| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/93 |
| Огноо | 2021-09-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй
Хохирогч Б.Э
Гэрч Э.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-д холбогдох эрүүгийн 2022002110135 тоот хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр ...... төрсөн, ...... настай, ........, ........ боловсролтой, ........., ам бүл ........., .......... хамт Улаанбаатар хот ........ оршин суух, ............., ........., ...... овогт Б.П гэв.
Шүүгдэгч Б.П нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр 2020 оны 08 дугаар сарын 01-ээс 06-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 14 дүгээр байрны 22 тоотод оршин суух хохирогч Б.Э-ын өмчлөлийн орон байранд түлхүүр тааруулан хууль бусаар нууцаар нэвтрэн орж их гарын цагаан шүрэн хөөрөг 1ш, их гарын сэврээ хийцийн мөнгөн аяга 1ш, алтан бөгж 1ш, монетэн бөгж 1ш, мөнгөн хазаар 2 ширхгийг хулгайлж бусдад 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2018 онд Дундговь аймагт шилжиж ирээд 2019 онд хүүхдээ гаргаж нөхөр хүүхдийн хамт 6-уулаа амьдрах болсон. Би гэртээ хүүхдээ харангаа гоо сайхны бараа гэрээрээ зардаг байсан. 2020 оны 4, 5 сараас фэйсбүүкээр ээжүүдийн группэд сугалаа явуулдаг групп байдаг гэдгийг мэдсэн. Эхлээд гар утас янз бүрийн юм хожоод сүүлдээ хожих тоолондоо улайрч орсоор байгаад барааныхаа мөнгийг ч үрээд, надаас харилцаж гоо сайхны бараа авдаг хүмүүсээсээ мөнгө зээлсэн. 2020 оны 6 сард энэ талаар нөхөр мэдээд ээжтэйгээ хамт миний бүх өрийг төлж өгсөн. Намайг дахиж алдуулахгүй гэсэндээ миний утсыг хурааж, өмнөх хэргийн шүүхийн шийдвэрийг фейсбүүк дээр энэ хүнд битгий мөнгө зээлээрэй гээд тавьсан нь тухайн үед надад хүнд байсан. Тэгээд гэрээсээ гарахгүй хүүхдүүдтэйгээ хамт 1 сар амьдарсан. Тэр үеийн нөхцөл байдал энд амьдрах ямар ч боломжгүй нөхцөл байдал шиг санагдаж байсан. Тэгээд энэ тэнэг үйлдлийг хийж хүүхдүүдтэйгээ хот руу явсан. Хийсэн үйлдлээсээ ичиж байна, бас харамсаж байна. Би түлхүүр тааруулж ороогүй, тэр үед гэрт илүү түлхүүр байсан. Гэр цэвэрлэж байгаад цагаан саван дотроос олоод хадам ээжийг эзгүй хойгуур тэр түлхүүрийг авч очиж ийм зүйл хийсэн” гэв.
Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2018 онд шоронгоос гарч ирээд хамт амьдарна гэхээр нь хүүхдүүдийг нь бодоод өөрийн охин шиг хүлээж аваад хүүтэйгээ хамт амьдруулсан. Гоо сайхны бараа зардаг байхад нь дэмжиж байсан. Тэгсэн энд тэндээс өр шир нэхэж ирээд байхаар нь би 5.000.000 гаран төгрөгийн зээл авч өгч байсан. Тэгээд ингэж байгаад дахиад шоронд орчихно үр хүүхдэдээ харагдаж байг гэж бодоод утсыг нь хураагаад автал утасгүй амьдарч чадахгүй гээд дахиад өр нэхэгдэж ирээд байсан. Тэгээд бид хэд Өмнөговь руу нутаг руугаа яваад иртэл гэрээс хамаг юм аваад явсан байсан. Түлхүүр баруун гэрт байгаагүй, түлхүүрийг санаатайгаар авсан байсан гэж дүгнэж байгаа. Манай нөхөр 2019 онд бурхан болохоосоо өмнө гэрийн нэг түлхүүр алга болчихлоо цоожныхоо голыг солих юмсан гэдэг байсан болохоор манай түлхүүрийг анх санаатайгаар авсан гэж бодож байна. Өмнөговь руу 6 хоног яваад ирэх хооронд хот руу авч явж зараад зарим зүйлийг нь ломбардад тавьсан байсан. Тэгээд би өөрийнхөө охинтой явж ломбардаас эд зүйлсээ олж авсан, 1 хазаар нь олдоогүй. Би нэхэмжлэлдээ өр ширийг нь төлж байсан 5.000.000 төгрөгийг нэхэмжлээгүй, ломбардаас эд зүйлээ авсан 2.000.000 гаран төгрөгийг нэхэмжилж хүүхдийнх нь мөнгөнөөс нөхөж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.
Гэрч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “П-тэй 2017 онд Айрагийн 5-2 тоотод хамт амьдарсан. Эхний хэдэн жил гэрээрээ онлайнаар ажил хийж байсан. 2020 онд би колонкод ээлжийн ажилд ороод гэрийнхэн хөдөө явсан хойгуур их гэрээс эд зүйл авсан. Түлхүүрийг нь эхлээд авсан байсан юм шиг байна. Хойд гэр өмнө нь эзэнгүй байж үзээгүй, 90 настай эмээ байнга байдаг, нэг түлхүүр алга болсон байна гэж яриад л байсан. 2020 оны 7 сард ээж, дүү гэрийнхэн бүгд Өмнөговь руу явсан. Ээжтэй явахаас нь өмнө таарсан байсан юм. Би 4 хоноод 1 ажилладаг. Хашаанд ноолуур байхад хулгайгаар түлхүүр авч яваад зарж борлуулсан байсан, болж өгвөл юм зардаг хүн. Мэдүүлэг дээр юу, юу авсан нь байгаа, 2 мөнгөн аяга, бөгж зэргийг ломбардад тавьсан байсан. Би хотоос өөрөө барьж авсан. Утсан дээрээ хуурамч фейсбүүк нээгээд тэр хаягаараа авсан бүх зүйлээ зарсан байсан. Тэгээд би найзтайгаа явж өөрийнхөө мөнгөөр эд зүйлээ буцааж авсан. Ганц хазаар л дутуу байгаа. Өмнө нь 6-7 жил шоронд ороод гарч ирэхээр нь нэг удаа алдсан байж магадгүй гээд итгэл хүлээлгээд эргэж нийлсэн байсан. Энэ явдлаас хойш Б.П Улаанбаатар хотод, би 1 охинтойгоо Сайнцагаан сумын 8-р баг Айрагын 5-2 тоотод оршин сууж байна. Гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй, шүүхэд хандсан байгаа гэв.
Гэрч М.Э-ийн: “П манай ломбардаар үйлчлүүлж байсан. 2020 оны 08 сарын 01-ний өдөр П өөрөө ирээд монетан ээмэг 300.000 төгрөгт тавьчхаад буцаагаад 1-2 хоноод буцаагаад авсан. Дараа нь 2020 оны 08 сарын 03-ны өдөр ирээд 1 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж, монетан бөгж зэргийг 1.560.000 төгрөгөөр буюу тэр өдөр нийтдээ 2.360.000 төгрөгөөр эд зүйл тавиад үдээс хойш нь эргэж ирээд 650.000 төгрөгөө өгөөд нэг мөнгөн аягаа буцааж аваад явсан. 888 дугаартай гэрээг 2020 оны 08 сарын 03-ны өдөр хийсэн. Тухайн эд зүйлийг тавихдаа ганцаараа ирсэн. Миний эд зүйл байгаа юм гэж надад хэлсэн. Өмнө нь би тэр хүнийг танихгүй. 2020 оны 08 сарын 01-нд ирж тавихад нь анх харсан. П гэрээг 1 сарын хугацаатай хийсэн. Барьцаанд тавьсан эд зүйл нь манай Хөрх булаг ХХК-ны ломбардад сейфэнд байгаа. П-ийн хадам ээж нь Э гэх хүн намайг эзгүйд манай нөхөртэй уулзаад “манай бэр танайд миний юмыг тавьсан байна, би өөрөө ирж авна” гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
Гэрч С.Ц-ын: “Би тэр эмэгтэйг танихгүй. 2020 оны 08 сарын 06-ны өглөө 09 цаг өнгөрч байхад над руу утсаар “танд юм өгөх гэсэн юм” гэж залгасан. Манай ажил дээрээс миний утсыг авсан юм шиг байна лээ. Би урт цагаанд Хар сувд гэх үнэт эдлэлийн дэлгүүрт лангуу түрээсэлдэг юм. Над руу утсаар ярихдаа мөнгөн хазаар байна, хүмүүс 250.000 төгрөгөөр авъя гээд байгаа юм. Та 400.000 төгрөгт авчих гэсэн. Тэгэхээр нь би очоод уулзъя гээд очиход өөрийгөө П гэх эмэгтэй надад мөнгөн тоногтой хазаар болон том гарын цагаан шүрэн хөөрөг үзүүлээд хазаараа зарна, хөөргөө түр барьцаанд тавья гэсэн. Би “хөөргийг чинь боломжгүй” гэтэл “та хазаарыг маань 400.000 төгрөгт авчих, хөөргийг маань 7 хоногийн хугацаатай 400,000 төгрөгийн барьцаанд авчих, би тухайн хоногтоо багтааж авна, аавын маань ганц үлдсэн хөрөнгө байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд нийт 800.000 төгрөгийг нэмж өгсөн.Би тухайн үед гэрээ хийгээгүй, аман хэлбэрээр тохиролцсон. Хөөрөг нь их гарын толгойныхоо орой хэсэгт ногоон өнгийн оюу чулуутай, алтан нуухтай, их биеийг ороосон 4 хүчтэнг дүрсэлсэн сийлбэртэй, хулганатай мөнгөн халбагатай хөөрөг байсан. Хазаар нь 5 товруутай бөгжилсөн жолоо цулбуур байхгүй, төмөр амгайтай, гуулин зуузайтай мөнгөн хазаар өгсөн. Миний авсан хөөрөг, хазаар байгаа. Хазаарыг худалдаж авсан. Мөнгийг хүүгүй зээлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Гэрч Б.Д-ийн: Би П гэх хүнийг танихгүй. Би нэрийг нь мэдэхгүй байна. 2020 оны 08 дугаар сард фэйсбүүкийн “Эртний эдлэл, эмээл хазаар, хөөрөг арилжаа” гэх групп дээр хазаар зарна гэсэн зар оруулсан байсан. Тухайн үед ямар нэрээр зар оруулсан байсныг санахгүй байна. Би тухайн зарын дагуу чатаар холбогдож, эмэгтэй хүнээс 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Сансарын KFC-тэй автобусны буудал дээр уулзаад 300600002212 дугаарын төрийн банкны данс руу 580.000 төгрөг шилжүүлээд авч байсан. Тухайн хүний өөрийнх нь данс байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн эмэгтэй мөнгөний хэрэг гараад, аав хазаараа хөдөөнөөс өгч явуулсан. Урт цагаан орж зарах гэхэд 500.000 төгрөг гээд байна, 600.000 төгрөгийн хэрэг гараад байгаа юм гэж байсан. Тухайн эмэгтэй нь 30 орчим насны 165-170 см орчим өндөртэй байсан. Мөнгөн хазаар нь 5 ширхэг мөнгөн товруутай, төмөр амгайтай, савхи мэт зүйлээр хийсэн цацагтай байсан. Би зарсан хүнээ танихгүй. Би зар тавихад нэг хөндөөний байрын дээлтэй эрэгтэй хүн ирж надаас 820.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын 2020.09.16-ны 114 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн актад: Их гарын цагаан шүрэн хөөрөг 2.500.000 төгрөг, их гарын сэврээ хийцийн мөнгөн аяга 2.400.000 төгрөг, цулгай жижиг алтан бөгж 600.000 төгрөг, очиртой монетэн бөгж 500.000 төгрөг, мөнгөлсөн хуучны жолоо, цулбуургүй мөнгөн хазаар 2 ширхэг тус бүр нь 600.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 35-36/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 7/
Төрийн банкны Дундговь салбарын 2020.11.23-ны өдрийн 42/581 дугаартай “Б.П нь 300600002212 тоот данстай” гэх лавлагаа
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 67-97/ зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 14 дүгээр байрны 22 тоот буюу хохирогч Б.Э-ын гэрээс их гарын цагаан шүрэн хөөрөг 1ш, их гарын сэврээ хийцийн мөнгөн аяга 1ш, алтан бөгж 1ш, монетон бөгж 1ш, мөнгөн хазаар 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан үйл явдал болсон байна.
Хохирогч Б.Э-ын гэрээс алдагдсан гэх их гарын цагаан шүрэн хөөрөг 1ш, их гарын сэврээ хийцийн мөнгөн аяга 1ш, алтан бөгж 1ш, монетон бөгж 1ш, мөнгөн хазаар 2 ширхэг зэрэг эд зүйлийг шүүгдэгч Б.П авсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нар болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.П нь хохирогч Б.Э-ын бэр бөгөөд тухайн үед Сайнцагаан сумын 8-р баг Айраг хорооллын 5-2 тоотод нөхөр 4 хүүхдүүдийн хамт амьдарч байсан, хохирогч Б.Э-ын гэрээс дээрх эд зүйлийг авах, эзэмших, захиран зарцуулах эрхгүй болох нь хохирогч Б.Э, гэрч Б.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн хадам ээж Б.Э-ын гэрт хүн байхгүй байгааг далимдуулан түлхүүр ашиглан гэрт нь нэвтэрч эд зүйлийг нь эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар нууц, далд аргаар авч байгаа шинжээрээ Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Прокуророос шүүгдэгч Б.П-г бусдын орон байранд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “П-ийн гэрт нь хохирогчийн гэрийн илүү түлхүүр байсныг ашиглаж гэрт нь нэвтэрсэн учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэсэн тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Б.П нь “манай гэрт хохирогчийн гэрийн илүү нэг түлхүүр байсныг ашиглаж орсон” гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн “манай нөхөр 2019 онд бурхан болохоосоо өмнө манай гэрийн илүү түлхүүр алга болсон байна, цоожны голоо солих юм сан гэж ярьж байсан. Өмнө нь гэрт байсан түлхүүрийг авсан байх, хүүгийнд илүү түлхүүр байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-ийн “ээжийн гэрийн түлхүүр манай гэрт байгаагүй. Эзгүй явахдаа хажуу айлдаа орхисон байхаар нь би авч усанд ороод буцааж өгсөн. П өмнө нь очихдоо гэрт байсан илүү түлхүүрийг авсан байх” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.П нь хохирогч Б.Э-ын гэрийн илүү түлхүүрийг хууль бусаар авч улмаар гэрт нь хүн байхгүй үед уг түлхүүрийг ашиглан нэвтэрч байгаа үйлдэл тогтоогдсон бөгөөд үүнийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.П-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзээд шүүгдэгч Б.П-г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрx хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.П нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас нь хасаж тооцлоо.
Шүүгдэгч нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд үйлдсэн бөгөөд энэ нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан цаг хугацаанд хамаарч байна.
Иймд 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн /8 хоног цагдан хоригдсон/ 2 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.П нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айрагын 5-р гудамжны 2 тоотод оршин суух албан ёсны хаягтай /хх-ийн 56-рт/ боловч гэр бүлийн харилцааны улмаас уг хаягт оршин суудаггүй, 2020 оны 08 сараас эхлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо 28-49 тоотод 3 хүүхэд, аав, ээж, дүүгийн хамт оршин сууж байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Э.Э, хохирогч Б.Э, шүүгдэгч Б.П нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл нь заавал биелэгдэх шинжтэй байх ба Сайнцагаан суманд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сайнцагаан суманд оршин суудаггүй хүнийг Сайнцагаан сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний оршин суух хаягийн лавлагааг үндэслэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгчийн түр оршин суух хаягийг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.П-г Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож, энэ хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ......... овгийн Б.П-г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар шүүгдэгч Б.П-д 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 8 хоногийн эдлэх ялаас нь хасаж тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.П-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 2 жил 22 хоногийн хугацаанд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож, энэ хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар орчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч Б.П-д мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүгдэгч Б.П-г нэн даруй сулласугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ