Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч **************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************************холбогдох эрүүгийн 2138000000617 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************************нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хувт гэх газраас 0.1633 м3 хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсний улмаас ойн санд 39,345 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар бод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч **************************нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хувт гэх газраас 0.1633 м3 хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсний улмаас ойн санд 39,345 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар бод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000617 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ойн байцаагч Должинсүрэн гэдэг хүнээс 4 куб/метр модны гоожин, гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авсан. Должинсүрэн байцаагч Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Хувт гэх газраас бэлтгээрэй гэж хэлсэн. ...Модонд очоод унанги модноос мод бэлтгэсэн боловч 4 куб метрт хүрэхгүй болохоор нь нэг налчихсан босоо хуурай мод тайрч унагааж, машинд ачих хэмжээтэй тайрсан. Тэр босоо модноос 7 ширхэг мод гарсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд явсан. Орхон аймаг руу явах замд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын постод цагдаад шалгагдсан. Цагдаа шалгаад босоо мод авсан уу, унанги мод авсан уу гэж асуухаар нь нэг ширхэг нарийхан босоо мод авчихсан юм аа гэж хэлэхэд тээврийн хэрэгслийг саатуулж журмын хашаанд хийж маргааш өглөө нь түлээ, машинд үзлэг хийсэн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,    

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-9-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, (хх-ийн 10-12, 14-15-р хуудас),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-18-р хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-21-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 23-25-р хуудас),

       Иргэний нэхэмжлэгч Н.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Ц.Баярбаатар гэж хүн надаас 4 м3 түлшний модны эрхийн бичиг авсан. Тэгээд дараа нь Орхон аймаг руу тээвэрлэх гэсэн юм гээд гарал үүслийн гэрчилгээ авсан юм...Орхон аймаг руу өөрийн гэр рүүгээ тээвэрлэх гэсэн юм гээд гарал үүслийн гэрчилгээ авсан...би Ц.Баярбаатарын байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргаж нөхөн төлбөрийг гаргуулахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),

Гэрч **************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Баярбаатарт Бонго жи-2 машинаа бол сэлбэгийн үнээр бодож 500,000 төгрөгт л өгөхөөр болсон. Баярбаатар машиныг засаж аваад л гэр рүүгээ явахдаа түлээ бэлдэж аваад явах замдаа цагдаад шалгагдаад асуудалд орсон юм шиг байна лээ...би энэ машиныг Батдэлгэрээс 2018 онд худалдаж аваад нэрийг нь шилжүүлж чадаагүй байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 36-р хуудас),

 Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” Сум дундын ойн ангийн инженер Б.Чулуунбатын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай: “...иргэн **************************21-050246 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт цэвэрлэгээний ажлаар түлшний мод бэлтгэхээр заасан байна. Иймд босоо хуурай мод авахыг зөвшөөрөхгүй. Хэрэв босоо мод бэлдсэн бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1 дэх заалт буюу гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн гэх заалтад хамаарна...шинжээчийн №6 дугаартай дүгнэлтэд экологи-эдийн засгийн үнэлгээг ойн сангийн нэгдүгээр мужаар бодож буруу гаргасан байна. **************************мод бэлдсэн газар нь ойн сангийн гуравдугаар мужид хамаарч байна...иргэн **************************бэлтгэсэн түлшний 0,1633 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг 13,115 төгрөгөөр тооцов...” гэх дүгнэлт (хх-ийн 51-53-р хуудас),

 Хөвсгөл аймгийн байгаль орчны газрын улсын хяналтын байцаагч М.Болормаагийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай: “... яллагдагч **************************ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 39,345 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 64-р хуудас),

Экологи эдийн засгийн хохирол нөхөн төлсөн тухай Төрийн банкны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 130-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Орхон аймгийн Баян-Өндөр сумын 16-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84, 109-114-р хуудас)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000617 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************************нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хувт гэх газраас 0.1633 м3 хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсний улмаас ойн санд 39,345 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар бод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Н.Должинсүрэнгийн (хх-ийн 30-31-р хуудас), гэрч **************************(хх-ийн 36-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-9-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, (хх-ийн 10-12, 14-15-р хуудас),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-18-р хуудас),

Тээврийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-21-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 23-25-р хуудас),

Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” Сум дундын ойн ангийн инженер Б.Чулуунбатын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-53-р хуудас),

Хөвсгөл аймгийн байгаль орчны газрын улсын хяналтын байцаагч М.Болормаагийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт (хх-ийн 64-р хуудас),

Экологи эдийн засгийн хохирол нөхөн төлсөн тухай Төрийн банкны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 130-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч **************************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************************нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 13,115 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч **************************экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 39,345 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тухай Төрийн банкны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 130-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************************анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч **************************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар торгох ялаас чөлөөлөх прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000617 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүдрэнт шүтээн ХХК-ний хашаа / 0.1633 м.куб хэмжээтэй 7 ширхэг модыг хурааж улсын орлогод оруулахыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч **************************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************************ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

      4. Эрүүгийн 2138000000627 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 0.1633 м.куб хэмжээтэй 7 ширхэг модыг хурааж улсын орлогод оруулахыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР