| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0168/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/179 |
| Огноо | 2021-12-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Дгийн Над холбогдох эрүүгийн 2135000000203 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 30-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн 12-30 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Дгийн Н/РД:ОО88113039/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Н нь Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 14-нд зохих зөвшөөрөлгүйгээр 5.9 метр куб хэрэглээний улиас мод бэлтгэж байгаль экологид 1.961.705 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Ныгзөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 14-нд зохих зөвшөөрөлгүйгээр 5.9 метр куб хэрэглээний улиас мод бэлтгэж байгаль экологид 1.961.705 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8-р тал тал/,
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 12-14-р тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-27-р тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн байцаалтын өгсөн:“Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цаг өнгөрч байхад сумын хэсгийн төлөөлөгч Г.Мгийн хамт Сагил сумын 1 дүгээр багийн нутаг "Шар бураа" гэх газарт иргэд Улиас мод тайрч бэлдээд байна гэсэн гомдол мэдээллийн дагуу очиход Д.Н гэгч нь хэсэг хүмүүсийн хамт Улиас мод бэлдэж байсан. Би тухайн үед Д.Наас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа талаар асуухад надад Д.Н надад мод бэлтгэх эрхийг бичиг үзүүлсэн. Уг мод бэлтгэх эрхийн бичиг дээр Г.Д гэх хүний нэртэй мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөл байсан. Уг зөвшөөрөл дээр мод бэлтгэх хугацааг заасан байсан. Мод бэлтгэх хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 11-аас 2021 оны 10 дугаар сарын 12-ны хооронд бэлтгэх хугацаатай байсан. Уг мод бэлтгэх эрхийн бичгийн доод талд манай сумын Байгаль хамгаалагч эрх бүхий албан тушаалтан болох Б.Бийн гарын үсэгтэй бичиг байсан. Уг бичиг дээр амьдралын шаардлагаар хугацаандаа авч чадаагүй тул 1 хоногийн сунгалт хийв 2021 оны 11 дүгээр сарны 13 гэсэн хугацаа заасан байсан. Мөн мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ дээр анх олгосон хугацаа буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэх хугацааг заасан байсан. Мөн Байгаль хамгаалагч Б.Б хугацаа сунгасан тэмдэглэл дээр хугацаандаа авч чадаагүй гэж бичээд хугацааг 2021 оны 11 дүгээр сарны 14-ний өдөр гэж бичсэн байсан. Д.Нын хувьд мод бэлтгэх эрхийн бичиг нэг хоногоор хэтэрсэн зөрчилтэй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой манай сумын 1 дүгээр багийн Засаг дарга Т.Б над руу утсаар ярьж манай багт иргэд хууль бусаар мод бэлдээд байна. Одоо мод бэлдэж байгаа хүмүүс өмнөх мод бэлтгэх эрхийн бичгээрээ Улиас мод бэлдээд байна. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уг эрхийн бичиг дээр нэр байгаа хүн буюу Г.Д гэх хүн хүмүүстэй ирж Улиас мод тайрч бэлдээд аваад явсан юм. Тухайн үед Г.Д ирэхдээ сумын төвд байх Э.С гэх хүнийг моторт хөрөөтэй нь авч ирж Улиас тайруулсан юм. Энэ хүмүүс нь уг бичгээрээ дахин Улиас мод бэлдэж хууль зөрчөөд байна гэж хэлсэн юм. Тэгээд уг газарт очсон юм. Иргэд модоо авч чадаагүй үед сумын байгаль хамгаалагч нэг хоногийн хугацаатай сунгаж өгдөг. Д.Нын Улиас мод бэлтгэсэн гэх Сагил сумын 1 дүгээр багийн нутаг "Шар бураа" гэх газар нь Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад хамаардаггүй газар юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 39-р тал/,
гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сард Д.Нын аав Г.Дд Улиас мод бэлтгэх зөвшөөрөл олгож модоо хугацаанд нь бэлтгэж аваарай гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний Сагил сумын орлогч дарга Н.Э надтай уулзаж Сагил сумын 1 дүгээр багт Шар бураа гэх газарт Г.Д нэртэй мод бэлтгэх эрхийн бичигтэй хүмүүс Улиас мод бэлдэж байна уг бичгийн хугацаа хэтэрсэн сунгалтыг таныг хийж өгсөн гэж байна гэхэд би уг бичгийн хугацааг сунгасан. Г.Дгийн хүү Д.Н гэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээр ирж манай аав Г.Д 2021 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улиас модыг бэлдэж чадаагүй Улаанбаатар хот яваад амжаагүй гэж хэлсэн. Д.Н нь надаас мод бэлтгэх эрхийн бичгийг сунгаж өгөөч гэхээр нь би хуульд заасан дүрэм журмын дагуу мод бэлтгэх эрхийн бичиг дээр нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны бэлдээд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тээвэрлэх гарал үүслийн бичгийг мөн сунгаж өгсөн юм. Д.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бэлдэх байсан Улиас модыг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бэлдсэн нь зөрчил юм. Д.Нын улиас мод бэлтгэсэн гэх “Шар бураа” гэх газар нь 2021 онд хэрэгцээний Улиас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн газар юм.”гэх мэдүүлэг/хх-ийн 41-42, 58-р тал/,
Гэрч Г.Дгийнмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 11-нд Сагил сумын байгаль хамгаалагчаас 6 куб метр улиас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. ...хүү Нын хамт Шар бураа гэх газарт очиж мод бэлдэх газрыг нь зааж өгөөд буцаад явсан. ...би тэр өдөр хүүгээ миний модны эрхээр мод бэлтгэж байгааг мэдээгүй." гэж хэлж ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,
Гэрч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 11 сарын 14-ний өдөр 16 цагийн үед намаржингаасаа буурь луу явах замд машин зогсож байхаар нь би очиж үзэхэд танихгүй Улиас мод хөрөөдөж унагааж байхаар нь би багийн засаг даргын хувиар уг хүмүүстэй уулзаж мод бэлтгэх эрхийн бичиг байгаа талаар асуухад тэнд байсан нэг танихгүй залуу надад Улиас мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн. Би уг эрхийн бичгийг шалгаж үзэхэд Г.Дгийн нэр дээр улиас мод бэлтгэх эрхийн бичиг байсан. Би тухайн үед та нарын эрхийн бичиг 1 хоногоор хэтэрсэн байна гэж хэлсэн. Анх уг модны зөвшөөрөл нэр нь байсан Г.Д гэх манай сумын хүн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өглөө 12 цагийн үед Г.Д мод зөвшөөрөлтэй Улиас мод авахаар явж байна өргөж мод ачих ачааны машин ирж байгаа Саар тайруулахаар тохирсон гэж хэлсэн. Мөн тэр өдөр байгаль хамгаалагч Б.Б над руу утсаар ярьж Г.Д Улиас мод бэлдэхээр танай баг руу явж байгаа мод тайрах асуудал дээр хяналт тавиарай гэж хэлсэн. Би тэр үед хяналт тавиагүй. Би тухайн үед Г.Дгийн мод бэлдсэнийг хараагүй. Сүүлд хэд хоногийн дараа Г.Дгийн мод бэлдсэн гэх газарт очиход уг газарт Улиас модны тайрсан ёзоорууд их байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р тал/,
Гэрч Э.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед сумын төвд байж байтал Сагил сумын 3 дугаар багийн малчин Г.Д гэх малчин иргэн надтай ирж уулзаад би Улиас модны эрхийн бичиг авсан чи надад дружба хөрөөгөөрөө мод тайраад өгөөч үнэ хөлсийг өгнө гэж хэлээд модны бичгийг үзүүлэхэд би зөвшөөрөөд сумын төвд байх Д.Б гэх залуутай хамт мотоциклтой явсан юм. Тэгээд би Д.Бтэй хамт Г.Дтэй хамт ирсэн машинтай хүмүүсийн хамт Сагил сумын 1 дүгээр багийн нутаг "Шар бураа" гэх газарт очоод Улиас модноос 8-9 ширхэг ургаа Улиас тайрч унагаасан юм. Миний тайрч унагаасан Улиас модоо 2 м урттай тайрсан нэг модноос 4-өөс 5 ширхэг 2 м урттай мод гарч байсан. Миний тооцоогоор 25 дээш ширхэг 2 м урттай Улиас мод бэлдэж өгсөн юм. Намайг мод тайрч өгч байхад Г.Дтэй хамт ирсэн 4-5 хүн портер машинаар зөөж мөн хамт ирсэн Кено маркийн ачааны машин руугаа зөөж ачиж байсан. Би тэр үед Г.Дд хандаж одоо боллоо хангалттай мод бэлдэж өглөө гэхэд Г.Д арай болоогүй байна дахиад нэгийг унгаагаад өгөөч гэж хэлээд байсан. Би тэр үед мод ачиж байсан машины жолоочид Улиас мод хүнд шүү та машиныхаа дугуйг хар даац хэтрээд дугуй хагарвал яана гэж хэлэхэд машины жолооч харин тиймээ их ачиж байна энэ хүмүүс намайг гуйгаад байна гэж хэлсэн. Тэгээд би улиас модоо тайрч өгөөд хамт ирсэн Д.Бтэй хамт мотоциклиор сумын төв явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,
Гэрч К.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай хөрөө Арам ажиллахгүй байсан ба би тухайн үед тус аймгийн Өндөрхангай суманд ажлаар явж байтал над руу нэг хүн залгаж мод зүсүүлмээр байна гэж ярихад нь би манай хөрөө Арам ажиллахгүй байгаа би сэлбэг хайгаад явж байна гэж хэлсэн. Тухайн залуу надад танай хөрөө Арам нь дээр модоо буулгаад үлдээчихье хөрөө рам тань засрахаар би ирээд зүсүүлнэ гэж ярьсан. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний хөрөө рам ажиллагаанд орж тухайн залуугийн модыг зүсээд гаргасан. Ямар машинаар мод буулгасныг сайн мэдэхгүй байна намайг байхгүй байхад манай хашаанд буулгасан байсан. Харин мод зүсүүлсэн залууг Н гэдэг залуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р тал /,
Гэрч Ч.Иээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д гэх нэртэй гоожин байсан ба би тухайн үед ганцаараа уг газарт очсон ба намайг очиход Д гэх хүн хажууд нь 5 залуу байсан. Тухайн үед хөрөөчин гэх хүн ирээд модыг нь хөрөөдөж өгөөд явсан тухайн үед би уг моднуудыг ачиж Сагил сумаас Улаангом сум руу оруулж ирж баруун дөрвөн зам дэлгүүрийн хашаанд байрлах хөрөө арааманд буулгасан. Тухайн үед би гоожин гарал үүслийн бичиг баримт бүрэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/,
Гэрч У.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сагил сумын нутаг сагилын гол гэх газраас мод бэлтгэж байтал Сагил сумын хэсгийн төлөөлөгч Мягмарсүрэн ирж мод бэлтгэх тусгай зөвшөөрөл бүхий эрхийн бичиг шалгаад байх шиг байсан. Тухайн үед сод бэлтгэж байсан болохоор анзаарч хараагүй. Тэгээд удалгүй цагдаа ирээд бэлдэж тавьсан модоо авч явж болохгүй, буулгаад үлдээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/,
Гэрч У.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сагил сумын хэсгийн төлөөлөгч Мягмарсүрэн ирж мод бэлтгэх тусгай зөвшөөрөл бүхий эрхийн бичиг шалгаад байх шиг байсан. Тэгээд цагдаа дахиж ирээд бэлдэж байгаа модоо үлдээ, авч явж болохгүй гэж хэлсэн. ...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н гуйгаад байхаар нь хамт явж мод бэлтгэсэн ба надад гоожин гарал үүслийн бичиг бүгд бүрэн болсон гэж хэлсэн тул би хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65, 67-р тал/,
Шүүгдэгч Д.Нынмөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сагил сумын засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагч Б гэх хүнтэй өөрийн аав Дгийн хамт уулзаж ахуйн хэрэглээний мод бэлтгэх зориулалттай модны зөвшөөрөл, гарал үүслийн бичгийг гаргуулан авсан. Би тухайн модны зөвшөөрлөөр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр уг модыг бэлтгэн авч Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт авч ирж Баруун 4 замын хөрөө арам нь дээр банз зүсүүлж авсан. Би тухайн үед модонд Увс нэгдсэн зар дээрээс ажил хийнэ гэсэн зарын дагуу 3 хүн өдрийн 50,000 төгрөгийн хөлсөөр авч явсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сагил сумын засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагч Б гэх хүнтэй дахин уулзаж манай аав Д 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Улаанбаатар хот руу явсан бөгөөд уг эрхийн бичгийн хүрээнд заагдсан модыг бэлтгэж авч чадаагүй гэж хэлж уг модыг эрхийн бичиг дээр сунгалт хийлгэж 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин мод бэлтгэх зөвшөөрөл гаргуулан авсан. Би Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэрт байрлах Сагилын гол гэх газраас дахин мод бэлтгэхээр хөрөөчин М ах зүс таних залуучууд болох С, Б үл таних залуу бид 5 явж очоод модоо тайрч байтал Сагил сумын Баянзүрх багийн засаг дарга Б гэх хүн ирж уг модыг бэлтгэх зөвшөөрлийн бичгийг үзчихээд явсан. Удалгүй Сагил сумын хэсгийн төлөөлөгч Мягмарсүрэн гэх хүн хажуудаа нэг хүнтэй ирж миний зөвшөөрлийн бичгийг хараад уг модыг бэлтгэх хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй байна. Та уг модыг 11 дүгээр сарын 14-нд бэлтгэсэн зөрчил гаргасан байна уг модыг яг заасан хэмжээнд нь бэлтгээрэй илүү мод бэлтгэж болохгүй гэдэг зүйлийг хэлчхээд явсан. Би тухайн өдөр орой очсон тул их мод бэлтгэж амжаагүй уг модыг тээвэрлэсэн машинд 25 ширхэг мод ирсэн би тухайн газар өөрийн бэлтгэсэн модоо үлдээгээгүй ба бүгдийн ачиж ирсэн. Би улсад учруулсан гэх бодит хохирлыг уг хэрэгт шалгагдаж байх хугацаанд төлж барагдуулна. Би уг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р тал/ -үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай “Уг мод нь улиас мод байна. №50.2531 , Е091.25441 солбилцолд орших ой нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байна. Мод 5.9 метр куб болж байна. Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.961.705 / Нэг сая есөн зуун жаран нэгэн мянга долоон зуун таван/ төгрөг болж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 78-79-р тал/-ээр шүүгдэгч Д.Нын бэлтгэсэн 5.9 м3 модны экологийн эдийн засгийн үнэлгээ нь 1.961.705 төгрөг, мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй болох нь тус тус тогтоогджээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Д.Ннь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 14-нд зохих зөвшөөрөлгүйгээр 5.9 метр куб хэрэгцээний мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай дүгнэлтээр 1.961.705 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 1.961.705 төгрөг байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.885.115 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирол тодорхойлох зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Н нь байгаль экологид учруулсан бодит хохирол 1.961.705 төгрөг болон 3.923.410 төгрөгийг тус тус Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 128-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Н нь Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 128-р тал/ нь хэрэгт хавсаргасан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн хуулгаар нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Нгэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ннь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-р тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Нын хувийн зан байдлын талаарГэрч Б.Гийн өгсөн: “... Н нь архи огт уудаггүй, тамхи татдаггүй, олонтой нийтэч, бусдад тусархуу, эхнэртээ халамжтай, шударга зантай хүнтэй хэл ам, хэрүүл маргаан хийгээд байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/, Гэрч Д.Тгийн өгсөн: “зан аашийн хувьд илүү дутуу муу зан байхгүй. Хүнд тусархуу, хүнд үгүй гэж хэлдэггүй. Даруухан, үг дуу цөөтэй, дотогшоо араншинтай хүн юм. Архи огт уудаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн -р тал/-үүд хэрэгт авагджээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Над ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан прокурортой тохиролцож ирсэнторгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Нын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох 223.958 төгрөгийн үнэ бүхий дружба хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 1.961.705 төгрөгийн үнэ бүхий 5.9 метр.куб улиас модыг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 076777 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 0065374 дугаартай гарал үүслийн бичгийг тус тус хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Над шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Ныг700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Нын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох 223.958 төгрөгийн үнэ бүхий дружба хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 1.961.705 төгрөгийн үнэ бүхий 5.9 метр.куб улиас модыг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 076777дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 0065374 дугаартай гарал үүслийн бичгийг тус тус хэрэгт үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Над шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ