| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/57 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Г.Эсэн
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2122000000064 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын .....-ны өдөр Дундговь аймгийн ........ төрсөн, ...... настай, ......, ....... боловсролтой, .....мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл ....., ...... хамт Дундговь аймгийн ....... оршин суух хаягтай, ........, ........., ...... овогт Д.Б гэв.
Шүүгдэгч Д.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” ШТС-д түгээгчээр ажиллаж байсан Д.О-ыг өөрийн эхнэр Н.Ц-тэй хамт пиво ууж, намайг муулсан гэх шалтгаанаар маргалдсаны улмаас түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж түүний биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, уруул завжны салстын язарсан шарх, завжны салстын цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би өдөр нь колонк дээр очиход бүгд уугаад согтуу байсан. Тэгээд би одоо уухаа болиорой гэж хэлээд явсан. Орой нь очсон чинь дахиад уугаад, намайг муулаад, манай эхнэртэй пиво уугаад сууж байсан. Тэгээд би эхнэртэй нь пиво уугаад, нөхрийг нь муулаад сууж байдаг юм уу гэж маргаад зодсон. Толгой руу нь баруун гараараа 2-3 цохиод ойчихоор нь мөр хавьд нь дэвссэн...” гэв.
2. Хохирогч Д.О-ын “2021 оны 03 сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас 2021 оны 03 дугаар сарын 29-ний 09 цаг 00 минут хүртэл хугацаанд Н.Цгийн хамт 24 цагаар Дундговь аймгийн 5 дугаар багийн нутагт “Тэс Петролиум” ХХК-ийн ШТС-78-д түгээгчээр гарсан. 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажлынхан ирж, ажлын байрны ойр орчимд байх хог, элсийг цэвэрлэсэн. Цэвэрлэгээ хийж дуусгаад 2 ширхэг 2,5 литр савлагаатай Сэрүүн нэртэй пиво уусан. Ингэхдээ нэгийг нь ууж дуусгаад нөгөөг нь талаас нь доогуур оруулаад больсон. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед өдөр ажлынхны ууж байгаад үлдээсэн пивыг хамт гарсан Н.Ц-тэй хуваагаад ууж байтал ажлын зүүн талын жижиг цонхоор нэг хүн утсаар бичлэг хийгээд байх шиг харагдахаар нь тэр цонх руу яваад очтол Н.Ц-гийн нөхөр Б байсан. Би “чи яагаад бичлэг хийгээд байгаа” талаар асуухад “ та нар ажлын байран дээрээ яахаараа архи уудаг юм” гэж хэлэхээр нь би “ажлын байран дээрээ уулаа гээд яасан юм, тэглээ гээд согтоод байсан юм байхгүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна” гэж хэлээд тэр жижиг цонхоор тонгойтол Б баруун гараараа миний хамар хэсэгт цохисон. Тэгтэл миний хамраас цус гарч эхэлсэн, би хойш ухарч тонгойгоод байж байтал Б ажлыг баруун талын хаалгаар гүйж орж ирээд миний нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөсөн. Би хойш унаад хананд тулаад суутал Б миний нүүр хэсэг рүү баруун гараараа цохиж эхэлсэн. Тухайн үед эхнэр нь болиулах гэхэд эхнэрийнхээ цээж хэсэг рүү баруун гараараа цээж хэсэгт нь 3 удаа цохиж цааш нь түлхээд намайг дахин нүүр хэсэгт баруун гараараа цохисон. Дараа нь миний цамцны ар талын зах хэсгээс татаж дээш харан хэвтүүлээд, миний цээж хэсэгт нэг удаа баруун хөлөөрөө дэвссэн. Тэгээд эхнэр дээрээ очоод хэрэлдэж маргалдан баруун гараараа цээж, хэвлий хэсэг рүү цохисон. Би цусаа цэвэрлэчхээд Бийн дагуулан гарч юм ярьж байх хойгуур Н.Ц ажлын зүүн талын цонхоор гарч Дашваанжил Газ ХХК-д очиж тэр өдөр гарч байсан түгээгчийн утсаар цагдаад дуудлага өгсөн байсан. Б нь 8-9 удаа баруун гараараа миний нүүр хэсэгт цохисон, мөн баруун хөлөөрөө 2 удаа миний нүүр хэсэгт өшиглөсөн, нэг удаа баруун хөлөөрөө миний цээж хэсэгт дэвссэн. Н.Ц-г 4-5 удаа цээж хэвлий хэсэг рүү нь баруун гараараа цохисон. Өөр зүйл мэдэхгүй. Миний нүүрний баруун талын шанаа, хацар хавдсан байсан, мөн баруун талын нүд хөхөрсөн, баруун талын доод уруулын дотор хэсэг язарсан мөн амны дотор завж язарч урагдсан, хамар хавдсан байсан. Би гомдолтой байна, өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэх явцад гарсан зардлыг төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
3. Гэрч Н.Ц-ийн “...2021 оны 03 сарын 28-ны 09 цагаас 29-ний 09 цаг хүртэл би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн нутагт байрлах “ Тэс Петролиум ШТС-д түгээгчээр Д.О-ын хамт гарч байсан юм. 2021.03.29-ний 02 цаг өнгөрч байхад би хамт гарч байгаа Д.О-ын хамт юм яриад сууж байтал ажлын байрны зүүн урд талд байх жижиг цонхны хажууд нэг гар утас харагдсан. О цонх руу очтол манай нөхөр Б байх шиг байсан. Тэгтэл гаднаас Б гүйж орж ирээд О-ыг өшиглөж зодож эхэлсэн. Би дундуур нь ороод салгах гэтэл намайг түлхээд баруун гараараа миний гэдэс хэсэгт цохисон. Тэгээд л намайг болон О-ыг зодоод байсан. Тэгж байгаад арай гайгүй болтол Д.О Д.Б-ийг дагуулан гараад явахаар нь би ажлын цонхоор гараад “Дашваанжил газ” ХХК-ны түгээгч дээр очоод цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр Д.Б нь Д.Отай намайг хардаад зодсон гэж бодож байна. Д.Б архи уучихсан согтуу байсан. 2021.03.28-ны өдөр манай ажлынхан цуглаж ажлын ойр орчмын хог шороог цэвэрлэсэн юм. Тэгээд дуусаад бөөнөөрөө 2 ширхэг Сэрүүн нэртэй 2,5 литр савлагаатай пиво авч уусан юм. Бид хоёр тухайн пивоноос үлдсэн пивыг уусан байсан. Тухайн пиво нь нэг нэг аяга болсон. Бид хоёр согтоогүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
4. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Д.О-ын биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, уруул завжны салстын язарсан шарх, завжны салстын цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ. /хх-ийн 29-30/
5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “болсон үйл явдлын талаарх бичлэг бүхий” CD болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Д.О нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” ХХК-ийн “ШТС-78”-д түгээгчээр ажиллаж байхдаа ажлын байран дээрээ бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогч Д.О-ын эрүүл мэндэд “тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, уруул завжны салстын язарсан шарх, завжны салстын цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь нотлогдож байна.
Хохирогч Д.О-ыг 2021 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед ажлын байран дээрээ байхад нь шүүгдэгч Д.Б нь “эхнэртэй хамт пиво ууж, намайг мууллаа” гэх шалтгаанаар зодсон болох нь гэрч Н.Ц, хохирогч Д.О, шүүгдэгч Д.Баяржаргал нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болсон үйл явдлын талаарх бичлэг бүхий CD хураагдаж ирсэн байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ...... овгийн Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тод овгийн Д.Б-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг Д.Б-д холбогдох эрүүгийн 2122000000064 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ