Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын  яллагч Б.Оргилболд

          Шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Б-т холбогдох эрүүгийн 2122001770138 тоот  хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ....... боловсролтой, ....... мэргэжилтэй, ам бүл ..., .......хамт Дундговь аймгийн ........ оршин суух, ............., ........, ........ овогт Я.Б гэв.

 

Шүүгдэгч Я.Б нь /яллах дүгнэлтэд дурдснаар/ Адаацаг сумын 2 дугаар багийн иргэн  Б.Д-ын өөрт нь итгэмжлэн өгсөн мобайл банкны кодыг ашиглан түүний Хаан банкны 54511339** дугаарын данснаас 2021 оны 07 дугаар сарын 22-27-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр нийт 960,000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.

 

Шүүгдэгч Я.Б 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би хяналтын прокурорын 2021.11.15-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан эрүүгийн 2122001770138 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрч байна. Санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 84/

           

Хохирогч Б.Д-ын 2021.09.01-ний өдөр өгсөн “2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Адаацаг суманд манай нөхөр охин нар ослоор нас барсан. Тэгээд манай нөхөр хүүхдийн ажил явдал нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан юм. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 28-ны орчимд манай багийн Засаг дарга болох Ю.Т гэх хүн “нас барсан хүнд халамжаас өгдөг 1.000.000 төгрөг дансанд чинь орсон байх ёстой шүү дансанд чинь мөнгө орсон байна уу” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд өөрийн ХААН банкны 54511339** дугаарын дансыг сумын төвийн ХААН банкин дээр очоод шалгуулсан чинь ХААН банкнаас таны 54511339** дугаарын дансанд оршуулгын тэтгэмж гээд 1.000.000 төгрөг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ороод тэр орсон гэх 1.000.000 төгрөг зарлагдаад гарсан байна гэж хэлсэн юм. Тэгээд гэртээ ирээд юу болсон талаар асуутал манай гэрийнхэн миний дансанд 1.000.000 төгрөг орсон эсэхийг мэдэхгүй байсан. Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын төвийн ХААН банкин дээр ирж дансны хуулгаа авч, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Надад ХААН банкны 54511339** дугаарын данснаас өөр ямар нэгэн банканд харилцах данс байхгүй. Би өөрийн виза картаа ямар нэгэн хүнд өгдөггүй, би ХААН банкнаас мобайл банкны үйлчилгээг сонгон ашигладаг,  өөр ямар нэгэн үйлчилгээнд хамрагдаагүй. Манай гэр бүлийн ээж болон 2 хүүхэд маань миний мобайл банкны нууц кодыг мэдэхгүй. Би 2021 онд манай талийгаач нөхрийн найз болох Б гэдэг хүнээр данс руу гүйлгээ хийлгэх гээд өөрийн мобайл банкны кодоо хэлж байсан. Өөр ямар нэгэн хүнд мобайл банкны кодоо хэлж байгаагүй. Миний ХААН банкны 54511339** дугаарын дансны виза картын хүчинтэй хугацаа 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дууссан байсан. Тэгээд виза картаа шинээр авахаар ХААН банканд өгсөн байсан юм. Харин виза картаа ХААН банкнаас 2021 оны 08 дугаар сарын сүүлээр авсан юм. Би тэр хугацаанд ямар нэгэн гүйлгээ хийгээгүй юм. Дансны хуулгаа аваад үзсэн чинь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 27-ны хооронд 5 удаагийн гүйлгээгээр 983.000 төгрөг гарсан байсан. 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай талийгаачийн ажил явдал дуусч манай гэрт байсан хүмүүс явцгаасан юм. Харин талийгаач нөхрийн маань найз гэх Б манай гэрт 2021 оны 08 дугаар сарын 20-ныг хүртэл байсан юм. Манай гэрт ээж Ө, мөн 7 настай хүү, 6 сартай охин нар байсан юм. Би гомдолтой байна хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

Хохирогч Б.Д-ын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн “Би 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Адаацаг сумын төвд байх Жасын Мандал дэлгүүрт Б-ын хамтаар орж хэрэглээний зүйл худалдан авсан юм. Тэгээд тооцоо хийхдээ би мобайл банкаар шилжүүлсэн. Худалдагч нь С гэх хүн байсан. Би тухайн үед Б-тай хамт дэлгүүр ороод Б-т утсаа өгөөд мобайл банкны гүйлгээ ашиглаад тооцоо хийчих гэж хэлсэн юм. Тухайн үед дансанд хэдэн төгрөг байсныг мэдэхгүй, дансаа үзээд байдаггүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 13/

 

Гэрч  Д.Ө-ийн: 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай хүргэн охиныхоо хамтаар ослоос болоод нас барсан.  Тэгээд ажил явдал нь дуусаад бид нар гэртээ байж байтал манай охин Д манай сумын багийн Засаг дарга талийгаачийн нас барсны тэтгэмж 1.000.000 төгрөг миний дансанд орсон гэж байна гэж   хэлсэн. Тэгээд охин Д “банкин дээр очоод дансан дахь мөнгөө шалгуултал миний дансанд 1.000.000  төгрөг тэтгэмжийн мөнгө орсон байна,  харин тэр мөнгийг нь миний данснаас хүн шилжүүлээд авчихсан байна” гэж хэлж байсан. Тэгээд манай охин Д Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэж хэлсэн.  2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000  төгрөг дансанд нь орсон.  Тэгтэл тэр мөнгийг нь 5 удаагийн гүйлгээгээр 983.000 төгрөгийг нь шилжүүлэн авсан байсан гэж надад манай охин Д хэлсэн. Надад охин Д-ын данснаас гүйлгээ хийсэн  удаа байхгүй.   Би охиныхоо банкны карт , гүйлгээ хийдэг нууц үгийг нь мэддэггүй. 2021 оны  07 дугаар сарын 22-оос хойш манай гэрт гаднын 1 хүн байсан. Манай талийгаач хүргэний найз Б гэх хүн байсан.  Д гадагшаа гарахдаа өөрөө гар утсаа аваад явдаг. Би өөрөө гар утастай болохоор надад охины утсыг аваад байх шаардлага гардаггүй. Харин манай гэрт байсан Б нь Д-ын утсыг   аваад гэрээс гараад хүнтэй утсаар ярьдаг,  гэрээс аваад гараад явчихдаг байсан. Я.Б 2021 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрээс явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн -3/

 

Хохирогч Б.Д-ын ХААН банкны 54511339** дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулганд “54641847** дугаарын дансанд 3 удаагийн гүйлгээгээр 950.000 төгрөгийн, 54640982** дугаарын дансанд 1 удаагийн гүйлгээгээр 10.000 төгрөгийн, 50228821** дугаарын дансанд 1 удаагийн гүйлгээгээр 23.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” гэжээ. /хх-ийн 4/

 

Шүүгдэгч Я.Б-ын ХААН банкны 54641847** дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулганд “ 54511339** дугаарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр 950.000 төгрөгийн орлого 2021.07.22-2021.07.27-ны өдрийн хооронд орсон” гэжээ.  /хх-ийн 39/

 

С.Я-ийн ХААН банкны 54640982** дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулганд “5451133906 дугаарын данснаас 10.000 төгрөгийн орлогын гүйлгээ 2021.07.22-ны өдөр хийгдсэн” гэжээ.

 

Б.С-ийн ХААН банкны 50228821** дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулганд “54511339** дугаарын данснаас 23.000 төгрөгийн орлогын гүйлгээ 2021.07.21-ний өдөр хийгдсэн” гэжээ.  /хх-ийн 41/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Адаацаг сумын 2 дугаар багийн иргэн  Б.Д-ын Хаан банкны 54511339** тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд 983.000 төгрөгийн зарлагын гүйлгээ мобайл банкаар хийгдсэн байна. Үүнээс Б.С-ийн ХААН банкны 50228821** дугаарын дансанд шилжсэн 23.000 төгрөгийн зарлагын гүйлгээг хохирогч Б.Д нь өөрийн зөвшөөрлөөр шүүгдэгч Я.Б-аар шилжүүлүүлсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

ХААН банкны 54641847** дугаарын дансанд 3 удаагийн гүйлгээгээр шилжсэн 950.000 төгрөгийн гүйлгээ, ХААН банкны 54640982** дугаарын дансанд шилжсэн 10.000 төгрөгийн гүйлгээ буюу нийт 4 удаагийн гүйлгээгээр хийгдсэн 960.000 төгрөгийн зарлагын гүйлгээ нь хохирогч Б.Д-ын зөвшөөрлөөр хийгдээгүй болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Я.Б нь 2021.07.22-2021.07.27-ны өдрийн  хооронд хохирогч Б.Д-ын Хаан банкны 54511339** тоот данснаас хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, түүний мобайл банкны кодыг ашиглан өөрийн дансанд 950.000 төгрөгийг, өөрийн төрсөн эх С.Я-ийн дансанд 10.000 төгрөгийг буюу нийт 960.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хохирогчийн мэдүүлэг, дансны хуулгууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг учрал болохоос өмнө хохирогч Б.Д нь шүүгдэгч Я.Б-т өөрийн мобайл банкны гүйлгээний нууц үгийг итгэмжлэн өгч өөрийн зөвшөөрлөөр шүүгдэгчээр гүйлгээ хийлгэж байсан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

          Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Я.Б-ын үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт  хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Б нь урьд өмнө нь өөрт нь итгэмжлэн өгсөн хохирогч Б.Д-ын мобайл банкны гүйлгээний нууц үгийг дахин ашиглаж хохирогчид мэдэгдэлгүй, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр 960.000 төгрөгийг өөрийн болон төрсөн эхийнхээ дансаар дамжуулан авч байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч Я.Б-ыг бусдын итгэмжлэн  хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ. 

          Шүүгдэгч нь гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн  хуулийн  Ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн  1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд  Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

          Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирол төлбөрөө бүгдийг барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч ....... овогт Я.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ...... овогт Я-ийн Б-т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Я.Б-т шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

          4.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

          5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХБАТ