Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Г.Эсэн

          Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2122001370132 тоот хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

               Монгол Улсын иргэн, .....оны ...... дугаар сарын .....-ны өдөр Дундговь аймгийн ...... төрсөн, ....... настай, ......, .........  боловсролтой, ам бүл ....., .......хамт, Дундговь аймгийн ........... оршин суух, .........., ......... чадвартай ....... овогт Б.Э гэв.

               Шүүгдэгч Б.Э нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах “Их газрын чулуу” тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний зориулалтаар сэргээн нутагшуулж байсан тарваганы нүхэнд 2021 оны 07 дугаар сарын 19-нд хавх тавьж зөвшөөрөлгүй амьтан агнасан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2021 оны 07 сарын 19-ний өглөө адуунд явж байгаад хавх тавьсан. 07 сарын 24-ний өглөө үзэхэд тарвага баригдсан байсан. Дахиж хавх тавиагүй.  Эмээ, өвөө хоёр сарын зайтай өнгөрөөд, 49 хоног өнгөртөл нь мал хийж болохгүй байгаа учраас хохирлоо төлөөгүй байгаа. Хохирлоо төлнө...” гэв.

Хохирогч А.Ц-ийн “...Манай их газрын чулууны байгалийн цогцолборт газарт 2019 оны 06 дугаар сард 30 тарвага авч ирж нутагшуулсан юм. Тэрнээс хойш тарвагануудыг байгаль хамгаалагч нар эргүүл хяналт, хөдөлгөөнт камер, биет ажиглалт зэргээр тогтмол ажиглаж байсан. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай байгаль хамгаалагч М над руу залгаад “тарваганы нүхнүүд дээр хавх тавьсан ул мөр ажиглагдсан тул хөдөлгөөнт камераа байршуулсан талаар мэдэгдсэн. Орой нь дахин залгаад камераа дахин шалгаж үзтэл мотоциклтой хоёр эрэгтэй хүний дүрс мэдэгдлээ гэж хэлсэн. Тэгээд Гурвансайхан сум ороод камерын бичлэгийг үзээд тухайн хүнийг хэн болохыг тогтоогоод буцаад Их газрын чулууны ууланд ирээд, мотоциклынх нь мөрөөр явсаар нэг айлын гадаа очиход нөгөө хоёр хүн байхаар нь “энэ та хоёрын зураг мөн үү, та хоёр яагаад тарваганы нүхэнд хавх тавиад байгаа юм, хавхаа гаргаад ир” гэхэд нэг хавх гаргаж өглөө гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүмүүстэй нь уулзахад 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэг ширхэг тарвага барьж гэр бүлээрээ хувааж идсэн” гэж хэлсэн. Тухайн этгээдүүдийн хэлж байгаагаар тухайн тарвага нь эр, том тарвага байсан гэж хэлсэн. Манай байгууллагын зүгээс Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ”-р хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-рт/

 

          Гэрч Д.М-ын “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ганцаараа Их газрын чулууны уулны тусгай хамгаалалттай газрын алсын тарваганы нүхээ эргээд явж байтал нэг нүхэн дээр тарваганы хавх тавьж, тарвагаа чирээд явсан хүний мөр үлдсэн байсан. Тэгэхээр нь би бусад нүхээ шалгаж үзтэл 5-6 нүхэн дээр хавхны ул мөр байсан. Тэгээд буцаж байгаль хамгаалагч Э-с 2 хөдөлгөөнт камер аваад 2021 оны 07 дугаар сарын 23-ны өглөө камераа суурилуулаад 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр камераа эргэж үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 43 минутад улаан өнгийн мотоцикл унасан, жолооч нь бараан өнгийн дээлтэй, улаан өнгийн малгай өмссөн 30 гаруй насны эрэгтэй хүн, түүний ард цагаан өнгийн малгайтай эрэгтэй хүний дүрс бичигдсэн байсан. Тухайн орчмын мотоциклын мөрөөр мөрдөж явсаар Говь-Угтаал сумын Дунд Хашаатын усны” урд цохионд байх Мөнхбаяр гэх айлд очсон. Уг айл камер бичигдсэн газраас зүүн тийш 10 орчим км-т байсан. Тухайн айлд очиход гурван залуу мотоцикл засварлаад сууж байсан. Тэгэхээр нь би “та нар яагаад хавх тавьж тарвага бариад байна, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрээс” гэхэд хариу хэлэхгүй байсан. Тэгэхээр нь “хавх чинь хаана байна” гэхэд “хавх байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл гэрийнх нь хаяанд нэг хавх байхаар нь тэрийг нь аваад “маргааш өглөө 10 цагт сумын цагдаа дээр ирж уулзаарай” гэж хэлээд явсан. Би маргааш нь Гурвансайхан сумын цагдаа дээр ирж нөгөө хүмүүсийг цагдаатай уулзуулахад нэг тарвага барьсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-рт/

 

          Гэрч Х.Э-ын “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгаль хамгаалагч М-оос тарвага агнасан байж болзошгүй байна гэсэн мэдээлэл аваад өөрт байсан 2 ширхэг хөдөлгөөнт камераа өгөөд тарвага агнасан байж болзошгүй гэх газруудад нь хамт камераа байрлуулсан. Камер байрлуулж байхад 6 тарваганы нүхэн дээр хавх байрлуулсан ул мөр байсан. Сүүлд камераа шүүж үзэхэд 2 тарвага харагдахгүй байгаа. Тарвага нь бүлээр амьдардаг тул гурван тарвагатай нүхний нэг нь, хоёр тарвагатай нүхний нэг нь гээд нийт 2 тарвага камерын дуранд буухгүй, ажиглагдахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-рт/

          Хохирлын үнэлгээ /хх-ийн 20/

          Хөдөлгөөнт камерт авагдсан зургууд /хх-ийн 48/

          Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Их газрын чулуу байгалийн тусгай хамгаалалттай газар нутагт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тарвага хавхаар агнасан байж болзошгүй үйл явдал илэрсэн тул тус газрын байгаль хамгаалагч нар тарвага агнасан байж болзошгүй гэх газарт хөдөлгөөнт камер байрлуулан хяналт хийхэд 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр уг газарт мотоциклтой 2 хүн хавх тавьсан үйл явдал бичигджээ.

     Уг бичлэгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүгдэгч Б.Э нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Их газрын чулуу байгалийн тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний зориулалтаар сэргээн нутагшуулж байсан тарваганы нүхэнд хавх тавьж нэг тарвага агнасан болох нь тогтоогдож байна.

 

              Шүүгдэгч Б.Э-ын тусгай хамгаалалттай газар нутгаас зохих байгууллагын зөвшөөрөлгүй тарвага агнасан үйлдэл нь хууль бусаар ан агнах гэмт  хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн  хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

              Иймд шүүгдэгч Б.Э-ыг тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр  амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

              Шүүгдэгч нь “эмээ, өвөө хоёр сарын зайтай нас барсан бөгөөд хоног дуустал нь мал хийж болохгүй учраас хохирлоо төлж чадахгүй байна” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд 2021 оны 12 сарын 25-ны өдрийн  дотор хохирол 400.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлт гаргажээ. 

 

              Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн  хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

 

              Иймд шүүгдэгч Б.Э нь хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлэг өгсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн  хуулийн  24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

              Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

              Шүүгдэгчийн үйлдсэн  гэмт  хэргийн улмаас Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ”-р 200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан байх тул 400.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.

     Иймд шүүгдэгчээс 400.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

     Шүүгдэгч нь хавх ашиглан хууль бусаар ан агнасан болох нь тогтоогдож байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавх 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хангалттай нотлогдохгүй байх тул шүүдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч ......... овгийн Б.Э-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ........ овгийн Б.Э-т Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгчийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж  байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн  228.1, 467 дугаар зүйлийн  497. 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Э-с 400.000 /дөрвөн зуун/ мянган төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн  Даюун маркийн 5309 ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан  хавх 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХБАТ