Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Харзаг багт оршин суух Галт мэргэн овогт Цэдэнсодномын Дэлгэрмаа /РД:КБ68110609/-гийн нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:             

            Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Ц.Дэлгэрмаа миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1984, 1990 онуудад Говийн хөгжил нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан цалингийн тодорхойлт дутуу бичигдсэн тул 1984 оны 06 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 сарыг дуустал Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлийн Харзаг багт тэмээчнээр ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Ц.Дэлгэрмаа миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1984, 1990 онуудад Говийн хөгжил нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан цалингийн тодорхойлт дутуу бичигдсэн тул 1984 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 сарыг дуустал Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлийн Харзаг багт тэмээчнээр ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлээс 1984 оны 06 дугаар сарын 16-ний өдөр нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн доторхойлолт, гэрч Н.Зина, М.Цэвээн нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ц.Дэлгэрмаа нь 1984 оны 06 дугаар сарын 16-наас 1990 оны 12 сарыг дуустал Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд тэмээ маллаж байсан буюу малчнаар ажиллаж байсан болох нь:

  Нэхэмжлэгчийн тайлбар болон Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлээс 1984 оны 06 дугаар сарын 16-ний өдөр нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн доторхойлолт, гэрч Н.Зина, М.Цэвээн нарын мэдүүлэг  зэргээр тогтоогдож байна. 16-наас 1990 оны 12 сарыг дуустал Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

            Гэрч Н.Зина, М.Цэвээн нар нь тухайн үед нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаатай нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн цалингийн доторхойлолт нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Галт мэргэн овогт Цэдэнсодномын Дэлгэрмааг 1984 оны 06 дугаар сарын 16-наас 1990 оны 12 сарыг дуустал Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА