| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/59 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Оргилболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2122000000065 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, ..... настай, ...... , ...... , ....... , ам бүл ... , ....... хамт, Дундговь аймгийн ....... оршин суух ..... овогт Г.Б гэв.
Шүүгдэгч Г.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 03 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд иргэн Э.Д-тай тааралдаж улмаар маргалдах явцдаа хутга гарган хүзүүн тус хэсэгт нь зүсэж, түүний эрүүл мэндэд “хүзүүнд зүсэгдсэн шарх” гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...би хашаандаа 1,2 пиво уугаад гарч ирээд Д-тай таарсан. Тэгээд хорогдлын мэдээ өг гэхээр нь би уурлаж маргалдсан. Би тэгээд хутгатай гараараа цохисон...” гэв.
2. Хохирогч Э.Д-ын “...2021 оны 03 сарын 30-ны өдөр, би 19 цагийн үед машинтайгаа бензин авчхаад гэр рүүгээ явж байхад гудамжинд Б-тай таарсан, би тэр хүнтэй сайн байна уу? Хаагуур явав гээд мэндэлсэн чинь Б миний өөдөөс шууд хэзээ чи бид 2 сайн байсан юм, гэхээр нь та юу яриад байгаа юм бэ, согтуу байгаа юмуу, мал хуй гайгүй юу гээд асуухад өөдөөс уурлаад намайг заамдаад авсан тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ? Би танаас маргааш төл хорогдлын мэдээ авах асуудлаар тантай уулзсан гээд өөдөөс нь заамдаад авсан чинь хүзүүний орчимд нойтон оргихоор нь үзсэн чинь цус гарч байсан. Чи намайг хутгалчихлаа гээд хэлсэн чинь гартаа барьсан хутгаа дэрс рүү шидсэн. Би эхлээд хутгалуулснаа мэдээгүй, намайг, заамдсан, дараа нь хүзүүнээс цус гарахаар харсан чинь Б гартаа хутгатай байсан намайг хэлэхэд хутгаа дэрс рүү шидсэн. Тэгж байхад А машинтай ирэхээр нь чи харж байгаарай би хутгалуулчхаад зогсож байна. Цагдаа дуудаарай чи гэрч шүү гэж хэлсэн. А бид 2 цагдаа дуудаад цагдааг иртэл бид 3 байсан, цагдаа ирээд дэрснээс хутгыг нь олж аваад бид 2-ыг суулгаад цагдаагийн байр руу очсон. Эмч ирээд намайг аваад явсан. Хүзүүндээ хутгалуулснаас өөр ямар нэгэн гэмтэл байхгүй . Б нэлээн согтуу байсан. Намайг хутгалчхаад явах гээд байхаар нь би заамдаад барьж байсан юм. Хэрэлдэж маргалдаж байгаагүй, өс хонзонгийн зүйл баймааргүй юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10/
3. Гэрч М.А-ийн “...өчигдөр 19 цагийн үед машинтай айлаас гэр рүүгээ явж байсан чинь замд ....тоот хашааны баруун талд тойргийн хажуу талд Ж, Д 2 машиныхаа ар талд заамдалцсан байдалтай зогсож байсан. Ойртоод хажуугаар нь гарахдаа цонхоо доошлуултал Д яаж байгаа юм чи намайг дүрчихлээ ш дээ гэхээр нь энэ 2 хутга, шөвөг болсон байна гэж мэдээд эргээд очтол Ж З ахын дүү гэсэн өөр зүйл хэлээгүй, Д намайг энэ дүрчихлээ чи хардаа гээд хүзүүгээ харуулсан чинь эгэм орчимд нь хутгалсан цус гарч байсан. Тэгээд Д энэ одоо хоолой хэрчих юм байна л даа гэхээр нь би тэр хутга нь хаана байна гэж асуусан чинь Д наадах чинь намайг хутгалчхаад хутгаа түрийлчихлээ гэж хэлсэн. Тэр 2 ахиад муудах гээд заамдалцаад байхаар нь салгаад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд салгаад Ж ахын гутлыг нь тайлуулахад хутга гарч ирээгүй гадуурх шар өнгийн хуй нь гарч ирсэн. Тэгээд цагдаа хутгыг нь хажуу талын дэрсний урдаас олж авсан. Зодолдсон газраас 3м орчимд байсан. Тэр 2-ыг цагдаа аваад явсан. Би тэндээс гэрээдээ явсан. Өөр хүн байгаагүй ойр хавьд нь ч өөр хүн харагдаагүй. Д зүгээр байх шиг байсан. Ж бол нэлээн согтуу байсан. Юу болсон талаар асуухад Д би баруунтаа таараад гэр рүү нь хүргэж өгөх гээд явж байсан чинь намайг дүрчихлээ гэж байсан. Намайг ирснээс хойш тэр 2 зодолдож цохилцсон асуудал байхгүй. Хар шар өнгийн алаг иштэй шар өнгийн хуйтай жижгэвтэр хутга байсан. Цайвар цэнхэр өнгийн дээл цэнхэр бүс дотуураа саарал өнгийн тамирын цамцтай байсан. Хувцас нь нэлээн цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх12-13/
4.Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102 тоот “...Э.Д-ын биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх19-20/
5. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
6. Яаралтай тусламжийн хуудас /хх3-4/
7. Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-5/
8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх25-27/
9. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Э.Д нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг дэвсгэрт Г.Б-тай маргалдаж түүнд хутгалуулсан үйл явдал болсон, уг үйлдлийн улмаас хохирогч Э.Д-ын биед “хүзүүнд зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, хохирогч Э.Д-ын эмчилгээний төлбөрт 250,000 төгрөг төлсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Д нь өөрт учирсан хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 см урттай, ажлын хэсэг нь 10 см, шар судалтай, шар өнгийн иштэй, шар өнгийн хуванцар хуйтай, хуйн дээрээ 5 ширхэг цэцэг хэлбэртэй цоорхойтой хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ..... овгийн Г.Б-ыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Угтуул овгийн Гансүхийн Б-д 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг төлсөн, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Д нь өөрт учирсан хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хуйтай, шар алаг иштэй хутга 1 ширхгийг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ