Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гавилууд багт оршин суух Боржигон овогт Дармаагийн Байгальмаа /РД:КЙ67042162/-гийн нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Байгальмаа, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:             

            Нэхэмжлэгч Д.Байгальмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь “Галбын говь” ХК-д 1992 оны 01 дүгээр сараас 01-нээс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл хонь ямаа маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл 1992 онд ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл “Галбын хөгжил” ХК-нд ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Байгальмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл 1992 онд ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. миний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл “Галбын хөгжил” ХК-нд хонь ямаа маллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Д.Байгальмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ний захирлын 1192 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №32 дугаар тушаал, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 231 дугаартай цалингийн доторхойлолт, гэрч Х.Цэцгээ, Б.Нарантуяа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Байгальмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Д.Байгальмаа нь 1991 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:

  Нэхэмжлэгчийн тайлбар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Д.Байгальмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ний захирлын 1192 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №32 дугаар тушаал, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 231 дугаартай цалингийн доторхойлолт, гэрч Х.Цэцгээ, Б.Нарантуяа нарын мэдүүлэг  зэргээр тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Д.Байгальмааг 1991 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

            Гэрч Х.Цэцгээ, Б.Нарантуяа нар нь тухайн үед нэхэмжлэгч Д.Байгальмаатай нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн цалингийн доторхойлолт, “Галбын хөгжил” ХК-ний захирлын тушаалын хуулбар зэрэг нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Дармаагийн Байгальмааг 1991 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА