Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1937

 

Б.Баярсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар        

                                                                                               

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02268 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баярсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Батмөнхөд холбогдох

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баярсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

               

Нэхэмжлэгч Б.Баярсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Б.Батмөнхтэй 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Анхбаяр, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Хосбаяр нар төрсөн. Намайг найзтайгаа хамт ажиллах болсноос хойш хардаж, өөрийн эрхшээлд байлгах гэж янз бүрээр гүтгэн доромжилж, хэд хэдэн удаа гэрээс хөөж, бид үргэлж хэрүүл маргаантай байх болсон. Энэ байдал үргэлжилсээр 2017.05.14, 2017.05.16-ны өдрүүдэд нөхөр маань эрүүл хэрнээ надад хүч хэрэглэн зодсон. Хэрэлдэх бүрдээ нэгээс 2 удаа цохиж авч, гэрээсээ хөөдөг. Бид хоорондоо ярилцсан боловч 2 өөр хүсэл сонирхолтой гэдгээ бататгаж авсан. Хүүхдүүдээ зутраахгүйн тулд аав дээр нь орхисон болохоос хүүхдүүдээ хаяж яваагүй. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй, энэ байдал хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би 2 хүүхдээ тэжээн тэтгэх бүрэн боломжтой. Мөн нөхөр надад өгнө гэж баталгаа бичиж өгсөн тул УНМ 87-48 улсын дугаартай Приус-11 автомашиныг бид гурвын өмчлөлд шилжүүлж өгнө үү. Энэ машиныг гэр бүл болохоос өмнө Б.Батмөнхийн аав нь авч өгсөн нь үнэн. Энэ байрыг ч гэсэн биднийг гэр бүл болоход авч өгсөн. Би Энто эмийн санд 2017 оны 6-р сард ажилд орсон, 1 сая гаруй төгрөгний цалинтай, одоогоор аавындаа байгаа ч хоёр хүүхдээ өөр дээрээ авахад байр орон сууц хөлслөөд явах боломжтой гэжээ.

 

Хариуцагч Б.Батмөнхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид 2011 онд гэр бүл болж 2 хүүтэй болсон. Бид хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан. 2016 онд эхнэр маань Их сургуулийн найзаар зуучлуулан ажилд орсон бөгөөд тэр залуутай хамт ажиллаж байгаа, байнга харилцдаг байсан гэдгээ нуусан байсан. Б.Баярсүрэн нь ажилд орсон цагаасаа хойш хүүхдүүдээ болон гэр бүлдээ хандах хандлага нь эрс өөрчлөгдсөн.

Энэ байдлаас болж бид маргалдах болсон. Тухайн үед Б.Баярсүрэн нь надад өөрийн санаа бодлоо тайлбарлах боломж байсан боловч гэр бүлийн таагүй харилцаагаа арилгахыг хүсээгүй, хүүхдүүддээ хандах хандлага, хамтдаа цаг өнгөрөөх нь улам бага болсон. Над руу дугаараа нууцалсан хүн залгаж “эхнэр чинь ажил дээрээ өөр хүнтэй дотно харилцаатай болсон, ажлаас нь гаргасан нь дээр” гэж хэлсэн. Ингээд Б.Баярсүрэн ажлаасаа гарахаар болж гэртээ суусан боловч эхнэрийн маань хүүхдүүдээ болон намайг үл тоосон харилцаа үргэлжилсээр байсан. Миний бие энэ байдлыг туулахад хэцүү болж сэтгэл санаа хямарч таталт өгсөн. 2017.05.14, 2017.05.16-ны өдрүүдэд би эхнэрээсээ салах бодолгүй тул учир зүйгээ олох гэж үзсэн боловч эхнэр юу ч дуугарахгүй байсан тул эхнэрээ зодож захиргааны арга хэмжээ авахуулан хоригдсон.

Б.Баярсүрэн нь өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсон тул цаашид итгэж хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хүйтэн хөндий зан гаргаж хүүхдүүдээ үл тоож байсан хүн яагаад хүүхдүүдээ авахыг хүсээд байгааг ойлгохгүй байна. Миний 2 хүү ээж, аавтайгаа байхаас илүү өвөө, эмээтэйгээ / миний аав ээж/ байхыг хүсдэг. Би хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулахгүй өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний бие эцэг эхийн анхаарал халамж сайн гэр бүлд өсөж хүмүүжсэн, тогтсон ажилтай, их эмч хүний хувьд хоёр хүүгээ тэжээн тэтгэх чадвартай, тул хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж өгнө үү. Мөн 87-48 УНМ улсын дугаартай Приус-11 автомашин нь бидний гэр бүл болохоос өмнө аав маань сургууль төгсөхөд авч өгсөн тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанд хамаарахгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэндэн овогт Батбаярын Батмөнх, Дугар овогт Болдбаатарын Баярсүрэн нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011.12.26-ны өдөр төрсөн хүү Б.Анхбаяр, 2014.02.24-ний өдөр хүү Б.Хосбаяр нарыг эцэг Б.Батмөнхийн асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011.12.26-ны өдөр төрсөн хүү Б.Анхбаяр, 2014.02.24-ний өдөр төрсөн хүү Б.Хосбаяр нар 11 нас хүртэл тухайн бүс нутангт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг cap бүр эх Б.Баярсүрэнгээс гаргуулан тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан УНМ 87-48 улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Б.Батмөнх, эх Б.Баярсүрэн нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 78 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батмөнхөөс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярсүрэнд олгож, нэхэмжлэгч Б.Баярсүрэнгээс тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50 528 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Баярсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

Би “Энто” эмийн сангийн эрхлэгч ажилтай гэж хэлсээр байтал тогтоогдохгүй байна гэж үзэж намайг ажил хийдэггүй гээд 2 хүүхдийг маань эцэг Б.Батмөнхөд өгч байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэр дээр тамга дарагдаагүй байсан нь нөхөр хардаад байхаар нь ажлаа солихоор шийдэж “Энхийн шүүдэр” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 16-нд ажлаас чөлөөлөгдөж /шүүхийн шийдвэр дээр 2017.05 сард чөлөөлөгдсөн гэж буруу бичсэн байна/, 2017 оны 06 дугаар сарын 14-нөөс “Энто” эмийн сангийн эрхлэгчээр ажилд орсон, тамга дарагдаагүй байсан. Шүүх бага насны хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд үндэслэлтэй хандаж байгаа юм бол зөвхөн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж тамга дараагүй шалтгаанаар 2 хүүхдийг эцгийнх нь асрамжид үлдээж байгаа нь үндэслэлгүй байна. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг надад 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу урд өдөр нь мэдэгдсэн. Ядаж 3 хоногийн өмнө мэдэгдсэн бол би өмгөөлөгч авах, өөрийгөө бэлтгэх, тамгаа даруулаад ирж амжих байсан. Намайг өмгөөлөгч авъя гэж хэлэхэд шүүгчийн туслах нь ийм хэрэг дээр өмгөөлөгч авч яах юм бэ гэж хэлсэн тул би өмгөөлөгч аваагүй. Өмгөөлөгч авах эрхийг минь хязгаарласан.

Нөхөр Б.Батмөнх надад "хүүхдүүдээ аваад, бас машинаа чи ав" гэсэн болохоор нь л машин авъя гэж нэхэмжлэлдээ бичсэн. Б.Батмөнх бүх зүйлийг худлаа ярьж байсан байна.   Би эх хүн, 2 хүүхдээ төрүүлж, өсгөсний хувьд 0-7 насны хүүхдүүдээ өөрийн асрамжидаа авах үндэслэлтэй гэж үзэж байна. Ганц байсан биеийг минь 3 болгож, залуу сайхан байхад минь хайртай дуртай гэж авч суучихаад, дургүйгээ хүрэхээр хий хоосон хардаж, тамлан зовоож тарчлааж байгаад, үр хүүхдүүдээс минь салгаж орь ганцаар минь гэрээс хөөж гаргаж, хүүхдүүдийг өгөхгүйгээр барахгүй уулзуулахгүй байгаад гомдолтой байна.

Бидний хамт амьдарч байсан байр, эд хөрөнгө, хогшлын өөрт ногдох хувийг авна гэж нэхэмжлэл гаргаж болох байсан ч би зөвхөн 2 хүүхдээ аваад сална гэж бодоод зөвхөн 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэр үнэн зөв гарсангүй. Хүүхдүүдийг маань нөхөр Б.Батмөнхийн эцэг, эх арай илүү харж байсан нь үнэн. Хадам ээж ажил хийлгүйгээр хүүхэд харж байсан боловч одоо ажилд орсон гэсэн. Гэр бүлийн тухай хуулийн 21.1-д " хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ", мөн хуулийн 26 дугаар зүйлд "хүүхдээ асран хамгаалах"-ыг эцэг эхийн үүрэг гэж тодорхойлсон байхад Б.Анхбаяр, Б.Хосбаяр нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэнийг харгалзан үзэлгүй, 2 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд оруулсан өвөө, эмээгийнх нь оролцооны талаар дүгнэсэн Б.Батмөнхийн тайлбарыг үндэслэж 2 хүүхдийг эцэгт нь үлдээсэн нь буруу юм. Үнэн чанартаа Б.Батмөнх нь хүүхэдтэйгээ хатуу ширүүн харьцдаг, хүүхдүүдийнхээ дэргэд төрүүлсэн эхийг нь зодож, хэрүүл маргаан үүсгэж, хүүхдийг өсөж хүмүүжихэд нь буруу үлгэр дууриалал үзүүлж байсан учраас л салах шалтгаан болсон, хүүхдүүдийг төрүүлж өсгөж байгаа нь ээж Б.Баярсүрэн гэдгийг шүүх харж үнэлж чадаагүйд гомдолтой байна.

Хоёр хүүхдийг маань надад үлдээж, бүх хөрөнгииг Б.Батмөнхөд үлдээхэд би гомдохгүй. Би нөхрийн доромжлол, тамлалт дарамтаас салахын тулд л эд хөрөнгө авна гэж бичилгүйгээр 2 хүүхдээ өөрөө асрамжиндаа авна, өөрийнх нь зөвлөснөөр машиныг авна гэж бичсэн. Нөхөр Б.Батмөнх, 2 хүүхэд бид 4 Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, 412-193 тоотод оршин сууж амьдарч байсан. Одоо нөхөр Б.Батмөнх 2 хүүгийн хамт гэртээ үлдэж, би 2017.05.30-наас хойш Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн 24-961 тоотод оршин сууж байгаа. Шийдвэрт бичигдсэнээр бол бид 4 нэг гэрт амьдарч байгаа мэт бичигдсэн байна. Би 2 хүүгээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийн хүрээнд Б.Анхбаяр, Б.Хосбаяр нар нь гэр бүлийн гишүүн тул Гэр бүлийн тухай хуулийн 5.8-д заасны дагуу гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулж өгнө үү.

Гэр бүлийн тухай хуулийн 4.9-д заасан гэр бүл аюулгүй, амар амгалан, хүчирхийллээс ангид байх заалт зөрчигдсөн тул гэр бүл цуцлах шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсч байна гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Баярсүрэн нь хариуцагч Б.Батмөнхөд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, автомашин гаргуулахаар шаардсныг хариуцагч гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна, автомашин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж маргажээ.  

 

Б.Баярсүрэн, Б.Батмөнх нар нь 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд   бүртгүүлсэн. Тэдний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Анхбаяр, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Хосбаяр нар төрсөн байна.

 

Гэрлэгчид хэн алиндаа биеийн хүчний болон сэтгэл зүйн дарамт, хүчирхийлэл,  учруулдаг, таарамжгүй харьцааны улмаас байнгын хэрүүл маргаантай амьдрах болсноос  гэрлэлтээ цуцлуулахыг шаардснаар анхан шатны шүүх гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт нийцжээ.

 

Эцэг, эхийн халамж, тэдгээрийн ахуй нөхцөл, бололцоо, 2 хүүхдийн өсөж дассан орчин, одоогийн амьдарч буй нөхцөл, Гэр бүлийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналаа илэрхийлэх насанд хүрээгүй, хүүхдүүдийг асарч халамжлахад эмээ, өвөөгийн оролцоо зэргийг харгалзан хүүхдүүдийн асрамжийг эцэг Б.Батмөнхөд  нь ногдуулсаныг буруутгах үндэслэлгүй байна. Шүүх бага насны хүүхдүүдийн одоогийн амьдарч, сурч буй нөхцлийг өөрчлөх шалтгаан нөхцөл, эцгийн асрамжийн талаар дутагдалтай асуудал тогтоогдоогүй гэж үзсэн төдийгүй хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх эцэг, эхийн эрх, үүргээ тэгш хэрэгжүүлэх, хэн нэгэндээ саад учруулахгүй байхыг заажээ.

 

Хойшид хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл бүрдсэн, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах боломжтой бөгөөд эрх нь нээлттэй юм.

 

Нэхэмжлэгчийн шаардсан УНМ 87-48 дугаартай Приус-11 автомашины тухайд хариуцагчийн эцэг уг авто машиныг их сургууль төгсөхөд нь зориуд машины дугаар, утасны дугаар зэргийг хослуулан авч өгч бэлэглэсэн гэж хариуцагч тайлбарласан, энэхүү тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй учраас Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх боломжгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өөр бусад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон ногдох хэсгийг хуваарилах талаар шаардаагүй, шүүх энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээжээ.

 

Түүнчлэн хэргийн 18-19 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны явцад нэхэмжлэгч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж байгаагүй тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно. Нөгөө талаар нэг өдрийн өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэх боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаан хойшлуулах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн   гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                               ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                Б.НАРМАНДАХ