Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч А.Оюунгэрэл

шүүгдэгч Ж.Мягмарцэвээн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:              

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15 дугаар гудамжны 275 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:УМ90022095/ Сайхан овогт Жаргалсайханы Мягмарцэвээнд холбогдох 201624000306 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 3-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Жаргалсайханы Мягмарцэвээн нь 2016 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Монгол фото” төвийн зүүн талд Хаан банкны эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 63-05 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 7.17. “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Даваасүрэнгийн эзэмшлийн Тоёото Приус 20 маркийн  76-44 УНИ улсын дугаартай автомашиныг мөргөж 709.000 төгрөгийн шууд , 887.000 төгрөгийн нийт хохирол учруулсан осол гаргаад мөн дүрмийн 2.5-а/ б/ в/  заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                        

 

Шүүгдэгч Ж.Мягмарцэвээн шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Ж.Мягмарцэвээний хувийн байдалтай холбоотойгоор: тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 63/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 64 /, Хаан банкны автомашин эзэмшигчийн талаархи тодорхойлолт /хх-ийн 66/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76/, ял шалгах хуудас /хх-ийн 77/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 80/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 81/, дипломын хуулбар /хх-ийн 82/ жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 83/ зэргийг шинжлэн судлав.

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Жаргалсайханы Мягмарцэвээн 2016 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Монгол фото” төвийн зүүн талд Хаан банкны эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 63-05 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Даваасүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн  76-44 УНИ улсын дугаартай автомашиныг мөргөж 709.000 төгрөгийн шууд, 887.000 төгрөгийн нийт хохирол учруулсан осол гаргаад мөн Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”:

а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”;

б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”;

в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримт зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”; гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь: .                                                                                                        

 

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: ... “Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын нэгдүгээр давхрын 115 тоот өрөөнд 13 цаг 45 минутанд хар өнгийн Аcer маркийн суурин компьютерт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Монгол фото”-ийн камерийн бичлэгт /цагаан өнгийн Spring 700MB 80 min CD-R/ үзлэгийг хийхэд: уг камер нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монгол фото”-ийн ертөнцийн зүгээр зүүн урагшаагаа харсан тусгалтай ба зүүн талд байх автомашины зогсоол дээр баруун урагшаагаа харуулж тавьсан бараан өнгийн Тоёото Приус 20 маркийн /улсын дугаар ба сери нь тодорхойгүй/ автомашин нь зогсож байх бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 02 цаг 37 минут 37 секундээс 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 02 цаг 39 минут 34 секундын хоорондох 1 минут 41 секундын бичлэг байлаа. Үзлэгээр цаг агаарын байдал тогтуун, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, асфальтан зам байх бөгөөд уг зогсоол дээр зогсож байсан Тоёото Приус 20 маркийн хар бараан өнгийн Тоёото Приус 20 маркийн  /улсын дугаар болон сери нь тодорхойгүй/ автомашин нь ухрахдаа мөргөж хойд тоормозны гэрэл нь асаад унтархад хойноосоо урагшаагаа чиглэлтэй яваад өгч байлаа. Хэсэг хугацааны дараа зогсоол дээр зогсож байсан бараан өнгийн Тоёото Приус 20 маркийн автомашин дээр хоёр эрэгтэй хүн ирж байв. Үзлэгийн явцад хөндлөнгийн гэрч нараас ямар нэгэн санал хүсэлт гараагүй учир үзлэгийг 14 цаг 10 минутанд дуусгав.” /Хх-ийн 19/

 

иргэний нэхэмжлэгчээр Х.Даваасүрэнгийн:...”2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 11 цагаас 12 цагийн хооронд гэрээсээ ганцаараа гарч би өөрийн эзэмшлийн саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн 76-44 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон хотын төвөөр халтуур хийж байгаад 2016 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг 36 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах зогсоолд машинаа баруун урагшаагаа харуулж тавиад гэрлүүгээ орсон. Тэгээд би гэртээ ороод унтахдаа утсаа салгаад унтсан. Утсаа асаасан чинь 99858961 гэсэн дугаараас шөнийн 03 цагаас 04 цагийн хооронд байхаа утсанд дуудлага ирээд хадгалагдсан байсан юм. Тэгээд  машин дээрээ очсон чинь машины зүүн урд хэсэг рүү машин мөргөөд явчихсан байхаар нь би 102-т дуудлага өгсөн. Дараа нь 99858961 гэсэн дугаар руу залгасан чинь нэг эрэгтэй хүн утас аваад таны машиныг хар өнгийн Тоёота Приус  20 маркийн 63-05 УНК улсын дугаартай автомашин мөргөсөн гэж хэлсэн. Үнэлгээ хийлгэсэн. Миний машины урд буфер хагарч  цуурч, зүүн урд гэрэл хагарч, зүүн урд крыло хонхойж, зүүн урд шанаа нугарсан байсан. Машинаа янзлуулж амжаагүй л байна. Автомашиныхаа эвдрэл хохирлын үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжлэх болно. ” /хх-ийн 33-34/

2016 оны 4 дүгээр сарын эхээр би өөрөө ослын газарт очиж аж ахуйн нэгжийн камерын бичлэгийг үзээд гар утсан дээрээ бичиж аваад CD-н дээр буулгаж байцаагчдаа өгсөн юм. 2016 оны 4 дүгээр марын 02–ны өдөр “Ашид Билгүүн ” ХХК-иар автомашиныхаа эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэхэд 35000 төгрөг, мөн үнэлгээний дагуу нийт 887000 төгрөг ингээд 922000 төгрөгийг нэхэмжилж байна. хэрэв миний нэхэмжилж байгаа 922000 төгрөгийг өгчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй болно” /хх-ийн 35/ гэсэн,

 

гэрчээр Ж.Болортуяагийн: ...Энэ автомашиныг 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны зээлээр 36 сарын хугацаатайгаар манай нөхөр Цэвэгбаатар овогтой Мөнхдөл нь худалдаж авсан юм. Одоо энэ автомашин нь Хаан банкны нэр дээр байдаг. Ц.Мөнхдөл нь 2015 оны 12 дугаар сарын 23 байна уу 24-ний өдөр Солонгос улс руу ажил хийхээр явсан. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Би Ж.Мягмарцэвээнтэй найз нөхдийн харилцаатай. Миний бие нөхрийгөө Солонгос руу явснаас хойш ойр зуурын хэрэглээндээ л унадаг. 2016 оны 3 дугаар сарын дундуур Ж.Мягмарцэвээн нь машиныг  маань аваад явсан. Тэр үед би түүнд машин барих зөвшөөрөл өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ж.Мягмарцэвээн нь машин авчирч өгөхөд машины хойд буфер нь баруун гар талдаа цувраад зурагдчихсан л байсан. Өөр зүйл нээх анзаараагүй. Тэгээд энэ өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Ж.Мягмарцэвээн нь миний машиныг янзалж өгсөн. Миний хувьд ослын талаар мэдэх зүйл байхгүй, харин өчигдөр цагдаа дээр ирээд Ж.Мягмарцэвээнийг зам тээврийн осол хийгээд зугтаасныг мэдсэн”. /хх-ийн 37/ гэсэн,

гэрчээр Д.Туулын: …. “2016 оны 03 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна . Өдөр 16 цагаас 17 цагийн хооронд эмэгтэй хоёр найзтайгаа уулзаж улмаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг Модны хоёрт байх нэрийг нь анзаараагүй пабад бид 3 орж пиво уугаад юм яриад суусан. Тэгээд би Ж.Мягмарцэвээн рүү утсаар ярьж дуудаж ирүүлсэн. Тэр үед би яг хэдэн цагийн үед залгаснаа сайн мэдэхгүй байна, нилээн л орой болчихсон байсан. Тэгтэл манай 2 найз харьлаа гээд яваад өгсөн. Ингээд Ж.Мягмарцэвээний хамт юм ярьж сууж байгаад цуг пабаас гарсан. Тэр үедээ би  нилээн муудчихсан байсан. Тэгээд намайг Ж.Мягмарцэвээн нь машинаа бариад Гандангийн тэр хавьд буулгаад яваад өгсөн. Би пабад түүний хамт сууж байхдаа гаръя гэдгээ хэлж байснаа санаж байна. Тухайн үед би нилээн муудчихсан орж гараад байсан. Би энэ талаар мэдэж байгаа зүйл алга. Би л пиво уугаад байсан болохоос биш, Ж.Мягмарцэвээн архи, пиво уугаагүй./хх-ийн 39/ гэсэн,

Ашид билгүүн ХХК-ний СБД-61 дугаартай үнэлгээний тайлангаар: Тоёота Приус маркийн 76-44 УНИ улсын дугаартай автомашинд 709,000 төгрөгийн шууд, 887,000 төгрөгийн нийт хохирол тогтоогдсон гэх дүгнэлт /хх-ийн 43/

Шинжээч, цагдаагийн ахмад В.Балжиннямын 258 дугаартай дүгнэлт: .... 1. Хавтасд хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд Тоёото Приус маркийн 63-05 улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ж.Мягмарцэвээн нь МУ-ын ЗХД-ийн  7.17. “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”.

2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”;

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримт зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх- гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёото Приус маркийн 76-44 УНИ улсын дугаартай автомашины жолооч Х.Даваасүрэн нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. /хх-ийн 47/,

Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/,

автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/

Хохиролын баримт /хх-ийн 42, 9/

Хохирогч Х.Даваасүрэнд хохирол хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 93/

яллагдагчаар Ж.Мягмарцэвээний: .... “2016 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 1 цаг өнгөрч байхад Хаан банкны нэр дээр байдаг хар өнгийн Тоёота Приус 20 маркийн 63-05 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг модны 2-ын замд байх нэрийг нь анзаараагүй пабад нэг найзтайгаа уулзах гэж очсон. Тэгээд би Цэцэгээ гэх найзтайгаа уулзаж юм ярьж байгаад гэрлүүгээ харих хэрэг гараад пабаасаа Цэцэгээгийн хамт гарч би машиндаа хамт суусан. Ингээд би машинаа жолоодоод хойшоогоо ухарч байхдаа зогсоол дээр зогсож байсан цайвар өнгийн Тоёота Приус 20 маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй автомашиныг мөргөх шиг болсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад харсан чинь тухайн машины урд буферийн зүүн булан хэсэгт хонхойсон байсан. Өөр зүйл анзаараагүй ба эргэж машиндаа суугаад замдаа Цэцэгээг буулгаад харьсан. Би эрүүл машин жолоодож явсан. Миний унаж явсан машины баруун гар талын хойд буфер хэсэгт зурагдаж хагарсан, баруун хойд гэрэл бага зэрэг хагарсан байсан. Өөр эвдрэлгүй. Тэр үедээ би сандарчихсан айгаад яваад өгсөн. Машиныхаа баруун хойд хэсгээр тухайн машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. /хх-ийн 58/ гэсэн мэдүүлэгүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Тээврийн прокурорын газраас Ж.Мягмарцэвээнд холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэрэгт шалгагдвал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул

Сайхан  овогт Жаргалсайханы Мягмарцэвээнийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Мягмарцэвээнд ял оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохиролыг сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хавтаст хэргийн 93 дугаар талд иргэний нэхэмжлэгч Х.Даваасүрэн ...” миний бие Мягмарцэвээнээс машины хохиролын мөнгө болох 922000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид миний зүгээс гомдол саналгүй” гэсэн бичгийн хүсэлтийг нотариатчаар баталгаажуулж хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгч Ж.Мягмарцэвээнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

                

1.Сайхан овогт Жаргалсайханы Мягмарцэвээнийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ж.Мягмарцэвээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 /нэг/ жил  хорих ял шийтгэсүгэй.

 

3.Ж.Мягмарцэвээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ж.Мягмарцэвээн цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, иргэний нэхэмжлэгч нэхэмлэхгүй зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6.Ж.Мягмарцэвээнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд даалгасугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Мягмарцэвээнд авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

       

 

                             

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ