Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 112/2016/0026/З |
Дугаар | 221/МА2017/0075 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2017/0075
Иргэн Б.Цгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагч Р.Б нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.Цгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Б.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын даргын Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Цг Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын Математик, физик мэдээллийн технологийн боловсрол хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Цгийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2612629 төгрөгийг Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газраас гаргуулж Б.Цд олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор тооцон бичилт хийхийг Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Б. Цэенхүү нь :
1. Боловсрол, соёлын газарт ажиллах Б.Ц нь математик, физик, мэдээлэл зүй хариуцсан мэргэжлийн түвшин, шаардлага хангахгүй байгаа талаар нийт математик, физикийн багш нар удаа дараа санал тавьсан..
2. Монгол Улсын гавьяат багш Ц.Сэвжид захирал удаа дараагийн хурал, цуглаан дээр математик, физик, мэдээлэл зүй хариуцсан Б.Ц нь мэргэжилдээ тэнцэхгүй байгаа талаар багш нарын саналыг уламжилж шүүмжилсэн.
3. Хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, сургалтын чанарыг сайжруулах дэд хөтөлбөрийн шалгалтын зарим материалыг засаж, үнэлгээ дүгнэлт өгөлгүй шууд дүнг ахлах мэргэжилтэн Д.Амгаланд өгсөн дутагдал байна.
4. Ажилдаа маш их хариуцлагагүй ханддаг талаар ахлах мэргэжилтэнгээс сануулж, удирдлагад санал тавьсан байдаг.
5. Боловсрол, соёлын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Сурахбаяр удаа дараа арга хэмжээ авсан, сануулсан байдаг. Гэхдээ материал нь олдохгүй байгаа нь Цэенхүүтэй холбогдож байдаг. Б.Ц нь төрийн албаны ёс зүй муутай, төрийн албыг нүд чихгүй мэтээр доромжилж, төрийн албанд тэнцэхгүй гэдгээ баталж байна.
6. Ажлаас халагдахдаа энэ ажилд дахиж орохгүй гэдгээ олон удаа илэрхийлсэн байна.
7. Ажлаас халагдахдаа жирэмсэн гэдгээ хэлээгүй, тэр үед жирэмсэн бол том гэдэстэй байх учиртай, гэтэл одооч жирэмсэн биш байна.
8. Боловсрол, соёлын газрын дарга Р.Бтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Сурахбаяр үүрэг гүйцэтгэгч ажилдаа орно тантай байгуулахгүй гэж байсан.
9. Иймд хөдөлмөрийн гэрээгүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй төрийн албан хаагчид хөдөлмөрлөх шаардлага тавих үндэслэлгүй болно. Гэрээ байгуулахгүй ажилтантай ажиллах боломжгүй.
10. Төрийн албанд тангараг өргөсөн баримт, хугацаа нь, материал нь олдохгүй хуурамч бүрдүүлсэн байна.
11. Боловсрол, соёлын газарт математик физик мэдээллийн технологийн боловсрол хариуцсан мэргэжилтний ажлын байр байдаггүй.
12. Боловсрол, соёлын газрын даргын түр орлон гүйцэтгэгч М.Сурахбаяр томилсон 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар математик, физик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан мэргэжилтнээр туршилтын 6 сарын хугацаагаар томилсон байна. Иймд Боловсрол, соёлын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаал нь хүчинтэй шийдвэр юм.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 25 дугаар зүйлийн 25.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/315 дугаар тушаалын хавсралтын 3.2.1 дүгээр заалтын тус тус үндэслэлтэй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ц нь Говь-Алтай аймгийн Боловсрол, соёлын газрын даргын Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага ихэсгээгүй, өөрчлөөгүй байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
1. Нэхэмжлэлд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын аль нь ч гарын үсэг зураагүй, нэхэмжлэгчээс Ж.Д олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг олгосон байна.
Нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг хангаагүй, хэрвээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг нэхэмжлэлийг бичсэн бол мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д зааснаар хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийг хавсарган ирүүлэх ёстой байжээ.
Үүнээс дүгнэвэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д зааснаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох эсвэл 54 дүгээр зүйлийн 54.1.5-д ...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэх эрхгүй.... этгээд нэхэмжлэл гаргасан гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байжээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд тус тэмдэглэлд ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулж... Ж.Буяннэмэхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Гэтэл уг захиргааны хэргийн нэхэмжлэгч нь Б.Ц бөгөөд Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх алдаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан үндэслэл болж байна.
3. Нэхэмжлэгчийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/315 дугаар тушаалын хавсралтын 3.2.1 дэх заалтыг зөрчиж, мэргэжилтнээр томилогдсон, албан үүргээ 3 удаа хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх боловч нэхэмжлэгчийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасныг шалгаж, тогтоосон талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн гаргасан гэх зөрчил тус бүрийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг зайлшгүй тодруулах нь зүйтэй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж тодорхой заасан.
4. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтыг баримталсан атлаа Тогтоох хэсгийн 2 дахь заалтад дахин уг хуулийн зүйл, заалтыг баримталсан нь ойлгомжгүй, мөн Тогтоох хэсгийн 3 дахь заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримталсан нь буруу байна.
Зүй нь хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлахгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох ёстой.
Мөн маргаан бүхий захиргааны акт буюу Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б.Цг ажлаас халах тухай Б/21 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэсэн тушаажээ. Нэхэмжлэгч Б.Ц нь төрийн жинхэнэ албан хаагч тул Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, харин Үр дүнгийн гэрээ байгуулдаг болохыг дурдах зүйтэй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР