| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0102/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/104 |
| Огноо | 2021-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй
Шүүгдэгч М.И нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.И-д холбогдох эрүүгийн 2122000000135 тоот хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дундговь аймгийн ........ төрсөн, ...... настай, ......., ...... боловсролтой, ......., ....... ажиллуулдаг, ам бүл ......, ........ хамт Дундговь аймгийн ......... оршин суух, ........, ...... овогт М.И гэв.
Шүүгдэгч М.И нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг, Хонгорын 06-05 тоотод орших өөрийн гэрийн хашаан дотор иргэн Ч.М-ыг машинаа хашаанаас авалгүй удаасан гэх шалтгаанаар түүний нүд, нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж түүний эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний алимны салст, баруун зүүн зовхинд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч М.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 09 сарын 14-ний өглөө 11 цагийн үед юманд явах гээд грашийнхаа үүдэнд дугуй нөхөөд байж байсан. Тэгсэн хажуугаар нэг портер машин өнгөрөх гээд явж байгаад эргэж ирээд зогссон чинь М, И 2 явж байсан. М нь бууж ирээд “Б ахаа машинаа авъя, одоо л унаа олдлоо, тэр хүнээ олоод ирлээ” гээд ирсэн. Тэгэхээр нь би “2 жил шахуу болоход унаа олдохгүй байна гэж юу байхав, яагаад ингэж удаагаад байгаа юм, би хашаагаа цэвэрлэж зай гаргамаар байна” гэсэн чинь “юун 2 жил, нэг жил л болж байгаа биздээ, юу яриад байгаа юм” гээд өндөр дуугаар хэлсэн. Тэгэхээр нь “юу гээд далжигнаад байгаа юм бэ” гээд эхний удаа нэг алгадаж авсан. Тэгсэн босоод олон юм яриад янз бүрийн юм яриад байхаар нь айлгасан чинь 2 гар тэвэрчхээд намайг мөргөх гээд байхаар нь чи гараа тавиадах гээд гарыг нь тавиулаад зүүн нүдийг нь цохисон. Тэгээд нүд цохичихлоо гэхээр нь харсан чинь зүүн нүднийх нь дээд талд хавдаж эхэлсэн. Тэгэхээр нь “хоёр жил боллоо, чи надаар манаач хийлгээд байна уу, яагаад байна, Б ахыгаа дагуулж ирээд машинаа ав, одоо машин тэрэгний чинь дугуй нь хагараад жил гаран болсон, чи янз бүрийн юм ярих юм шиг байна” гэж хэлээд хөөгөөд явуулсан. Нөгөө хүн нь бууж ирээгүй. Тэгээд би хөдөө явсан байсан. Тэгсэн 16-нд над руу нүд юм харахгүй таглагдчихаад байна гэж ярьсан. Би Чойроос өмнө хөдөө явж байна, очтол байж бай гэсэн. 14-ний өдрийн орой И-ын эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглээд шөнө нь шаг зардаг айлд очиход нүд нь хавдсан л байсан болохоос хөхөрсөн юм байгаагүй гэж тэр айлын хүүхэн хэлсэн. Бас 15-нд сумаас баруун хойш Хонгорын ард баз хүргэнийхээ унага тамганд очоод тэнд хүмүүстэй маргалдаад гарсан гэсэн. Тэгэхээр дахиад хүн нэмж цохисон байж магадгүй гэж хүн надад хэлсэн. Би 2 нүдийг нь зэрэг цохиогүй, бас самардаагүй. Иймд дээрх асуудлыг шалган тогтоож өгнө үү” гэв.
Хохирогч Ч.М-ын: “...Би одоогоос жил гаран хугацааны өмнө Б-ийн машины засварт нь “ipsum” маркийн машинаа засуулах гээд өгсөн. Тэрнээс хойш өмнө жилийн зун Б “машиныг чинь янзалж чадахгүй байна, сэлбэг нь байхгүй байна, машинаа аваарай” гэсэн.Би тэрнээс хойш машинаа авч чадахгүй Б-ийн засварын хашаанд одоог хүртэл байлгасан. Тэгээд сая 9 сарын 12-ны өдөр манай дүү И-ыг суманд ирэхээр нь чирүүлэх машин олоод Б-ийн хашаанаас машинаа авах гээд очсон. Б бид хоёр мэнд ус мэдэлцсэн. Б “машинаа авах гээд ирэв үү” гэхээр нь “тэглээ” гэж хэлээд байж байтал Б гэнэт босож ирээд “би чиний зарц юм уу, би чиний машиныг чинь манадаг хүн юм уу” гээд л зүүн нүд рүү гараараа цохиод авсан. Би тонгойгоод “яаж байгаа юм бэ, яг нүд рүү цохичихлоо шүү дээ” гээд дээшээ хартал дахиад баруун нүд рүү гараараа цохисон. Тэгээд би шууд дүүтэйгээ хамт яваад өгсөн. Тэгээд сумын цагдаатай ярьсан чинь “корона туссан байна, эмчид яаралтай үзүүлээд нүднийхээ зургийг авчих” гэсэн. Сумын эмчид үзүүлтэл бас корона туссан байсан. Би тэгээд 2021 оны 09 сарын 15-ны орой аймгийн төв дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/
Гэрч Э.И-ын “...2021 оны 09 сарын 14-ний өдөр манай ах /М/ айлд миний машин байгаа, хоёулаа хамт очоод чирээд гэрийн хашаанд аваад ирье гэсэн. Би зөвшөөрөөд Б гэдэг машин засдаг хүний гэрт очсон. Тэгээд ах буугаад уулзчихаад ирье гээд би хашааных нь гадаа машиндаа тамхи татаад сууж байсан. Б хашааныхаа гадаа дугуй засвар дээрээ хүний машины дугуй засаад ганцаараа сууж байсан. Ах /М/ Б дээр очоод машинаа авъя гээд хэлж байсан. Тэгтэл Б “би чиний машины манаач уу, одоо тэрийгээ тэгээд аваад яваач” гээд гэнэт нүүр рүү нь 4-5 удаа цохиод авсан. Ах хариу үйлдэл үзүүлж чадаагүй нүүрээ дараад зогсоод байсан. Ах Б руу “та яг нүүр рүү цохичихлоо шүү дээ” гэтэл “хуцаад байгаарай, п... минь” гээд дахиж 2 удаа цохисон. Манай ах Бг “та яагаад байгаа юм бэ” гээд гарыг нь барьж автал Б “яасан, чи намайг цохих нь уу” гэтэл ах “үгүй ээ, та яагаад намайг цохиж байгаа юм” гэж хэлчхээд машин руу ирж суусан. Бид 2 шууд манай гэр рүү явсан. Маш хурдан хугацаанд хэд хэдэн удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №196 тоот дүгнэлтэд “... М-ын биед хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг, зүүн хацар, зүүн чихний урд хэсэгт зулгаралт, баруун, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт. /хх-ийн 17-19 дүгээр хуудас/
Хохирогч Ч.М-ын нүүрэн тус газрын гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 20-р хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ч.М нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын төвд бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогч Ч.М-ын эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний алимны салст, баруун зүүн зовхинд цус хуралт гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.
Хохирогч Ч.М-ын эрүүл мэндэд учирсан “хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний алимны салст, баруун зүүн зовхинд цус хуралт” гэмтлийг шүүгдэгч М.И зодох байдлаар учруулсан болох нь хохирогч Ч.М, гэрч Э.И нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгчээс “хохирогч Ч.М нь миний дараа бусдад зодуулсан байж болзошгүй тул дахин шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон бусад баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.И-ийн хохирогч Ч.М-ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.И-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.И нь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хэргийн 44.48-рт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 140.800 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.И-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 140800 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ...... овогт М.И-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..... овгийн М.И-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.И нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч М.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 140800 /нэг зуун дөчин мянга найман зуун/ төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Иөд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ