Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/64

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын  яллагч Б.Саруул-Ирээдүй

          Хохирогч О.Э

          Шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Р-д холбогдох эрүүгийн 2122000510062 тоот  хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны....... дугаар сарын ...-ний өдөр Дундговь аймгийн ...... төрсөн, ..... настай ......, ........ боловсролтой, ......., ам бүл ..., ...... хамт амьдардаг, Дундговь аймгийн ....... оршин сууж байгаа ......,......овогт Б.Р гэв.

 

          Шүүгдэгч Б.Р нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр өөрийн “Aagii Aagii” гэх фейсбүүк хаягаас ”Дундговь аймгийн такси үйлчилгээний нэгдсэн групп”-д хохирогч О.Э--ийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

       1. Шүүгдэгч Б.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Цагаан сарын үеэр битүүний орой аймаг руу аавдаа юм өгч явуулах гээд ахтайгаа хамт энэ ах дээр очсон. Маргааш нь аав руугаа ярьсан чинь “ачаа нь задарсан байна” гэсэн. Тэгээд манай эгч энэ ахтай холбогдож ярьсан. Түүний дараа Дундговь аймгийн такси үйлчилгээний группт пост оруулсан. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв. 

 

          2. Хохирогч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хорио цээрийн үед Улаанбаатар хот руу явж бараа зөөсөн. 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдөр 2 хүн ирж 2 хайрцаг юм өгөөд “нэг нь самбарт дээр бууна, Г гэж хүн авна” гэсэн. Самбарт дээр ирээд Г гэдэг хүнд өгөх гэсэн чинь байхгүй байсан. Тэгэхээр нь өглөө буцаж ирэхдээ өгчихье гээд 3-4 километр явж байхад араас приусс давхиж ирээд ачааны эзэн байна, ачаагаа авъя гэсэн. Буулгаад өгсөн чинь 2 ачаа байх ёстой гэсэн. Г-д дахиад өөр ачаа явуулсан юм билээ. Тэгээд миний дугаарыг өгчихсөн байсан. Би нэг ачааг нь эрээд олоогүй, байхгүй юм чинь яаж олдох вэ дээ. Тэр хооронд Г задлаад үзсэн юм билээ, би хараагүй л дээ. Тэгсэн л битүүний орой гэнэт хүн амьтан утасдаад “чи чинь яачихсан, юу болчихсон юм бэ, луйварчин, хулгайч гээд фейсбүүкт тавьчихсан байна” гэсэн. Би эхлээд утсаар яриад  “наад постоо устгачихаа, баяр ёслол болж байна, хэн хэнийх нь нэр төрд хэцүү биз дээ” гэсэн чинь “чи хүний юм хулгайлж, архи дарсыг нь авч уучхаад” гэсэн. Би уурандаа “архи уудаггүй шүү” гэж хэлсэн. Тэгсэн л Аагий Аагий, Нараа Нараа гэсэн 2 хүн орой пост бичээд, сүүлдээ бүүр талцаад зарим нь намайг өмөөрөөд л “арай хулгай хийчихээр хүн биш дээ” гээд гурвалжин, дөрвөлжин л юм болж үргэлжилсэн. Сүүлдээ би яаж ч байсан чамайг өөгшүүлэхгүй шүү, шүүхэд өгнө гэсэн. Тэгээд цагдаад өргөдлөө өгсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, утсаар ярихад настай хүн байсан, ийм хүүхэд байна гэж бодоогүй...”гэв.

 

          3. Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн “...Би 2021  оны 02 сарын 10-ны өдөр зүс таних Э ахын машинд суугаад Улаанбаатар хотоос 16 цагийн үед гараад Дундговь аймаг дээр ирсэн юм. Тэр үед Э ах хүмүүсийн дайвар ачаа ачсан байсан ба Бонго-3 маркийн ачааны машинтай явж байсан юм. Дундговь аймаг руу ирж байх үед Э ах Самбартын гуанзан дээр зогсоод Г гэх хүний ачааг нь буулгах гээд хайж байгаад ололгүй эргэж ирээд өгөхөөр  болоод замдаа ороод явж байтал араас  нэг Приүс-30 маркийн цагаан өнгийн машинтай 1 эмэгтэй 2 эрэгтэй нийт 3 хүн ирсэн. Тэгээд тэд нар ачаагаа авах гэхээр нь Э ах бүх ачаагаа дахиж буулгаад “довын гуанз” гэсэн бичигтэй хайрцгийг газар тавьчихсан байж байтал тэр араас ирсэн хүмүүс тэр хайрцагтай зүйлийг задалж үзээд манай ээж, аавын эд зүйл мөн байна гээд аваад үлдсэн. Гэхдээ тэр хүмүүс дахиад нэг хайрцагтай зүйл байх ёстой гээд хайсан боловч байхгүй байсан. Тэр эмэгтэй утсаар яриад өөр машинд тавьж явуулсан байна гээд Довын гуанз гэх бичигтэй хайрцагтай зүйлийг аваад яваад өгсөн. Тэгээд бид нар Дундговь аймаг руу явсан. Би тэр араас ирсэн 3 хүнийг танихгүй. Гялгар ууттай сармис, хэдэн ширхэг хайрцаг тамхи, нэг шил архи, зэрэг зүйлс харагдаж байсан ба доор нь өөр юу байсныг нь мэдээгүй. Задалсан  байсан хайрцагтай зүйлийг бүгдийг нь авч явсан.  Задлахаас өмнө бүтэн байсан ба амыг нь скочоор наасан байсныг тэр хүмүүс салгаж онгойлгосон. Э ах тэр хайрцагтай зүйлээс ямар нэгэн зүйл аваагүй...” гэх мэдүүлэг /хх20-21/

 

           4. Гэрч Ж.Э-ийн /Г/ “...2021.02.09-ний өдөр би Төв аймагт байсан юм. Тэр үед Улаанбаатар хотоос манай найз О над руу юм өгч явуулах ёстой байсан юм. Би өөрөө самбартын гуанзанд ажилладаг. Тэр өдөр О над руу яриад “Нарантуул зах дээрээс нэг пүүтэгтэй ачааны машин хөдлөх гэж байна, Дундговь орно гэнэ, энэ машинд тавьчихлаа” гэсэн. Тэгээд Төв аймгаас би нөхөр Э таньдаг ах С нарын хамт самбарт дахь гэртээ 22 цагийн үед иртэл гадаа нэг пүүтэгтэй ачааны машин зогсож байхаар нь гэртээ ороод асуутал “энд ачаа буулгах ёстой машин гэж байна” гэхээр нь би ОО орчхоод эргээд иртэл тэр машин явчихсан байсан. Тэгэхээр нь би нөхөр болон С ах нарын хамт араас нь очоод ачаан дотор нь өөрийн зүйлээ хайтал олдохгүй байсан. Тэгээд нэлээн хайж байтал самбартын гуанз гэсэн бичигтэй хайрцаг олдохоор нь миний захисан зүйл биш юм шиг байна, гялгар ууттай юм байх ёстой гэж бодоод О-тэй утсаар ярьтал тэр машин биш болж таарсан. Намайг утсаар ярьж байх үед С ах тэр самбартын гуанз гэх бичигтэй хайрцгийг нээж үзээд хоол унд, тамхи архи зэрэг зүйл байхаар нь самбарт дээр буух ёстой зүйл юм байна гэж бодоод машин дотроо хийж байсан. Тэгээд тэр ачааны машин Дундговь руу, бид 3 гэр лүүгээ буцаад явсан. Тэр самбартын гуанз гэсэн бичигтэй С ахын авч үлдсэн хайрцагтай зүйл нь манай хойд аав Б-ыд очих ёстой зүйл байсан болохоор нь авсан юм байна лээ. Маргааш нь битүүнд манай ээж “хайрцагтай зүйлийг задалсан юм уу” гэж асуухаар нь би “задлаагүй” гэж хэлсэн. С ахыг тэр хайрцагтай зүйлийг задалж үзсэнийг нь би мэдээгүй байсан юм. Бас дотор нь байсан 2 шилтэй архины нэгийг нь С ах авсан юм байна лээ. Улаанбаатар хотоос манай хойд аав болох Бы эгч нь өгч явуулсан юм байна лээ. Би жолоочийг нь танихгүй. Задраагүй бүтнээрээ байсан. С ах задалсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх23-24/

 

           5. Гэрч Э.С-ын “...2021.02.09-ний өдөр Төв аймгаас Э буюу Г нөхөр нь болох Э  бид 3 хамт самбартын гуанзан дээр 22 цагийн үед ирсэн. Бид гуравыг ирэхэд гадаа нэг пүүтэгтэй Бонго маркийн машин зогсож байсан ба Г-г гэртээ ороход нь тэр машин хөдлөөд Дундговь руу явсан. Тэгтэл Г гарч ирээд “энд ачаа буулгах ёстой” гээд бид 3 нөгөө машины араас очсон. Араас нь очоод барааг нь буулгаад хайж байтал самбартын гуанз гэсэн бичигтэй хайрцагтай зүйл байхаар нь би өөрийн машинд оруулаад задалж үзтэл 2 шил архи сармис, чихэр, тамхи зэрэг зүйл байхаар нь Б-ы зүйл байна гэж бодоод буцаагаад скочдоод авч үлдсэн. Харин Г-ийн ирэх ёстой зүйл нь өөр машинаар ирсэн. Тэгээд бид 3 буцаад гуанз ороод байж байтал нэг таньдаг хүн таараад “нэг шил архи олоод өгөөч” гэхээр нь би “дэлгүүр хаасан, юм олдохгүй” гэтэл олоод өгчих гээд гуйгаад байхаар нь би нөгөө хайрцагтай байсан 2 шил архины нэгийг нь авч өгөөд явуулчихсан юм.  Дараа нь би тэр Б-ы 1 шил архийг нь авч буцааж өгсөн. Намайг задлахаас өмнө бүрэн бүтэн байсан, би задалсан, самбартын гуанз гэсэн бичигтэй хайрцаг  байсан. Өөр дутсан зүйл байхгүй. Би тухайн жолоочийг сайн танихгүй...” гэх мэдүүлэг/хх-26/

 

          6.Гэрч Э.Э-ын “...Битүүний урд өдөр Төв аймгаас би эхнэр Э болон С ах нарын хамт 22 цагийн үед самбартын гуанзан дээр ирсэн. Ирэхэд гадаа нэг чингэлэгтэй Бонго-3 машин зогсож байсан. Тэгээд бид хэд дотогш ортол энэ машин энд нэг зүйл буулгана гэж байна гэсэн. Тэр үед манай эхнэр Улаанбаатар хотоос юм захисан байсан болохоор тэр машиныг байна гэж бодоод гартал явчихсан байсан. Тэгэхээр нь араас нь очоод, ачсан бараан дунд нь өөрийн ачаагаа хайж байтал самбартын гуанз гэсэн бичигтэй нэг хайрцагтай зүйл гарч ирсэн. Тэгэхээр нь С ахад өгөөд машиндаа хийгээд би буулгасан ачаагаа буцааж ачилцсан. Тэр үед манай эхнэр утсаар яриад  байсан. Тэгээд өөрийнх нь ирэх ачааг ачиж ирсэн машин нь биш болж таарсан. Тэгээд тэр самбартын гуанз гэсэн бичигтэй хайрцагтай зүйлийг үлдэх ёстой зүйл гэж бодоод аваад үлдсэн юм. Бүтэн скочтой байсан. Манай эхнэрийн хойд эцэг болох Б-ы зүйл байсан. Дотор нь юу байсныг мэдээгүй. С ах задалж үзсэн гэсэн. Би тэр жолоочийг танихгүй. Б ахын эгч нь өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-28/

 

            7. Гэрч А.Б-гийн “...Би 2021 оны 02 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймгийн төв рүү Ганцэцэг гэдэг хүн рүү цагаан сараар хэрэглэх юм, бас төрсөн дүү Б руу цагаан сарын бэлтгэл гээд 0,75 литрийн Жилзен нэртэй архи 1 шил, Корн нэртэй архи 1 шил өгч явуулах гэхэд Бы охин Р фэйсбүүкийн зараар тэр машины хүнтэй холбогдож аваачиж  өгсөн юм. Тэгээд 2021 оны 02 сарын 11-ний өдөр дүү Б  залгаж “явуулсан юмнаас нэг шил архи нь дутуу явуулсан юм уу” гэж асуухаар нь “би явуулсан” гэж хэлсэн. Би Р-ээс ачаа тавьсан хүний дугаарыг нь аваад Э гэдэг хүнтэй 88503399 гэсэн дугаар руу залгаж асуухад тэр залуу “самбартын гуанзан дээр буулгаагүй, цаашаагаа явж байхад араас нь очиж авсан байна гэсэн. Та явуулсан барааг яагаад буулгахгүй явсан юм бэ гэхэд ойр байхгүй байсан болохоор нь цаашаа яваад өгсөн. Явж байтал араас ирж авсан гэсэн. Араас ирсэн хүмүүс задалж үзээд аваад явсан гэхээр нь би Г-тай холбогдтол “задалж үзээгүй, шууд аваад ирсэн” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ахиад жолооч Э-тэй холбогдоод “Г задлаагүй гэж байна, яагаад ачаа маань задраад оччихов, би танд ачаагаа өгч явуулсан, би тантай холбогдохоос өөр арга алга” гэтэл “би тэрийг чинь ухаагүй, дотор нь сармис л байна лээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “сармис ч гэсэн хэрэгтэй зүйл, хүнд хэрэггүй зүйл гэж байхгүй, дотроос нь 1 шил архи алга болсон байна” гэхэд “уурлаад намайг загнаад байсан. Тэгтэл манай дүү Бы охин болох Р Дундговь аймгийн такси үйлчилгээний нэгдсэн группт тухайн жолоочийг шүүмжилсэн сэтгэгдэл оруулсан байсан. Өөрийнхөө “Aagii Aagii”  гэх фейсбүүк хаягаас тухайн жолоочийн машины дугаар, утасны дугаар зэргийг оруулаад ачааг  замд нь задалж үзээд авсан байна. Хариуцлагагүй байгаа талаар нь сэтгэгдэл  оруулсан байсан. Би тухайн жолоочийг огт танихгүй. Би мэдэхгүй байна. Би өөрөө ачаа явуулж байгаагүй ба хүүхдүүдээрээ өгүүлдэг байсан юм” гэх мэдүүлэг/хх-32/

           8. Гэрч Г.Н-ын “... 2021 оны  02 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу болон замд нь байх Самбартын гуанз руу 2 хайрцагтай зүйл хүргүүлэхээр манай нагац ах, төрсөн дүү Р нар Нарантуул зах руу явсан юм. Тэгээд өгч явуулах зүйлээ унаанд тавьчихсан гээд өдөр эргэж ирсэн. Ирэхээр нь “ямар унаанд тавьсан юм бэ, хэзээ гарна гэж байна” гэтэл “одоо 2-3 цагийн  дараа 11-12 цагийн үед гарна, Бонго машинд тавьсан” гэж байсан. Тэгээд тэр өдөр өнгөрөөд маргааш нь битүүний өдөр байсан ба үдээс хойш манай төрсөн эгч болох Нямцэрэн аав Б-тай яриад “Сайхан битүүлж байна уу, цаг агаар ямар байна, өгч явуулсан зүйл авсан уу” гэтэл “өгч явуулсан зүйлийг авсан, 1  шил архи байна” гэтэл эгч “2 шил архи өгч явуулсан, яагаад 1 байгаа юм бэ, дахиад үз дээ” гэтэл “байхгүй байна, нэг л байна” гэхээр нь эгч “ямар сонин юм бэ, жолоочоос нь асууя” гээд салгасан. Тэгээд Б эгч жолооч руу залгаж яриад “Сайн байна уу, өчигдөр захаас Дундговь руу ачаа өгч явуулсан хүн байна, Самбартын гуанзан дээр очих ёстой ачаанаас нэг шил архи дутсан байна” гэтэл тэр жолооч уурлаад эхэлсэн. Тэр үед би 00 орох гээд гараад явсан. Эргээд ороод иртэл Б эгчийг тэр жолооч нь утсаар загнаад байсан. Тэр жолооч ах хэлэхдээ “цаашаа явж байхад нь араас нь эрэгтэй, эмэгтэй 3 хүн ирээд гар утастай ачаа байх ёстой гэж хайж байгаад самбарт гэсэн бичигтэй манай хайрцагтай ачаад аваад үлдсэн” гэж жолооч хэлж байсан. Тухайн ярианы дараа Г эгчээс Б эгч юу болсон талаар асуухад “ачааг нь хүлээж авсан, ухаж үзээгүй” гэж хэлсэн. Үүнээс болоод жолоочийг авчихлаа гэж сэрдээд дахин жолоочтой ярьтал “би яаж мэддэг юм” гээд уурлаад байгаа бололтой байсан. Тэгээд тухайн яриа дууссаны дараа  манай дүү болох Р Дундговь аймгийн такси  үйлчилгээний групп гэх фейсбүүк олон нийтийн хаягт тухайн жолоочийн утасны дугаар машины сери дугаар болон хариуцлагагүй байдлынх нь талаар сэтгэгдэл оруулсан. Өөрийнхөө Aagii Aagii гэх фейсбүүк хаягаас тухайн жолоочийн машины дугаар, утасны дугаар зэргийг оруулаад ачааг замд нь задалж үзээд хулгайлж авсан байна, хариуцлагагүй байгаа талаар нь сэтгэгдэл оруулсан байсан. Би тухайн жолоочийг огт танихгүй...” гэх мэдүүлэг/хх-34/

 

9. Дундговь аймгийн  Сайнцагаан сумын  Үнэлгээний комиссын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 27 тоот актад “...LG-X4 маркийн гар утас 170,000 төгрөг...” гэжээ /хх59-60/

10. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/

11. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх63-64/,

12. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Р нь 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр өөрийн “Aagii Aagii” гэх фейсбүүк хаягаас ”Дундговь аймгийн такси үйлчилгээний нэгдсэн групп” гэх хаягт “Хот хоорондын ачаа тээвэрлэдэг /88593399/ дугаартай 4157УНБ улсын дугаартай пүүтэгтэй Бонго-3 машины жолооч ямар аймар юм бэ, хүний ачаа тээвэр ухаж хулгай хийнэ, ямар муухай хүн чанаргүй юм бэ. Залгаад асуухад нэг хүн ирээд дотор нь миний юм байгаа гээд задалсан гэж хэлж байгаа юм даа. Хүний ачааг танихгүй хүнд ухуулж болохгүй биз дээ. Тэгснээ олигтой юм байхгүй л байна лээ шдээ эдр гэж хэлж байхдаа ямар ичдэггүй юм бэ. Бас мөнгийг нь хүртэл төлөөд явуулж байхад очиход нь хүртэл мөнгө нэхээд арай юмаа. Цагдаад мэдэгдэнэ гэхэд тэг тэг гэж эдр, ямар ширэн нүүртэй юм бэ, өмнө нь зөндөө л ачаа тээвэр явуулж л байсан, ямар ч асуудал гардаггүй л байсан юм сан” гэх мэдээлэл оруулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

          Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Р нь ахын хамт 2021 оны 02 сарын 10-ны өдөр Дундговь аймаг руу болон замд байх “Самбартын гуанз”-д /Г буюу Ж.Э/ хүргүүлэхээр 2 хайрцаг ачааг хохирогч О.Э-д өгсөн, хохирогч О.Э нь Самбартын гуанзан дээр ирээд Г-г /Эг/ сурахад байхгүй болохоор нь хөдлөөд 3-4 колиметр газар явж байхад Г /Ж.Э/ Э.Э, Э.С нар очиж самбартын гуанз гэсэн бичиг бүхий хайрцгийг авсан болох нь нотлогдож байна.

          Хохирогч О.Э нь Г-/Ж.Э/-д “самбартын гуанз” гэсэн бичиг бүхий хайрцагтай ачааг хүлээлгэн өгөхөд уг ачаа задраагүй, бүтэн байсан болох нь хохирогч, насанд хүрээгүй гэрч  Б.О, гэрч Г /Ж.Э/, Э.Э, Э.С нарыг мэдүүлгээр, ачааг хүлээн авсны дараа Г-/Ж.Э/-тай хамт явсан Э.С нь хайрцагтай ачааг задлан дотор нь байсан архинаас нэг шил архийг бусдад өгсөн болох нь гэрч Г /Ж.Э/, Э.Э, Э.С нарыг мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч О.Э нь өөрийн тээвэрлэсэн барааг хүлээн авах ёстой Г/Ж.Э/-д бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, Г /Ж.Э/ хайрцагтай ачааг хүлээн авсны дараа түүнтэй хамт явсан Э.С нь уг ачааг задалж дотроос нь нэг шил архи авсан бөгөөд шүүгдэгч Б.Р нь хохирогч О.Э-ийг “тээвэрлэсэн бараагаа ухаж хулгай хийсэн” гэж олон нийтийн сүлжээнд тараасан мэдээлэл нь худал болох нь тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Б.Р-гийн хүний нэр төр, алдар хүндэд харшилсан илт худал мэдээллийг цахим орчин буюу фейсбүүк ашиглан олон нийтэд тараасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 

          Иймд шүүгдэгч Б.Р-г худал мэдээлэл тараах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн  хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Б.Р-д Эрүүгийн  хуулийн  13.14 дүгээр зүйлд заасан ялаас торгох ялыг сонгон, уг зүйлд заасан доод хэмжээгээр нь оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч О.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

       1. Шүүгдэгч ...... овогт Б-ы Р-г худал мэдээллийг тараах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зуут овогт Б-ы Р-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр  болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

  4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

  5. Шүүгдэгч Б.Р нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч О.Э гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

  6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ