Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0184

 

Х.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.*******ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоонд Төрийн захиргаа удирдлагын хэлтэст харьяалагдах Гадаад харилцаа, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаартай Х.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан мэргэжилтний албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.

Миний бие 2004-2007 онд өргөдөл, санал, гомдол хариуцсан мэргэжилтэн, Засаг даргын Тамгын газрын даргын туслах, 2007-2008 онд гадаад харилцаа, иргэдийн өргөдөл, санал, гомдол хариуцсан мэргэжилтэн, 2008-2012 онд гадаад, харилцаа, Засаг даргын Тамгын газрын даргын туслах, 2012-2013 онд гадаад харилцаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, шуурхай зөвлөгөөний шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, 2013 оны 7 дугаар сараас эхэлж шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, 2013 оны 7 дугаар сараас эхэлж гадаад харилцаанд Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцах ажлыг нэмсэн. 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, улсад 16 дахь жилдээ ажиллаж байсан.

Гэвч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн "Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 52 тоот тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоол, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоол, 2014 оны 147 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн "Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 153 тоот тушаалыг хүчингүй болгосон бөгөөд 2015 оны эхэнд цалин мөнгө нь батлагдсан миний орон тоог хууль бусаар хасаж, Хөгжлийн бодлогын хэлтэст /зам, тээврийн асуудал хариуцсан мэргэжилтэн/ нэг, Цэргийн штабт /сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн/ нэг орон тоог тус тус шинээр нэмж баталсан нь Засгийн газрын 147 дугаар тогтоолын 3.3, 1.3-т заасан байгааг зөрчсөн, гадаад харилцаа, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн миний орон тоог цомхтгож хууль зөрчиж байна.

Ажилласан хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Засаг даргын Тамгын газрын шинэ бүтэц, орон тооноос төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, нийгмийн хөгжлийн хэлтэс, санхүү, төрийн сангийн хэлтэс бүрээс нэг нэг ажилтны орон тоог хассан боловч орон тооны цомхтголд орсон нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилуулж, санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнийг хуучин орон тоонд хэвээр үлдээж зөвхөн намайг л ажлаас гаргасан. Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 110 тоот тушаалаар төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн байсан чинь өнгөрсөн жил мэргэжилтэн болгож, одоо бүр ажлаас хүртэл гаргасан. 

Хариуцагч тайлбартаа миний ажлын байрыг цаг хугацааны хувьд тогтмол биш, 8 цагийн ажил хийдэггүй гэсэн байна. Амаар хэлж, үзэмжээр хүнийг хавчиж ажлаас гаргасныг буруу гэж бодож байна.

Т.Манкей дарга орж ирснээс хойш 8 хүн шинээр ажилд орсон. Зарим нь гэрээт ажилтан, зарим нь түр ажилтан, зарим нь улс төрийн албан тушаалтан гэх юм. Гэхдээ Тамгын газарт орж ирсэн хүмүүс Тамгын газрын цалин, төсвөөс л цалинждаг. Надад Бид нар илүү хүмүүст цалингаа тавьж өгөх боломжгүй болсон, тиймээс орон тоог цомхтгосон гэж хэлсэн. Тэгэхэд үзэмжээрээ миний ажлын байрыг ачаалалгүй мэтээр харж цомхтгосон нь хуулийг зөрчиж байна.

Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх асуудал Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан боловч энэхүү харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь Төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн явдал юм.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар тухайн орон тоо, чиг үүрэг нь хасагдаагүй учраас орон тоо цөөрсөн ч гэсэн өмнө нь ажиллаж байсан хүнийг тухайн ажилд ажиллуулах ёстой. 

2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаар тушаал болон 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар тушаалын хавсралтыг үзэхэд хуучин 41 байсан нь шинэ бүтцээр 43 орон тоотой болсон. Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх боловч орон тоо нь 43 байгаа, 41 болсон асуудал байхгүй.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаар нь 41 байхаар тусгасан юм. Гэтэл тус аймгийн Засаг даргын Тамгын газар 2011 оноос хойш орон тооны хэтрэлтэй ажиллаж ирсэн бөгөөд тооны хязгаарт багтах ёстой төрийн албан хаагчдын тоо 45 болж нэмэгдсэн. 41 орон тоонд багтаах үүднээс тооны хязгаарт 2013 онд 153 дугаар тушаалаар бүтэц, орон тоог батлан мөрдүүлсэн боловч цомхтголд орсон нэг ажилтан шүүхийн журмаар жирэмсэн эхийн баталгааг эдлэн буцаан томилогдсон. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны нэг ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газарт багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгасан шийдвэр гарсан.

Иймд Засгийн газрын тогтоолоор баталсан орон тооны хязгаарыг зөрчин удаан хугацаагаар ажиллах боломжгүй тул бүтэц, орон тоог дахин шинэчлэн гаргах зайлшгүй шаардлага бий болсон. Үүнтэй холбогдуулан ажил үүрэг нь бага ажилтны орон тоог хасаж, өөр ажилтнуудад хуваарилан зохицуулалт хийж шинээр бүтэц, орон тоог мөрдүүлэн ажиллаж байна. Тус бүтэц, орон тоогоор Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс нэг орон тоо, Санхүү, төрийн сангийн хэлтсээс нэг орон тоо, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн нэг орон тоо болох Гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцан мэргэжилтний орон тоо тус тус хасагдсан. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан ажлыг тус хэлтсийн дарга болон Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэнд тус тус ажил үүргийг шилжүүлсэн болно.

Гадаад харилцаатай холбоотой ажил нь байнгын бус бөгөөд тогтмол хариуцах ажил байдаггүй. Иймд хэлтсийн дарга нь хариуцан ажиллах боломжтой гэж үзсэн. Өнгөрсөн онд Х.*******ийн хариуцаж буй ажил нь бага байсан тул тогтоол шийдвэрийн асуудлыг хариуцуулан ажиллуулсан юм. Тогтоол, шийдвэрийн биелэлтийг хагас, бүтэн жилээр холбогдох хэлтэс, агентлагуудаас авч нэгтгэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт жилд хоёр удаа хүргүүлдэг юм. Иймд энэ утгаараа эдгээр ажлуудыг бусад мэргэжилтэн нарт хариуцуулан хийлгэж болохоор байсан тул бүтэц, орон тоогоор хасагдсан болно.

2013 оны 153 тоот тушаалаар батлагдсан бүтцээр Төрийн сангийн 2 мэргэжилтэн, Татварын бодлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн сангийн 3 мэргэжилтний орон тоог шинэ бүтцээр төсвийн орлого, төсөвт байгууллагын төлбөр тооцооны 2 орон тоо болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан орон тоо, ажил үүрэг нь нэгтгэгдсэн 3 албан хаагчаас сонгон шалгаруулах замаар аль албан хаагч цомхтголд орох болохыг танилцуулахыг Төрийн сангийн хэлтсийн даргад үүрэг болгосон боловч хэрэгжээгүй байдалтай байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан. Үүнтэй холбоотой өөр ажил, албан тушаалд шилжүүлэх боломж байгаагүй. 6 сарын тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэсэн.

Тамгын газрын бүтцийг нягтруулж, боловсон хүчнийг хэрхэн ажиллуулах нь Тамгын газрын даргын бүрэн эрхийн асуудал байдаг. Тухайн хэлтсүүдээс санал авсан.  Шинээр орон тоо бий болгож ажилд авсан асуудал байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоонд төрийн захиргаа, удирдлагын хэлтэст харьяалагдах гадаад харилцаа, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Тамгын газрын гадаад харилцаа, Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 3378328 төгрөгийг Баян- Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 63 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаар нь 41 байхаар тусгасан юм. Гэтэл 2011 оноос хойш орон тооны хэтрэлттэй ажиллаж ирсэн бөгөөд тооны хязгаарт багтах ёстой төрийн албан хаагчдын тоо 45 болж нэмэгдсэн. 41 орон тоонд багтаах үүднээс тооны хязгаарт 2013 онд 153 дугаар тушаалаар бүтэц орон тоог батлан мөрдүүлсэн боловч бүтэц орон тоо цомхотголд орсон нэг ажилтан шүүхийн журмаар жирэмсэн эхийн баталгааг эдлэн буцаан эгүүлэн томилогдсон.

Цэргийн штабт 2 хүн ажиллаж байсан боловч нэг ажилтныг Батлан хамгаалах яам нэмж томилсон.

Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг "Авто тээврийн төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт” нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны нэг ажилтныг Засаг даргын Тамгын газарт багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгасан шийдвэр гарсан.

Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын зохицуулалтын агуулга нь төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэхэд чиглэгдсэн бөгөөд уг тогтоолын 3 дахь заалтын 3 дахь хэсэгт ... ажлын байрны ачааллыг нягтруулж, орон тоог бууруулах ... замаар цалингийн хэмнэлт зохицуулалт хийхийг үүрэг болгосон юм. Засгийн газрын тогтоолоор баталсан орон тооны хязгаарыг зөрчин удаан хугацаагаар ажиллах боломжгүй тул бүтэц орон тоог дахин шинэчлэн гаргах зайлшгүй шаардлага бий болсон. Тус бүтэц орон тоогоор Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсээс нэг орон тоо, санхүү төрийн сангийн хэлтсээс нэг орон тоо, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн нэг орон тоо болох гадаад харилцаа, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний орон тоо тус тус хасагдсан.

Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн гадаад харилцаа, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ажлыг төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга болон хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэнд тус тус ажил үүргийг шилжүүлсэн болно. Гадаад харилцаа болон тогтоол шийдвэрийн биелэлтийн ажилд ажлын ачаалал бага бөгөөд өдрийн 8 цагт хариуцан ажиллах ажил байдаггүй юм.

Х.*******ийн гол хариуцаж буй ажлын нэг нь гадаад харилцааны ажил юм. Энэ ажлын хүрээнд 2015 оны 8 дугаар сар хүртэл Х.*******ийн хийж хэрэгжүүлсэн ажлын бичиг баримтын судалгааг хүргүүлж байна. Судалгааг судалж үзэхэд сард 10-аас илүүгүй бичиг баримтанд ажилласан байна. Тус судалгаанаас Х.*******ийн ажил байнгын бус болохыг харуулж байгаа болно.

Тогтоол шийдвэрийн биелэлтийг Монгол улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах журмын нэг дэх заалтанд холбогдох эрх зүйн актын биелэлтийг 2 дугаар сар, 8 дугаар сард хүргүүлэхээр тусгагдсан юм. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж цомохтголд оруулсан болно.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь анхнаасаа хуульд зааснаар Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон байна гэсэн нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт байна.

Энэ нь тухайн байгууллага урьд нь хууль зөрчсөн бүтцээр үйл ажиллагаа явуулж байсан бол энэ байдал нь хууль зөрчсөн байдлаар цаашид үргэлжлэх ёстой гэсэн байдлаар шүүх хандсан байна. Энэ нь төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан төрийн албаны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл болно. Иймд хууль зөрчсөн үйлдлийг тухай бүрт нь залруулан ажиллах нь тухайн байгууллагын үүрэг юм.

Засаг даргын орлогч, Засаг даргын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн албан тушаалыг цомхотгох байсан гэжээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Засаг даргын орлогчийг шууд цомхотголд оруулах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар аймгийн Засаг дарга аймгийн Засаг даргын орлогчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж чөлөөлөхөөр тусгагдсан. Гэтэл шүүх аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалтныг цомхотгох талаар ямар ажиллагаа хийсэн талаар нотлох баримт аваагүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө энэ талаар хөндөгдөөгүй асуудлыг шүүх хурлын үед хөндөж нэг талыг барьж асуудалд хандсан. Засаг даргын зөвлөх цалин авахгүй бөгөөд тодорхой ажлыг гэрээгээр гүйцэтгэн төлбөр авах журмаар ажилладаг бөгөөд үндсэн ажилтнаар ажилладаггүй юм.

Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтэст зам тээврийн бодлого хариуцсан орон тоог шинээр бий болгосон нь бусад орон тоог хасах үндэслэл болохгүй гэжээ. Урьд нь зам тээврийн бодлогыг бүхэл бүтэн Засаг даргын дэргэдэх агентлаг хариуцаж байсан бөгөөд уг агентлаг татан буугдсанаар тус ажлыг нэг албан тушаалтан хавсаргаж ажиллах боломжгүй байсан. Иймд уг орон тоог нэмэхээс өөр арга байгаагүй тул бүтэц, орон тоонд зохицуулалт хийх замаар орон тоог шинээр бий болгосон.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлд ажлын ачаалал бага гэсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр зохицуулагдаагүй гэжээ. Нэхэмжлэгч Х.*******ийг бүтэц, орон тооны цомхотголд оруулан ажлаас чөлөөлсөн болохоос биш 24.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлөөгүй юм. Гэтэл шүүх уг хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүй, захиргааны байгууллагын орон тоог нэмж батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д “Захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах” шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргахаар заажээ.

Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлдээ хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг ямар захиргааны акт гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэлгүй “Тамгын газрын бүтцэд орон тоог нэмж батлахыг даалгах” шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагад тавих захиргааны шүүхийн хяналтын хүрээг хэтрүүлсэн, захиргааны байгууллагад хууль бус үйлдэл хийхийг даалгасан хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж зааснаас үзвэл хариуцагчид Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаараас хэтрүүлж орон тоо батлах бүрэн эрх олгогдоогүй байна.

Дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын 2008 оны 67, 2014 оны 147, 2015 оны 55 дугаар тогтоолуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 52 дугаар тушаалаар орон тоог шинэчлэн тогтоохдоо нэхэмжлэгчийн ажиллаж байсан “гадаад харилцаа, засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоог ажлын ачаалал бага гэх шалтгаанаар хасч, үүнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар 112 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч тайлбартаа “... миний ажлын байр 21 аймгийн Тамгын газрын бүтцэд байгаа, ачаалал бага биш байхад цомхтгож хууль зөрчсөн. Надтай адил цомхтголд орсон 2 ажилтныг төрийн албанд хэвээр үлдээж, намайг гаргаж, миний эрхийг зөрчсөн ... Хэрэв миний орон тоог яг цомхотгоно гэвэл ядаж надад өөр ажил өгөх талаар туслалцаа үзүүлэхийг хүсэж байсан” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд “... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар адил чанарын ажилд шилжүүлэн ажиллуулах талаар ажил олгогчийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй ... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар чиг үүрэг нь хасагдаагүй учраас орон тоо цөөрсөн ч гэсэн өмнө нь ажиллаж байсан хүнийг тухайн ажилд ажиллуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр өөрөөр тайлбарлажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга буюу ямар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхээр хэрхэн шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа талаар тодруулаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хэрхэн хангагдах нөхцөлүүдийг ялгамжтай заасан бөгөөд нэхэмжлэгч Х.******* нь чухам аль баталгаагаар хангагдах эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Мөн орон тоог хууль бусаар цомхтгосон гэх боловч энэ талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан ямар захиргааны актын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь ажиллаж байсан албан тушаалынх нь орон тоо хасагдсаны улмаас төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөнтэй холбоотой маргаж байхад шүүх Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг хэрэглэж, “... 24.1.1-д заасан чөлөөлөх үндэслэлд “ажлын ачаалал бага” гэх үндэслэлээр чөлөөлөхөөр зохицуулагдаагүй байна” гэж дүгнэсэн нь хэрэгт хамааралгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулж үнэлэн хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ