Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0042

 

"Д б" ХХК, "Г т" ХХК,

"М э д" ХХК, "Н ви" ХХК-уудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 827 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Д б" ХХК, "Г т" ХХК, "М э д" ХХК, "Н ви" ХХК-уудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.4, 10.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1.14,11.1.15, 11.1.16, 11.1.19, 18, 19 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ""Д б"" ХХК, Турил трейд" ХХК, ""М э д"" ХХК, ""Н ви"" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд байхгүй үндэслэлээр хязгаарлаж, хуульд байхгүй үүрэг бий болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгохдоо Аж ахуйн нэгж байгууллагаар VPN төхөөрөмжийн үнэ гэж 280000 төгрөгийг "Акэнсэ айти суппорт" ХХК-ийн дансанд төлүүлж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авсан боловч хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/7016, 6/7017, 6/7018, 6/7019 дугаар шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нэхэмжлэгч ""Д б"" ХХК, Турил трейд" ХХК, ""М э д"" ХХК, ""Н ви"" ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж, уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Би давж заалдах гомдолдоо: "М э д" ХХК, "Д б" ХХК, "Г т" ХХК, "Н ви" ХХК-иудын нэхэмжлэлтэй Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 827 тоот шийдвэрийг доорхи үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд байхгүй үндэслэлээр хязгаарлаж, хуульд байхгүй үүрэг бий болгосон Ашигт малтмалын газрын Кадасрын хэлтсийн үйлдлийг илт хууль бус болохыг тоггоолгох шаардлагын хүрээнд Засгийн газраас даалгасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.1, 10.1.3, 10.1.10, 11.1.14, 11.1.15, 11.1.16, 11.1 19-д заасан заалтуудыг зөрчөөгүй байна гэжээ.

Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, түүнийг хүлээн авах хэрхэн шийдвэрлэх талаар хуульд өөрт нь журам тогтоож өгсөн. Уг хуульд цахимаар дугаар олгох үүний дараа хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй болох талаар ямар ч зохицуулалт байхгүй.

Ашигт малтмалын газраас авч хэрэгжүүлсэн цахим дугаар авах, дараа нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргах гэдэг шийдвэр бол хэм хэмжээ тогтоосон захиргааны акт. Өөрөөр хэлбэл Монгол улс даяар хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахаар төлөвлөсөн аж ахуйн нэгж бүр энэ шийдвэрийг дагахаас өөр арга байхгүй.

Энэхүү шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх; 60.1.2 тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх; 60.1.3 хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тоггоохгүй байх; гэсэн заалтуудыг зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуультай нийцэхгүй байгаа юм. Гэтэл шүүх төрийн захиргааны байгууллагын энэхүү хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг Засгийн газраас даалгасан ажлыг зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй байнаа гэж дүгнэсэн.

Ашигт малтмалын хуулиар маш нарийн зохицуулсан харилцааг хуулийг хэрэгжүүлэх ёстой захиргааны байгууллага нь хуульд нийцээгүй журам тогтоон иргэд аж ахуйн нэгжийн өргөдөл гаргах эрхийг хязгаарлаж байгаа үйлдлийг шүүх зөв байна гэж дүгнээд байвал бидэнд ер нь Захиргааны еренхий хууль бусад нарийвчилсан зохицуулалт бүхий хууль байх хэрэг ч алга.

Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2-т "энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах бүрэн эрхийг Уул уурхайн яаманд олгосон боловч хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгох харилцааг зохицуулсан журам гаргах эрхийг хуулиар олгоогүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 11.2 дахь заалтын дагуу "кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-д заасан асуудлыг эрхэлнэ" гэж заасан. Эдгээр заалт дотор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх харилцааг зохицуулах журам гаргах эрхийг мөн олгоогүй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэрхэн шийдвэрлэх харилцааг Уул уурхайн яам, АМГын Кадастрын хэлтсээс журам тушаал гаргаж зохицуулах эрхийг хуулиар олгоогүй бөгөөд зөвхөн Ашигт малтмалын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл гомдолыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд өөрт нь өргөдөл хянан шийдвэрлэх харилцааг зохицуулсан журам нь байдаг.

Ашигт малтмалын тухай хуульд өргөдөл гаргахад цахимаар дугаар авах ямар нэг зохицуулалт байхгүй байхад ийнхүү журам болон хуулийн зохицуулалтгүйгээр цахимаар дугаар ав дараа нь өргөдөл гарга гэж шаардах нь өөрөө хууль бус шаардлага юм.

Шүүх засгийн газраас ирүүлсэн "хуралдааны тэмдэглэл" гэх баримтуудыг Засгийн газрын шийдвэр гэж үнэлсэн. Юуны өмнө Засгийн газрын тэмдэглэл гэж ямар эрх зүйн акт вэ ямар эрх зүйн үр дагавар үүсгэдэг вэ гэдэг дээр холбогдох хуулийн заалтуудыг судлан үзье.

"Үндсэн хуулийн 45.1 Засгийн газар хуулъ тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.

-Засгийн газрын тухай хуулийн 7. 2. Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана.

-ЗГ-ийн тухай хуулийн 30.1 Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаа чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана."

Дээрх Засгийн газрын үйл ажиллагааны үндсийг зохицуулсан хуулиудаас "хуралдааны тэмдэглэл нь Засгийн газрын шийдвэр гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл зөвхөн тогтоол, эсхүл захирамж гарч байж энэ нь Засгийн газрын албан ёсны шийдвэр болохоор хуульчилжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газар ямар бүрэн эрх эдлэх вэ гэдгийг мөн нарийвчлан зохицуулж өгсен. Энэ заалтад Ашигт малтмалын газарт хуулиар олгоогүй эрхийг эдлүүлэх чиглэлийг хуралдааны тэмдэглэлээр өгнө гэсэн бүрэн эрх лав алга.

Хамгийн гол нь Ашигт малтмалын газарт өргөдөл хянан шийдвэрлэх журмыг хуульд зааснаас өөрөөр журамлах эрх хуулиар олгогдсон уу гэдэг дээр шүүх анхаарлаа хандуулахыг хүсье.

2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгохдоо Аж ахуйн нэгж байгууллагаар VPN төхөөрөмжийн үнэ гэж 280000 төгрөгийг Акэнсэ айти суппорт ХХК-ийн дансанд төлүүлж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах шаардлагын хүрээнд мөн л Засгийн газраас даалгасны дагуу хариуцагчийн Акэнсэ айти суппорт ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан нъ хууль зөрчөөгүй байна гэжээ.

Цахим дугаар авахад 280000 төгрөгөөр VPN төхөөрөмж заавал авсан байхыг шаарддаг. Гэтэл энэ 280000 төгрөгийг иргэдээс ав гэдэг шийдвэрийг Засгийн газар, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын аль нь ч ийм шийдвэр гаргаагүй атлаа иргэдээр төлүүлж байгаа нь илт хууль бус үйл ажиллагаа юм.

Төрөөс ямар нэг албан ёсны шийдвэр гаргаагүй байхад иргэд аж ахуйн нэгж байгууллагаар хэн нэгэн хувийн компанийн дансанд мөнгө төлүүлж болно гэдэг хууль байдаг л бололтой юм.

3. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах шаардлыг хүрээнд Ашигт малтмалын тхуай хуулийн 10.1.4 дэх заалтыг баримтлан тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй байна гэжээ.

Уул уурхайн сайдын 15 тоот тушаалын хавсралт нь 3 төрлийн үйлчилгээнээс төлбөр авахаар зохицуулсан байдаг.

1. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох /14 хоног нэвтрэх эрх/ 500000Т

2. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох /60 хоног нэвтрэх эрх/ 2000000Т

3. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох 3000000Т

Эдгээр 3 төрлийн үйлчилгээний хөлсний хэмжээг Уул уурхайн сайд тогтоох эрх хуулиар олгогдсон байна уу гэдгийг шалгая.

Ашигт малтмаын тухай хуулийн 10.1.4-д

1. Тусгай зөвшөөрөл авах,

2. Тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгах,

3. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх,

4. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх,

5. Хилийн маргааныг шийдвэрлүүлэх,

6. Хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах гэсэн 6 төрлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох л эрх Уул уурхайн сайдад олгогдсон байна.

Тэгвэя 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалын хавсарлтад заасан "өргөдлийн дугаарыг цахимаар олгох" гэсэн 2 үйлчилгээнд Уул уурхайн сайд тушаал гарган үйлчилгээний хөлс авах эрх олгогдоогүй нь хэн бүхэнд ойлгомжтой харагдаж байна.

Тушаалын хавсралтад заасан 3 дахь үйлчилгээ буюу Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгоход үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрх байна уу гэдгийг шалгая.

Өнгөц харахад Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.4-д заасан "Тусгай зевшөөрөл авах" гэсэн үйлчилгээнд хамаарч байгаа мэт боловч хайгуулын тусгай зөвшөөрөл авах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулсан байна.

Уг хуулийн 25.1.5 ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд дор дурдсан хэмжээгээр: ...

Дээрх хуулийн зохицуулалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.4-д заасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх үйлчилгээнд авах хураамжийг хуульчилж өгсөн.

Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 250000 төгрөг авч хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 19.6-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ." заасан шийдвэрийг гаргана.

Өргөдлийг хянан үзэж байгаа процесс нь Аймаг, нийслэлийн засаг дарга зөвшөөрсөн хариу өгсөн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж өргөдөл гаргасан этгээдзд мэдэгдсэнээр өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болно.

Өөрөөр хэлбэл 250000 төгрөгийн хураамж авсан өргөдөл хянан үзэх ажиллагаа ямар нэг шийдвэр гаргасанаар дуусгавар болох учиртай.

Үйлчилгээний хөлс гэдэг бол төрийн байгууллагын үйлчилгээ үзүүлсний хөлс байх учиртай.

Тэгвэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад орон нутгийн Засаг даргаас санал аваад өргөдөл гаргагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсний дараа төр ямар үйлчилгээ үзүүлсэн гэж 3000000 төгрөг аваад байна вэ?

Тусгай зөвшөөрөл гэсэн үнэт цаасыг хэвлээд гардуулж өгсөний төлөө аваад байна уу? Бидний ойлгож байгаагаар энд хөлс аваад байх төрийн үйлчилгээ байхгүй гэж үзэж байна.

Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн бусад тусгай зөвшөөрөл олгож байгаа заалтуудыг харьцуулаад үзэхэд "тусгай зөвшөөрөл олгоход .... тэдэн төгрөг" гээд өргөдөл хянах үйлчилгээний хөлс нь тусгай зөвшөөрөл олгох гэдэг үйлчилгээндээ ороод авдаг жишиг байна. Жишээ нь 17.1.1 банк байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 480000 -1200000 төгрөг;

Банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн этгээдийн өргөдлийг Монгол банк хянан үзээд холбогдох бүх шалгалтыг хийнэ. Үүнд дүрмийн сангийн хэмжээ хүрч байгаа эсэх, түүнийг бүрдүүлж буй мөнгөн хөрөнгийн эх үүсвэр хуулийн дагуу бүрдсэн эсэх, үүсгэн байгуулагч нарын хөрөнгө, өөрийн хөрөнгө, аливаа мөнгө угаах гэмт хэрэгтэй холбооой эсэх гэх мэт олон нөхцөл байдлыг тодруулсны дүнд өргөдлийг хянан шийдвэрлэж тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Энд өргөдлийг хянан шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл олгох гэдэг нь салгаж болохгүй нэг төрийн үйлчилгээ гэдэг харагдаж байна.

Харин тусгай зөвшөөрөл олгох гэдгийг 2 салгаад өргөдлийг хянан үзсэний төлөө мөн тусгай зөвшөөрөл олгоход гэсэн давхар үйлчилгээний хөлс авдаг хувилбар ерөөсөө алга.

Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдах үед 10.1.4 дэх заалт хуульд байсан. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль гарахдаа мэдэгдэж байгаа бүх үйлчилгээнд тэмдэгтийн хураамжийг хуульчилсан байх тул Уул уурхайн сайд тушаал гаргаж нэмэлт үйлчилгээний хөлс иргэдээс төвлөрүүлэх нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр юм.

4. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авсан боловч хуульд заагдаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/7016, 6/7017, 6/7018, 6/7019 тоот шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч 4 компани Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас хэрэгжүүлсэн цахим бүртгэлийн үйл ажиллагааг хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлээгүй гэж үзсэн нь эрх бүхий төрийн захиргааны байгууллагын шийдвэртэй нийцээгүй байна гэжээ.

Шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг бид ер ойлгосонгүй. Угтаа бид төрийн эрх бүхий байгууллагууд хууль зөрчсөн шийдвэр, захиргааны акт гаргаад байна хянаад өгөөч гэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж байхад шүүх маань харин өөдөөс та нарын энэ үзэл бодол төрийн эрх бүхий байгууллагын шийдвэртэй нийцэхгүй байнаа гээд сууж байгаа нь үнэхээр гайхалтай ядаж хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлтээ бичиж болоогүй юм байхдаа. Ноёдын шийдвэр бол тэнгэрийн хууль гэж байгаа мэт л дүгнэлт хийсэн нь ер нь захиргааны шүүх гэдэг тогтолцоо Монгол Улсад байна уу үгүй юу гэдэгт үнэхээр эргэлзээ төрж байна.

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс цахимаар дугаар аваагүй нөхцөлд өргөдөл хүлээн авахгүй гэсэн тул бид хуульд заасан журмын дагуу баталгаат шуудангаар өргөдлөө гаргасан болно.

Ашигт малтмалын газар бол төрийн байгууллага. Төрийн байгууллагад иргэд байгууллага өргөдөл гаргах харилцааг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл гомдолыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулсан байх бөгөөд уг хуулийн 7 дугаар зүйл. Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэг

1.Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах;

2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах,

3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;

12.3. "Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн aвч, дарааллын дагуу бүртгэнэ" гэж заасан. Шуудангаар хүргүүлж байгаа өргөдөл бол бичгээр гаргаж буй өргөдөл мөн бөгөөд үүнийг заавал хүлээн авч дарааллын дагуу бүртгэх үүрэг нь АМГ-ын бичиг хэргийн ажилтанд байхаар хуульчилжээ.

Нэгэнт бичгээр гаргасан өргөдөл шуудангаар хүргэгдэн ирсэн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн "19.1 Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна 19.1.1.өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт буртгэлийн он, cap, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тзмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;

19.1.2.тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэгдсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх;

19.1.3.бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2,18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх;

19.1.4- энэ хуулийн 19.1.3-д заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох." гэж заасан нь өргөдлийг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс хянан шийдвэрлэх үүрэгтэйг хуульчилсан байна. Гэтэл хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 19.1-д заасан ажиллагааг явуулаагүй хариу өгсөн нь илт хууль бус шийдвэр юм.

Харин шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 18 болон 19 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам, өргөдлийг бүртгэх хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан зохицуулсан тул нэхэмжлэгч Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг баримтлан тайлбар хийх нь буруу гэж шийдвэртээ дүгнэсэн. Шүүх нэг бол Ашигт малтмалын хуулийн 18 болон 19 дүгээр зүйлийг жигтэйхэн сайн ойлгоод хуульд өөрт нь өргөдөл хянан шийдвэрлэх журам нь байгаа тул өөр хуулийг ч баримтлах ёсгүй гагцхүү АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлийг баримтлана гэж дүгнэх атлаа яг Ашигт малтмалын хуулийн 18, 19-д хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрэх журам нь хуульд өөрт нь байнаа төрийн захиргааны байгууллага шинээр журам гаргаж цахим дугаар авсаны дараа өргөдөл гарга гэж шаардах ёсгүй гэж нэхэмжлэгчийг хэлэхээр үгүй ээ төрийн захиргааны байгууллага хуулийн биелэлтийг хангахын тулд журам гаргах эрхтэй гээд логик зөрчилтэй дүгнэлт хийгээд байгааг давж заалдах шатны шүүх анхааралдаа авна уу.

5. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч "Д б" ХХК, "Г т" ХХК, "М э д" ХХК, "Н ви" ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан шийдвэрийг гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын хүрээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт танжцуулж зохион байгуулалттай олгож байгаа ажлыг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулиар өргөдлийг хүлээн авсан тохиолдолд 19.1-д заасан ажиллагааг явуулж Ашигт малтмалын газар хуульд заасан 4 шийдвэрийн аль нэгийг л гаргах ёстой.

19.2.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;

19.2.2.хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-д заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх;

19.2.3.хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;

19.2.4.хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчин өргөдлийг хүлээн авсан боловч хуульд байхгүй үндэслэлээр өргөдлүүдийг хянан шийдвэрлэхгүй байгаа нь хууль зөрчсөн эс үйлдэхүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 827 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч "Д б" ХХК, "М э д" ХХК, "Н ви" ХХК, "Г т" ХХК-уудаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхийг хуульд байхгүй үндэслэлээр хязгаарласан, дугаарыг цахимаар олгохдоо төхөөрөмжийн үнэ гэж 280.000 төгрөгийг компанийн дансанд төлүүлж байгаа нь хууль бус, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хуульд заагдаагүй үндэслэлээр хянан шийдвэрлэхээс татгалзсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын газарт шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газрын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6/6245, 6/6246, 6/6247, 6/6248 дугаар албан бичгүүд, мөн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/7016, 6/7017, 6/7018, 6/7019 дүгээр албан бичгүүдээр өргөдлийг шуудангаар бус биечлэн гаргана, нутаг дэвсгэрийн 104 дүгээр градусын зүүн хагаст өргөдөл хүлээн авах боломжгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаарыг цахимаар олгож байгаа талаар болон системд хэрхэн нэвтрэх талаарх зааварчилгааг хүргүүлсэн талаар тус тус тухай бүрт хариу өгсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд ашигт малтмалын асуудлаарх Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 9.1.11 дэх хэсэгт геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх гэж заасны дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол гарч, уг тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох боломжтой талбайн солбицлыг баталжээ.

Тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Уул, уурхайн сайдаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газарт санал хүргүүлснээр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтөй, эмх цэгцтэй олгох бодлогын хүрээнд нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тухайн зөвшөөрсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрээр хүлээн авах талаар нийтэд мэдээллэсэн, тус газрын цахим хуудсанд байршуулсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан байна.

Улмаар Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч шийдвэрлэх ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцэж, 104 дүгээр уртрагийн зүүн талд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг мөн цахим хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж, түүнд шаардлагатай асуудлыг шийдвэрлэж, хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад даалгаснаар 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цахим дугаар олгож, өргөдөл хүлээн авч эхэлжээ.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд төрийн захиргааны төв байгууллага болох Уул уурхайн яам Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.10 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас даалгасны дагуу тогтоосон солбицлын талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахим хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулсан, харин геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар, түүний хэлтэс нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16, 11.1.25, 11.2 дахь хэсэгт заасан чиг үүргүүдийн хүрээнд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлснийг хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон хуульд нийцээгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй бөгөөд хуульд нийцээгүй журам тогтоож, өргөдөл гаргах эрхийг хязгаарласан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй биш байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах ажиллагааг шинээр цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн мэдээллийг хамгаалах, тэдгээрийн дугаар авах програм хангамжийн системын нэвтрэх эрхийг доголдуулахгүй байх, цахим сүлжээнд халдлага гарах эрсдлээс сэргийлэх, сүлжээн дэх ажиллагааг хэвийн байлгах зорилгоор програм хангамж эрхлэн гүйцэтгэдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, VPN тусгай төхөөрөмж ашиглаж, уг төхөөрөмжийг ашиглах аж ахуйн нэгж нийлүүлсэн аж ахуйн нэгжид үнийг нь шилжүүлж байгааг буруутгах боломжгүй бөгөөд тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахыг хүссэн аж ахуйн нэгжийн өөрийнх нь цахим сүлжээн дэх мэдээллийг хамгаалахаар зориулагдсан байх тул уг төхөөрөмжийн үнийг нь худалдаж авсан аж ахуйн нэгжээр нь төлүүлж байгааг хууль бус үйлдэл гэж үзэх боломжгүй байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоосон Уул уурхайн сайдын 2015 оны 15 дугаар тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл авах ... үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох гэж заасан эрх хэмжээний хүрээнд гарсан, 3 төрлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоосон байх бөгөөд энэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн өргөдлийг хянан үзэх төлбөрийг тогтоосон улсын тэмдэгтийн хураамжаас өөр үйлчилгээний хураамж байна. Тодруулбал, дээрх 15 дугаар тушаалаар тогтоосон хөлс нь өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох нэвтрэх эрх, тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээнд зориулагдсан байх тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар нэмэлт үйлчилгээний хөлс авсан, үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох эрх хэмжээгүй гэж үзэхээргүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудад өгсөн чиглэлийн дагуу хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хуульд нийцээгүй гэж дүгнэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах гомдолд дурдсанаар үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

Хариуцагч өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг нэгдсэн журмаар цахим хэлбэрт оруулж, улмаар нийтэд мэдээллэсний үндсэн дээр цахимаар өргөдлийн дугаарыг олгох болсонтой холбогдуулан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар аваагүй нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгснийг илт хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр авахаар шийдвэрлэж, нийтэд мэдээллэсний дагуу эрх бүхий этгээдийн бодлого чиглэлийн дагуу хэргэжүүлсэн хариуцагч байгууллагын үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул цахим дугаар аваагүй өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн өргөдөл гаргах эрхийг хязгаарлаагүй, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хянаад гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ