлийн 44.3.-т шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж  болно гэж тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

   Нэхэмжлэгч П.Бын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл, хүсэлтийг үндэслэн төлбөр төлөгч С.Ганбатаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13711 захирамжаар түдгэлзсэн бөгөөд тэрээр уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоогдсны дараа 2017 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг нэхэмжлэгч нь мэдсэн, мэдэх боломжтой байсан.

Нэхэмжлэгч нь гадаад улсад амьдарч байгаа үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох боломжгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д зааснаар төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхтэй. Тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр оролцоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулаагүй тул хариуцагч нь өмчлөгчийн хаягаар АНУ-руу баталгаат шуудангаар холбогдох мэдэгдлийг хүргүүлж, үйл ажиллагаагаа явуулсан нь хууль зөрчөөгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.18.-д зааснаар албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг гүйцэтгэх бичиг баримтын нэгэн адил албадан гүйцэтгэх тул дуудлага худалдааны ялагчтай худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй, гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн дуудлага худалдаа явагдсан үйл ажиллагаа хууль зөрчөөгүй тул “...шүүх нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчсөн, ... хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2125 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтулгын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтулгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД