Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4-р баг, Хөөврийн 3-3 тоотод оршин суух Харууд овогт Цэрэн-Аюушийн Ариунбилэг /РД:ЗМ83123007/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 4 дүгээр багт өөрийн байранд байрлах 22 дугаар цэцэрлэг /0001913/-т холбогдох

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ариунбилэг, хариуцагч Б.Болорцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Ариунбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ц.Ариунбилэг миний бие 2015 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл тус 22-р цэцэрлэгт нярваар ажиллаж ирсэн. Тус ажиллах хугацаандаа үнэнч шударга, хийсэн ажилдаа хариуцлагатай хандаж байсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 17:30 цагт тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Болорцэрэн намайг өрөөндөө дуудаж намайг ажлаас халсан гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр намайг дуудаж ажлаас халсан тушаалыг өгсөн. Тус ажлаас халах болсон шалтгаан нь хүүхэд зодож, биед нь гэмтэл учруулсан гэх бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орой Ц.Ариунбилэг миний бие өөрийн 3 настай хүүхдээ цэцэрлэгээс нь аваад байхад тус цэцэрлэгийн 5 настай бэлтгэл бүлгийн хүүхэд манай хүүхдийг хэд хэдэн удаа өшиглөж зодсон тул загнаж, араас нь түлхэж болиулсан. Энэ явцад хүүхдийг гэмтээж, зодсон, уйлуулсан зүйл байхгүй, тийм санаа зорилго ч байхгүй, хүүхдийг өөрийн хүүхэдтэй адилтгаж хайрладаг байсан. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж хүүхдийн биед ноцтой халдаж, гэмтэл учруулсан гэсэн шалтгаан гаргаж, хүүхдийн эцэг эхээр өргөдөл бичүүлээд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Ц.Ариунбилэг миний бие тус цэцэрлэгийн эд хогшил, бараа материал хариуцан ажилладаг бөгөөд энэ талаар багагүй асуудлаар эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч Б.Болорцэрэнтэй маргалдаж, шударга бус үйлдэлд нь санал зөрөлдөж өргөдөл гомдол гаргаж байсан. Ц.Ариунбилэг миний хувьд хүүхдийн биед гэмтэл, хохирол учруулсан, зодсон хөхрүүлсэн үйлдэл огт гараагүй бөгөөд хувь хүний ёс зүйн хувьд ч тийм төлөвшил байхгүй юм. Эдгээр үйлдэл нь намайг ажлаас халах шалтгаан хайж байгаа үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудалд тус хүүхдийн эцэг эхийг татан оролцуулж гүтгэж байгаа нь харин төрийн албан хаагчийн хариуцлагатай албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн Ц.Ариунбилэг намайг ажлаас халсан дээрх тушаалын хуулийн үндэслэл, бүтэц зэрэг нь хуулийн шаардлага хангахгүй байдаг.

Иймд хариуцагч тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болорцэрэн Ц.Ариунбилэг намайг хууль бусаар гүтгэж ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 болон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг тус тус үндэслэн Ханбогд сумын 22-р цэцэрлэгийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч Б.Болорцэрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар Б/07 тушаалыг хүчингүй болгож, Ц.Ариунбилэг намайг тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.

...Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох дундаж цалин хөлс тооцоолох журмын дагуу бодож гаргасны дагуу 1,147,920 төгрөгийг нэхэмжилж байна  ” гэв.

            Хариуцагч Б.Болорцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Нэхэмжлэгч ажилд эрүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь ажлын цагаар ажлын байранд бэлтгэл А бүлгийн 5 настай Ж.Батболд гэх бага насны биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг өөрийн хүүхдийг өмөөрөн зодсон байдаг. Тухайн үйлдлийг эрхлэгч би мэдээгүй ба хүүхдийн аав Жамъяандорж манай цэцэрлэгийн захиргаанд өргөдөл, гомдол гаргасны улмаас мэдэж, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар сонсож, мөн нэхэмжлэгч Ц.Ариунбилэгтэй уулзаж ярилцахад өөрийн хүүхэд зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Иймээс хүүхэд зодсон үйлдлийг нотлох баримтад тулгуурлан ажлын байранд ажилын цагаар хүүхэд зодсон үйлдэл нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй, ноцтой зөрчил гаргасан учир холбогдох хууль тогтоомжийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн б/07 тоот тушаалаар ажлаас халсан. Тушаал маань хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Ариунбилэг нэхэмжлэлдээ хүүхдийн биед гэмтэл, хохирол учруулсан зодсон хөхрүүлсэн үйлдэл огт гаргаагүй хувь хүний ёс зүйн хувьд тийм төлөвшил байхгүй. Тус эцэг эхийг татан оролцуулж гүтгэж, хүүхдийн эцэг эхээр өргөдөл бичүүлээд намайг ажлаас үндэслэлгүй халсан гэх зүйлийг бичсэн байна. Нэхэмжлэгч өөрийн зүй бус ёс зүйгүй үйлдэлдээ харамсаж гэмших нь байтугай өөрийгөө зөвтгөсөн зүйлийг бичиж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Аливаа төрийн албан хаагч хуулинд захирагдаж, буруу зүйл хийж алдаа зөрчил гаргасан л бол тухайн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Ц.Ариунбилэгийг ажлаас халахын тулд зодуулсан хүүхдийн аав, ээжээр өргөдөл, гомдол бичүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн ажлын байранд хүүхдийн эрх чөлөөнд халдсанаас улбаалан Ж.Батболдын тархи хөдөлсөн, халуурсан, байн байн цочиж оюун санаанд нь нөлөөлөхүйц хохирол учирсан талаар хүүхдийн эцэг, эх өргөдөл, гомдолдоо бичсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хүүхдэд ямар нэгэн хохирол учруулаагүй гэх зүйл үндэслэлгүй юм” гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч Ариунбилэг нь 5 үндсэн шалтгаанаар нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ариунбилэг нь хөдөлмөрийн гэрээнд ямар заалт байдаг вэ?  гэж хэлж байна. Ажилтан ажил олгогч 2 тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Хөдөлмөрийн гэрээтэй маргах зүйл байхгүй. Ариунбилэг нь 2015 оны 8 сард гэрээ хийж нярвын ажилд томилогдсон байдаг. Энэ талаар маргахгүй байгаа. Харин төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил тэр дундаа хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил, тухайн цэцэрлэгт мөрдөгдөх дотоод журмыг зөрчсөн учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2017 оны 3 сарын 21-ний өдөр манай хүүхдийг өөр ангийн хүүхэд зодсон учир би араас нь цохисон гэж Ариунбилэг хэлсэн. Иймээс хүүхдийн эрхийг зөрчсөн учир ажлаас нь халсан. Би хүүхдийг цохиж авсан гэж хэлж байгаа нь маргааны гол асуудал юм. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан боловч хэдэн өдөр ажилгүй байсан гэдэг нь тодорхойгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөх асуудал яригдах байх. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цэцэрлэгийн 5 настай бэлтгэл бүлгийн хүүхэд манай хүүхдийг хэд хэдэн удаа хөшиглөж зодсон тул би араас нь түлхэж болиулсан. Энэ явцад хүүхдийг гэмтээж уйлуулсан зүйл байхгүй гэж Ариунбилэг тайлбар өгсөн. Хүүхдийн биед ноцтой зөрчил учруулсан гэж тушаалдаа тусгаагүй. Хүүхдийн эрх зөрчсөн учир ажлаас халах гол үндэс болсон учир хүүхдийн эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг барьж тушаал гаргасан. Миний бие цэцэрлэгийн эд хогшил бараа материалыг ашигладаг бөгөөд энэ талаар багагүй асуудлаас болж цэцэрлэгийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч Болорцэрэнтэй маргалдаж санал зөрөлдөж гомдол гаргаж байсан гэж Ариунбилэг нь мөн тайлбар өгсөн байдаг. Удирдагч хүн удирдуулж байгаа хүнтэй маргалдах санал зөрөлдөх үе байдаг. Энэ нь ажлаас халсан тушаалтай хамаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй байгааг дэмжиж байна гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч түүний өмгөөлөгчийн тайлбар, 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/65 тушаал, мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн б/07 дугаартай тушаал, А.Жамъяандоржийн 22 дугаар цэцэрлэгт гаргасан өргөдөл, сахилгын шийтгэл оногдуулах тэмдэглэл, хөдөлмөрийн гэрээ, 22 дугаар цэцэрлэгийн дотоод журам, 22 дугаар цэцэрлэгийн өргөдөл гомдлын бүртгэл, гэрч П.Дуламжав, Н.Нарангэрэл, С.Ганбат, П.Уянга нарын тайлбар зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Ариунбилэг нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 22 дугаар цэцэрлэгт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.           

          Ц.Ариунбилэгийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/65 дугаартай тушаалаар 22 дугаар цэцэрлэгийн нярвын ажилд томилон, мөн өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулснаар ажилтан ба ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь тушаалын хуулбар, нийгмийн даатгалын 1105733 дугаартай дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байх ба энэ талаар зохигч маргахгүй байна.

          Харин нэхэмжлэгч Ц.Ариунбилэгийг 2017 оны 03 сарын 21-ний өдөр тус цэцэрлэгт хүмүүждэг хүүхдийг цохин, хүүхдийн эрхийг зөрчсөн тул 2017 оны 03 сарын 24-ний өдрийн б/07 дугаартай 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэгч үүнийг үндэслэлгүй хэмээн мэтгэлцэв.

          Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Ц.Ариунбилэг нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн б/07 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардан авч 2017 оны 03 сарын 31-ний өдөр шүүхэд гомдол гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд байх тул хэргийг хянан хэлэлцлээ.

          Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4/ Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасныг удирдлага болгон дээрх тушаалын үндэслэлийг холбогдох хууль тогтоомжид нийцсэн талаарх үйл баримтыг нягтлан шалгаж тогтоосны үндсэн дээр уг шийдвэрийг гаргалаа.

          Хариуцагч 22 дугаар цэцэрлэгийн зүгээс ажлаас Ц.Ариунбилэгийг ажлаас чөлөөлөх тухай маргаж буй тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэсэн гаргасан нь Ц.Ариунбилэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж чадахгүй, ажлаас буруу халсан байна гэж дүгнэлээ.

          Нярав Ц.Ариунбилэгийг 2017 оны 03 сарын 21-ний өдөр тус цэцэрлэгт хүмүүждэг 5 настай хүүхдийг цохисон талаар хариуцагч тайлбар гарган мэтгэлцэж, мөн гэрч П.Дуламжав, Н.Нарангэрэл, С.Ганбат нар энэ талаар гэрчлэн мэдүүлжээ. Тухайн үйл явдал болсон талаар гэрч нарын мэдүүлэг хариуцагчийн тайлбараар нотлогдож байх ч Ц.Ариунбилэг хүүхэд цохисон, зодсон гэм буруутай эсэхийг эрх бүхий байгууллагаар хянан шалгаж, тогтоолгоогүй эрүүгийн болон захиргааны зөрчлийн шинжтэй үйлдэл эсэх, мөн түүний гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийгээгүй байна.

          Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16/ Монгол улсын иргэнийг гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасантай зөрчилдөж байна.

          Мөн тушаалын 1 дэх заалтад 2017 оны 3 сарын 21-ний өдөр төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэсэн үйл баримтыг хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд нотолж чадсангүй.

          Хавтаст хэргийн 28-р хуудсанд байгаа “сахилгын шийтгэл тэмдэглэл” гэх бүхий бичвэрийг ямар албан тушаалтан ажилтнуудыг хамруулан эрх бүхий ямар албан тушаалтан шийдвэрлэж байгаа талаар тодорхойгүй байна. Гэрч П.Уянга гэрчээр мэдүүлэг өгөхдөө “тухайн тэмдэглэлийг би хөтөлсөн, надад тэмдэглэл хөтлөх ажил үүргийн хуваарьт үүрэг байхгүй” гэж мэдүүлжээ./63-р хуудасны ар/

          Хавтаст хэргийн 7, 8 /28-29-р хуудастай давхацсан/, 33-35-р хуудсанд байгаа баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэхгүй орхилоо.

          Хавтаст хэргийн 11-20-р хуудсанд байгаа хөдөлмөрийн дотоод журмын 8.1.2 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан тул түүнийг ажлаас халах гол үндэслэл болсон талаар хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн тайлбар үндэслэлгүй байна.

            Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр шийтгэл ногдуулахаар” заасан байгааг буруугаар хэрэглэсэн байна.

          Өөрөөр хэлбэл ажилтан Ц.Ариунбилэгийг ноцтой зөрчил гаргасан талаар тогтоогоогүй атлаа ажлаас халах үндэслэл болгосон нь буруу гэж үзлээ.

          Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэснийг зөрчиж Ц.Ариунбилэгийг шууд ажлаас чөлөөлсөн нь түүний хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан байна гэж дүгнэж байна.

          Иймд Ц.Ариунбилэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц.Ариунбилэгийг урьд эхэлж байсан ажил албан тушаалд буюу нярвын ажилд нь эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй юм.

          Ц.Ариунбилэгийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 3 сарын 24-нөөс мөн оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай дундаж цалин хөлс тодорхойлох журамд ажлаас буруу халсан үеийн олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар 2017 оны 1, 2, 3 сарын дундаж цалин хөлсөн 1 сарын 411,346 х2 сар= 822,692 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 411,346:21,5=19,132 х16 өдөр= 325,228 төгрөг бөгөөд нийт 1,147,920 төгрөгийг хариуцагч 22 дугаар цэцэрлэгээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Ариунбилэгт олгох нь зүйтэй.

          Мөн ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийн дагуу 22 дугаар цэцэрлэгт /ажил олгогч/  Ц.Ариунбилэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгавал зохино.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 3 сарын 24-ний өдрийн б/07 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Цэрэн-Аюушийн Ариунбилэгийг тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоосугай.

  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 22 дугаар цэцэрлэгээс 1,147,920 /нэг сая нэг зуун дөчин долоон мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ариунбилэгт олгосугай.

  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Ариунбилэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг 22 дугаар цэцэрлэгт даалгасугай.

  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас 38,183 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.УРАНГУА