Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2017/00081/И |
Дугаар | 82 |
Огноо | 2017-07-05 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1960 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 57 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Таван толгой” ХХК-д үйлчилгээний жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан-Овоо Шинэ хотхон 1-7 тоотод оршин суух Хөнхөр овогт Балжирын Батсайхан /РД:КН60083172/,
Банзрагчийн Батмөнх /РД:ЦЖ60062679/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батсайхан, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын 20-нд Ланд 80 маркийн 65-56 ӨМА улсын дугаартай өөрийн эзэмшлийн автомашиныг “Хуалиан” /Hualian/ ХХК-ийн хөрсний компанийн орон нутаг хариуцсан ажилтан Банзрагч овогтой Батмөнхөд худалдах, худалдан авах гэрээ байгуулан 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр худалдсан билээ. Гэрээний дагуу урьдчилгаа мөнгө болох 8,000,000 /найман сая/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-нд, үлдэгдэл мөнгө болох 10,000,000 /арван сая/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зурсан. Гэвч Б.Батмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 15-нд 7,000,000 /долоон сая/ төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг одоог хүртэл өгөлгүй, хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, утсаа авахгүй алга болсон. Сураг гарахгүй утсаа ч авахгүй болохоор нь Цогтцэций сумын замын цагдаад хандсан боловч тодорхой сураг гараагүй. Ингээд миний бие 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Батмөнхийн иргэний үнэмлэхийн хаягаар очиж асуухад байрны мөнгөө төлөөгүй гээд байрнаасаа гараад явчихсан байсан. Түүний утасны дугаар 99983826 гэсэн дугаар байсан. Холбогдох боломжгүй болсон. Иймд хариуцагч Банзрагч овогтой Батмөнхийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрын /хаяг/ тодорхойлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, худалдах худалдан авах гэрээ, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Батмөнхийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Батсайхан нь иргэн Б.Батмөнхөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ланд 80 маркийн 65-56 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ байгуулан 18,000,000 төгрөгөөр худалдсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон худалдах худалдан авах гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.Батсайхан нь уг гэрээний дүнгээс 2017 оны 02 сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөг төлсөн, мөн ажиллаж байсан компаниас 10,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн талйбараар тогтоогдож байх тул гэрээний үүргийн биелэлтийг иргэн Б.Батмөнхөөс шаардах эрх үүссэн, уг иргэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болжээ.
Харин иргэн Б.Батмөнхийн хаягаар болон утсаар удаа дараа очсон боловч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, үйлдвэр ХД, 46 дугаар байр, 502 тоот хаягтай боловч уг хаягтай оршин суудаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, үйлдвэр ХД, 46 дугаар байр, 502 тоотод оршин суух хаягтай Очир овогт Банзрагчийн Батмөнх /РД:ЦЖ60062679/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, үйлдвэр ХД, 46 дугаар байр, 502 тоотод оршин суух хаягтай Очир овогт Банзрагчийн Батмөнх /РД:ЦЖ60062679, утасны дугаар:99983826 /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Очир овогт Банзрагчийн Батмөнхийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч Б.Батсайхан /утас:89813172/-д мэдэгдэхийг Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА