Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1938

 

 “Ремон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар        

                                                                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/01923 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ремон” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Уянгад холбогдох

 

            Сургалтын зардал 6 211 775 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

С.Уянгын дутуу олгосон цалин хөлс 4 384 448 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингис, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Санчиндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч “Ремон” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингисийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Ремон" ХХК нь С.Уянгатай 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 тоот тушаал гарган сургалтын администраторын албан тушаалд томилон ажиллуулсан билээ. Ингэхдээ 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сургалтын гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үр дүнгийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд мөн өдөр ажилтны сахилга, хариуцлага, нууцын баталгааны талаарх хэлцэлд ажилтан гарын үсэг зурсан билээ. С.Уянга нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Ремон" ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн албанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд тэр өдрөө дур мэдэн ажлын байраа орхин явсан.

Компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1-р зүйл "Ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхино", мөн "Ремон" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1 дэх заалт   "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тохиолдолд ажилтантай тойрох хуудсаар тооцоо хийсний дараа нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж өгнө.", 6.2.3 дахь заалтанд "Ажлаас чөлөөлөгдөж буй ажилтан хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичиг, тоног төхөөрөмжийг ажлын байрны шууд удирдлагад тэмдэглэл үйлдэн хүлээлгэж өгөх үүрэгтэй." гэсэн заалтуудын дагуу ажлаа хүлээлгэн өгч, сургалтын болон үр дүнгийн гэрээгээ харилцан дүгнэх талаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус тус бичгээр мэдэгдсэн боловч ажилтан ажил үүргээ хүлээлцээгүй болно. С.Уянгыг ажиллах хугацаанд нь хоёр удаа Сингапур Улс руу сургалтад хамруулж, уг сургалттай холбоотой 6 211 755 төгрөгийн зардлыг компаниас бүрэн гаргасан болно.

Хөдөлмөрийн гэрээний 5.3-т "Хэрэв ажилтны саналаар гэрээг хугацаанаас нь өмнө хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар цуцлахаар бол ажил олгогч нь ажилтанд гэрээт хугацаанд олгосон бонус, сургалтын зардал, бусад материалын зардлыг гаргуулан авах эрхтэй", үр дүнгийн гэрээний 4.10-т "Хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас гарвал гэрээний хугацаанд сурсан сургалтын зардлыг 100 хувь эргүүлэн төлөх үүрэгтэй", сургалтын гэрээний 4.11-т "Хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх ... хүсэлт гаргавал сургалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй." гэж заасан.

Гэрээнд заасны дагуу ажил олгогч сургалтын зардлыг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй тул С.Уянгаас 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны томилолтын зардалд бэлнээр өгсөн 1 291 525 төгрөг, Улаанбаатар-Сингапур, Сингапур-Улаанбаатар чиглэлийн онгоцны хоёр талын тийзний зардал 1 453 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хоол, унаа, эрсдлийн зардалд бэлэн өгсөн 602 250 төгрөг, Улаанбаатар-Сингапур, Сингапур-Улаанбаатар чиглэлийн онгоцны тийзний хоёр талын зардал 2 865 000 төгрөг, нийт 6 211 775 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй, талуудын гэрээгээр тохирсон үндсэн цалин 1 250 000 төгрөгийн 70 хувиар тооцож С.Уянгад цалин хөлсийг олгож байсан тул дутуу олгосон цалинд 4 384 448 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзулын шүүхэд гаргасан тайлбарт: С.Уянга 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн сарын 2 000 000 төгрөгийн цалин авахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ажиллах хугацаанд нэхэмжлэгч нь тохирсон цалингаа бүрэн өгдөггүй байсан тул 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажлын байраа орхисон.

Түүний ажиллаж байсан сургалтын администратор нь байнгын ажлын байр байхад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-т "байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна" гэсэн заалтыг зөрчиж, 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь хуульд нийцээгүй. Тэгэхээр хуульд нийцээгүй гэрээний 5.3 дахь заалт хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь сургалтын зардлыг буцаан шаардах эрхгүй. Хуульд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хориглосон байхад ажил олгогч нь сургалтын болон үр дүнгийн гэрээ байгуулсан тул эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд эдгээр гэрээг үндэслэн шаардах эрхгүй. С.Уянга нь 2016 оны 5 дугаар сард нэхэмжлэгчийн зардлаар Сингапур Улс руу явсан нь үнэн боловч энэ нь сургалт байгаагүй, харин чуулга уулзалт байсан бөгөөд тэрээр хамт явсан 4 хүнд орчуулга хийж явсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг шаардлагын тухайд С.Уянга нь үндсэн цалин 1 250 000 төгрөг, нэмэгдэл 750 000 төгрөг авахаар хөдөлмөрийн гэрээгээр тохирсон боловч ажил олгогчийн зүгээс үйл ажиллагаа нь жигдэртэл гэх шалтгаанаар үндсэн цалингийн 60 хувиар цалинжуулж ирсэн. Энэ нь хуульд нийцэхгүй. Тэрээр 2016 оны 1 дүгээр сард 821 845 төгрөг, 2016 оны 2 дугаар сард 666 225 төгрөг, 2016 оны 3 дугаар сард 796 746 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 992 632 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 1 107 000 төгрөг, нийт 4 384 448 төгрөгийг дутуу авсан тул дутуу авсан цалинг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.3, 227 дугаар зүйлийн 227.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан С.Уянгаас сургалтын зардал 6 211 775 төгрөг гаргуулахыг хүссэн "Ремон" ХХК-ийн үндсэн, "Ремон" ХХК-иас дутуу олгосон цалин хөлс 4 384 448 төгрөг гаргуулахыг хүссэн С.Уянгын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 114 340 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 85 110 төгрөгөөс 85 101 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 9 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлорын 100200600941 тоот данснаас гаргуулан хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бүжинлхамын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч С.Уянга нь хэдийгээр 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан боловч ажлаа хүлээлцэж өгөөгүй, өөрөө дур мэдэн ажлаа хаяж явсан ба "Ремон" ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 28 тоот албан бичиг, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 32 тоот мэдэгдэл хүргэх тухай албан бичгийг хариуцагч С.Уянгад тус тус хүргүүлсэн ба хариуцагч ямар нэгэн хариу мэдэгдээгүй.

Мөн хариуцагч С.Уянгын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөлдөө "Ремон" ХХК-ийг цалин хөлсийг дутуу олгосоны улмаас санхүүгийн болон хувийн шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах..." гэж бичсэн ба анхан шатны шүүхээс "Ремон" ХХК нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн хөлсийг дутуу олгосон нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна гэж үзсэн, Гэвч хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д дараах байдлаар тодорхойлж заасан байдаг үүнд: Өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/.

Мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах талаар заасан байдаг бөгөөд, үүнд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн, талуудын эрх хууль ёсны сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал зэрэг үндэслэлүүдийг хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж үзсэн байдаг. Иймээс анхан шатны шүүхээс "Ремон" ХХК-ийг хөдөлмөрийн хөлсийг дутуу олгож байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзсэн нь хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй ба "Ремон" ХХК, С.Уянга нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байна гэж үзэх үндэслэлтэй юм.

"Ремон" ХХК-иас С.Уянгын цалин хөлсөнд нийт /бүх шимтгэлийг оруулсан дүнгээр/ 2015 оны 12 дугаар сарын цалинд 1 647 222 төгрөг 2016 оны 01 дүгээр сард 1 195 500 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 1 177 500 төгрөг, 2016 оны 03 дугаар сард 1 074 808 төгрөг, 2016 оны 04 дүгээр сард 882 923 төгрөг, 2017 оны 05 дугаар сард 1 775 000 төгрөг, нийт 7 752 953 төгрөгийн цалин хөлс олгосон ба 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар 2016 оны 1,2,3 дугаар саруудад нийт хоцролт нь 60 минутаас дээш давсан тул үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, уг тушаалыг 2016 оны 04 дүгээр сарын цалингаас бууруулж олгосон.

Мөн хариуцагч С.Уянгын Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн дансны хуулгыг үзвэл 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 400 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 606 065 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 420 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 385 155 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 420 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 540 775 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 376 250 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 454 004 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 420 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 214 368 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 420 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 100 000 төгрөг, нийт 4 756 617 төгрөг нь ажиллаж байх хугацаандаа компанийн импортлож оруулж ирдэг бараа, бүтээгдэхүүнээс 283 940 төгрөг, Сингапурын сургалтын зардлыг дутуу тушаасан 293 150 төгрөг, нийт 577 090 төгрөгийг цалингаасаа суутгуулж байсан.

Иймээс анхан шатны шүүх цалин мөнгийг дутуу олгож байсан гэж үзсэн нь үндэслэлгүй ба энэ нь хариуцагч С.Уянгын Худалдаа хөгжлийн банкны 458022068 тоот төгрөгийн дансны хуулга болон "Ремон" ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын цалин бодсон тухай баримтаар нотлогдож байна. Иймээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/01923 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч С.Уянгын нэхэмжлэлийн шаардлага болох 6 211 775 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байгаа боловч шийдвэрийн зарим дүгнэлтийг залруулж зөвтгөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Ремон” ХХК нь хариуцагч С.Уянгад холбогдуулан сургалтын зардал 6 211 775 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, байгуулсан гэрээнүүд хуульд нийцээгүй, сургалтад биш чуулга уулзалтад оролцсон томилолтын зардал тул төлөхгүй, дутуу олгосон цалин хөлс 4 384 448 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

"Ремон" ХХК нь С.Уянгатай 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 тоот тушаал гарган сургалтын администраторын албан тушаалд томилон ажиллуулсан байна. Түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сургалтын гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үр дүнгийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд мөн өдөр ажилтны сахилга, хариуцлага, нууцын баталгааны талаарх хэлцэлд ажилтан гарын үсэг зуржээ. С.Уянга нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Ремон" ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн албанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд тэр өдрөө ажлын байраа орхин явсан зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгчийн шаардаж буй 6 211 775 төгрөг  нь сургалтын зардал мөн эсэх талаар маргаж, хариуцагч ажлын томилолтоор явсан зардал гэж өөрийн татгалзлыг тайлбарласан.

 

С.Уянга нь ажлаас чөлөөлөх хүсэлтдээ санхүүгийн болон хувийн шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээгээ цуцлан цаашид ажиллах боломжгүй гэсэн агуулгыг дурдсан байх ба үүгээр ажил олгогчийг буруутай гэх боломжгүй. Тодруулбал, анхан шатны шүүх "Ремон"  компаниийн С.Уянгад олгож байсан цалин, хөлсийг тооцохдоо ажилтны гарт олгосон цалингийн хэмжээгээр тооцож, цалин хөлсийг дутуу олгож байсан гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь хэргийн 75-83 дугаар талд авагдсан баримтаас үзвэл ажилтан нь компаниас олгогдсон цалингаас  бараа бүтээгдэхүүн авах, урьдчилгаанд авсан зардлын зөрүү тооцоо хийх, сахилгын шийтгэл хүлээх зэргээр өөрөөс нь шалтгаалсан тодорхой суутгалууд хийгдэж байснаас гэрээнд тохирсон болон тушаалд заагдсан цалин хөлсний хэмжээнээс бага олгогдож байжээ. Ажилтны өөрийн хүсэл зориг болгосон өргөдөл болон цалинг буруу тооцсон дүнгээр ажил олгогчийн буруугаас хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай.

 

Өөрөөр хэлбэл, ажилтны саналаар гэрээг цуцлахад ажил олгогч буруутай байсан гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, алдаатай болсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3, үр дүнгийн гэрээний 4.10, сургалтын гэрээний 4.11-т зааснаар ажилтан гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд сургалтын зардлыг нөхөн төлөхөөр тохиролцжээ.

 

С.Уянга нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдөр бизнес аялалаар, зорилго нь: Real Centre Network сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцан судалгаа хийх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийн талаарх судалгаа хийж, төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах, 2016 оны 05 сарын 17-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бизнес аялалаар, зорилго нь: Ази номхон далайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох, аливаа хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах, олон улс хоорондын бизнесийн хөгжил, үйл ажиллагаатай танилцан судалгаа хийх гэж тус тус тодорхойлон Сингапур Улсад явсан байна.

 

Хэргийн 29-31, 85-86, 155-159 дүгээр талд авагдсан хөтөлбөрийн төлөвлөгөө, RE/MAX SINGAPORE төвийн захирал ноён Keн Лимийн тодорхойлолт, тайлагналын хөтөлбөр гэх нотлох баримтууд болон талуудын тайлбар зэргийг харьцуулан үзэхэд хариуцагчийн оролцсон дээрх үйл ажиллагаа нь сургалт байсан болох нь эргэлзээгүй байдлаар нотлогдохгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хангалттай баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг сургалтад оролцож сертификат гардаж авсан гэж тайлбарлах боловч уг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүйгээс үнэлэх боломжгүй байна. /хх.162/

 

Сөрөг нэхэмжлэлийн “дутуу олгосон цалин хөлс 4 384 448 төгрөг гаргуулах” шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/01923 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 339 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                               ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                 Б.НАРМАНДАХ