Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын  яллагч Б.Оргилболд

          Хохирогч С.Д /zoom/

          Шүүгдэгч У.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Н-д холбогдох эрүүгийн 2022000000125 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Өвөрхангай аймгийн  ......... төрсөн, ......., ........ боловсролтой, ......., ам бүл ......., ........хамт Өвөрхангай аймгийн .......... оршин суух, ...... овогт У.Н гэв.

 

          Шүүгдэгч У.Н нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 09 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэр дэх “Сүүж” гэх газарт иргэн С.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар биед нь халдаж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          1.Шүүгдэгч У.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ 2020 оны 09 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн  Сайхан-Овоо сумын Сүүж гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн  Д-тэй маргалдсан. Д эхлээд намайг цохисон, дараа нь би нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

          2. Хохирогч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 9 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Сүүж гэх газарт миний ах А-ийн охин нь хүнтэй сууж байгаа гээд мордуулж өгөхөөр ах дүү нар нь цугларсан байсан. Тэр өдөр охиныг гаргаж өгөөд бид хэд найрласан. Н бид 2 юм уусан байсан. Над руу хэрүүл өдөх маягтай яриад байсан. Бид 2 маргаад гэрээс гараад миний нүүрэн тус газарт 3 удаа цохисон. Намайг тонгойж байхад доороос өшиглөсөн. Хажууд гэрч гэх хүмүүс маш олон байсан. Би үнэн зүйлээр мэдүүлэг өгсөн байгаа. Би тэр үед Сант сумын засаг даргаар ажиллаж байсан. Би хэд хоног ажилдаа очиж чадаагүй. Би тухайн үед Өвөрхангай аймаг орж шинжилгээ өгч гэмтлийн зэрэг тогтоолгосон. 1-р шүд гэмтэл авч суларсан. Одоо шүд яаралтай солиулах шаардлагатай байгаа тул шүдний төлбөрөө гаргуулмаар байна. Замын зардал 500.000 төгрөг, шүд солиулах төлбөр 3.000.000 төгрөг буюу нийт 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би баримтуудаа шүүхэд эх хувиар нь хүргүүлээгүй, одоо надад эх хувиараа байгаа, шаардлагатай бол шуудангаар хүргүүлье” гэв.

 

          3. Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.09.30-ны өдрийн 421 тоот “С.Д-ийн биед тархи доргилт, дээд эрүүнд зүүн нэгдүгээр шүдний хагас мултрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-14/ 

 

          4. Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.10.08-ны өдрийн 429 тоот “...У.Н-ын биед дух хэсэгт зулгаралт, зүүн  нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод эрүүнд баруун 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх дүгнэлт /хх-12/

 

          5. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.03.05-ны өдрийн 09 дугаартай нэмэлтээр хүний биед хийсэн дүгнэлтэд “Ирүүлсэн материалаар С.Д-ийн биед тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн чихний гэдсэнд шарх, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Д-гийн биед үүссэн тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн  чихний гэдсэнд үүссэн шарх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, хамрын нуруу, дээд уруулын зулгаралт, баруун доод зовхины цус хуралт гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх117-118/

 

          6. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/

          7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-7/

        8. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч С.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Сүүж гэх газарт бусдад зодуулсан үйл явдал болсон, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд “тархи доргилт, дээд эрүүнд зүүн нэгдүгээр шүдний сулрал,  зүүн чихний гэдсэнд шарх, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт” гэмтэл учирсан, үүнээс “тархи доргилт, дээд эрүүнд зүүн нэгдүгээр шүдний сулрал” гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.

          Хохирогч С.Д-т учирсан дээрх гэмтлийг шүүгдэгч У.Н 2021 оны09 дүгээр сарын 25-ны өдөр зодох байдлаар учруулсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

          Шүүгдэгч У.Н-ын бусдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч У.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан торгох ялыг сонгон оногдуулж, шүүгдэгчийн мал аж ахуй эрхлэн амьдардаг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Хохирогч С.Д нь шүүгдэгчээс шүд эмчлүүлэх зардал 3.000.000 төгрөг, шатахууны зардал 500.000 төгрөг нэхэмжилж, “Сант ургах наран” ХХК-ийн 2020.09.26-ны өдрийн 100.000 төгрөгийн, 2020.10.03-ны өдрийн 400.000 төгрөгийн зарлагын баримтуудын хуулбарыг, “Энхийг цацруулагч” шүдний эмнэлгийн 2021.02.04-ний өдрийн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэл, 2021.03.18-ны өдрийн  17 дугаартай тодорхойлолт, 4 хуудас үзлэгийн карт зэргийн хуулбар хувийг тус тус ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж, мөн зүйлийн  3 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж тус тус заасан байна.

          Хохирогч С.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхтэй боловч өөрт учирсан хохирлын талаарх баримтаа эх хувиар нь болон хуулбар хувийг баталгаажуулан шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчоос ирүүлсэн хохирлын талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх эрүүгийн хэргийн хамт хохирол төлбөрийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

          Иймд хохирогч С.Д-ийн 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч ....... овгийн У.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ овгийн У.Н-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Дийн 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг заасугай.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МӨНХБАТ