Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0210

 

Б.Агийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Агийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Агийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/89 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Б.А намайг аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/89 дугаартай захирамжаар ажлаас халсан юм. Миний бие тухайн ажлыг авсан цагаасаа хойш албан үүргээ удаа дараа битгий хэл хэзээ ч хангалтгүй гүйцэтгэж байсан удаагүй. Харин ч байгууллагаа удирдаж байх хугацаандаа ажлаараа аймагтаа 2014 онд 4 дүгээр байр, 2015 онд 2 дугаар байр эзэлж аймгийн Засаг даргын захирамжаар шагнагдаж байсан. Аймгийн Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээгээ 2014, 2015 онуудад хангалттай сайн биелүүлж байсан.

Энэ 2016 оны 08 дугаар сарын 01-нд аймгийн Засаг даргын захирамжаар миний бие ээлжийн амралтаа авч амрах ёстой байсан тул шинээр томилогдсон аймгийн Засаг дарга амраалгүй 09 дүгээр сарын 10 хүртэл ажиллуулах болсон юм. Миний ууц нуруугаар өвдөж нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд нурууны суулт гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. Улмаар нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтээд үргэлжлүүлээд 5 хоногийн дараа уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хэвтсэн.

Энэ хугацаанд миний ажлыг холбогдох хууль журмын дагуу манай байгууллагын захиргаа, удирдлагын хэлтсийн дарга орлож ажил үүргийг минь гүйцэтгэж байсан юм.

Энэ үеэр Ховд аймгаас манай байгууллагын мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Баянмөнхийн авч ирсэн ухна ишигнээс мялзан өвчин гарлаа гэсэн мэдээллээр Онцгой комиссын ажлын хэсэг ирж ажиллаад үүрэг даалгавар өгөөд явсан. Би эмнэлэгт хэвтэж байхдаа өөрийн ажлыг орлосон захиргаа удирдлагын хэлтсийн дарга нартайгаа байнга утсаар холбогдож мэргэжлийн байгууллагын зүгээс холбогдох хууль журмын дагуу ажил үүргээ чанартай түргэн шуурхай гүйцэтгэхийг удирдлагын зүгээс өгч ажиллаж байсан. Эмнэлэгт хэвтэх хугацаанд аймгийн онцгой комиссын хуралд манай байгууллагын орлогч дарга болон холбогдох хүмүүс байнга оролцож үнэн бодит мэдээллээр хангаж ажилласан байдаг.

Ингээд эмнэлгээс гарахад аймгийн Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ уулзаж ажлаас чөлөөлнө, ажлаа өг гэсэн. Би үнэн байдлаа хэлж аавын бие муу байгаа, би цалингийн зээлтэй гэхчилэн үнэнээ хэлээд би ээлжийн амралтаа авмаар байна гэхэд хүлээж аваагүй. Эмнэлэгээс гараад ажлаа хийж байхад онцгой комиссын хурал зарлахад нь 2 удаа суусан. Сүүлийн хурал дээр сууж байхад аавын бие муудаад хөдөөнөөс дуудлага ирсэн тул онцгой комиссын бүртгэл хариуцсан ажилтанд хэлээд хөдөө явсан. Миний араас сумын хэлтсийн төлөөлөгчөөр дамжуулж намайг хөдөө байгаа эсэхийг шалгуулсан байдаг.

Ингээд намайг онцгой комиссын хуралд суугаагүй гээд байдаг. Миний мэдэхээр надад хэлснээр эмнэлэгт байхаас хойшхи бүх буюу 2 хуралд өөрийн биеэр суусан юм.

Бог малын мялзан өвчний тухайд аймгийн Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр ухна ишиг буюу хээлтүүлэгч мал нийлүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд манай байгууллагын мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Баянмөнх болон холбогдох мэргэжилтнүүдийн зөвлөмж ажлын хүрээнд Ховд аймгийн Алтай сумаас авч ухна ишиг нийлүүлэх болсон. Ингээд аймгийн өмнөх удирдлагуудын зүгээс хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байсан. Улмаар сумдын малчдын захиалга хүсэлтээр тухайн ажлыг өөрсдийн санаачилгаар нь дэмжиж зохион байгуулсан. Холбогдох хуулийн дагуу тухайн малын өвчний гарал үүслийг Алтай сумын мал эмнэлэг үржлийн тасгууд үзэж харж шинжлээд эрүүл гэсэн тул аймагт ирсэн. Мөн хуулийн дагуу ирсэн цагаас нь одоог хүртэл өөр сүрэгт нийлүүлээгүй юм. Сум сумд нь сүргээс ялгаж хариулж байсан.

Тухайн ишигнээс Халиун сумд нэг ишгийг нядалж Улаанбаатар хот дахь төв лаборатори руу явуулахад сэжигтэй гэж гарсан. Дараа нь Дарив Тонхил сумын ишигнээс хоёрыг нядалж явуулахад эрүүл гэсэн.

Тухайн малын өвчнөөр манай аймагт нэг ч мал өвчлөөгүй, нэг ч мал үхээгүй юм. Үнэхээр л тэр ишигнүүдээс өвчин тархсан бол өдийд хэдэн мянгаараа үхсэн өвчилсөн байх ёстой байсан.

Ухна ишгийг Ховд аймгийн Алтай сумаас 08 дугаар сарын 01-нд авахад тухайн өвчний онош Ховд аймагт тодроогүй байсан, бүр сүүлд нь 08 дугаар сарын 28-нд тодорсон. Улсын хэмжээгээр одоог хүртэл өвчинтэй сумдын нэрсэд Алтай сум /Ховд/ ороогүй байгаа юм гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Б.Агийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/89 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/89 дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас халсан атлаа захирамжид дурдсан 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл хэргийн материалд хангалттай тогтоогдоогүй байхад Засаг даргын захирамжид тусгагдаагүй Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн үндэслэх хэсэгтээ дурдсан нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б.Аг ажлаас халах тухай Б/89 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн Ховд аймгийн нутаг дэвсгэрт илэрсэн малын гоц халдварт мялзан өвчний голомттой Алтай сумаас 364 ухна ишгийг тус аймгийн Халиун, Цээл, Тонхил, Дарив, Баян-Уул, Шарга сумдад тарааснаас Дарив, Халиун, Цээл сумд тараагдсан ухна ишигнээс бог малын мялзан өвчин илэрч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон, аймгийн Онцгой комиссын дөрвөн удаагийн хуралд оролцоогүй, ажил тасалсан зэрэг удаа дараа ажлын хариуцлага алдсан гэж үзэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Борхүүгийн Амартүвшинг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн албан тушаалаас нь халсан байна.

Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч ... ухна ишгийг ямар шугамаар яаж авчирсан байсан гэдгийг би мэдээгүй, өвчин гараад ирмэгц манай хэлтсийн дарга Б.Баянмөнх ухна ишигнүүдийг авчирсан талаар 2016 оны 09 дүгээр сарын 05-нд надад мэдэгдсэн. ... Онцгой комиссын хурлын талаар би нурууны суулт өвчтэй учир 09 дүгээр сарын 12-нд нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байсан. Намайг захиргаа удирдлагын хэлтсийн дарга орлодог. Манай мал эмнэлгийн хэлтсийн дарга онцгой комиссын хуралд тогтмол сууж байсан ... сүүлийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны хуралд сууж байхад 82 настай аавын минь бие муудаад байна гэж над руу утсаар ярьсан. Би үүдэнд цаг бүртгэгч онцгой байдлын ажилтанд хэлээд хөдөө явсан ... гэж тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батлагдсан Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний[1] хоёрын 8-д Үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгч, цөм сүргийн малд үзлэг ангилалт хийж анги чанарыг тогтоох, дутагдаж буй хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих, баталгаажуулах ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Шилмэл хээлтүүлэгч нийлүүлэх тухай гэрээ-г Ховд аймгийн Алтай сумын мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний Мэнд сүрэг компанийг төлөөлж Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Алтангэрэл, мал зүйч З.Тоня нартай Говь-Алтай аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Баянмөнх нар байгуулж, тус газрын дарга Б.А гэрээг баталгаажуулжээ.[2]

Уг ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн хуц, ухны сүрэгт нийлүүлэгдсэн ишигнээс Улсын мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээгээр мялзан өвчин илэрсэн, Дарив сумын Ихэс багийн хуц, ухны сүргээс 4 хуц, ухнаас сэжигтэй хариу гарсан, Цээл сумын 9 ишиг вакцинд хамрагдсаны дараа өвчний шинж тэмдэг илэрч устгалд орсон болох нь Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудсаар тус тус[3] тогтоогдсон байна.

Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт намаржиж буй малчин өрхийн суурьт мал, амьтны гоц халдварт мялзан өвчин гарсантай холбогдуулан Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр[4], 10 дугаар сарын 03-ны өдөр[5], 12-ны өдөр[6], 18-ны өдрүүдэд[7] нийт дөрвөн удаа хуралдаж, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мялзан өвчний талаарх мэдээлэл, урдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, вакцинжуулалт хийх ажлыг зохион байгуулах зэрэг цаг үеийн байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж тухай бүр шийдвэрлэж байсан байх ба нэхэмжлэгч Б.А тухайн үед аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг хэрэгжүүлж байхдаа онцгой комиссын хуралд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан шалтгаанаар 2 удаа оролцоогүй, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуралд ирсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурлаас гарч явсан нь нэхэмжлэгчийн тайлбар, эмнэлгийн магадлагаа, хурлын тэмдэглэлд тусгагдсан зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс ... Миний мэдэхээр надад хэлснээр эмнэлэгт байхаас хойшхи бүх буюу 2 хуралд өөрийн биеэр суусан ... гэж гомдолдоо дурдсан боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хуралд суусан, суугаагүй гэж маргахаасаа илүү, тухайн салбарыг удирдаж, чиг үүргийг нь хэрэгжүүлж байгаагийнхаа хувьд өөрийн ажлын хариуцлагагүйгээс болж бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан Улсын онцгой комисс тус аймагт ирж ажиллаж байхад тухайн асуудлыг хариуцан ажиллах ёстой удирдах албан тушаалтны хувьд онцгой комиссын хуралд оролцож цаг үеийн асуудлаа танилцуулж, онцгой комиссын гишүүдийг бодитой мэдээллээр хангах, хуралдаанаас гаргасан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэх байтал энэ үүргээ биелүүлээгүй байх бөгөөд ...боломжтой байсан ч хуралдаа оролцоогүй бүхэл бүтэн өөрийнх нь салбарын асуудал яригдаад малын мялзан өвчин тарчихаад байхад эмнэлэгт хэвтээд байгаа байдал нь ажилдаа яаж ханддаг хандлага, хуралдаанд ирээд асуудлаа ярьж танилцуулах, мэдээллээр хангах үүрэгтэй байсан... гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.А нь Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, холбогдох хуульд заасан журмыг зөрчсөн зэргээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, түүнд хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй, энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Иймд, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргыг Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Орон нутгийн үйлчилгээний нэгж нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна6.4.3-д малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ, тарилга, туулгалт, угаалга, боловсруулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хэрэгжүүлэх, 6.4.6-д өвчтэй малыг хяналтад авч тусгаарлах, эмчлэх, шаардлагатай бол хорио цээр тогтоох, нядлуулах, устгуулах үндэслэлээ ... уламжлах гэж тус тус заасныг зөрчсөн, шилмэл хээлтүүлэгч нийлүүлэх гэрээг баталгаажуулсан удирдах албан тушаалтны хувьд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай хуулийн заалтыг баримтлаагүй, түүнчлэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасныг баримталсан нь буруу, хуулийн энэхүү заалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байгааг анхаараагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулав.

Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчингүй болсон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 2000 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар батлагдсан журмын заалтыг хэрэглэж, хэргийн үйл баримтыг дүгнэсэн алдаа гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн гэсний дараах 16 дугаар зүйлийн 16.1 гэснийг хасч, 6 дугаар зүйлийн 6.4.3, 6.4.6 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ