| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0108/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/109 |
| Огноо | 2021-11-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй
Хохирогч Э.М
Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-д холбогдох эрүүгийн 2122001150136 тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Архангай аймгийн .......... төрсөн, .... настай, ......., ....... боловсролтой, ........ мэргэжилтэй, ам бүл........, ........ хамт, Улаанбаатар хот ..........оршин суух, .........., ........, ........овогт Н.С гэв.
Шүүгдэгч Н.С нь Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Олдохын тал” гэх газарт 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 34-54 УАВ улсын дугаартай “Ниссан эдван” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас Э.М-н биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тэр өдөр М, Б бид гурав Цогтцэций сумаас орой 6 цагийн үед хөдөлсөн. Орой бүрий болоход том машинтай зөрөхдөө замын хажуу руу шахуулж эвдрэл таараад хөрвөөд ийм зүйл болсон. Би тэр үед архи, дарс, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэв.
Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хэрэг болсон өдөр нь 2021 оны 06 сарын 03-ны өдөр байсан. Би 06 сарын 01-ээс хүндэтгэх шалтгаанаар буцах болсон байсан. Тэр өдөр өглөөгүүр замын унаа хайсан боловч С, Б нар хот явна, тэр 2-той яв гэж менежер хэлээд хамт явсан. Цогтцэцийгээс гараад хар зам ортол сэрүүн явж байгаад хар зам руу ороод зүүрмэглэх хооронд ийм хэрэг болсон. Би тухайн үед хурц гэрэл л санаж байгаа, өөр зүйл санахгүй байгаа. Би осол болоод газардсан хойноо сэргэсэн. Тухайн үед сэтгэл зүй, биеийн байдал хүнд байсан. Одоо бол сэргэж байгаа гэж бодож байна. Би цаашид нүдтэй болмоор байна. Ослын улмаас зовхины булчин нь задарсан гэж эмч нар дүгнэж байгаа. Би тэргэнцэртэй хол газар алхаж чадахгүй учраас эмнэлгээ сайн судалж чадахгүй байна. Би нүдээ л урьдынх шигээ хардаг болгохыг хүсэж байна. Надад баримттай нь 5.000.000 гаран төгрөг болж байна. Баримтгүй зөндөө мөнгө гарч байгаа. Түүнийг нэхэмжлээгүй, баримттай хохирлоо болон цаашид нүдэндээ хийлгэх эмчилгээгээ нэхэмжилж байна. Би 2 сар гаран гэмтэлд хэвтэж байгаад гараад дахиж хэвтсэн. Эмнэлгээр маш их явж байгаа гэв.
Хохирогч Б.Б-ийн “2021.06.03-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажлаар М хамт ажилладаг Сийн хамт Сийн “Nissan adven” маркийн 34-54 УАВ улсын дугаартай машинтай Өмнөговь аймгаас 20 цаг өнгөрөөгөөд гарсан юм. Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт явж байхад замд нүх таараад уг нүхийг С дайраад дугуй нь хагаран уу, нүхийг тойрч нүхнээс гарах гэж байсан уу, би мэдэхгүй байна, ямар ч байсан эсрэг урсгал руу орсон. Тэгээд өөдөөс машин ирж байсан болохоор буцаж урсгал руугаа орох гэж С рүлээ дараад замаас гарсан.Тэгээд машин 2 эргэлдэж байхад би шидэгдээд гарсан байх, тухайн үед миний талын цонх онгорхой байсан юм. Тэгээд тэр зөрж өнгөрч байсан машины жолооч над руу ирэхээр нь тэр хүнд түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Би осолдсоныхоо дараа хэсэг шоконд ороод зүгээр алхаад яваад байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд миний цээжээр хөндүүрлээд явж чадахаа больсон. Тухайн үед С, М инженер нар онхолдсон байсан. Машин баруун талд ойролцоогоор 3м орчим зайтай М эгч доошоо хараад хэвтэж байсан. С М эгчийн баруун гар талд нь зам талд нь мөн доошоо хараад хэвтсэн байдалтай, хөдөлгөөнгүй байсан.Тэгээд түргэн ирээд бид нарыг авч явж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тухайн үед машиныг С жолоодоод явж байсан. Би жолоочийн хажуугийн урд суудалд, М эгч ард сууж явсан. Автомашин бол зүгээр хэвийн ажиллагаатай байсан. Бид гурвын хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хэвийн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31/
Гэрч Б.Б-ын: Би С-ийн эгчийнх нь нөхөр байгаа юм. Н.С нь 2021 оны 01 дүгэр сард 34-54 УАВ улсын дугаартай “Nissan adven” маркийн тээврийн хэрэгслийг машин худалдааны газраас гаальтай байхад нь авч байсан. Би Улаанбаатар хотын харьяалалтай болохоор Улаанбаатар хотын дугаар авах гэж миний нэр дээр тээврийн хэрэгслээ авч байсан. Миний машин биш, Сийн машин байгаа юм. Би тээврийн хэрэгсэлтэй холбоотой С-той өр авлагын асуудал байхгүй. Н.С дөлгөөн, төлөв зантай, ямар нэгэн буруу зүйл хийгээд байдаггүй, эхнэр, 2 хүүхэдтэй, архи дарс уугаад байдаггүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 175/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021.06.14-ний өдрийн 4989 дугаартай “ Н.С-ийн биед бүсэлхийн 1-р нугалмын их бие, баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун сүүжний тогооны урд баганын хугарал, баруун шаант тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021.06.14-ний өдрийн 4988 дугаартай “1.Э.М-ын биед баруун сүүжний дэлбээний хугарал, бүсэлхийн 5-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэн, ууцны 2-р нугалмын хугарал, зүүн шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал, баруун 4,5-р хавирга, зүүн 9-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, толгойн хуйх, баруун зовхинд шарх, зүүн дээд 6-р шүдний эмтрэл, нуруу хэвлийд цус хуралт, 2 шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 45-47/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021.06.11-ний өдрийн 4984 дугаартай “1.Б.Б-ийн биед дух, хамрын нуруу, уруул, хэвлий, шуу, сарвууны арьсны зулгаралт,өвдөгний няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 51-52/
Шинжээч Ц.Н-ийн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаартай “ 1. Жолооч Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэг “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна. 2. Жолооч Н.С нь дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. 3. Асуултад дурдаагүй боловч шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 80/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18/
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хохирлын талаарх бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 34-54 УАВ улсын дугаартай “Nissan adven”маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд өртсөн, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.М-ын эрүүл мэндэд “баруун сүүжний дэлбээний хугарал, бүсэлхийн 5-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэн, ууцны 2-р нугалмын хугарал, зүүн шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал, баруун 4,5-р хавирга, зүүн 9-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, толгойн хуйх, баруун зовхинд шарх, зүүн дээд 6-р шүдний эмтрэл, нуруу хэвлийд цус хуралт, 2 шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр гэмтэл, Б.Бийн биед “дух, хамрын нуруу, уруул, хэвлий, шуу, сарвууны арьсны зулгаралт,өвдөгний няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Зам тээврийн осолд өртсөн 34-54 УАВ улсын дугаартай “Nissan adven” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.С жолоодож явсан болох нь хохирогч Б.Б, Э.М, шүүгдэгч Н.С нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Уг зам тээврийн осол нь 34-54 УАВ улсын дугаартай “Nissan adven” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч Н.С-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн үйлдлийг улмаас гарсан болох нь шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаартай дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.С-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.С-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.С-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.С нь Архангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 8 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан болох нь хэргийн 91-рт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-99/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 101-103/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.С-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн ба 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол” гэсэн хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна.
Иймд шүүгдэгч .... овгийн Н.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2122001150136 дугаартай хэргийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн, зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 3.400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хохирогч Э.М нь шүүгдэгч Н.С-оос баримтаар 5.078.553 төгрөгийн хохирол болон цаашид нүдэнд хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.
Хохирогч Э.М-аас ирүүлсэн 5.078.553 төгрөгийн хохирлын баримтыг судалж үзэхэд гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш, хохирогчийн эрүүл мэнд, эмчилгээтэй холбогдон гарсан зардал байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 3.400.000 төгрөг төлсөн, 1.678.553 төгрөг төлөөгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...холбогдон гарсан...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Н.С-оос хохирогч Э.М-ын баримтаар нэхэмжилсэн хохирлоос төлөгдөөгүй үлдэгдэл 1.678.553 төгрөгийг гаргуулан хохирогч Э.М-д олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Э.М нь баримтаар нэхэмжилсэн хохирлоос гадна цаашид нүдэндээ хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь ирээдүйд нүдэндээ хийлгэх эмчилгээний зардлын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх эрүүгийн хэргийн хамт уг зардлыг шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт Н.С-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Н.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 3.400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-оос 1.678.553 төгрөгийг гаргуулан хохирогч Э.М-д олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.М-ын нэхэмжлэлээс цаашид нүдэндээ хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ