Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2017/00029/И |
Дугаар | 79 |
Огноо | 2017-07-04 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4 дүгээр баг, Цаг уурын 3-7 тоотод оршин суух Ундай овогт Гомбосүрэнгийн Бямбаа /РД:КН70090163/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Жавхлант, Хөөвөр 10 гудамж, 7 тоотод оршин суух Удам овогт Улцангийн Ариунгэрэл /РД:КЙ74011561/,
Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гавилууд багт оршин суух Төмөр овогт Осорын Энхжаргал /РД:КЙ67032872/ нарт холбогдох
Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Бямбаа, хариуцагч О.Энхжаргал, гэрч Б.Шагайхүү, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Бямбаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би 00042866 дугаарын гэрчилгээтэй 750 мкв талбай бүхий өөрийн өмчлөлийн газраа эзэмшиж чадахгүй, уг газар дээр Ариунжаргал гэгч Осорын Энхжаргалаас худалдан авсан гэж хашаа, гэрээ барьчихсан байгаа юм. Дээрх газар бол миний газар мөн бөгөөд гэрчилгээг нь гаргуулж авсан. Одоо байгаа газрын даамал Наранхүүгээс лавлахад танай газар мөн гэж баталдаг ба өмнө нь ажиллаж байсан газрын даамал Шагайхүү, одоо ажиллаж байгаа Наранхүү нараас тайлбар авна уу. Осор овогтой Энхжаргал, Улцан овогтой Ариунгэрэл нартай уулзаж хэлсэн боловч манай газраа, гэрчилгээтэй гэдэг юм. Энэ маргаанийг шийдэж газар чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Ариунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Бямбаагийн гаргасан хууль ёсны газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улцан овогтой Ариунгэрэл миний бие буюу нөхөр О.Энхжаргал бид нарын нэр дээр эзэмшиж байгаад тухайн үед эдийн засаг тэр үеийн байдлаас болоод газраа зарсан. Иймд Г.Бямба нь манай нөхөр Энхжаргалыг газарыг минь зарсан гэж хэлээд Ариунгэрэл миний биеийг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие Ариунгэрэлийг шүүхийн туслах Мөнх-Эрдэнэ 2017 оны 03 сарын 21-нд дуудаж уулзсан. Тэгээд ажилдаа орсон. Гэзэр худалдаж авсан хүн маань газарын алба ирсэн гэж над руу ярихаар нь би ирээд газарын маргаанаа таслах гэсэн боловч Бямба ирээгүйутсаар ярьсан чинь ирэхгүй би 3 хоног хүлээсэн. Миний бие нь SSM компанид ажилдаг маргаанаа шийдэхийн тулд 3 хоног ажилдаа яваагүй харин хүлээлгэсэн Бямбаа ч ирээгүй. Оюунтуяа гэдэг хүнийг явуулсан байсан. Тэр Оюунтуяа гэдэг эмэгтэй манай худалдах худалдан авах гэрээг аваад зугтсан. Би тэр үед цагдаад хэлсэн боловч шүүгчдээ хэл гэсэн. Шүүхийн туслах Г.Бямбыг утсаа авахгүй байна гэж хэлсэн. Бямба гэдэг хүн өргөдөл өгсөн цагаас хойш миний даралт ихсэж бие өвдөөд ажил хийхэд маш их хүндрэлтэй байна. Шүүгчийн туслах дахин дуудахад ажлаасаа акт аваад ирж уулзсан. Асуудал шийдэх санаатай газрын даамал Наранхүү, засаг дарга Дэндэвсамба нартай 04 сарын 06-нд уулзсан чинь надад үйлчлээгүй. Шүүх дээрээ шийд гэсэн. Манай талаас нотлох баримт бол 2007 оны 06 сарын 01-ний өдрийн 47 дугаар захирамж, гэрчилгээ кадастрын зураг байсан. Миний хувьд 2017 оны 04 сарын 07-ны байдлаар ажил амьдрлын төлөө ажлаа хийхээс өөр аргагүй тул ажилдаа явсан. Хариу тайлбарт холбогдох бичиг баримтыг 17 хоногийн дараа амраад Өмнөговь аймгийн газрын албанд очиж уулзаж авч шүүхэд өгнө” гэжээ.
Хариуцагч О.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн иргэн Осор овогтой Энхжаргал, Улцан овогтой Ариунгэрэл нар 2007 оны 06 сарын 01-ний Ханбогд сумын төвд Хөөвөр 9-6 тоот 151100668 нэгж талбарын дугаартай 000220213 гэрчилгээтэй 750 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг тухайн үеийн газрын даамал Я.Шанжмятаваар хэмжүүлж өөрийн эзэмшилд авсан. 2013 онд иргэн Ариунтуяад худалдсан болно. Иргэн Бямба-ын гаргаж буй гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавсралтаар газрын захирамжийг хавсаргав” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Бямбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн эцгийн өмчлөлийн газар дээр өөрийнхөө хүүхдийг буулгах гээд очиход тус газар дээр Ариунтуяа гэдэг хүн буугаад хашаа барих гэж байсан. Тухайн үед би очоод учрыг хэлэхэд Ариунтуяа “би О.Энхжаргал, Ариунгэрэл нараас худалдаж авсан” гэж хэлээд хашаа барих ажлаа үргэлжлүүлж байсан. Энэ газар манай газар байгаа юм. Та хашаагаа барихаа түр хүлээж байгаад асуудлыг шийдвэрлүүлсний дараа хашаагаа бариулах нь зүйтэй гэж хэд хэдэн удаа очиж хэлж байсан. Яг сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 1 жилийн өмнө байх. Энхжаргалтай уулзаж газрын талаар асуухад “надад мэдэх зүйл байхгүй. Ариунгэрэл мэднэ” гэдэг. Одоогоор Ариунгэрэл, Энхжаргал гэж 2 хүн нь тусдаа амьдарч байгаа. Тухайн үед хамт амьдарч байсан хүмүүс. Манай аавын газар нь тухайн үед өрөхийн хэрэгцээнд газрыг өмчилж аваад кадастрын зураг хийлгэж, Засаг даргын захирамж нь гарсан байсан. Үүнийг би нэг цэгийн үйлчилгээ ирэх үед гэрчилгээ авах гэж материалаа бүрдүүлээд өрхөд одоо иргэн бүр газар өмчилдөг болсон тул иргэний газар болгох баримт бүргүүл гэж хэлээд буцааж байсан. Харин Энхжаргал нь өрхөд олгосон газрын захирамжаараа тухайн газрыг өөрийн нэр дээр өмчилж авсан байдаг. Үүнийг гэрч Ж.Наранхүү нь гэрчилдэг. Хот тохижилт хариуцсан Яанжимаа эгч надад “танай газрыг хүнд зарчихшиг боллоо. Энэ чинь танай аавын газар биз дээ “ гэж хэлж байсан. Би Энхжаргалтай уулзаад “манай газрыг зарчихсан юм уу” гэхэд “үгүй ээ би мэдэхгүй ” гэж байсан. Би мэдэхгүй гэж хэлдэг байж гарын үсэг зураад тухайн газрыг хүнд зарсан байдаг. Би Ариунтуяад наад газар чинь маргаантай газар байгаа юмаа. Танайх хундаам цутгахаа түр хүлээх хэрэгтэй гэж хэлсээр байхад хундаамтай хашаа баричихаад, манай газар гэж маргалдаад байдаг. Ариунтуяа нь “надад өөр газар байна. Тэр газар дээр хундаамтай хашаа бариулаад өгөх юм уу?” гэж асууж байсан. Тэгэхэд нь би ”үгүй ээ би өөрийхөө газрыг авна” гэж хэлж байсан. Газрын даамал гэж ажил нь залгамж чанартай байдаг байх гэв.
Хариуцагч О.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буянтогтох даргыг ажиллаж байх үед 2007 онд газрын өмчилж авсан. Тухайн үед манай дүү газрын бичиг баримтыг хөөцөлдөж газар тэмдэглүүлж авсан гэж байсан. Манай газар яг аль нь гэдгийг би мэдэхгүй байна. Ариунтуяад хэн тэр газрыг зааж өгсөнийг би мэдэхгүй. Би ихэндээ хөдөө мал маллаж байдаг. Миний газрыг зарсан гарын үсэг зур гэж хэлэхээр нь би гарын үсгээ зурсан гэв.
Гэрчээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн байсан Б.Шагайхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Маргалдаж байгаа талуудын захирамж нь хоёулаа 2007 онд гарсан байдаг. Газрын байршилийн хувьд тухайн газар буюу Хөөвөр 9-8 тоот газар нь Г.Бямбаагийн газар нь мөн. Ариунгэрэлийн газар нь түүний баруун талын газар юм гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан №000432866 дугаартай Гомбосүрэнгийн Бямбаагийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжийн хуулбар, хавсралт, Түмэн-Өлзийгийн Гомбосүрэнгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрийн зураг, Гэр хорооллын газрын төлөв байдлын чанарын хянан баталгааны дүгнэлт, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, кадастрын зураг, Б.Шагайхүү, Ж.Наранхүү нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Бямбаа нь хариуцагч У.Ариунгэрэл, О.Энхжаргал нарт холбогдуулан өөрийн хууль ёсны өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.
Түүний хүсэл зориг нь өөрийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилготой байх бөгөөд хариуцагч У.Ариунгэрэл, О.Энхжаргал нар нь хууль бусаар өөрийнх нь тус сумд байрлах Хөөврийн 9-6 тоот хаягтай 151100669 нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмшиж байна гэдгийг тогтоолгох юм.
Харин хариуцагч нар тухайн газрыг 2007 оны 6 сарын 1-ний өдөр гэрчилгээ гаргуулан хууль ёсны дагуу эзэмшилдээ авсан, 2013 онд Ариунтуяа гэх иргэнд худалдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй орхилоо.
Хавтаст хэргийн 5-7-р хуудсанд авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2-р багийн Гавилууд багийн Хөөвөрийн 9-8 тоотод байрлах 151100669 нэг талбарын дугаартай, 750м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Гомбосүрэнгийн Бямбаа мөн болох нь гэрчилгээний хуулбар, газар өмчлүүлэх тухай 2007 оны 6 сарын 1-ний өдрийн Ханбогд сумын Засаг даргын кахирамж, газрын байршлын кадастрын зурагаар нотлогдож байна.
Гэвч дээрх өмчлөлийн газрыг хариуцагч У.Ариунгэрэл, О.Энхжаргал нар нь хууль бусаар эзэмшиж байгаа болон түүний өмчлөлд хууль бусаар халдсан тухай нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна.
Хариуцагч О.Энхжаргал нь дээрх Засаг даргын захирамжийн хавсралтаар 151100668 нэгж талбарын газрыг өмчлүүлэх тухай шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн өмлчлөлийн газрын нэгж талбарын дугаараас зөрүүтэй байна, мөн түүнчлэн одоо тэр хаягтай газарт иргэн Ариунтуяа амьдардаг болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон гэрч Ж.Наранхүүгийн “Энхжаргал, Гомбосүрэн гэдэг хоёр хүний газар хойно урдаа байрлалтай газрууд захирамж гарсан байсан”, Б.Шагайхүүгийн “кадастрын зурган дээрх Энхжаргалын газар өөр хаягтай байгаа” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
О.Энхжаргалын өмчлөлийн газрыг Г.Бямбаагийн өмчлөлийн газартай давхардуулан олгосон Захиргааны байгууллагын хууль бус шийдвэр байгаа талаарх нэхэмжлэгчийн маргаж буй асуудлаар иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн харьяалал биш юм.
Иймд О.Энхжаргал, У.Ариунгэрэлд нар нь нэхэмжлэгч Г.Бямбаагийн хууль ёсны өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшсэн болон газрыг чөлөөлөх үүрэг хүлээх гэм буруутай нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум, 2 дугаар баг, Гавилууд, Хөөвөр 9 дүгээр гудамж, 8 тоот газрыг У.Ариунгэрэл, О.Энхжаргалын эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Г.Бямбаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА