Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч Г.Эсэн

           Шүүгдэгч О.С нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С-д холбогдох эрүүгийн 2122000000153 тоот хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ......-ний өдөр Дундговь аймгийн ....... төрсөн, ..... настай, ........ боловсролтой, ......., ам бүл ..., ....... хамт, Дундговь аймгийн ...... оршин суух, ...... овогт О.С гэв.

 

          Шүүгдэгч О.С нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн  22 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын  9 дүгээр багийн нутаг болох Шаргын хөшөөний уулзвар нэртэй 4-н замын  уулзвар дээр хадам аав Д.Ц өмчлөлийн 03-76 ДУН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг  жолоодон явж байх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг замд баруунаас зүүн чиглэлд гол замаар зорчиж явсан 52-20 УНВ улсын дугаартай Хино ренжир маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, уг ослын улсаас 4 настай Г.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч Авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

                         ТОДОРХОЙЛОХ  нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Эхнэрийн дүү Д хотоос коронатай ирээд эмнэлэгт хэвтүүлэх гэсэн эмнэлэг авахгүй байсан. Тэгээд хөдөөнөөс том тэргээр вогончиг чирч ирээд айлын хашаанд байрлуулсан. Тэгээд жижиг тэрэгтэй эмийн сан орчхоод хөдөө гарч явахдаа мөргөлдсөн...” гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-ын “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай төрсөн дүү Д Улаанбаатар хотод коронавирусын халдвар авчхаад аймагтаа ирж эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн. Ингээд эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй байсан учир бид нар ямар ч байсан дүүгээ аймагтаа авч ирж тусгаарлахаар болсон. Ингээд 2021.09.25-ны өдөр манай дүү хотоос гараад, бид нар вагончигоо айлын хашаанд байрлуулж тэндээ дүүг тусгаарлахаар болоод нутаглаж байгаа газраасаа 18-19 цагийн орчимд аймгийн төв рүү хөдөлсөн. Манай нөхөр болохоор том машин бариад вагончиг чирээд явсан. Аав ээж хоёр болохоор жижиг машинтайгаа явсан. Энэнээс хойш би юу болсон талаар огт санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд л өглөө эмнэлэгт сувилагч нь намайг сэрээсэн. Би яагаад энд байгаа юм гэж асуухад намайг осолд орсон гэж хэлж байсан. Миний хувьд осолд орсны дараа гэрийнхнээсээ хамгийн гайгүй нь байсан юм байна лээ, эгч рүү ярьж тусламж дуудаад, охинтойгоо хамт би эмнэлэгт хэвтсэн юм байна лээ. Энийг ч мөн адил санахгүй байгаа. Аав, ээж болохоор намайг юм санахгүй байна гэхээр бараг итгэхгүй шахуу байгаад байгаа. Гэхдээ л би осолд ороод л юм санахгүй болчхоод байх шиг байна. Бид нар вагончигоо айлын хашаанд тавьчхаад дүүд ойр зуурын юм авч дөхүүлж өгчхөөд манай охин Г.Ад ханиадны эм аваад гэр лүүгээ явж байхад осолд орсон гэж хэлсэн. Тухайн үед машинд манай нөхөр С жолоо бариад аав, ээж охин бид нар хамт явсан гэж хэлсэн. С бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа 1 охинтой. Г.А эгэм нь хугарсан байна гэж эмч хэлсэн, өөр сүйдтэй бэртэл гэмтэл байхгүй гэж байсан. Миний биед сүйдтэй хугарч няцарсан зүйл байгаагүй. Биеийн баруун хэсгээр нэлээд хөндүүр байсан одоо гайгүй болсон. Охин бид хоёр эмнэлэгт хэвтэж байгаад 2021.09.28-ны өдөр эмнэлгээс гарсан. Содоо Улаанбаатар хотод хэвтэн эмчилгээ хийлгэж байна. С-ын гавлын яс нь бага зэрэг цуурч, цус хурсан гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

            Гэрч Д.Б-ийн “...Би 52-20 УНВ улсын дугаартай Хино ренжир маркын тээврийн хэрэгсэлтэй Өмнөговь аймгийн Цагаанхад орчхоод Улаанбаатар хот руу буцаж явсан юм. Ингээд Дундговь аймгийн төвд петровис колонкын уулзвар дээр би баруунаас зүүн тийш явж байтал хойноос улаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байснаа гэнэт урдуур орж ирээд миний зүүн гупер хэсгээр мөргөлдсөн. Тэгээд би машинаа зогсоогоод аваарын гэрлээ асаагаад машинаасаа буугаад нөгөө машин руу очтол машины арын суудлаас хүүхэд тэвэрсэн эмэгтэй бууж ирээд “юу болов, дотор байгаа хүмүүсийг үзээрэй” гэхээр нь би цонхоор нь шагайтал нөгөө приус маркын машин хойшоо ухраад уулзварын баруун хойд хэсэгт байсан ацтай шонгийн модны хажууд очоод зогссон. Тэгээд машины баруун урд  талаас нь буюу жолоочийн суудлаас 30 орчим насны залуу бууж ирээд “бие эвгүй болчихлоо, манай аавыг хараадах” гэсэн. Аавыг нь хартал бага зэрэг халамцуу байдалтай байх шиг байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн. Миний унаж яваа тээврийн хэрэгсэл манай Алтай ложэстк ХХК-ний машин байгаа юм. Осол болохоос өмнө автомашины тоормос болон бусад эд анги хэвийн ажиллагаатай байсан. Тухайн үед би хурдаа сааруулж явсан, 40 орчим км цагийн хурдтай явж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Би шүүхийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Компанийн машинд учирсан хохирол барагдуулах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг   /хх-ийн 19/

 

Гэрч М.Б-ын “...Би ослын талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй. Манай хадам дүү болох Цохин Г надруу 22 цагийн орчимд утасдаад петровисийн уулзвар дээр машинтай мөргөлдчихлөө гэж хэлсэн. Ингээд яваад очсон. Намайг очиход зохицуулагч цагдаа ирсэн байсан. Манай хадам дүү Цприус маркийн машинд Ц, түүний эхнэр Б, түүний охин Г, Г-ын нөхөр У /нэрийг нь сайн мэдэхгүй/ Г ын охин /4 настай/ нар байсан. Машиныг У барьж явсан байсан. У жолооч талын хаалгаар гарч ирж байсан. Ц жолоочийн хажуугийн суудалд хөдөлгөөнгүй сууж байсан. Ингээд надтай түргэний машин зэрэгцэж ирээд тэд нарыг бүгдийг нь аваад явсан. Тэд нарыг авч явсны дараа замын цагдаа “энэ машины талаас хүн байна уу” гэж асуухад нь би  байна гэж хэлсэн. Тэгээд намайг машины бичиг баримтыг аваад өг гэхээр нь би жолооч талын хаалгаар орж машинаас нь гэрчилгээг нь авч цагдаад өгсөн. У архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн  22/

 

Гэрч Ч.Б-ийн “...Өчигдөр буюу 2021.09.25-ны өдөр манай хотод байдаг оюутан охин болох Д Улаанбаатар хотод коронавирусын халдвар авчхаад, түргэн дуудахаар түргэн ирэхгүй байна гэхээр нь бид нар ямар ч байсан аймагтаа авч ирье гээд нөхөр Ц, том охин Г, хүргэн С бид нар аймгийн төв дээр вагончиг авчирсан. Вагончигтоо коронавирус туссан охиноо оруулж тусгаарласан. Тэгээд манай нөхрийн 03-76 ДУН улсын дугаартай приус 20 маркын автомашиныг манай хүргэн С жолоодоод эмийн сан орж эм авчхаад, буцаад хөдөө гэр лүүгээ явахаар шаргын уулзвар дээр хойноос урагш чиглэлтэй чигээрээ явах гэж байтал баруун талаас зүүн чиглэлтэй гэнэт машин гараад ирсэн. Би тухайн үед машины хойно сууж явсан бөгөөд “хүүе машин гараад ирлээ” гэхэд манай хүргэн С зогсох шиг болсон. Тэгээд зогсчихлоо гэж бодтол түс гээд л явсан. Тэгээд С“толгой өвдөөд байна” гээд орилоод буусан. Тэгээд манай охин Г хойно надтай хамт сууж байгаад зээ охиныг аваад машинаас буусан. Тэгээд би утсаа гаргаж ирээд нөхрийн эгч Н рүү утсаар ярьсан. Манай нөхөр болохоор жолоочийн хажуугийн суудал дээр ухаангүй болчихсон байсан. Тэгтэл энэ хооронд манай машин гэнэт автоматаар хойшоо ухраад, машиныг зогсоох хүн байхгүй байсан. Мөргөлдсөн машины жолоочийг энэ машиныг зогсоогоод өгөөч гэж хэлсэн. Нөгөө жолооч ч гэсэн шоконд орсон уу яасан гайхаад хараад зогсоод байсан. Тэгж байтал манай машин хонхорхой газар ороод өөрөө зогссон. Тухайн үед манай хүргэн С колонкийн гэрэл туссан байсан болохоор ирж яваа машиныг анзааргагүй л уулзвараар орчихсон юм шиг байгаа юм. Өөрөө бол дараа нь надад харагдаагүй гэж хэлж байсан. Надад бол тэр машин ирж байгаа нь харагдсан юм. Ослын улмаас миний нуруу өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Одоогоор бол арай гайгүй байна. Эмнэлгээс бол ямар нэгэн хугарсан зүйл харагдахгүй байна, зөөлөн эд байж магадгүй,  явцын дунд МРА-д харуулчихна биз гэж хэлсэн. Манай хүргэн С жолоо барьж явсан. Жолоочийн хажууд буюу зүүн урд талд манай нөхөр Ц сууж явсан. Би яг Царын суудал дээр, манай охин Г болохоор С-ын хойно зээ охин Г.А-тай хамт сууж явсан юм. Машины хувьд тоормос болон эд анги нь осол болохоос өмнө хэвийн, зүгээр ажиллагаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

Гэрч С.Ц-ийн“...Өчигдөр буюу 2021,09.25-ны өдөр 22 цагийн орчимд хүргэн хүү С, эхнэр Б, охин Г зээ охин Г.А нарын хамт аймгийн төвд Бүрд дэлгүүрээр орчихоод урагшаа хөдөө гэртээ харихаар 03-76 ДУН улсын дугаартай приус маркын автомашинтай Шаргын хөшөөний уулзвараар хойноос урагш чиглэлтэй уулзвар нэвтэрч байхад гэнэт машин гарч ирээд мөргөлдчихсөн. Ингээд би ухаан алдсан. Тэгээд нэг сэргэхэд л эмнэлэг дээр оччихсон сууж байсан. Тухайн үед манай хүргэн С жолоо барьж явсан юм. Би хүргэний хажууд урд суудалд, миний хойно манай эхнэр Б, С-ын харалдаа ард манай охин Г зээ охин Г.А нар байсан юм. 03-76 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Би хойноос явж байхдаа тухайн автомашиныг харсан. Тэгээд би хүргэн С-ыг тухайн машиныг харж байгаа гэж бодож байсан гэтэл гэнэт зэрэгцэж ороод осол болчихсон. Миний дух зулгарсан. Зүүн гар л даагдахгүй байсан, эмнэлгээс илэрхий хугарал байхгүй зөөлөн эдийн гэмтэл байна гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

 

          Иргэний нэхэмжлэгч С.Ц-ын: “...Тухайн тээврийн хэрэгслийг осолд орох үед манай хүргэн С жолоо барьж явсан. С нь миний хүргэн учраас автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн: “...Би 2021 оны 09-р сарын 25-ны өдөр Өмнөговь  аймгаас Улаанбаатар хот руу өөрийн ажлын газрын автомашин болох 52-20 УНВ улсын дугаартай Хино ренжир маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Дундговь аймгийн төв болох Сайнцагаан сумын шаргын хөшөөний  уулзварт 22 цагийн орчимд туслах замаас улаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл орж ирж осол гарсан. Уг ослын улмаас миний унаж явсан 52-20 УНВ улсын дугаартай Хино ренжир маркийн машинд нийт 5.170.000 төгрөгийн хохирол учраад байна. Мөн автомашины хохирлын үнэлгээ хийлгэхэд 215.000 төгрөг болсон ингээд нийт 5.385.000 төгрөгийн бодит хохирол учирсан тул дээрх хохирлыг гэм буруутай хүнээс нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Машин эвдрэлтэй байгаа учраас ажлаа хийх боломжгүй байна. Хурдан ажлаа хийж цалин мөнгөтэй залгах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 209 тоот: “...С.Ц биед доод уруулд шарх, дух, баруун зовхи, доод уруул, баруун гарын сарвуунд зулгаралт, дух, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Ц биед үүссэн доод уруулын шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хенгөн зэрэг, бусад дух, баруун зовхи, доод уруул, баруун гарын сарвуунд зулгаралт, дух, зүүн дээд зовхинд үүссэн цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 210 тоот “...Ч.Б-гийн биед баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221 тоот “...Ц.Г-ын биед баруун шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 220 тоот “...Г.А-гийн биед баруун эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60-61/

 

Шинжээч Ц.Н-ийн  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот “...Жолооч О.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэг “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө"-ийг зөрчсөн байна. Жолооч Д.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна. Жолооч О.С нь дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 86/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9496 тоот “...О.С-ын биед дух яс, суурь ясны их, бага далавчны хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 91-92/

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9/

          Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээнд “Тоёота приус-20 тээврийн хэрэгслийн эвдрэл үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,908,000 төгрөг” гэжээ /фото зураг/ /хх-ийн 74-75/

          Хөрөнгө Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайланд “Hino Ranger маркийн 52-20УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.170.000 төгрөг” гэжээ. /фото зураг/ /хх-ийн 107-108/

         

          Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

          Дээрх баримтуудыг судалж үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн  22 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын  9 дүгээр багийн нутаг болох Шаргын хөшөөний уулзвар буюу 4-н замын  уулзвар дээр 03-76 ДУН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, 52-20 УНВ улсын дугаартай Хино ренжир маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн  үйл явдал болсон байна.

          Дээрх баримтуудаар Зам тээврийн осолд орсон 03-76 ДУН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.С, “Hino Ranger маркийн 52-20УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Б /гэрч, иргэний нэхэмжлэгч/ нар  жолоодож явсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд  уг ослын улмаас  03-76 ДУН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Агийн /4 настай/ эрүүл мэндэд хүндэвтэр, С.Ц, Ч.Б нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 209, 210, 220 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

          Уг зам тээврийн осол нь 03-76 ДУН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.С-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь шинжээчийн 07 тоот дүгнэлт  болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.      

 

             Шүүгдэгч О.С-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч улмаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн  хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн  хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч О.С-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.С нь уг зам тээврийн ослын улмаас эрүүл мэнддээ буюу тархиндаа хүнд зэргийн гэмтэл авсан, нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Д.Б-д 5.170.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г, иргэний нэхэмжлэгч Ц нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ...... овогт О.С-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар ...... овогт О.С-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 5.170.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г, иргэний нэхэмжлэгч С.Ц нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.МӨНХБАТ