Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2017/03000/И |
Дугаар | 2436 |
Огноо | 2017-07-26 |
Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* тоотод оршин суух, Олхонууд овогт О*******ын Б*******
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* тоотод оршин суух, Их шавь овогт Б*******ы Э******* нарын хүсэлттэй,
Б.А*******, Б.Т******* нарыг П.Э*******ы асрамжид байгаа болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нар нь шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч болох О.Б*******, Б.Э******* бид гэр бүл бөгөөд Б*******ын А*******, Б*******ын Т******* гэдэг хүү, охинтой болно. Харин бидний хүүхдүүд 2017 оны 02 сарын 04-ны өдрөөс эхлэн АНУ-ын Теннеси мужид өвөө Ёндонгомбын О*******, эмээ Пүрэвжавын Э******* нарын хамт амьдрах болсон. Иймд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улс, Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, УО12280603 тоот регистрийн дугаартай Монгол Улсын иргэн Б*******ын Т*******, 2005 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улс, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, УО05270335 тоот регистрийн дугаартай Монгол Улсын иргэн Б*******ын А******* нарыг АНУ-д амьдрах хугацаанд эцэг эхийн нэрийн өмнөөс асран хамгаалах зөвшөөрлийг 4740 Colonial Green Place, Memphis, TN 38117, USA / Утас:832-455-8567- гар утас, 901-448-1117- ажил утас/ хаягаар оршин суугаа, А#099-643-839 дугаар бүхий ногоон карттай, TR305021 дугаар бүхий жолооны үнэмлэхтэй, өөрийн төрсөн ээж болох Пүрэвжавын Э*******д 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн нотариатаар баталгаажуулсан “Асран хамгаалах эрх олгох зөвшөөрөл”-ийн дагуу эрх олгосон юм. Гэтэл бидний хүүхдүүд АНУ-ын Тенниси мужийн Шэлби бүсийн сургуульд суралцах гэтэл асран халамжлах, анхаарал тавих, дэмжлэг туслалцаа үзүүлэх эрх олгох асуудлыг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлсэн байх шаардлага тавиад байгаа юм.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2 дах заалтын дагуу Б*******ын Т*******, Б*******ын А******* нарыг тэдний эмээ болох Пүрэвжав овогтой Э*******ы асрамжинд байгаа болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Б*******, Б.Э******* нар нь Б.А*******, Б.Т******* нарыг П.Э*******ы асрамжид байгаа болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2-т “бусдын асрамжид байгаа эсэх”-ийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу бусдын асрамжид байгаа эсэхийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэж зааснаар хүсэлт гаргагч О.Б*******, Б.Э******* нар нь Б.А*******, Б.Т******* нарыг Америкийн нэгдсэн Улсад дунд сургуульд элсэн суралцахад эмээ П.Э*******ы асрамжид байгаа болохыг шүүхийн журмаар тогтоолгох зорилготой гэж тайлбарлаж байна.
Хүсэлт гаргагч О.Б*******, Б.Э******* нарын дундаас 2005 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.А*******, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Т******* нар төрсөн болох нь хүсэлт гаргагч нарын тайлбар, , дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 11-12 дугаар тал/
2005 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.А*******, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Т******* нар 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдрөөс өөрийн эцэг О.Б*******ын ээж болох Пүрэвжавын Э*******ы асрамжид байгаа болох нь 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн “Асран хамгаалах эрх олгох зөвшөөрөл”, гэрч Б.Мө*******, Б.Пүрэвжав нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна./х.х-ийн 11-14, 29-32 дугаар тал/
Гэрч Б.Мө*******ын мэдүүлэгт “... О.Б*******, Б.Э******* нар Америкийн Нэгдсэн Улсад суралцахаар явсан, ... Б.Т*******, Б.А******* нарыг сургуульд оруулах гэсэн өөрсдөө сурдаг болохоор асран хамгаалагч хэрэгтэй болоод, ээжээсээ тусдаа өөр хотод амьдардаг тул Б.Т*******, Б.А******* нарыг П.Э*******ы асрамжид байлгах шаардлагатай болсон гэх, гэрч Б.Пүрэвжавын мэдүүлэгт “...Б.Т*******, Б.А******* нарыг П.Э*******ы асрамжид байлгах гэхээр Америкийн Нэгдсэн Улсаас заавал Монгол улсаасаа асрамж тогтоолгосон шийдвэр авч ир гээд байгаа юм” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан.
Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй”, Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын Конвенцийн 9, 12 дугаар зүйлд зааснаар хүүхэд энэ тохиолдолд саналаа илэрхийлэх эрхтэй гэж тус тус зааснаар 2005 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.А******* эмээ П.Э*******ы асрамжид байх хүсэл зоригтой байгаагаа илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан хүү Б.А*******ын өргөдөлөөр тогтоогдож байна. /х.х-ийн 6 дугаар тал/
Иймд дээрх үйл баримтыг үндэслэн 2005 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.А*******, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Т******* нарыг 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдрөөс эмээ Пүрэвжавын Э*******ы асрамжид байгаа болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан УО05270335 регистрийн дугаартай Олхонууд овогт Б*******ын А*******, УО12280603 регистрийн дугаартай Олхонууд овогт Б*******ын Т******* нарыг Пүрэвжавын Э*******ы асрамжид байгаа болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ