Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч Т.Оргилсайхан

шүүгдэгч Б.Мөрөнбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Төрийн тусгай хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэгч хамгаалагчаар ажиллаж байсан,  ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 58 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:УИ91091154/, Хүрээ овогт Төмөрбатын Оргилсайхан.

 

2.Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Төрийн тусгай хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэгч хамгаалагчаар ажиллаж байсан,  ам бүл 5, эмээ,  эцэг, эх, дүү нарын  хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байрны  9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:УШ93072031/, Зуутраг овогт Болоохүүгийн Мөрөнбаяр нарт холбогдох эрүүгийн 201626020522 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.Оргилсайхан 2016 оны 2 дугаар сарын 6-наас 2 сарын 7-нд шилжих шөнө 1 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle баарны орчим хохирогч Э.Билгүүнийг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Б.Мөрөнбаяр  2016 оны 2 дугаар сарын 6-наас 2 дугаар сарын 7-нд шилжих шөнө 1 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle баарны орчим хохирогч П.Мөнх-Одыг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Оргилсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: Билгүүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Билгүүнд хохиролын 1.250.000 төгрөг төлсөн.  Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.  Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Мөрөнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Мөнх-Одын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөнх-Одод хохиролын 1.880.000 төгрөг төлсөн.  Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.  Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотойгоор: Т.Оргилсайханы

оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 59/, ажлын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 61/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 63/ бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 64-67/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 69/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 73/, ял шалгах хуудас /хх-ийн 78/

гэрчээр Т.Дэлгэрмаагийн:..” Миний төрсөн дүү Т.Оргилсайхан нь 1991 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Манай дүү Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1999 онд Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуульд сурч байгаад 5 дугаар ангиасаа Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд шилжин суралцаад 2009 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тухайн жилээ Орхон их сургуульд орж эрх зүйч мэргэжил эзэмшээд 2013 онд баклавр зэрэгтэй төгсчихөөд Төрийн тусгай хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэг, дэд ахлагч цолтойгоор ажилд ороод одоо ахлагч цолтой болсон. Манай дүү 10 жилд сурч байхдаа ангийн дарга байсан бөгөөд гимнастикаар хичээллэж байсан. Сагсан бөмбөг, волейбол зэрэг спортын тэмцээнд ажилттай оролцож байсан, дуу цөөтэй. Манай дүү гэртээ архи уучихсан ирж байгаагүй учраас архи уусан үедээ ямар авир гаргадаг болохыг нь мэдэхгүй /хх-ийн 32/ гэсэн мэдүүлэг,

 

Б.Мөрөнбаярын оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 58/, ажлын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 60/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 70/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 72/, ял шалгах хуудас /хх-ийн 77/, цэргийн жинхэнэ албанд татагдсан үнэмлэхийн хуулбар /хх-ийн 89/,

гэрчээр Д.Мөнхтуяагийн:..” Б.Мөрөнбаяр нь  миний том хүү бөгөөд 1993 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Манай хүү цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 2001 онд Баянгол дүүргийн 6 дугаар сургуульд элсэн орж суралцаж байгаад 2006 онд Хөгжим бүжгийн коллежид шилжин суралцсан бөгөөд 2011 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Манай хүү хөгжим бүжгийн коллежид сонгодог бүжгийн ангид сурдаг байсан ба хичээл сурлагандаа сайн хүүхэд байсан. Мөрөнбаяр нь сонгодог бүжгийн тэмцээн уралдаанд их олон удаа оролцож амжилт гаргаж байсан. 2011 оны намрын цэрэг татлагаар хилийн цэрэгт хувиарлагдаж замын үүдийн шалган нэвтрүүлэх цэргийн ангид 1 жилийн хугацаат цэргийн алба хаагаад 2012 оны намар халагдаж ирээд гэр зуур байж байгаад 2013 он гаргаад нээх удалгүй  Төрийн тусгай хамгаалалтын газарт ажилд орсон. Одоо манай хүү Төрийн тусгай хамгаалалтын газарт ахлагч цолтой ажилладаг бөгөөд ажил төрөлдөө их сайн учир хугацааны өмнө ахлагч цолоо авч байсан. 2016 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хаана байсныг нь мэдэхгүй. Манай хүүхэд төлөв зөөлөн зантай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, гэртээ согтуу ирж байгаагүй /хх-ийн 30/ гэсэн болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2016 оны 2 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle баарны орчим шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шүүгдэгч Т.Оргилсайхан хохирогч Э.Билгүүнийг, шүүгдэгч Б.Мөрөнбаяр хохирогч П.Мөнх-Одыг тус тус зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдэцгээсэн болох нь:

 

хохирогчоор Э.Билгүүний:..”2016 оны 2 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах Castle бааранд найз Ганзүг, Энхбат нарын хамтаар орсон ба бааран дотор Мөнх-Одтой таарсан тэгэхэд Мөнх-Од бас найз нарынхаа хамтаар ирсэн байсан тэгтэл манай найз Ганзүг харилаа гээд түрүүлээд явсан учир Энхбат бид хоёр Мөнх-Одын сууж байсан ширээн дээр нь очиж хамт сууцгаасан тэгтэл Мөнх-Од 00 орж утсаар ярьчихаад ирье гээд 00 руу орчихоод буцаж гарч ирээд манай найз охин ирнэ гэж байна би чамайг хүргээд өгье манай найз охин такситай ирнэ гэж хэлэхээр нь би за гэж хэлээд бид хоёр хамт баарнаас гарсан ба хамт явж байсан найзууд нь маань бааранд үлдсэн. Тэгээд Мөнх-Од бид хоёр баарнаас гараад Мөнх-Одын найз охиныг нь хүлээгээд зогсож байхад үл таних 2 залуу хүрч ирээд Мөнх-Од бид хоёрыг ямар ч шалтгаангүйгээр зодож байхад тэнд байсан танихгүй хүмүүс зодооныг салгасан. Мөнх-Од нүүрээ дараад доош тонгойгоод сууж байхад нь цагдаа танай найз энэ мөн үү гэхээр нь би мөн гэж хэлсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд ухаанаа алдтал согтоогүй байсан. Бааран дотор маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Миний зүүн хөмсөгний дээд хэсэгт арьс нь урагдаад цус гараад тогтохгүй байсан тул оёдол тавиулсан. Дух уруулын дээд хэсэгт, зүүн нүдний доод хэсэгт, зүүн эрүү шалбарсан байсан. Мөнх-Од бид хоёрыг хоёр залуу зодсон. Гомдолтой байна. Би уг залуучуудаас 2 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд 1 сая төгрөг нь эмчилгээндээ 1 сая төгрөг нь гар утас худалдан авна. /хх-ийн 18/  

...намайг махлаг биетэй залуу зодсон. Би хохиролдоо 1.250.000 төгрөг авсан тул надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 19/ гэсэн,

 

хохирогчоор П.Мөнх-Одын:..”2016 оны 2 дугаар сарын 7-ны шөнө 1 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle бааранд найз Хангай, Пүүжээ, Жоохноо нарын хамтаар орсон бөгөөд бааран дотор найз Билгүүнтэй таарсан тэгээд бид хэд тэндээ нийлж нэг ширээнд суухаар болсон  бөгөөд Билгүүн нэг найзынхаа хамтаар манай ширээнд суусан тэгээд би хэсэг сууж байгаад босоод найз охинтойгоо утсаар яръя гэж бодоод баарны 00-ын өрөөнд орж утсаар яриад хүрээд ир намайг ирж аваарай гэж хэлэхэд манай найз охин тэгье гэж хэлсэн. Тэгээд би буцаад ширээн дээрээ очоод Билгүүнд би чамайг гэрт чинь хүргэж өгье манай найз охин одоо такси бариад ирж байгаа гэж хэлээд бид хоёр нээх удалгүй баарнаас гараад гадаа зогсож байхад үл таних 2 залуу хүрч ирээд шууд үгийн зөрүүгүй бид хоёрыг зодсон тэгтэл нэг мэдсэн Билгүүн цагдаа дагуулж ирсэн. Бид нар хүмүүстэй маргалдаж зодолдоогүй.

Миний хамар хугарсан, хоёр нүд хөхөрч хавдсан, араа шүд эмтэрсэн, зүүн эрүү бага зэрэг хавдсан, зүүн талын чихний ар тал бага зэрэг хөхөрч хавдсан, биеийн зүүн талаар буюу хавирганы доод хэсгээр хөндүүрлэж байна. Намайг яг хэдэн хүн зодсоныг хараагүй яагаад гэвэл би шууд нүүрээ дараад доошоо харж хэвтсэн байсан. Би 0,75 литрийн Хар Чингис архинаас 3 хундагыг уусан.

Намайг туранхай биетэй залуу нь зодсон. Нөгөө махлаг биетэй залуу нь Билгүүнийг зодсон. Би урьд нь 5 сая төгрөг нэхэмжилж байсан одоо бол би мөнгө нэхэмжлэхгүй бөгөд надад өгсөн 1.880.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан учир надад нэмж нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй /хх-ийн 14-16/ гэсэн,

 

гэрчээр Б.Баатарболдын:..”2016 оны 2 дугаар сарын 6наас 7-нд шилжих шөнө Castle бааранд хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд шөнө цагийг нь сайн мэдэхгүй байна гадаа хамгаалагч хэрэгтэй байна хүмүүс орилолдоод байхаар нь би гүйгээд гартал гадаа хоёр талд хоёр залууг нэг нэг залуу зодоод байсан тул би очиж салгаад юу болоод байгаа юм бэ гэхэд зодуулсан хоёр залуу нь газар хэвтчихсэн нүүр ам нь нил цус болчихсон байсан. Бааран дотор зодоон болоогүй мөн залуучууд хүртэл хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал болоогүй. /хх-ийн 28/ гэсэн,

 

гэрчээр С.Ганзүгийн:..”Би Билгүүнтэй Хятадад хамт сурч байсан. Мөнх-Одыг Билгүүнээр дамжуулж танилцаж байсан. Бааран дотор ерөөсөө зодоон  болоогүй. /хх-ийн25/ гэсэн,

 

гэрчээр Т.Энхтуяагийн:..” Бааран дотор бол зодоон болоогүй. Баарны гадна талд баарнаас гарсан 2 залуу бас өөр танихгүй хоёр залууд зодуулсан байсан. /хх-ийн 29/ гэсэн,

 

гэрчээр С.Хангайн :... Мөнх-Од, Билгүүн нар миний найзууд байгаа юм. ... 2016 оны 2 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн орчим найз Мөнх-Од, Баярмагнай, Пүрэвсүрэн бид дөрөв БГД-ийн 12-р хороонд байрлах castle нэртэй бааранд орсон бөгөөд бааранд байж байхдаа найз Билгүүнтэй таарсан бөгөөд Билгүүн нэрийг нь сайн мэдэхгүй 2 найзтайгаа хамт явж байсан ба Билгүүн нэг найзынхаа хамтаар манай ширээн дээр ирж хамт суусан. Тэгээд хэсэг хугацааны дараагаар Мөнх-Од, Билгүүн нар нь явлаа гэж хэлээд гараад явцгаасан. Бааран дотор ямар нэгэн зодоон болон маргаан болоогүй бөгөөд Мөнх-Одыг 00-ын өрөө хүү орсон эсэхийг нь анзаарч хараагүй. ... Мөнх-Од, Билгүүн би тэр хоёрыг зодуулсаныг нь мэдээгүй бөгөөд маргааш нь Баярмагнайгаас сонссон /хх-ийн 22/ гэсэн,

 

гэрчээр М.Баярмагнайн:..”тухайн шөнө би Хангай, Пүрэвсүрэн, Мөнх-Од нарын хамтаар Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах castle нэртэй бааранд ороод байж байхдаа Билгүүнтэй таарсан бөгөөд тухайн үед Билгүүн хоёр найзтайгаа хамт явж байсан ба Билгүүн нэг найзтайгаа манай ширээнд хамт суусан тэгээд нээх удалгүй Билгүүн , Мөнх-Од нар явлаа гэж хэлээд явснаас хойш дахиж уулзаагүй. Бааранд дотор зодоон ерөөсөө болоогүй /хх-ийн 23/ гэсэн,

 

гэрчээр Р.Пүрэвсүрэнгийн:..”2016 оны 2 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Мөнх-Од, Хангай, Баярмагнай бид 4 castle нэртэй бааранд орсон бөгөөд тэндээ Билгүүнтэй таарсан Билгүүн нь гадаадад хамт сурдаг гэх 2 найзтайгаа байсан ба Билгүүн манай ширээнд ирж суусан бөгөөд би Билгүүнтэй мэндэлчихээд баарнаас түрүүлээд гарч яваад шууд гэртээ харьсан. Бааран дотор зодолдож маргалдсан асуудал болоогүй. /хх-ийн 24/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2136 дугаартай: Э.Билгүүнийн биед зүүн шанаанд шарх, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 34/ гэсэн дүгнэлт,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2137 дугаартай: П.Мөнх-Одын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хамар, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 36/ гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч Т.Оргилсайхан, Б.Мөрөнбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

яллагдагчаар Т.Оргилсайханы:...” 2016 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Мөрөнбаярын хамтаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle бааранд орсон. Тэгээд бид 2 бааран дотор байхдаа би 00-руу орсон бөгөөд 00-ын өрөөнд ороод 1 залуутай жаахан ам зөрсөн бөгөөд тухайн үед тэр залуу намайг 1 удаа цохиход нь үл таних 1 залуу орж ирээд тэр залууг гаргасан. Тэгээд Мөрөнбаяр бид 2 баарнаас гарахад гадаа 2 залуу над руу заагаад юм яриад байх шиг байхаар нь би Мөрөнбаярт  намайг 00-ын өрөөнд цохисон залуу байх шиг байна гэж хэлэхэд Мөрөнбаяр би нэг залууг нь мэдэх юм байна гэж хэлээд бид 2 очсон. Тэнд зогсож байсан 2 залуу дээр очоод Мөрөнбаяр манай найзыг яагаад зодсон юм бэ? шар царайтай махлаг залуугаас асуухад хажуу талд нь зогсож байсан залуу Мөрөнбаярыг заамдаж авах шиг болоод хоорондоо барилцаж авсан бөгөөд хажуу талд нь зогсож байсан залуутай нь би барилцаж авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд Мөрөнбаяр бид 2-ыг аваад явсан. Би махлаг биетэй шар залуугийн нүүр рүү нь 1-2 удаа цохиж авсан. Тухайн үеийн зодооноос болж миний хамар бага зэрэг хөндүүрлэчихсэн байсан. Билгүүн, Мөнх-Од нарыг эхэндээ мөн байх гэж бодоод баарны гадна талд байхад нь очсон бөгөөд одоо бодоод байхад нь биш байсан юм шиг байна. Би сайн мэдэхгүй бөгөөд Мөрөнбаяр, Билгүүнийг нь таньдаг юм шиг байна лээ. Би тэр залууд гар хүрээгүй бөгөөд Билгүүн гэх залууг нь цохиж авсан /хх-ийн 55/ гэсэн,

 

яллагдагчаар Б.Мөрөнбаярын:..” 2016 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Т.Оргилсайханы хамтаар Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Castle бааранд орсон. Тэгээд бид 2 бааран дотор байж байхад Оргилсайхан 00-ын өрөө рүү орсон бөгөөд 00-ын өрөөнөөс гарч ирэхдээ хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оргилсайханыг аваад гарсан. Тэгтэл гадаа 2 залуу бид 2 руу заагаад чанга, чанга дуугаар юм яриад байсан ба Оргилсайхан намайг 00-ын өрөөнд цохисон залуу тэр 2 байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оргилсайханд нэгийг нь таних юм шиг байна гэж хэлээд бид 2 уг залуучууд дээр очоод би Билгүүнтэй нь юм ярих гэхэд хамт явж байсан залуу нь намайг түлхэхээр нь бид 2 барилцаж авсан бөгөөд би тэр залууг газар унагаад хэд хэдэн удаа цохиж байхад хамгаалагч залуу гарч ирээд салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид 2 –ыг аваад явсан. Би бааран дотор зодолдоогүй бөгөөд намайг хавсарч унагаагүй байхаа, би сайн санахгүй байна. Бааран дотор байхдаа сөргөлцсөн залуучууд мөн эсэхийг нь мэдэхгүй, ямартай ч Оргилсайхан надад дотор сөргөлцсөн залуучууд тэр байх шиг байна гэж зааж өгөхөөр нь би очсон юм. Би Билгүүнийг мэднэ, нөгөөдөхийг нь мэдэхгүй. Билгүүнтэй Оргилсайхан барилцаж авсан, харин би Мөнх-Од гэх залууг нь цохисон /хх-ийн 57/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч П.Мөнх-Одоос гаргаж өгсөн хохиролын баримт /хх-ийн 79, 80,81/, хохирогч Э.Билгүүнээс гаргаж өгсөн хохиролын баримт /хх-ийн 82, 83/, хохирогч Э.Билгүүн хохиролын мөнгө хүлээн авсан гэх баримт /хх-ийн 93/, хохирогч П.Мөнх-Од хохиролын мөнгө хүлээн авсан гэх баримт /хх-ийн 94/ зэрэг бичгийн баримтуудаар давхар батлагдаж тогтоогдсон байна.

 

Прокуророос Т.Оргилсайхан, Б.Мөрөнбаяр нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарын гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Хүрээ овогт Төмөрбатын Оргилсайхан, Зуутраг овогт Болоохүүгийн Мөрөнбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг нь танхайн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул тэдгээрийг догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Оргилсайхан, Б.Мөрөнбаяр нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой  гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Хүрээ овогт Төмөрбатын Оргилсайхан, Зуутраг овогт Болоохүүгийн Мөрөнбаяр нарыг тус тус догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Т.Оргилсайхан, Б.Мөрөнбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав / сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Т.Оргилсайхан, Б.Мөрөнбаяр нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Т.Оргилсайхан, Б.Мөрөнбаяр нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

5.Т.Оргилсайхан, Б.Мөрөнбаяр нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж тус бүр  1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Баянгол, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсүүдэд даалгасугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Оргилсайхан, Б.Мөрөнбаяр нарт авсан бусдын “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ