Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Г.Эсэн

Шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ц-д холбогдох эрүүгийн 2022002580048 дугаартай хэргийг 2021 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ... сарын .....-ны өдөр Дундговь аймгийн ........ төрсөн, ......, ........ боловсролтой, ......... ам бүл ..., ....... хамт Дундговь аймгийн  .........газар нутаглах, ........, ..... овогт О.Ц  гэв.

 

Шүүгдэгч О.Ц нь /яллах дүгнэлтэд дурдсанаар /Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шанд” гэх газарт оршин суух А.Б-ын гэрт 2020 оны 09 сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаанаас болж уг гэрт байсан Ц.Б, А.Б, О.Б, Б.Л нартай маргалдан улмаар Ц.Б-ийн баруун нүд рүү мотоциклын түлхүүрээр хатгаж түүний биед баруун дээд зовхи, хамрын нураанд шарх, баруун нүдний алимны салст, баруун доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Хохирогч Ц.Б-ийн “2020 оны 09 сарын 13-ны өдөр 22 цагийн орчим би Дундговь аймгийн  Гурвансайхан сумын 4-р багын Шанд гэх газарт эмээ эмээ Б, төрсөн ах Б, нагац ах Л, худ ургийн хүн Б нарын хамт  байж байтал манай хүргэн Цогтбадрах согтуу хүрч ирсэн. Б нь Ц-ын төрсөн ах байгаа юм. Ирээд Ц Б ахыг хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ манай төрсөн ах Б руу агсарч эхэлсэн. Тэгээд гэрт чанга, чанга хашхичаад сүүлдээ манай настай эмээ рүү орилоод байхаар нь би Ц-ыг түлхээд гэрээсээ гаргасан. Тэгтэл Ц эргэж гэрт орж ирээд миний урд сууж байснаа гарынхаа салаанд түлхүүр хавчуулж барьж байгаад миний зүүн талын нүд рүү цохисон. Тэгээд би нүдээ дараад байж байтал манай ах намайг өмөөрөөд Ц-ыг надаас холдуулсан. Миний нүд өвдөж байсан болохоор тэднийг яг ямар үйлдэл хийж байгааг би сайн харж чадаагүй. Тэгээд манай эмээ, ах хоёр намайг дагуулаад сумын эмнэлэг явж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-рт/

 

3. Гэрч Ц.Б-ын “2020 оны 09 сарын 13-ны өдөр 22 цагийн орчим би Дундговь аймгийн  Гурвансайхан сумын 4-р багын Шанд гэх газарт өөрийн ээжийн ээж Б, төрсөн дүү Б нарын хамт гэртээ байж байтал манай ээжийн эгч Э-ы нөхөр Ц гаднаас согтуу ирээд над руу хашхичиж эхэлсэн. Тэгээд манай гэрт согтуу агсам тавиад байхаар нь би Ц-д хандаж та харьж амар гэсэн. Тэгсэн Ц над руу чанга дуугаар хашхирч “чи муу хөөлөө” гэхээр нь манай эмээ Б Ц-д хандаж “чи харьж амар, дандаа согтуу ирж дарамтлах юм” гэсэн. Ц эмээгийн өөдөөс чанга хашхираад  босч ирээд “та нарыг бүгдийг чинь ална” гэхээр нь би босож очсон чинь Ц төмрийн хөрөөгөөр миний гар руу нэг удаа цохисон. Тэгсэн чинь манай дүү Б Ц-ыг гэрээс гаргасан юм. Тэгсэн чинь Ц буцаад манай гэрт орж ирээд гэрт байсан хүмүүсээс мотоциклын түлхүүр сураад байсан. Тэгснээ Ц гэнэт босож очоод манай дүүгийн нүд рүү мотоциклын түлхүүрээр хатгачихсан. Тэгэхээр нь би Ц-ыг дүүгээсээ холдуулж салгаад зүүн хацар луу нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд Ц-ыг гэрээс гарахгүй болохоор нь чирээд гадаа гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 41-42,  /

 

4. Гэрч А.Б-ын “2020 оны 09 сарын 13-ны өдөр 22 цагийн орчим би Дундговь аймгийн  Гурвансайхан сумын 4-р багын Шанд гэх газарт өөрийн гэртээ байж байхад гаднаас миний охин Э-ы нөхөр Ц  орж ирээд гэрийн баруун талд суусан. Тухайн үед манай гэрт миний хүү Л, охин Цэрэнпагамын хүү  Ц.Б, Ц.Б Ц-ын төрсөн ах О.Б нар байсан. О.Ц нь гэрт сууж байсан Б-аас архи нэхэж байснаа над руу чанга дуугаар хашхирч “бүгдийг чинь ална” гээд хэл амаар доромжилж, заналхийлж байсан. Тэгсэн чинь Б гэрээс түлхээд аваад гарсан. Их удалгүй Б гэрт орж ирээд суусан чинь Ц бас орж ирээд суусан юм. Гэрийн гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Гэрт сууж байхдаа О.Ц гэнэт Ц.Б-ийн нүд рүү мотоциклын түлхүүр гартаа барьж байгаад цохичихсон. Тэгсэн чинь Б-ийн нүднээс цус гарахаар нь сумын эмнэлэгт мэдэгдсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 53-54/

5. Гэрч Б.Л-ийн “2020 оны 09 сарын 13-ны өдөр 22 цагийн орчим би Дундговь аймгийн  Гурвансайхан сумын 4-р багын Шанд гэх газарт өөрийн гэртээ ээж Б, төрсөн эгч Цэрэнпагмын хүү Ц.Б, Б, хүргэн О.Ц-ын ах О.Б нарын хамт байж байсан чинь орой 20 цагийн үед Ц гаднаас согтуу орж ирээд гэрийн баруун урд хэсэгт суусан. Тэгээд өөрийн төрсөн ах О.Б-тай маргалдаж эхэлсэн. Тэгээд гэнэт ээж Б руу хашхирч агсам тавиад байхаар нь Б гэрээс түлхээд гадаа гаргачихсан юм. Тэгсэн чинь их удалгүй гаднаас Ц гэрт орж ирээд сууж байснаа гэнэт Б-г нүүр лүү нь цохичихсон. Тэгсэн чинь Б-ийн зүүн нүднээс нь цус гарч байхаар нь Б очоод Ц-ын нүүр лүү нэг удаа цохичихсон. Тэгэхээр нь би Б-ыг Цаас холдуулаад Б-ийн нүднээс цус гараад тогтохгүй болохоор нь ээж, Б нар Б-г аваад сум явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-рт/

 

6. Гэрч О.Б-ийн “Тухайн үед шөнө 18 цагийн үед Гурвансайхан сумын 4-р баг Шанд гэх газарт байх манай төрсөн дүү О.Ц-ын эхнэр Э-ы ээж Б-нд очсон. Тэгээд гэрт нь байж байсан чинь гаднаас О.Ц 22 цагийн  үед орж ирсэн. Орд ирээд над руу хашхираад байсан. Тэгсэн чинь Б “та манайхыг дандаа дээрэлхэж байх юм” гэсэн чинь Б гэрээс түлхээд аваад гарсан. Гадаа үүдний шатан дээр Ц, Б, Б нар хамт ойчих шиг болсон. Тэгээд буцаад гэрт орж ирээд сууж байснаа гэнэт Ц босож очоод гартаа барьж байсан мотоциклын түлхүүрээр нүүр лүү нь цохичихсон. Тэгсэн чинь Б-ийн нүүрнээс цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/

 

7. Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 213 дугаартай  “Ц.Б-ийн биед баруун дээд зовхи, хамрын нуруунд шарх, баруун нүдний алимны салст, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзлэгээр архаг хууч өвчнийг тогтоох боломжгүй. Ц.Б-ийн биед үүссэн баруун дээд зовхинд үүссэн шарх, баруун нүдний алимны цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг, хамрын нуруунд үүссэн шарх, баруун доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 70-71/

 

8. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

9. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12/

10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16/

11. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч нотлох баримт цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул хэргийн 56-58, 62-63-рт авагдсан гэрч О.Б-ийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй ба бусад баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Ц.Б нь 2020 оны 09 сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд Дундговь аймгийн  Гурвансайхан сумын 4-р багын Шанд гэх газарт бусдад зодуулсан үйл явдал болсон, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд” баруун дээд зовхи, хамрын нуруунд шарх, баруун нүдний алимны салст, баруун доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдож байна.

          Хохирогч Ц.Б-ийн биед учирсан “баруун дээд зовхи, хамрын нуруунд шарх, баруун нүдний алимны салст, баруун доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч О.Ц 2020 оны 09 сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд цохих байдлаар учруулсан болох нь гэрч Ц.Б, А.Б, О.Б, Б.Л, хохирогч Ц.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч О.Ц-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч О.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч О.Ц нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн  2001 оны 02 сарын 01-ний өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь тогтоолыг хуулбар /101-106/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид “зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдгээс шалтгаалан түүнд уг ялыг оногдуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хуульд малчин хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг хориглоогүй боловч  техник, технологийн нөхцөл байдлаас шалтгаалан уг ялын биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих боломжгүй юм.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс гаргуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...... овогт О.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт О.Ц-д 1000 / нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  6  / зургаан / сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Г.МӨНХБАТ