Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 691

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “С” ХХК /РД: /

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э

Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-ын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч “С” ХХК-ийн захирал О.М шүүхэд гаргасан гомдолдоо: “... Манай компанид холбогдох Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э-ын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулж албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

            Учир нь манай компани 2018 оны 4 дүгээр улирлаас эхлэн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Вьетнам болон Тайланд улсаас цагаан будаа, Малайз, Оросын холбооны улсаас ургамлын тос импортолж Монгол Улсын ард иргэдээ чанартай хямд хүнсний бүтээгдэхүүнээр ханган эхэлсэн.

            Энэ маргааны хувьд үйлдвэрлэгч буюу экспортлогч байгууллага нь өөрийн цагаан будаанд “S ” нэрийн сонголтыг хийж, бүтээгдэхүүнээ савлан ирүүлсэн.

            Гэтэл манай бараа дөнгөж зах зээлд нэвтэрч эхлэх тэр үед барааны тэмдэгтийн нэрийг өөр аж ахуйн нэгж авсан талаар мэдсэн.

            Улмаар уг асуудлыг бизнес эрхэлж аж ахуйн нэгж хоорондын ойлголцолд хүрч тус компаниас тодорхой хугацаанд нэрийг ашиглаж, бүтээгдэхүүнээ борлуулж дуусгах зөвшилцөлд хүрсэн.

            Шийтгэлийн хуудаст дурдсанаар бусад компаниас ямар нэг гомдол санал байхгүй барааны тэмдэг эзэмшигч эрх зөрчигдсөн зүйлгүй, хэрэглэгчийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй атал бизнесээ шинээр эхлүүлж буй компанийг Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э өөрийн санаачлагаар торгож байгаад үнэхээр гомдолтой байна.

            Төрийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай үйлчилгээг нийтэд хүргэх, таниулах, сурталчлах үүрэгтэй.

            Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэхийн оронд бизнес шинээр эхэлж байгаа жижиг аж ахуйн нэгжид торгууль шийтгэл ногдуулж төрийн албан тушаалыг эрх, үүргээ хэрэгжүүлж байгаад гомдолтой байна.

            Тэрээр захиргааны актыг гаргахаас өмнө уг актыг гаргах нөхцөл, бүрдэл үүссэн эсэхийг шалгаагүй.

            Тус шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь заалт, “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл ногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, ногдуулах шийтгэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хувиарласан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасныг зөрчсөн буюу хууль ёсны бус захиргааны акт юм.

            Өөрөөр хэлбэл ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй буюу барааны тэмдэгтийн нэр эзэмшигч маргаан үүсгэхгүй зөвшөөрсөөр байхад бусдын барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж шийтгэл ногдуулсан нь бизнес эрхлэгч, татвар төлөгч аж ахуйн нэгжийг боомилж буй үйлдэл.

            Мөн шийтгэлийн хуудсыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд надад огт гардуулж өгөөгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, шийтгэлийн хуудас гарсан талаар О.М миний бие 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан.

            Харин хариуцагч өөрийн гаргасан актаа мэдэгдэх, гардуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

            Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн авч, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э-ын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Ч.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... “М э ” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн анхдагч огноотой “S ” барааны тэмдгийг олон улсын бараа үйлчилгээний 30 дугаар ангиллаар эрхийн хамгаалалтыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хийлгэсэн. “М э ” ХХК нь уг барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй өөрийн бараа бүтээгдэхүүн дээр байршуулан ашиглаж байгаа “С” ХХК-д холбогдуулан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5-д заасан бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д барааны тэмдгийг бараа түүний сав баглаа боодол ... ашигласан бол гэсэн заалтыг үндэслэж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл ногдуулсан.

            “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ү мэдүүлэг болон гомдолд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүссэн “С”ХХК-ийн захирал О.М зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг 1902000163 дугаартай зөрчлийн  хэрэгт авагдсан.

            Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “С” ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-т холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-ын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-ын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар: “С” ХХК нь “М” ХХК-ийн “S ” нэртэй барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр нийт 3,000,000 төгрөгийг төлүүлэх шийтгэл ногдуулжээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 12.3.4-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно” 13.1.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол”, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, “М” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А-05-19/215 тоот албан бичгээр гаргасан 40-0016869 тоот гэрчилгээ бүхий S барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүний сав баглаанд ашигласан гэх гомдлын дагуу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай зөрчлийн  хэрэг нээх тухай тогтоолыг үйлдэж, 1902000163 дугаарыг хяналтын прокурор Б.Г олгосон байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 тоот тушаалаар “М э ” ХХК-д S барааны тэмдэгтийг эзэмших эрхийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 жилийн хугацаатайгаар олгосон байх бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн 40-0016869 дугаартай гэрчилгээг олгожээ.

Түүнчлэн холбогдогч О.М нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “бусдын барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд S барааны тэмдэгтийг ашигласан хүнсний бүтээгдэхүүнийг хэд хэдэн дэлгүүрүүдэд худалдан борлуулж байсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Гомдол гаргагч “С”ХХК нь  барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн болох нь нотлогдож байх бөгөөд гомдол гаргагчийн “... шийтгэлийн хуудсыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд надад огт гардуулж өгөөгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, шийтгэлийн хуудас гарсан талаар мэдэгдээгүй. ...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь Оюуны өмчийн газрын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4/322 тоот албан бичгээр “С” ХХК-ийн захирал О.М-д ******* тоот шийтгэлийн хуудсыг хүргүүлжээ.

Мөн шүүх хуралдаанд гомдол гаргагчийн өмгөөлөгч манай компани “М” ХХК-тай харилцан тохиролцож, 5 дугаар сарын 1-ний дотор тараагдсан будаагаа татан авалт хийх гэж байхад 4 дүгээр сарын 25-ны өдөр шийтгэл ногуулсан нь үндэслэлгүй” гэж маргаж байгаа боловч хариуцагчийн “зөрчилтэй барааг татан авснаар зөрчил зогсох биш нэгэнт гомдолд дурьдагдсан зөрчил үйлдэгдсэн бол шийтгэлийн арга хэмжээ авагдах нь зүй ёсны хэрэг, харин бараагаа татан авахыг сануулсан нь гомдол гаргагчаас эдний компанид олгосон боломж гэж үзэж байгаа” гэх тайлбарыг шүүх хүлээж авах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-ын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан, хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “С”ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-т холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “С”ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-т холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-ын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА