Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Манлай сум, 2 дугаар баг, Өгөөмөрт оршин суух Их-Өлзийт овогт Болдбаатарын Идэр /РД:КЕ81062714/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, 2 дугаар баг, Өгөөмөрт оршин суух Их-Өлзийт овогт Будын Нямцэцэг /РД:КЕ87080903/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Идэр, хариуцагч Б.Нямцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Идэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Идэр би 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Б.Нямцэцэгтэй 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Б.Нямцэцэгтэй 2 жил хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд охин И.Шинэсар төрсөн. Бидний сэтгэл санаа таарахгүй, таарамжгүй зан байдлын улмаас 2008 оноос тусдаа амьдарч байна. Одоо Б.Нямцэцэг нь нөхөр 3 хүүхдийн хамт тусдаа амьдарч байгаа учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаан байхгүй болно.” гэв.

            Хариуцагч Б.Нямцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Б.Нямцэцэг би Б.Идэртэй 2007 онд гэр бүл хамт амьдрах хугацаанд 2008 онд охин И.Шинэсар төрсөн. Гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч бид өөр гэр бүлтэй болсон. Охин И.Шинэсар ээж Б.Нямцэцэгтэй хамт амьдран эрүүл өсөн торниж, Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангид сурдаг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, гэрлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр олгосон №3611914 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин И.Шинэсарын №0115778/10 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Манлай сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Идэр нь хариуцагч Б.Нямцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Зохигч Б.Идэр, Б.Нямцэцэг нар нь 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин Идэрийн Шинэсар төрсөн нь зохигчийн тайлбар болон, гэрлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр олгосон №3611914 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн №0115778 дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

            Зохигчийн хооронд хүүхдийн асрамжийн талаар болон хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдах нь зүйтэй бөгөөд хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэсэн болно.

            Зохигчид тус тусдаа гэр бүлийн харьцаатай хүнтэй болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь зохигчийн шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяагийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан эвлэрүүлэх урьдчилсан арга хэмжээ авахгүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

            Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар эцэг Б.Идэр нь охин И.Шинэсарыг тэжээн тэтгэх үүрэгтэй.

            2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Идэрийн Шинэсар нь эх Б.Нямцэцэгийн асрамжид амьдарч байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод төвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Б.Идэрээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямцэцэгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Идэрт олгуулж мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /83,100х12=997,200 төгрөгт ногдох/ улсын тэмдэгтийн хураамжид 28,483 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулбал зохино.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Их өлзийт овогт Болдбаатарын Идэр, хариуцагч Их өлзийт овогт Будын Нямцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Их өлзийт овогт Идэрийн Шинэсарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Идэрээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Идэр, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Нямцэцэг нарт тус тус даалгасугай. 

5. Зохигчийн хооронд хүүхдийн асрамжийн талаар болон хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Б.Идэр, Б.Нямцэцэг нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямцэцэгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Идэрт олгох, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгосонтой холбогдуулан нэхэмжлэгч Б.Идэрээс 28,843 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА