Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

        

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга: Б. Цэрэнбат       

          Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй

          Шүүгдэгч Ё.Ж нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Ж-д холбогдох эрүүгийн 2122000190124 тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ......-ны өдөр Дундговь аймгийн .......... төрсөн, ....настай, ......, ...... боловсролтой, ...., ам бүл ...., ....... хамт Дундговь аймгийн ......... оршин суух, ....... одонтой, ....... чадвартай, ....... овгийн Ё.Ж гэв.

 

          Шүүгдэгч Ё.Ж нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хоёр Овоот” гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 28-01 ДУЭ улсын дугаартай Мицубиши ваген маркийн тээврийн хэрэгслийг авто машин жолоодох эрхгүй үедээ жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас Д.Ү-ийн жолоодон явж байсан 48-96 УНВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж С.Т-н биед хүндэвтэр хохирол, Д.Ү-ийн биед хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

- Шүүгдэгч Ё.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүүхдийндээ очоод хөр, нүүрс ачаад өвгөнтэйгөө 2-уулаа явж байсан. Тэгээд өөдөөс ирж яваа машины зүүн талаар өнгөрөх гэсэн намайг ирээд мөргөсөн. Нүд ирмэхийн зуур л болоод өнгөрсөн. Би үнэмлэхгүй явсан буруутай учраас өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй” гэв.

- Хохирогч Д.Ү-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед Өлзийт суман дээрээс гэр рүүгээ явах замд Өлзийт сумын 3-р багийн нутаг, сумаас баруун урагш 60 орчим км зайд байх “Хоёр Овоот” гэх тэгш тал газарт 2 эгнээ шороон замын ертөнцийн зүгээр зүүн талын замаар нь хойноос урагш чиглэлтэй явж байтал өөдөөс жижиг цагаан өнгийн машин ирж байгаа харагдсан... Гэтэл тэр машин гэнэт өөдөөс орж ирээд мөргөлдсөн... Би жолооч эмэгтэйг машинаас нь гаргаад, жолоочийн хажуугийн суудалд сууж явсан эрэгтэй хүнийг гаргах гээд чадаагүй... Би Б-ын утсаар сумын эмнэлэгт болон цагдаад дуудлага өгсөн... Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рт/

- Хохирогч С.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Бид хоёр явсаар Өлзийт сумын 3-р багийн нутагт Тагт бригадын төвөөс урагш 9-10 орчим км зайд ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байх үед өөдөөс нэг машин гарч ирээд, тэр машинтай мөргөлдсөн. Машиныг манай эхнэр Ж жолоодож явсан юм. Хэдэн км/ц хурдтай явж явсныг мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-рт/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаартай “... Эмнэлгийн бичиг баримтаар Д.Ү-ийн биед цээжний хөндийд сул шингэн, зүүн 5, 6, 8, 9-р хавирганы хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-29-30-рт/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай “... С.Т-н биед шуу, шилбэ, ясны далд хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шуу, шилбэ ясны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, хамар ясны хугарал, зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт  /хх-ийн 34-35-рт/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын  25-ны өдрийн 06 дугаартай: “Ё.Ж-ын биед цээжний зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/

- Шинжээч Ц.Н-ийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “... 1. 28-01 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ё.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2.48-96 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ү нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 3.28-01 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ё.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал  саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 82-83-рт/

- Дундговь аймгийн  Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2021.06.18-ны өдрийн 36/1021 дугаартай “Ё.Ж ......... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 103/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11/

- Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          2021 оны 01 сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хоёр Овоот” гэх газарт Мицубиши ваген маркийн 28-01 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл,  48-96 УНВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйл явдал болсон байна.

          Дээрх баримтуудаар зам тээврийн осолд өртсөн Мицубиши ваген маркийн 28-01 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ё.Ж, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Д.Ү нар жолоодож явсан болох нь шүүгдэгч Ё.Ж, хохирогч Д.Ү, С.Т нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд уг ослын улмаас Д.Ү-ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч С.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр, шүүгдэгч Ё.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02, 06, 42 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

          Уг зам тээврийн  осол нь Мицубиши ваген маркийн 28-01 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож  явсан шүүгдэгч Ё.Ж-ын буруутай үйлдлээс шалтгаалан гарсан болох нь шинжээч Ц.Н-ийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “28-01 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ё.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал  саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлтээр нотлогдож байна.

          Шүүгдэгч Ё.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргасан, уг ослын улмаас хохирогч Д.Үгийн эрүүл мэндэд хүнд, С.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж

          Иймд шүүгдэгч Ё.Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Ё.Ж-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үйлдэгджээ.  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн  24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн  хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол” өршөөлд хамрагдахаар заажээ.

          Иймд шүүгдэгч Сэрээтэр овгийн Ёндонгийн Ж-д холбогдуулан Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 2122000190124 дугаартай хэргийн  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн  5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн, зүйлгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

          Хохирогч Д.Ү, С.Т нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн боловч тэдний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд зэргийн хохирол учирсан байх тул хохирогч нар нь өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч ........ овгийн Ё.Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ё.Ж-д холбогдох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

          3. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.Ү, С.Т нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

          5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          6.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч  нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХБАТ