| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/58 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.М даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Оргилболд
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2122000730066 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-ны өдөр төрсөн, ....... боловсролтой, ...... мэргэжилтэй, ам бүл ....., ...... хамт Дундговь аймгийн ........ оршин суух, ........., ..... овогтой Б.Б гэв.
Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ буюу 2021 оны 04 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар баг Алтанзагасын 3-6 тоот хашаанд иргэн Б.Б-той барилдаж байгаад улмаар маргалдан түүний нүүрэн тус хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.
2. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-нд 10 цаг өнгөрөөгөөд холбооны ард явж байгаад Д.Д, Б.М, Б.Б нартай таарсан. Тэгээд би машинд нь суугаад Д.Д-нд очсон. Тэгээд тэнд очоод байж байгаад Б.М, Б.Б хоёр дэлгүүр явсан.Тэгээд ирэхдээ 1 шил архи 1 том 2.5 литрийн пиво авч ирсэн. Тэгээд тэрийг бид дөрөв уугаад байж байтал гаднаас манай найз Б.Т ирсэн. Тэгтэл Б.Б, Б.М хоёр гарч барилдъя гээд гэрээс гарсан, бид хэд мөн араас нь гарсан. Тэгээд Б.Б, М-тай барилдчихаад дараа нь “надтай барилдъя” гэхээр нь үгүй би барилдаж чадахгүй гэсэн. Тэгээд нэг барилдаад Б.Б-д уначаад “больё” гээд явахад Б.Б намайг араас барьж аваад унагасан. Тэгэхээр нь босож ирээд “барилдахгүй гээд байхад чинь яах гээд байгаа юм бэ” гэсэн. Б.Б “чи яах гээд байгаа юм” гэхээр нь би Б.Б-ийн нүүрэнд нь цохисон.Тэгээд намайг цохисны дараа Б.Б мөргөх гээд дайрсан. Тэгээд бид хоёрыг Б.Т салгасан. Тэгээд цагдаа ирсэн. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өглөө дэлгүүрээс 1 шил архи, 1 том пиво авсан, тэрийг бид хэд хувааж уусан. Б.Б бид хоёр гэрт байхад ам мурийж хоорондоо маргалдсан зүйл байхгүй.Гадаа гараад барилдаж байгаад маргалдсан намайг араас бариад унагаачихаар нь би уурлаад цохичихсон юмаа. Би Б.Б-ийн нүүрэнд 2 удаа л гараараа цохисон. Өөрөөр өшиглөж, юм барьж цохиогүй.Тухайн үед ам хамраас нь цус гарсан байдалтай байсан. Мөн нэг үүдэн шүд уначихлаа гээд гартаа барьцан байсан. Миний биед халдсан зүйл байхгүй. Би Б.Б-ийн хохирлыг бүрэн барагдуулсан.Б.Б-ийн эхнэрийнх нь данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн одоо бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх51-52/
3. Хохирогч Б.Б-ийн “...Би өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн үед хажуу байрныхаа Б.М-нд орсон чинь тэнд Б.Д байж байсан. Тэгээд бид гурав Б.М-аас гараад явах гэж байтал гадаа Б.Б-тэй таарсан. Тэгээд бид 4 Д.Дийнх рүү хамт очсон. Тэгээд тэнд оччихоод Б.М бид хоёр дэлгүүр ороод Б.М нэг шил 0,75 граммын хараа, 2,5 литрийн Нийслэл пиво аваад Д.Дийн очоод бид 4 хамт уусан. Тэгээд бид хэд уугаад нэлээд дөхөж байтал гаднаас Т орж ирсэн. Тэгээд уух юмнаас ганц хоёр татсан. Тэгээд бид хэдийг ууж байтал Б.М, Б.Б хоёр хоорондоо пивонд гар барилдаад Б.Б ялагдсан. Тэгээд Б бид хоёр гадаа барилдаад, би нэг хаясан чинь дахиж барилдъя гэсэн. Тэгэхээр нь би дахиж барилдаад хаясан. Тэгсэн Б намайг шууд амруу цохисон, миний үүдэн нэг шүд унаад ирсэн. Тэгэхээр нь би Б.Б-д шүд цохилоо чи барилдах гээд байна уу аль эсвэл зодолдох гээд байна уу гэсэн чинь Б.Б чамтай зодолдоно гэсэн. Тэгээд хоёр гурван удаа нүүрэнд цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс хориод салгасан. Мөн хамар цөмөрсөн зүүн нүд хөхөрсөн байсан. Б.Б миний ам руу нэг нүүрэнд 2-3 удаа гараараа цохисон, ямар нэгэн юмаар болон хөлөөрөө цохисон зүйл байхгүй. Би Б.Б гэх хүний биед халдаагүй. Миний хувьд шүд болон хамарт учирсан гэмтлүүдийг бүрэн эмчлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх7-8/
4. Гэрч Б.М-ын “...Би өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө гэртээ байж байхад Д.Д манайд ирсэн. Бид хоёр Д.Д-нх рүү явах гэж байхад Б.Б, Б.Б хоёр гэрийн гадаа таарсан. Тэгээд дөрвүүлээ Д.Д-нд очсон. Д.Д-нд оччихоод Б.Б бид хоёр мотоциклтой дэлгүүр явж нэг шил 0,75 граммын хараа 2,5 литрийн нийслэл пиво аваад эргэж Д.Д-нд ирээд бид дөрөв хамт уусан. Тэгээд бид хэд ууж байтал Б.Б-ийн найз гэх Т гаднаас орж ирсэн. Тэгээд бид хэд ууж байгаад Б.Б бид хоёр хоорондоо пивонд гар барилдаад, би Б.Б-д ялагдсан. Тэгсэн Б.Б надтай гарч барилдъя гээд тэгээд бид хоёр гадаа гарч 2 удаа барилдсан. Б.Б надтай барилдчихаад дараа нь Б.Б-тэй барилдсан. Тэгээд Б.Б Б.Б-д уначхаад Б.Б-ийг шууд цохиод авсан. Тэгсэн Б.Б-ийн шүд нь унасан байсан. Тэгсэн Б.Б унасан шүдээ Д.Д-т өгөөд авч бай гэсэн. Тэгээд бид хэд тэр хоёрыг хориод салгасан. Өөр болсон зүйлгүй, удалгүй цагдаа ирээд бид хэдийг аваад явсан. Бид дөрөв дөрвүүлээ 1 шил архи 1 том 2,5 литрийн пиво хувааж уусан. Бид хэд гэрт байхдаа хоорондоо маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх11-12/
5.Гэрч Д.Д-ийн “...Би өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө эхнэрээ ажилд нь хүргэж өгчхөөд Б.М-ын ороод Б.М бид хоёр манайх руу явах гэж байсан чинь гаднаас Б.Б ороод ирсэн. Тэгээд бид гурав Б.М-аас гараад явах гэж байтал Б.Б-тэй таараад дөрвүүлээ манайд очсон. Тэгээд манайд очсоны дараа Б.М, Б.Б хоёр мотоциклтой дэлгүүр яваад нэг шил 0,75 граммын Хараа архи, 2,5 литрийн Нийслэл пиво аваад манайд хүрээд ирсэн. Бид дөрөв авчирсан нэг шил архи, пивыг хамт уусан. Тэгээд бид хэд уугаад байж байтал Б.Б-ийн найз нь гэх Т гаднаас орж ирсэн. Тэгээд бид хэд уугаад байж байтал Б.Б Б.М хоёр хоорондоо барилдаад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барилдаж байгаад давалцалгүй больсон. Тэгээд дараа нь Б.Б, Б.Б-тэй барилдсан. Тэгээд барилдаад Б.Бид Б.Б уначхаад Б.Бийг шууд цохиод авсан. Тэгсэн Б.Бийн шүд нь унасан байсан. Тэгээд бид хэд тэр хоёрыг хориод салгасан. Өөр болсон зүйлгүй удалгүй цагдаа ирээд тэр хэдийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх14-15/
6. Гэрч Б.Т-ын “...Би өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд Б.Б гээд найзыгаа авах гээд Д.Дийнд очсон. Намайг тэнд очиход Б.Б, Б.Б Д.Д, Б.М дөрөв нэг архи задалсан дээрээсээ жоохон дундарсан, нэг 2,5 литрийн том пиво задалсан дээрээс нь мөн жоохон дундарсан байсан. Тэгээд нөгөө ууж байсан архи пиво ууж дуусгаагүй гарч барилдъя гээд Б.Б , Б.М хоёр гэрээс гарахаар нь бид хэд араас нь гарсан. Тэгээд Б, Б--тай барилдчихаад дараа нь Б-тэй барилдъя гээд тэр хоёр барилдсан. Тэгээд нэг барилдчихаад Б.Б за болио гэсэн чинь Б.Б дахиж барилдъя гээд барьж аваад унагасан. Тэгсэн Б.Б босож ирээд Б.Б-той маргалдаад цохиод авсан. Тэгээд би тэр хоёрыг голоор нь орж салгасан. Өөр болсон зүйл байхгүй. Тэр хоёр гэрт байхад ам мурийж хоорондоо маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх17-18/
7. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.04.12-ны өдрийн 112 тоот “...Б.Бийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-Д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад 5% нөлөөлнө. Б.Б-ийн биед үүссэн зүүн дээд 1-р шүдний булгарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь тус тусдаа болон дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн нүдний алимны салст, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх25-26/
8. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
9. Яаралтай тусламжийн хуудас /хх28-32/
10. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт бусдад зодуулсан үйл явдал болсон, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн дээд 1-р шүдний булгарал хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирснаас “зүүн дээд 1-р шүдний булгарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл нь нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь нотлогдож байна.
Хохирогч Б.Б-д учирсан “зүүн дээд 1-р шүдний булгарал хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл”-г шүүгдэгч Б.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын сумын 2 дугаар баг Алтанзагасын 3-6 тоот хашаанд зодох байдлаар учруулсан болох нь гэрч хохирогч Б.Б, гэрч Б.М, Д.Д, Б.Т нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Бид 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болох нь хэргийн 58-рт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зуут...... овгийн Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...... овгийн Б.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ