Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 764

 

 

 

 

 

 

 

                                                           

 

    С.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор Б.Мөнгөншагай,

            шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.М-д холбогдох 1803001820156 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн С.М, Улаанбаатар хотод 1970 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галын техникч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Улаанбаатар” төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны гал түймрийн хяналтын улсын байцаагчаар гэрээгээр ажиллаж байсан, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Нефть” гудамжны 27 дугаар байрны 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХЕ............./;

 

С.М нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны гал түймрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа, 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд харъяа байгууллагуудад галын аюулгүй байдлын сургалт явуулсны төлбөр, ажлын байранд галын аюулгүй байдлын дүгнэлт гаргасны төлбөр гэж албан тушаалын байдлаа ашиглан нийт 1.660.500 төгрөгийг бэлнээр болон “ХААН” банкны дансаар шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол прокурорын газраас С.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.М-ыг хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 833.333 төгрөг төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн үйлчлүүлэгчийг гэм буруугүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс С.М-д 1.660.500 төгрөг итгэмжлэн хариуцуулсан байна. Гэтэл уг мөнгийг С.М завшсан гэм буруутай гэх үнэлэлт дүгнэлт хийсэн. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй.

Онолын хувьд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд гэдгийг “аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно”. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн ба бүрэн бус хариуцлагын гэрээний дагуу тухайн өмч, өмчлөх эрхийг эзэмшиж, ашиглан, захиран зарцуулж байгаа, эсхүл нярав, нягтлан бодогч, бараа материал хариуцаж буй этгээдийн үйлддэг тусгай субъекттэй гэмт хэрэг юм.

            Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь хэн нэгэн этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь гэмт хэрэг үйлдсэн хүний хууль ёсны эзэмшилд байдаг онцлогтой. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.М-д хохирогч байгууллагаас 1.660.500 төгрөг итгэмжлэн хариуцуулсан эсхүл хууль ёсоор эзэмшүүлсэн  гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч С.М нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн харьяа байгууллагуудын өөрсдийнх нь гаргасан төлөвлөгөө, удирдамжийн дагуу сургалт явуулж, улсын байцаагчийнхаа бүрэн эрхийн дагуу ажлын байранд галын аюулгүй байдлын дүгнэлт гарган үйлчилгээ үзүүлснийхээ төлөө төлбөр авсан байдаг.

Хавтас хэрэгт авагдсан Гал түймрийн улсын хяналтын байцаагч гэрээгээр ажиллуулах тухай гэрээнээс харахад С.М-ыг танхимын сургалт зохион байгуулахдаа төлбөр авч болохгүй, эсхүл авсан төлбөрөө хохирогч байгууллагад хүлээлгэн өгнө, ингээгүй тохиолдолд хохирол тооцох зохицуулалт байхгүй. Мөн ажлын байранд галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах талаар ямар ч зүйл, заалт ороогүй байна. Хавтас хэргийн 120 дугаар хуудаст авагдсан Л.Оюунчимэгийн мэдүүлгээр сургалтыг төлбөртэй явуулдаг болох нь харагдана.

            Бодит байдал ийм байхад С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

С.М-д 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл хавтас хэрэгт гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийн аль нь ч байхгүй. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эс үйлдэхүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх С.Мыг сургалтын болон галын дүгнэлт гаргасны төлбөрт 1.660.500 төгрөг авч хувьдаа завшсан гэх дүгнэлт хийсэн боловч хавтас хэрэгт хохирлын тооцоо байхгүй. Гэрчийн мэдүүлгээр УБТЗ-ын дотоод хяналт, аудитын албанд С.М-тай холбоотой материал албан бичгийг өгсөн гэдэг ч энэ талаар нотлох баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байгаа болно.

Учир нь гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч С.М-д өгсөн гэх мөнгөний үнийн дүн, шийтгэх тогтоолд дурьдсан хохирлын хэмжээ хоорондоо зөрдөг. Шийтгэх тогтоолд С.М нь 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны хооронд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийг, эсхүл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн алийг нь хэрэглэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай 1047 тоот захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байсан гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч С.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.М “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө биш учраас энэ гэмт хэргийн шинжийг агуулахгүй гэлээ. Шүүгдэгч С.М нь ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар хувиараа ямар нэгэн байгууллагад очиж, сургалт явуулах боломжгүй. Шүүгдэгч С.М нь төрийн албан хаагч учраас төрөөс цалин авч ажил, үүргээ гүйцэтгэж байгаа. Ажил, үүргийн дагуу сургалт зохион байгуулсан бол гэрээнд заасны дагуу тухайн төлбөр, мөнгийг байгууллагадаа тушаах ёстой. С.М сургалт явуулж, авсан мөнгөө тухайн байгууллагад тушаалгүй хувьдаа авч, зарцуулсан үйлдэл нь хууль бус бөгөөд завших гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй. Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байгууллагад учирсан хохирлын дүнг шүүгдэгч С.М төлж барагдуулсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүйн гадна шүүхээс тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд С.М нь Онцгой байдлын ерөнхий газар болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Гал түймрийн улсын хяналтын байцаагч гэрээгээр ажиллуулах тухай” гэрээний дагуу Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд Гал түймрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа төмөр замын харъяа байгууллагуудад сургалт зохион байгуулах, ажлын байранд галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахдаа нийт 1.660.500 төгрөгийн төлбөр авсан нь гэрчүүдийн мэдүүлэг, санхүүгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

 Прокуророос С.М-ын дээрх үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглаж Улаанбаатар төмөр замын мөнгийг хувьдаа завшсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт завших гэмт хэргийн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзэхэд аж ахуйн нэгж, байгууллагад гүйцэтгэж буй ажил, албан тушаалын хувьд тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хууль буюу гэрээний үндсэн дээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хариуцаж байсан эд хөрөнгө, түүний эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлсэн, захиран зарцуулсан бол завших гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт гал түймрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан С.М нь ажил, үүргийн хувьд сургалт явуулах, дүгнэлт гаргахдаа олсон орлогыг ажил олгогчид шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь нотлогдсонгүй.

 

Хавтаст хэргийн 31, 61 дүгээр хуудаст УБТЗ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А-306 тоот тушаалын гуравдугаар хавсралт буюу “Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтээр хийх төлбөрт үйлчилгээний нэр, төрөл, үнийн жагсаалт” авагдсан байх боловч уг тушаалыг хэрэгт хавсаргаагүйгээс гэрээгээр ажиллаж буй С.М-д эд хөрөнгийн эрх, үүрэг хариуцуулсан эрхийн акт гэж үнэлж, дүгнэх боломжгүйд хүргэв.

 

Анхан шатны шүүх, С.М-ыг гэм буруутайд тооцоход чухал ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Энэ талаар өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй гарчээ. 

 

Иймд С.М-ын төлбөртэй сургалт явуулсан, дүгнэлт гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” гэж заасан завших гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.    

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч С.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.М-ыг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН