Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 10

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.С  

Хариуцагч: БСШУСЯ ТНБД ,

Нэхэмжлэлийн шаардлага: БСШУСЯ ТНБД ын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаартай “Д.С-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “БСШУСЯ ТНБД ын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаартай “Д.С-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудиторын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэх тухай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан ба “хуульд заасан хугацаанд шийдвэрлэх боломжгүй байна, судлах зүйл байна” гэж утсаар холбогдохоор нь хугацаагаа сунгаж байна гэж ойлгосон, гэтэл түүнээс хойш ямар нэгэн хариу өгөхгүй болохоор утсаар холбогдоход дахин “судалж байгаа” гэсэн хариу өгсөн болно. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4 дэх хэсэгт заасан хугацаа нь дуусах гэж байгаа тул эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.

Нэхэмжлэлийн үндэслэл: Д.С миний бие 1993 оноос Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгчөөр, 2014 оноос Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн ерөнхий санхүүч болон төрийн албанд 24 жил ажилласан билээ. 2002 оны 7 дугаар сарын 18-нд төрийн албаны шалгалтанд орж 2003 оны 12 дугаар сарын 12-нд тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагч болсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитороор тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар түр томилогдон ажиллаж байсан бөгөөд төрийн жинхэнэ албанд нэр дэвшүүлэх талаар тус яамны зүгээс Төрийн албаны зөвлөлд албан бичгээр хандсаны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1019 тоотоор төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг дэмжсэн албан бичиг ирүүлсэн.

Гэвч жинхэлсэн талаар тушаал гаргахгүй байсаар байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халсныг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна. Миний бие Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх асуудал нь тус хуулийн 23- 26 дугаар зүйлүүдэд зохицуулсан бөгөөд миний зүгээс тус хуульд заасан аливаа зөрчлийг гаргаагүй, намайг ажлаас чөлөөлөх бодит үндэслэл бий болоогүй байхад яамны Төрийн нарийн бичгийн дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд, хууль бус захиргааны акт гарган, намайг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон шийдвэрлэлээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан, ажлын цагийг тасалсан гэх үндэслэлээр намайг ажлаас халсан байх бөгөөд миний зүгээс ажлын цагийг тасалсан гэм буруутай үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд зохих журмын дагуу дээд шатны албан тушаалтанд хүсэлтээ гарган шийдвэрлүүлж чөлөө авсан байсан. Гэтэл ийнхүү чөлөөтэй байх хугацааг минь ажил тасалсан гэж үзэж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн гэх боловч тус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн эсэх тодорхойгүй, сонсох ажиллагааны мэдэгдэлд захиргааны шийдвэр гаргах асуудлын талаархи мэдээлэл, үндэслэл тодорхойгүй зэргээр Захиргааны шийдвэр гаргах материаллаг болон процессын шаардлагыг хангаагүй.

Мөн түүнчлэн ажлын цагийг тасалсан зөрчил гаргасан гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар 1 сарын дотор буюу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гаргах ёстой байтал, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй, ямар үндэслэээр намайг ажлаас халсан нь ойлгомжгүй, миний гаргасан гэх зөрчил тогтоогдоогүй, зохих журмын дагуу чөлөө авсан хугацаанд ажлаас халах шийдвэр гаргасан нь миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн болно.

Иймд БСШУСЯ ТНБД ын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаартай “Д.С-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан байх тул илт хууль бус болохыг тогтоож, Д.С намайг урьд эрхэлж байсан үүрэгт ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг нөхөн хийлгэж өгнө үү.

Миний бие гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.3 дах хэсэгт байлцах хүсэлтэй байна...” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитороор томилогдсон. Томилогдсон хугацаанаасаа хойш алдаа зөрчилгүй ажиллаж байсан. 2018 он гараад ээлжийн амралт авах хүсэлтээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудиторын газрын даргад амаар гаргатал “бичгээр хүсэлтээ өг” гэсэн. Хүсэлтээ бичгээр гаргаад БСШУСЯ ТНБД тай 2, 3 удаа уулзахад “амралтын хуваарь батлагдах болоогүй учир хугацаагаа жаахан хойшлуул” гэсэн. Миний хувьд тухайн үед хүү минь хүнтэй гэрлэх гээд бэр гуйх ажилтай байсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрынхантайгаа ярьж тохироод 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс амралтаа авах хүсэлтээ гаргасан. Явахын өмнөх өдөр БСШУСЯ ТНБД д “маргааш явах боллоо чөлөө өгөөч” гэж хэлэхэд “завгүй байна эргээд уулзъя” гэсэн боловч маргааш нь уулзаж амжихгүй Дорноговь аймаг руу явсан. Дорноговь аймагт очоод миний бөөр өвдөөд гэрээр эмчилгээ хийлгэж байгаад ирсэн.

Би 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр Анагаахын шинжлэх ухааны Их сургуулийн эмнэлгийн дотрын эмчид үзүүлэхэд яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн учир Дорноговь аймагт очоод гэрээр эмчлүүлж байгаад Бүгд Найрамдах Солонгос Улсад очоод ажил хийгээгүй 10 гаруй хоног эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаад ирсэн.

Солонгос руу 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдөр яваад 05 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. 2018 оны 03 дугаар сард олон өдрийг ажил тасалсан гэж бүртгэсэн байна. Бид хяналт, шалгалтаар явахдаа хуруугаа даралгүй томилолтын хуудсаа хавсаргадаг. Би нэг ч удаа ажлаа таслалгүй хийгээд явж байсан.

Ээлжийн амралт хүссэн өргөдөл өгч байсан. Ээлжийн амралтын мэдэгдэл хуудас өгөөгүй. Захиргааны чөлөө хүссэн өргөдөл өгөөгүй. Захиргааны чөлөө олгосон шийдвэр гараагүй.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “БСШУСЯ ТНБД ын 2018 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн тушаалын үндэслэл хуульд заасан шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага тавьсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Д.С-ийн хууль ёсны эрх, ашиг хөндөгдсөн талаар яригдаж байгаа. Гэтэл хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад өөр хүнтэй харьцуулан ярьж буй нь хэрэгт ач холбогдолгүй, ойлгомжгүй байхаас гадна шүүхийн шийдвэрт ямар нэг байдлаар нөлөөлөх гэж оролдож байна гэж үзэж байна. Д.С-ийг ажлаас халсан тушаалын үндэслэл нь нэгжийн дарга нарын хурлын тэмдэглэлээр зөрчил тогтоогдсон гэж байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Зөрчлийг шалгасан талаарх материал хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэдэг нь хариуцагчийн тайлбараар бүрэн нотлогдохгүй байна.

Албан бичгийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж Д.С-ийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд тайлбарласан байдаг. Д.С албан бичиг хэтрүүлсэн гэх зөрчлийг гаргаж байгаагүйг хариуцагч байгууллагаас ирүүлсэн Д.С нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гэх албан тоотоос харагдаж байна. Д.С-ийг шүүхэд хандсаны дараа шүүхээс Хил хамгаалах ерөнхий газраас хилийн лавлагааг авсан байна. Анагаахын шинжлэх ухааны Их сургуулийн эмнэлгийн дотрын эмчид 2018 оны 05 дугаар сарын 21-ний өглөө ирж үзүүлээд лист авсан. Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, Улсын Дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолд  зөрчил тус бүр тогтоогдсон байх шаардлагатай гэж үзсэн байдаг. Тухайн зөрчлийг тогтоосон баримт материал байхгүй байж тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 7 дугаар зүйлд заасны дагуу сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор сахилгын шийтгэл ногдуулах хууль дүрмийг зөрчиж Д.С-ийг ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Д.С-ийн ажил тасалсан зөрчлийг хилийн лавлагаа авснаар тогтоогдсон гэж байгаа боловч хариуцагч талаас тус лавлагааг шүүхийн шатанд гаргуулж авсан. Д.С-ийг ажлаас халсан тушаал гаргахаас өмнө тус зөрчлийг тогтоогоогүй гэж үзэж байгаа тул уг тушаал үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн БСШУСЯ ТНБД ын 2018 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Д.С нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулж, Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг нөхөн хийлгэх” тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага нь хууль эрх зүйн үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Д.С нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан. Өвчтэй гэж мэдэгдээд Бүгд Найрамдах Солонгос улсад ажилласан /ирцийн бүртгэлийг хавсаргав/. Мөн албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй, шаардлага тавихад “..дарга нарын гарын үсэг дутуу, дарга нарыг хүлээж байна..” гэсэн тайлбарыг өгдөг.

Иймд Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/01 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.15 /Албан хаагчид дараах тохиолдолд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага тооцон сахилгын арга хэмжээ авна/, 9.15.10 /хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан буюу ажлын цаг баримталдаггүй/ дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн.

Д.С нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ц*******гийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар түр томилогдон ажиллаж байгаад, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/131 дүгээр тушаалаар тухайн албан тушаалд дахин түр томилогдон ажилласан. Д.С нь сахилгын зөрчил удаа дараа гаргасан, ажил тасалсан, мөн Яамны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ түр томилгоотой байсан тул ажпаас чөлөөлсөн шийдвэр нь хууль эрх зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2018 он бол “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил”. Тус яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажпын төлөвлөгөөний дагуу ажил тасалдаг, хуурамч лист, тодорхойлолт бүрдүүлдэг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, шаардлагыг хангахгүй байгаа албан хаагчдад хариуцлага тооцон ажиллаж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Д.С ажлаа таслаад Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байгаад ирсэн гэсэн үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлсөн. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэгжийн дарга нарын хурал дээр Д.С-ийг ажлаа таслаад гадаадад ажиллаж байгаа, эмнэлгийн акт нь хуурамч гэж ярьсан байсныг хурлын тэмдэглэлд тусгаагүй боловч гэрчүүдийн мэдүүлэг дээр тэр тухай байгаа. Бүгд Найрамдах Солонгос Улсад байх хооронд Монгол Улсад эмчлүүлсэн мэтээр эмнэлгээс акт өгсөн байсан. Яагаад Монгол Улсад байхгүй хүнд эмч акт өгдөг юм. Д.С-ийг ирсний маргааш өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сонсох ажиллагаа хийж зөрчлийг танилцуулаад 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал нь гарсан. Иргэнээс “танай дотоод мониторингийн хэлтсийн 2 хүн Бүгд Найрамдах Солонгос Улсад ажил хийгээд явж байна, ингэж болж байгаа юм уу” гэсэн мэдээлэл ирсэн. 2018 оны 03 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улс руу яваад 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн хилийн лавлагаа авсан. Ажлаа таслаад гадаад улсад ажиллаж байгаад ирчихээд худлаа яриад сууж байгаа хүнийг яаж төрийн албанд ажиллуулах юм. Д.С-ийн ажлын байрны сул орон тоог зарлан сонгон шалгаруулалт хийгээд өчигдөр томилогдсон албан хаагч нь төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Д.С-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр зөв байсан.

Бид таныг хуурамч лист өгсөн гээд  мэргэжлийн хяналт шалгалтын газраар шалгуулах гэж байгаад больсон. 2018 оны 04 дүгээр сарын 16-ний өдрөөс 04 дүгээр сарын 27-ний өдрийн хооронд эмнэлэгт үзүүлсэн эмчийн магадалгаа авчирса. Хүний биеийг үзэж байгаад магадалгаа гаргаж өгдөг биз дээ. Худлаа ярьж болохгүй.

Яам 2018 оны 05 дугаар сард Хил хамгаалах байгууллагаас лавлагаа авсан. Тэр лавлагааг үндэслэж шийдвэр гарсан. Лавлагааг Л.Ц******* дарга ажлаас гарахдаа аваад явсан гэсэн. Бүгд Найрамдах Солонгос Улсад ажил хийж байгааг ажлын хамт олон чинь гэрчилсэн учир хурлаар оруулсан. Шаардлагатай гэж үзвэл хамт олноосоо гэрчээр дуудаад хэн таныг Бүгд Найрамдах Солонгос Улсад явж байгааг хэлснийг тодруулах боломжтой. Шүүх байгууллагад худлаа ярьж байгаа нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Ингэж ажил тасалдаг, худлаа ярьдаг хүн төрийн албанд ажиллах шаардлагагүй. Яагаад ажлаас халах тушаал гаргаагүй, чөлөөлөх тушаал гаргасан талаар холбогдох хүмүүсээс асуухад “ажлаас халсан гэвэл дараа нь тухайн хүн өөр газар ажилд ороход хэцүү гээд өөрийнх нь гуйснаар чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай. Д.С-ийн хувьд түр орлон гүйцэтгэгч учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслээд халах гэдэг үгний оронд чөлөөлсөн гэж тушаал гаргасан” гэж Төрийн захиргааны удирдлагын газрын дарга болон уг тушаалыг боловсруулсан н.Сарантуяа нар тайлбарлаж байсан.” гэв.

Гэрчээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Э мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Д.С-ийн талаар асуудал ороогүй байсан. Тэр өдөр 2 шалтгаанаар 12-13 хүнд сахилгын хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцэх хурал хийгдсэн. Үүнд 1 дүгээрт ажлын цагийн бүртгэлтэй холбоотой, 2 дугаарт албан бичгийн хугацаа хэтрүүлсэн, хариу хүргүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох талаар газрын дарга нараас санал хэлэлцэж, хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэсэн. Үндсэн хэлэлцэх асуудал дууссаны дараа Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Б, дотоод аудитор Д.С нартай холбоотой зүйлийг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга С.М хурал дууссаны дараа санал асуусан. Үүнтэй холбогдуулж бусад хүмүүсийг хэлэлцсэнтэй адил газрын дарга нараас санал хурааж, хариуцлага тооцох эсэх асуудал яригдаагүй. Миний хувьд энэ 2 мэргэжилтний бодит байдал нь эмнэлгийн магадлагаатай байгаа нөхцөл байдлыг харгалзан хариуцлага тооцох эсэх талаар ярих боломжгүй гэх утгатай санал хэлсэн. Үүнээс өөр чөлөөлөх эсэх, сахилгын хариуцлага тооцох талаар хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй.

Д.С-эс ээлжийн амралтаа авах талаар бичгээр, амаар хүсэлт гаргаж байсан. 2018 оны 1, 2 дугаар сард яамны дотоод журмын дагуу газрын даргадаа амаар “хүүгийнх нь хурим болох гэж байгаатай холбоотой бэлтгэл хийх тул ээлжийн амралтаа авах талаар” хүсэлт гаргаж, энэ хүсэлтийг Төрийн нарийн бичгийн даргад уламжилсан.  Төрийн нарийн бичгийн дарга яамны амралтын нэгдсэн тушаал гарахаар уг тушаалд оруулна гэсэн. Гэтэл яамны амралтын нэгдсэн тушаал 1 дүгээр улиралд гараагүй. Ингээд өөрийгөө эмнэлэгт үзүүлэх, орон нутагт эмчилгээ хийлгэх шалтгаантайгаар Дорноговь руу явсан гэж ойлгосон. Үүнтэй холбоотой эмнэлгийн магадлагаа, листийг журмын дагуу санхүүд олгохыг мэдэгдсэн. Түүний дагуу эмнэлгийн акт, листээ өгсөн гэж ойлгож байна. Бичгээр ээлжийн амралтаа хүссэн хүсэлт гаргаж байсныг дэмжиж цохолт хийсэн. Хугацаа хэтрүүлсэн бичиг, үүрэг даалгавар Д.С-ийн тухайд байсан эсэхийг тэр өдрийн байдлаар санахгүй байна.” гэжээ.

Гэрчээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга С.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэгжийн дарга нарын шуурхай хуралдаан хуралдсан. Тус хуралдаанд төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хугацаа хэтэрсэн өргөдөл, бичиг баримтад зохих арга хэмжээ авах, мөн мэргэжилтнүүдийн ёс зүйн хариуцлагыг газар тус бүрээр авч хэлэлцсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 10 газар, 4 хэлтэстэй. Хамгийн сүүлд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын талаар хэлэлцсэн боловч тухайн үед хурлыг хурааж бичлэг хийж байсан миний гар утасны цэнэг дууссан байсан учраас бичлэг хийж авч чадаагүй. Миний хажууд сууж байсан Дээд боловсролын газрын дарга н.А нь утсандаа бичиж авсан байсан. Тус хуралдаан 2 цаг орчим үргэлжилсэн учраас бичлэгийн хэмжээ их, цахимаар надад дамжуулж өгөх боломжгүй байсан. н.А бичиг хэргийн ажилтанд дамжуулж өгсөн. Тухайн бичлэгийн хугацаа урт байсан учир хэд хэд тасалж, зөөврийн хэрэгслээр дамжуулж авсан байсан. Тэрхүү хурлын бичлэг байхгүй болсон. Гэвч хурлын үеэр Д.С, Б.Б хоёрын талаар тэднийг БНСУ-д ажил хийхээр явсан тухай мөн хоёуланг нь ажлаас халах нь зөв гэж ярьсан. Яагаад гэвэл захиргааны акт, шийдвэр гараагүй байхад хэл сураггүй 2, 3 сар ажлаа таслаад явсан нь ажлаас халах үндэслэл болж, дарга нар ажлаас халах нь зүйтэй гэж үзсэн. Хуралдааны үеэр бичгээр тэмдэглэл хөтлөөгүй, утсаар бичлэг хийж, бичиг хэргийн ажилтанд өгч шивүүлсэн. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Д.С-ийн тухай хэлэлцэнэ гэж онцгойлоогүй, бүх газар, хэлтсийн мэргэжилтнүүдийн гүйцэтгээгүй ажил болон ажлын цагийн хариуцлагын талаар авч хэлэлцсэн. Д.С нь 2018 оны 2 дугаар сард ажлаа орхиж явсан. Эхлээд өвчтэй гэж хөдөөнөөс акт авчруулж, дараа нь чөлөө авсан. Гэтэл тэр үедээ хилээр гарчихсан байсан. Мөн үргэлжлүүлж ээлжийн амралтаа авах өргөдөл гаргаж байсан. Тухайн өргөдлийг шийдвэрлэсэн ямар ч захиргааны акт гараагүй байхад хилээр гарчихсан байсан. Өвчтэй гэсэн эмчийн магадлагаа нь хуурамч гэдэг нь дараа нь өөрийнх нь БНСУ-д ээжийгээ эмчлүүлэхээр явсан гэж бүрдүүлж ирсэн бичиг баримтаар нь нотлогдсон. Хугацаа хэтэрсэн ажлын баримт бичгийн тухайд өөр мэргэжилтнүүдэд тухайн үед нь шилжүүлж гүйцэтгүүлж байсан. Д.С Б.Б нар нь зэрэг ээлжийн амралтаа авах хүсэлтээ байгаагаа хэлж байсан. Тус газар нь 4 мэргэжилтэнтэй учраас 2 мэргэжилтэн зэрэг амарч болохгүйг, мөн яам нь бүтцийн өөрчлөлт хийж магадгүй учраас ажлын байранд нь өөрчлөлт орох магадлалтайг хэлсэн. Ээлжийн амралтын тушаал батлагдаагүй, газар, хэлстийн ээлжийн амралтын хуваарь ирээгүйг мөн хэлж байсан. 2018 оны 6 дугаар сард ээлжийн амралтын хуваарь батлагдсан. Ээлжийн амралт авах хүсэлтийг Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэх үүрэгтэй. Дээрх шалтгаануудыг үндэслэн ээлжийн амралтын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Ээлжийн амралт авах хүсэлт гаргах үедээ Д.С нь өөрөөр байгаагүй, газрын даргаараа дамжуулж гаргасан. Би өөрөө тухайн хүсэлтэд газрын даргад нь “ээлжийн амралт олгох боломжгүй” гэсэн хариуг амаар өгсөн. Д.С захиргааны чөлөө хүссэн өргөдөл гаргаагүй.

Удирдлагадаа өвчтэй, чөлөө авах шаардлагатай байгаа зэргээр худал хэлж, “гадаад улсад ажил хийж байна, танай байгууллага хараа хяналт тавьдаггүй юм уу” гэж яамны хүний нөөцийн газар утсаар нэгэн иргэн мэдээлсэн байдаг. 2018 оны 5 дугаар сарын 21-нд сонсох ажиллагаа явуулж, Хил хамгаалах ерөнхий газраас Д.С-ийг хэдэн сарын хэдний өдөр улсын хилээр гарсан болон орсон лавлагааг гаргуулахаар яамнаас албан бичиг хүргүүлсэн. 5 өдрийн дараа Хил хамгаалах ерөнхий газраас хариу ирж, тус хариуг үндэслэн ажлаас халах тушаал гарсан. Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан Л.Ц гэж хүн ажлаас чөлөөлөгдөхдөө байгууллагад үлдээгээгүй авч явсан байдаг. Ажлаас халах тушаал гарсны дараа Д.С миний өрөөнд орж ирж “буруугаа ухамсарлаж ойлгож байгаа тул ажлаас халах бус ажлаас чөлөөлөх тушаал болгож өөрчлөн, өөр байгууллагад шилжүүлж ажиллуулж өгөөч” гэж гуйсан. Тэгэхэд би Д.С-д хүсэлтээ бичгээр гаргах хэрэгтэй гэж хэлсэн. Бичгээр өргөдөл хүсэлт гаргаж өгөөгүй. Гуйсных нь дагуу тушаалыг ажлаас чөлөөлснөөр гаргасан.” гэв.

Гэрчээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хэрэгт хөтлөлт хариуцсан ажилтан Г.А мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэгжийн дарга нарын шуурхай хуралдаанд би өөрийн биеэр оролцоогүй. Тус хуралдааны бичлэгийг надад өгч бичлэгийг сонсож сийрүүлэн бичсэн. С.М н.А дарга нарын гар утсан дээр хийгдсэн бичлэг байсан. н.Ц дарга “тэмдэглэлд Д.С, Б.Б нарын талаар ярьсан зүйлс шивэгдээгүй байна” гэж хэлж байсан. Би надад өгсөн 5 тусдаа бичлэгийг бүгдийг нь орхигдуулалгүй шивж буулгасан.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь “БСШУСЯ ТНБД ын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаартай “Д.С-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, тус яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлээр гаргаж, шүүх хуралдаанд энэ шаардлагаа дэмжжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд өмгөөллийн дүгнэлтдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар ... тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан бөгөөд өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх олгогдохгүй хэдий ч маргаан бүхий акт болох БСШУСЯ ТНБД ын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлд “илт хууль бус гэж үзэх”, “хууль бус гэж үзэж хүчингүй болгох” үндэслэл байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийж нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Д.С нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт- шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитороор тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар түр томилогдон, улмаар яамны ажлын байр шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/131 дүгээр тушаалаар  тухайн албан тушаалдаа мөн түр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар чөлөөлөгдсөн байна.

Хариуцагч ийнхүү түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “захиргааны чөлөөгүйгээр удаан хугацаагаар ажил тасалсан нь хилийн лавлагаагаар тогтоогдсон, эмнэлгийн магадлагаа хуурамчаар бүрдүүлсэн, албан бичгийн хугацаа хэтрүүлсэн” хэмээн тайлбарлаж, нэхэмжлэгч “ажлаас халах, чөлөөлөх хуульд заасан зөрчил гаргаагүй, ажлаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй буюу эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, зохих журмын дагуу чөлөө авсан, эмнэлгийн магадлагаагаар өвчтэй байх хугацаанд чөлөөлсөн нь үндэслэлгүй, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, тушаалд заасан хурлаар хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй, албан бичгийн хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргаагүй” гэсэн үндэслэлүүдээр маргажээ.

Д.С нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр яамны Төрийн нарийн бичгийн даргад “ээлжийн амралтаа 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авах” хүсэлтээ бичгээр гаргаж, уг өргөдөлд түүнийг харьяалах Хяналт- шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд “хүндэтгэн үзэх шалтгаантайг харгалзан ээлжийн амралтыг олгохыг хүсэж” дэмжиж тодорхойлсон хэдий ч ээлжийн амралт олгосон шийдвэр гараагүй, тус яамны газар хэлтсийн ажилтнуудын 2018 онд эдлэх ээлжийн амралтын хуваарийг Төрийн нарийн бичгийн дарга 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Б/75 дугаар тушаалаар баталж, нэгжийн үйл ажиллагааг зохицуулж албан хаагчдыг баталсан хуваарийн дагуу ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгожээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмаар ажлын 2 хүртэл хоногийн чөлөөг албан хаагчид харьяалах нэгжийн дарга нь олгохоор, бусад чөлөөг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар олгохоор журамласан байх бөгөөд Д.С нь захиргааны чөлөө хүссэн өргөдөл гаргаагүй, түүнд чөлөө олгосон ямарваа шийдвэр  эрх бүхий этгээдээс гаргаагүй болох нь түүний өөрийнх нь тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин ажлын цагийн цахим бүртгэлээр тэрээр 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл “тасалсан”, 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал “өвчтэй” төлвөөр бүртгэгдсэн, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл “өвчний учир ажлаас чөлөөлсөн” эмнэлгийн магадлагааг байгууллагадаа ирүүлсэн байх бөгөөд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сургалтын нэгдсэн эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 235 дугаар тоотоор Д.С-ийг дээрх хугацаанд уг эмнэлгээр үйлчлүүлсэн талаарх мэдээлэл бүртгэгдээгүйг, өөрөөр хэлбэл эмнэлгийн магадлагааг олгоогүйг тодорхойлсон байна.

Түүнчлэн дээрх хугацаанд буюу цагийн бүртгэлээр “өвчтэй” төлөвт бүртгэгдсэн, эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн гэх хугацаанд тэрээр Монгол Улсад эмчлүүлээгүй, эмнэлгээр үйлчлүүлээгүй төдийгүй Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2-5а/13254 тоотоор шүүхэд ирүүлсэн “Д.С нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн О******* дүгээр аялалын онгоцоор гарсан, 5 дугаар сарын 20-ны өдөр Сөүл-УБ чиглэлийн О******* дугаар аялалын онгоцоор улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна” гэх лавлагаагаар тогтоогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь ээлжийн амралт, захиргааны чөлөө олгосон ямарваа шийдвэргүйгээр ажлаа удаан хугацаагаар орхин явж тасалсан, энэ хугацаандаа өвчтэй байсан гэж хуурамчаар магадлагаа бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна. 

Тус яамны Хөдөлмөрийн дотоод журмын 9.15.10-т “Албан хаагч хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа /2/ ажил тасалсан буюу ажлын цаг баримталдаггүй тохиолдолд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага тооцон сахилгын арга хэмжээ авах”-аар заасан байна.

Иймд ээлжийн амралт, захиргааны чөлөө олгосон шийдвэргүйгээр удаа дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 14-нөөс 5 дугаар сарын 20-ныг дуустал 2 сар гаруй хугацаанд ажил тасалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын хариуцлага тооцох, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцох үндэслэл болсон байх тул энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална”, 40 дүгээр зүйлийн 40.1.4 “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд захиргааны  санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэсэн заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Харин “албан бичгийн хугацаа хоцроосон” гэж хариуцагч актын хууль зүйн үндэслэлээ болгон тайлбарласан ч энэ зөрчлийг шалгаж тогтоогоогүй, шүүхэд энэ талаарх байдлыг нотлоогүй, “тухайн үед нь өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлсэн” хэмээн тайлбарласан ба энэ нь ажлаас чөлөөлсөн тушаалыг илт хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

Хариуцагч нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасан “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, ... халах” бүрэн эрхийн хүрээнд тушаалыг гаргасны дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал хэдийгээр төрийн жинхэнэ албан тушаал ч тэрээр уг албан тушаалд түр томилогдсон байсан тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр  зүйлийн 11.6-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг баримталж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байна.  

Уг тушаалд нэгжийн дарга нарын хурлын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тэмлэглэлийг үндэслэсэн ч энэ хуралдаанаас Д.Сд сахилгын шийтгэл хүлээлгэхээр шийдвэр гараагүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх ба энэ нь зорилгодоо нийцсэн дээрх тушаалыг илт хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Хариуцагч байгууллага 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр түүнийг байлцуулан “ажил тасалсан, албан бичгийн хугацаа хоцроосон” зөрчлөөр сонсох ажиллагаа хийж, түүнээс тайлбар авч, ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн ба тус яамны нэгжийн дарга нарын 5 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар энэ асуудлыг шийдвэрлээгүй байх тул зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэх хугацаа хэтрүүлээгүй байна.

Хэдийгээр Д.С гаргасан зөрчил ажлаас халах үндэслэл болсон ч ажлаас чөлөөлсөн, хариуцагч энэ үндэслэлээ “халагдсан тохиолдолд дахин ажилд ороход хүндрэлтэй гэж түүний гуйснаар” хэмээн тайлбарласан, ийнхүү тушаалын үндэслэл болон шийдэл агуулгын хувьд зөрүүтэй байгаа ч энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилготой, түүний хүсэл зоригоос хамаарсныг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр БСШУСЯ ТНБД ын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, тус яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан “БСШУСЯ ТНБД ын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, тус яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Д.ХАЛИУНА