Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга: Б. Цэрэнбат       

          Улсын яллагч Б.Оргилболд

          Хохирогч Б.С

          Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 2122000000143 тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, ....... боловсролтой,  ......, ам бүл ...., ......... хамт Дундговь аймгийн ..........оршин суух, ........., ..... овогт Г.Д гэв.

 

          Шүүгдэгч Г.Д нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 7-7 тоотод иргэн Б.С-г гар утас авсан гэж хардан агсам тавих явцдаа гар руу нь өшиглөж түүний эрүүл мэндэд зүүн  бугалгын доод булууны зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 09 сарын 08-ны өглөө 08 цагт Ц.Ц-нд очсон. Ц.Ц ах зүүн орон дээрээ буруу хараад хэвтэж байсан. Охин Ц.Ш, Б.С 2 боссон байсан. Би охинтой нь дэлгүүр орж 0,33 литрийн архи авч Ц ахынд хувааж уугаад гэртээ харьсан. Гэртээ харьтал утас байхгүй байхаар нь Ц ахынд орхисон юм болов уу гэж бодоод очтол Б.С ах Ц.Ш 2 өвөртөө унтаж байхаар нь буцаад гэртээ харьсан. Тэгээд эхнэр очъё гээд буцаад Ц ахынд очтол бүгдээрээ боссон байсан. Би эхнэртэйгээ очоод Ц.Ш-ийг алгадаад, Б.С ахыг өшиглөөд гарсан. Тэгээд би хөдөө явсан, хэд хоногийн дараа Б.С ах гар эвгүй болсон байна гээд цагдаад өгсөн байсан. Өмнө нь бас утсаа тэднийд очоод алдаж байсан. Би Б.С ахыг гар утас авсан гэж бодоод уурандаа өшиглөсөн” гэв.        

          Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 09 сарын 07-ны өдөр Г.Д орж ирээд Ц.Ш-тэй дэлгүүр орж 0,33 литрийн архи авчраад хувааж уусан. Маргааш нь 10 цагийн үед эхнэртэйгээ орж ирээд “утас алга болчихлоо, та нар авсан” гээд Ц.Ш-ийн нүд рүү нэг цохиод, над дээр ирж нүүр рүү нэг цохиод, тохой руу өшиглөчхөөд гараад явсан. Би үлдсэн баримтынхаа мөнгийг олж авмаар байна. Надад 1.000.000 төгрөг өгнө гээд надаар гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулсан. Тэрийгээ авчихвал гомдолгүй” гэв.  

          Гэрч Ц.Цийн “2021 оны 09 сарын 06-ны өдөр манай гэрт хөдөөнөөс Б.С ирсэн. 2021 оны 09 сарын 07-ны өдөр үдээс хойш Г.Д манай гэрт ганцаараа хараа нэртэй архи авч ирээд Б.С бид гурав хувааж уусан. Тэгээд Г.Д архи ууж дуусаад гараад явсан.  Тэр өдөр дахиж манайд ирээгүй.  Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө Г.Д нэлээн согтуу байдалтай манай гэрт эхнэр болох С.Ц гэх хүүхний амт орж ирээд “би танайд утсаа үлдээсэн байна” гээд манай охиныг авсан гэж гүтгээд хэл амаар доромжилж байгаад баруун орон  дээр хэвтэж байсан Б.С-гийн  зүүн гарын тохой руу өшиглөчхөөд гэрээс гараад явсан.  Тэгээд Б.С гар өвдөөд байна гээд хар цайгаар шавшиж боосон. Тэгээд маргааш нь Б.С Өлзийт сум руу гэр рүүгээ явлаа гээд явсан. Г.Д манай хүүгийн эхнэрийн төрсөн ах, харин  С манай нутгийн дүү, хамаатан төрөл садны холбоо байхгүй. Б.С-гийн биед нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Гар нь зүв зүгээр байсан. Г.Д Б.Сг хэвтэж байсан чинь гэнэт гар руу нь өшиглөсөн. Б.С-гийн гар нь өвдөөд байна гээд 2-3 хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн чинь тохойны яс нь хугарсан байсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

          Гэрч Ц.Ш-ийн: 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.С гуай хөдөөнөөс манай гэрт ирсэн.  2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Г.Д манай гэрт нэг шил архитай ирээд аав, Б.С ах хоёртой хамт хувааж уучхаад яваад өгсөн. Тэр өдөр дахиж манай гэрт ирээгүй. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед Г.Д эхнэр буюу С.Ц-тай манай гэрт ирээд “миний утас хаана байна” гээд агсан тавиад байсан. Тэгснээ баруун орон дээр хэвтэж байсан Б.С гуайн гар руу нь өшиглөчхөөд “муу сайн п..нуудыг ална шүү” гээд хашхирч байгаад эхнэртэйгээ хамт яваад өгсөн. Б.С-гийн биед өмнө нь гэмтэл, шарх байгаагүй. Б.С гуайг орон дээр хэвтэж байхад нь Г.Д ах гар руу нь өшиглөчхөөд “ална шүү п...даа” гэж орилоод яваад өгсөн. Б.С ах Г.Д руу хариу үйлдэл үзүүлээгүй, хэвтэж байсан. Г.Д утсаа алга болгосон гээд зодсон гэж бодож байна. Манайд ирэхдээ гар утастай ирсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ огт утсаа оролдож, гаргаж, хүнтэй яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

          Гэрч С.Ц-гийн: 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө манай нөхөр Ц.Ц ахын гэрт нь очоод ирье гээд явсан. Тэгээд би нялх хүүхэдтэй болохоор гэртээ үлдсэн.  Тэгээд удалгүй 10 цагийн үед манай нөхөр “миний утас алга болчихлоо” гээд байхаар нь би хамт Ц.Ц ахын гэрт нь очсон. Ц.Ц ахын гэрт нь Б.С гуай, Ц.Ц-ийн охин нь буюу Ц.Ш нар байсан. Би тэр хүмүүсийг архи уусан үгүйг нь мэдэхгүй байна.  Тэгээд би нөхрөө явъя “чи дандаа архи ууж байдаг” гээд түрүүлээд Ц.Ц-ийн гэрээс нь гарсан. Удалгүй манай нөхөр гарч ирээд гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш буюу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр хөдөө явсан. Түүнээс хойш хэд хоногийн  дараа Б.С-гийн охин нь манай нөхөр рүү залгаад “6 сая төгрөг өгөөд тохиролцъё гэсэн, түүний дараа бас 1 сая төгрөг өгчих” гээд байсан. Манай нөхөр уух нь уусан байсан, гэхдээ их согтуу биш байсан. Би яг ямар гэмтэл учруулсныг мэдэхгүй.  Манай нөхөр өөрөө Б.С гэдэг хүний гар руу өшиглөсөн гэж хэлсэн. Манай нөхрийн гар утас нь алга болсон  учраас уурлаж уцаарласан. Гэрээсээ гарахдаа утастайгаа байсан. Яг Ц.Ц ахын гэрт нь хаясан  уу өөр газар хаясан уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Гар утсаа л лав олоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

          Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 197 дугаартай “... Б.С-гийн биед зүүн бугалгын доод булууны зөрүүтэй хугарал, баруун хацарт нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.С-гийн биед учирсан зүүн бугалгын доод булууны зөрүүтэй хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, баруун хацарт үүссэн нөсөө гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ 

 

          Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б.С нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 7-7 тоотод бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас Б.С-гийн эрүүл мэндэд зүүн бугалгын доод булууны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

          Хохирогч Б.С-гийн эрүүл мэндэд учирсан “зүүн бугалгын доод булууны зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг шүүгдэгч Г.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 7-7 тоотод байх Г.Цоггэрэлийн гэрт “гар утас авсан” гэх шалтгаанаар хөлөөрөө өшиглөж учруулсан болох нь гэрч Г.Ц, Ц.Ш, хохирогч Б.С нарын мэдүүлгээр нотлогдож байна.

          Шүүгдэгч Г.Д нь хохирогч Б.С-г гар утас авсан гэх шалтгаанаар өшиглөж хүндэвтэр гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэргийн шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Шүүгдэгч Г.Д нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  551 дүгээр зүйлийн  551 1-т заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, биечлэн 4 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний 90 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон,

          Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн  11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 676.400 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Хохирогч нь шүүгдэгчээс нийт 991850 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 676.400 төгрөгийг төлсөн, 315450 төгрөгийг төлөөгүй байна.

          Гэвч шүүгдэгч нь шүүх хурлын дараа хохирогчид цаашид гарах эмчилгээний зардалд нь зориулан 1.000.000 төгрөгийг төлөхөө бичгээр илэрхийлжээ.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...холбогдон гарсан...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул  шүүгдэгчээс 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

                       

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч ..... овогт Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нь 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч Г.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 676.400 /зургаан зуун далан зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-аас эмчилгээний зардал 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Б.Сумьяад олгосугай.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХБАТ