Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг, Асартайн 3-2 тоотод оршин суух Ямаан ойдов овогт Галбадрахын Мягмарсүрэн /РД:КЕ90112006/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дундговь аймгийн Өлзийт сум, 4-р багт оршин суух Хөтөл овогт Батаагийн Тогтохбаяр /РД:ЗИ88101635/-нд холбогдох,

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн, хариуцагч Б.Тогтохбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Тогтохбаяртай 2012 оны 12 дугаар сард нэг гэр бүл болж 2013 оны 10 дугаар сарын 23-нд хүү М.Ундрах-Эрдэнэ, төрсөн. 2016 оны 08 дугаар сарын 21-нд бага хүү М.Цолмонбаяр төрж ам бүл 4 болж 5 жил хамт амьдарсан. Гэр бүлийн маргааны улмаас Б.Тогтохбаяраас салж тус тусдаа амьдрах болсон. Иймээс иргэний хуулийн 129.1.1-г үндэслэн Б.Тогтохбаяраас 2 хүүхдэдээ тэтгэмж гаргуулахыг хүсч байна. Уг хүсэлтийг минь хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.Тогтохбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Тогтохбаяр миний бие Г.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Бид 2012 оны 12 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Анх биднийг хамтран амьдрахад 2 талын гэрийнхэн хоёулаа дургүй байсан. Учир нь Мягмарсүрэн бид хоёр нь хамаатнууд байсан юм. Өөрөөр хэлбэл миний аавын ээж, Мягмарсүрэнгийн аавын аав нар нь эцэг нэгтэй байсныг бид мэдсэн. Гэтэл Мягмарсүрэн нь мэдсэн атлаа сургууль соёлоо хаяж ирээд яваагүй. Бидний дундаас 2013.10.23-нд хүү М.Ундрах-Эрдэнэ, 2016.08.21-нд хүү М.Цолмонбаяр нар төрсөн. Бид гэрлэлтийн баталгаагүй байсан ба 2 хүүхдээ би өөрийн нэрээр овоглоё гэж гуйсан боловч надаар овоглоогүй. Бид хоорондоо нэг их зөрчил гээд байх юм байдаггүй, ямар ч шалтгаангүйгээр л хэрүүл эхлүүлдэг, юм л бол явна, өөрийгөө ална, хүүхдүүдээ ална, угаартаж үхнэ, гэрээ шатаана, судсаа ханалаа гэх мэтээр их зовоодог байсан. Хэрэлдэж маргалдах болгонд л би буулт хийж аргаддаг байсан. Одоо үнэндээ би залхаж байна. Энэ байдлаараа удвал хэн нэгнийх амь нас ч эрсдэж мэдэхээр байна. Миний хувьд Мягмарсүрэнг зодож цохиж байсан зүйл байхгүй. Цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй.

            Би өөрийн хүүхдүүдээ өөр дээрээ авч асарч хүмүүжмээр байна. Учир нь Мягмарсүрэн нь намайг эзгүй явсан хойгуур хүүхдүүдээ зоддог. Шалтгаангүйгээр хардаж сэрдээд элдэвийн ааш авир гаргадаг, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд зан суртахууны хувьд доголдолтой, ёс зүйгүй ийм хүнд би хүүхдүүдээ өгөхгүй. Мягмарсүрэн нь миний хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх чадваргүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүдээ тэжээх орлогогүй, хамгийн гол нь байнга амиа хорлоно, үхнэ, хатна, хоёр хүүгээ алчихаад өөрийгөө ална гэдэг. Ийм асуудал олон удаа гаргаж байсан ба энэ байдлыг манай айл саахалтын хүмүүс сайн мэднэ. Би сумынхаа хэсгийн төлөөлөгчийг ч удаа дараа дуудаж байсан. Би ийм харгис хэрцгий, ёс суртахуунгуй, эх хүний сэтгэлгүй хүнд өөрийнхөө хүүхдийг өгч өсгөж хүмүүжүүлэхгүй, би өөрөө 2 хүүгээ аваад явах бүрэн боломжтой, хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй өсгөж чадна. Мөн бид хамтран амьдарч байхдаа Төрийн банкнаас 2016 оны 05 дугаар сард 5 сая төгрөг, 2016 оны 11-р сард 2 сая төгрөг зээлсэн. Энэ 2 банкны зээлийнхээ нэгийг буюу 5 сая төгрөгийг би ганцаараа төлж дуусгасан. Одоо 2 сая төгрөгийн зээлээ мөн би өөрөө төлж байна. Уг нь энэ мөнгийг бид хамт хэрэглэсэн. Гэтэл өр ширээ ч төлөлцөхгүй, надад нэмэр болохыг оронд сална сарнина гээд л гүйгээд явчихдаг. Иймд өөрийн хоёр хүүгээ өөр дээрээ авах хүсэлттэй байх тул миний 2 хүүг миний асрамжинд өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэгч: 2016 оны 8 сард төрөөд сар болоод гэртээ ирэхэд Тогтохбаяр нь өөр хүнтэй болсон байсан. Би өөрийн гэртээ ирж нэг сар болох хугацаанд Тогтохбаярыг өөр хүнтэй уулзаж, учирч байдагыг мэдсэн. Тэгээд би тэр хүнтэй нь уулзаад нөхрөө салгаж авах гэсэн боловч чадаагүй учраас би 2 хүүхдээ аваад өөрийн их гэртээ ирсэн. Миний 2 хүүхдийн том нь 4 настай, бага нь 10 сартай. Том хүүхдээ цэцэрлэгт явуулдаг. Бага хүүхэд цэцэрлэгийн нас хүрээгүй учир өөрөө асардаг. 2 хүүхэд маань миний нэрээр овоглож явдаг. Бид гэрлэлтийн баталгаа хийлээгүй учраас 2 хүүхэд маань надаар овоглосон. Тиймээс 2 хүүхдийн тэтгэмжийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Б.Тогтохбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Би 2 хүүхдийн эцэг нь мөн. Тиймээс би 2 хүүхдээ нэг нэгээр нь авах саналтай байна. Бага хүүхдийн тэтгэлэгийг төлнө” гэв.

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн нь Б.Тогтохбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ямаан Ойдов овогт Мягмарсүрэнгийн Ундрах-Эрдэнэ, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ямаан Ойдов овогт Мягмарсүрэнгийн Цолмонбаяр нар нь төрсөн бөгөөд түүний эцэг нь Хөтөл овогт Батаагийн Тогтохбаяр болох нь нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч Б.Тогтохбаярын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбар, М.Ундрах-Эрдэнэ, М.ЦОлмонбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсоноор эцэг Б.Тогтохбаяр нь хүү М.Ундрах-Эрдэнэ, М.Цолмонбаяр нарыг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээх, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эцэг Б.Тогтохбаяр нь хүү М.Ундрах-Эрдэнэ, М.Цолмонбаяр нарыг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.

Ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хүү М.Ундрах-Эрдэнэ, М.Цолмонбаяр нарыг сар бүр түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-нас/ нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Тогтохбаяраас гаргуулах бөгөөд цаашид зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг өөрчилж болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь хоёр хүүхдийнхээ нэгийг өөр дээрээ авна гэж маргаж байгаа ба хүүхдийн хүмүүжил болон нэхэмжлэгчийн саналыг харгалзан хүү М.Ундрах-Эрдэнэ, М.Цолмонбаяр нарыг эх Г.Мягмарсүрэнгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч Г.Мягмарсүрэнгийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тогтохбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн хариуцагч нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийт дүн болох 1994400 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 46860 төгрөг болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тогтохбаяраас 46860 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй талаар дурдах нь зүйтэй.           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ямаан Ойдов овогт Мягмарсүрэнгийн Ундрах-Эрдэнэ /КЕ13302355/, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ямаан Ойдов овогт Мягмарсүрэнгийн Цолмонбаяр /КЕ16282113/ нарыг эх Г.Мягмарсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар М.Ундрах-Эрдэнэ, М.Цолмонбаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хөтөл овогт Батаагийн Тогтохбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Г.Мягмарсүрэн нь Б.Тогтохбаярыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Тогтохбаяраас 46860  төгрөг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.БАТТУЛГА