Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч: Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Нд холбогдох 2135000000192 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 25-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн 13-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Б овогт Цын Н/РД:ОЮ77122577/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Ннь 2021 оны 10 дугаар сарын 28-нд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нэкст электроникс” дэлгүүрийн тавиур дээрээс хохирогч М.Бийн цэнэглэж тавьсан TCL-10L загварын гар утсыг хулгайлан авч, 711.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Нг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Н нь 2021 оны 10 дугаар сарын 28-нд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нэкст электроникс” дэлгүүрийн тавиур дээрээс хохирогч М.Бийн цэнэглэж тавьсан ТСЛ-10Л загварын гар утсыг авсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15-р тал/,

Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ажлын байр болох Улаангом сумын 12 дугаар багт байрлах “Нэкст электроникс” Увс салбарт 10 цагийн орчимд ирсэн юм. Тэгээд өөрийн гар утсыг ажлын ширээн дээрээ цэнэглээд үлдээсэн байсан юм тэгээд 11 цаг 40 минутын орчимд гар утсаа авах гээд очиход байхгүй байсан юм. Тэгээд  ажлын байранд байх хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэхэд 11 цаг 20 минутын орчимд үл таних эрэгтэй хүн хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн савхин хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн ажлын гуталтай хүн аваад гарж байгаа нь харагдаж байсан. Би тухайн алдсан ТСЛ-10Л загварын гар утсыг 2021 оны 7 дугаар сард “Нэкст электроникс”-оос 800.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. Би гар утсаа буцаагаад авчихсан. Одоо надад ямар нэгэн хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 19, 22, 24-р тал/,

гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай эхнэр Д өгөөж төвд Бийн ажилдаг дэлгүүрийн доод талын дэлгүүрт худалдагч хийдэг юм тэгээд 2021 оны 10 дугаар сард М.Б өөрийн гар утсыг хулгайд алдсан гэж эхнэрээсээ сонсож байсан юм тэгээд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үед гэртээ fасеЬоок ороод байж байтал Увс аймгийн нэгдсэн зар гэх faсеbоок групт Б гар утсаа алдлаа үл таних хүн авч ирж өгнө үү гэх утгатай камерын бичлэгтэй зар оруулсан байсан юм. Тэгээд тухайн хүнийг харахад улаангом сумын 1 дүгээр багт оршин суух Ц овогтой Н гэх хүн байсан юм. Тэгээд Нтэй уулзаад та өгөөж төвийн 2 давхар нэкст электроникс дэлгүүрээс хүний гар утас авсан байна тухайн утсыг эзэн нь хайж байна гэж хэлэхэд Н эхлээд ямар утас гээд байхаар нь би утсыг нь өгөхгүй бол цагдаад мэдэгдэнэ гэж хэлж байна гэж хэлэхэд гэрлүүгээ ороод цагаан саарал өнгийн ТС1 гэх бичигтэй утсыг гаргаж ирээд өгсөн юм. Тэгээд би өөрийн эхнэр Даас Бийн дугаарыг аваад залгаад 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үед гэрт нь аваачаад өгсөн юм.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25-р тал/,

Шүүгдэгч Ц.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би тус аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт өөрийн зүс таних хүмүүстэй 0.5 л Ерөөл Нэртэй архийг хувааж уусан. Архийг хувааж уугаад би нэлээн согтсон бөгөөд би Улаангом сумын төв рүү орохоор явсан. Би Нэкст рүү ороод хүүхдийн цүнх хайгаад явж байгаад дээшээ нь хоёр давхар луу электрон хэрэгсэл зардаг газар луу ороод зурагт, угаалгын машин, тавилга зэргийн үнийг судалж явж байгаад орох хаалганы баруун гар талын хэсэгт байсан ширээн дээр нэг цэнэглэсэн саарал өнгийн гар утас 1 ширхэг байхаар нь цэнэглэгчийг нь салгаад аваад гараад явчихсан. Би тухайн гар утсыг авч гараад гэртээ очоод тухайн гар утсыг оролдож байхад программууд нь устчихсан. Тэгээд би тухайн гар утсыг өөрийнхөө гэрт авдарт хийгээд хадгалчихсан байсан юм. Уг гар утасны талаар манай гэр бүлийн гишүүд мэдээгүй. Би маргааш нь аваачиж өгье гэж бодсон боловч айгаад хүргэж өгч чадаагүй. Тэгээд хэсэг 3-4 хоносны дараа нэг машинтай залуу ирээд та Нэкст электрониксоос гар утас хулгайлж авсан байна гэхээр нь би аваагүй гэхэд дүрс бичлэг байгаа гэхээр нь би уг гар утсыг гэрээсээ ороод гаргаж өгсөн юм. Би ямар ч шалтгаангүй хулгай хийсэн. Хулгайлах гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна, тухайн өрөөний хяналтын камер үүд рүү харахгүй байгаа юм шиг харагдахаар нь би аваад гараад явчихсан юм. Уг гар утсыг зарж борлуулж мөнгө олъё гэж бодсон. Тэр өдөр би гар утсыг зарж борлуулахаар оролдсон зүйл байхгүй, гэртээ хадгалж байгаад хэсэг хугацааны дараа зарж борлуулъя гэж бодсон.” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хохирогч М.Бийн гар утсыг шүүгдэгч Ц.Н нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг  ойлгож гэж,   5.3 дугаар зүйлийн  3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.

Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.

Увс Финанс Аудит ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаартай “2021 оны 10 дугаар сарын байдлаар “ТСЛ-10Л” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 711.200 /долоон зуун арван нэгэн мянга хоёр зуу/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн37-р тал/-ээр шүүгдэгч Ц.Нгийн авсан гар утаснь бага хэмжээний хохирлоос дээш үнэтэй болох нь тогтоогджээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Ц.Нхохирогч М.Бийн гар утсыгхууль бусаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Ннь хохирогчМ.Бийн эд зүйлсийгхууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Ннууц далд аргаар авсан хохирогч М.Бийнгар утас нь нийт 711.200төгрөгийн үнэтэй болох нь Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас нийт 711.200 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би гар утсаа буцаагаад авчихсан. Одоо надад ямар нэгэн хүсэлт,  нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн  24-р тал / хэрэгт авагдсан байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Ннь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Ннь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Н урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 65-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Б.Дгийн өгсөн: “Авга ах Ц.Н нь зан байдлын хувьд маш төлөв даруухан, илүү дутуу зүйл ярьдаггүй, эелдэг боловсон харьцаатай, дуу цөөтэй, яриасаг биш, аймхай, илүү дутуу зан ааш гэх зүйлгүй, хүнтэй маш найрсаг, дотно зантай, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй, зориггүй, ажилсаг, тусархуу, архи, согтууруулах ундааны зүйл, тамхи хэрэглэдэг, тамхи татдаг. Эхнэр хүүхдийн хамтаар тус аймгийн Улаангом сумын нутагт мал маллаж амьдардаг. Ц.Н ах өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол суурьшилтай ямар нэг ажилгүй, тэтгэвэрт гараагүй. Ц.Н ахынх өрхийн амжиргааны түвшин дунд зэрэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, гэрч Ш.Сын өгсөн: “Хадам ах Ц.Н нь зан байдлын хувьд төлөв даруухан, энгийн, эелдэг боловсон харьцаатай, дуу цөөтэй, яриасаг биш, илүү дутуу зан аашгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй, ажилсаг, тусархуу, архи, согтууруулах ундааны зүйл, тамхи хэрэглэдэг, тамхи татдаг. Ц.Н ах өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан 6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Ц.Нд  6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Нд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Нд өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ