Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бод холбогдох эрүүгийн 2022000000159 тоот  хэргийг 2020 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....................суманд төрсөн, ..............., эрэгтэй, .................эрхэлсэн тодорхой ажилгүй, ................. 4, ..................... оршин суудаг, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, Б овгийн Цгийн Б /РД:.................../

 

Шүүгдэгч Ц.Б нь / яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сайнцагаан сумын 4-р багийн нутаг, “Мандалын хар” гэх газарт Б.Мбаруун гаран тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.

- Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’...2020.12.09-ний өдөр Мандалын харын хойно найз Т хамт үхэр бөөгнүүлээд явж байтал Т Б утсаар ярихад хангийн эцэс рүү явж байна гэсэн. Тэгээд бид хоёр зам тосоод Б уулзсан. Тухайн үед Б приус-20 маркийн автомашинтай нэг танихгүй залуугийн хамт явж байсан. Ингээд Т жолоочийн хажуу талын суудалд, би жолоочийн харалдаа машины арын суудалд суусан. Би тэр танихгүй залууг хаанахын залуу вэ, чамайг хэн гэдэг юм гэж асуусан чинь юм ярихгүй ярвайгаад байсан. Тэгэхээр нь “...би ямар муухай ус уусан ямаа шиг хардаг нөхөр вэ...” гээд өмднийхөө баруун талын халаасанд хийсэн байсан эвхэгддэг хүрэн иштэй тонгорог хутга гаргаж ирээд тэр залуугийн гарынх нь бугалга орчимд нь нэг удаа хатгасан. Тэгээд Б тэр залуугаа аваад явсан. Т бид хоёр буугаад үлдсэн. Би тэр залууг урд нь огт харж байгаагүй, надтай маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Муухай хараад ярвайгаад байхаар нь хутгалчихсан юм. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Би хутгаа дээлнийхээ хормойг цоолоод нуусан байсан чинь алга болсон байна лээ. Нэг газар хаягдсан байх. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэнтэй ууснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-29-30/

- Хохирогч Б.М: ‘’...Би Дундговь аймагт эмээгээ асраад байж байгаа юм. Өнөөдөр буюу 2020.12.09-ний өдөр авга ах Бын хамт аймгийн төвөөс зүүн урд талд ойролцоогоор 10 гаран километрт хүнд машины дугуй хүргэж өгөх гээд явж байтал замд үхэр туугаад явж байсан хоёр эрэгтэй байсан бөгөөд Б ах таньдаг хүмүүс байна гээд зогссон. Тэгээд тэр хоёр хүн нь машины ард  суугаад явж байсан юм. Намайг хутгалсан залуу нь согтуу, нөгөө залууг нь архи уусан байсан эсэх нь мэдэгдэхгүй байсан. Би машины урд талын суудал дээр суугаад явж байсан. Намайг хутгалдаг залуу Б ахын хойно суусан байсан. Тэгээд тэр хоёр машинд суугаад явж байснаа, намайг хутгалсан залуу нь “чи ямар нүдэнд хүйтэн пязда вэ” гэж хэлсэн. Тэгсэн Б ах яах гээд байгаа юм бэ манай дүү гэж хэлсэн. Тэгээд би ч тоогоогүй. Би тамхи татаад тэр хоёр хүн лүү хойшоо хальт харсан чинь намайг хутгалсан залуу “чи наад харцаа засаж яв” гэхээр нь би тэр залууг “чи ямар хаашаа янзын пязда вэ” гэж хэлсэн юм. Тэгтэл тэр залуу “энэ муу ямар зэвүүн пязда вэ” гээд баруун гараа баруун гуяныхаа харалдаа авах шиг болсон. Тэгээд баруун гарын бугалга орчим хальт хүрэх шиг болсон гар чяс гэсэн. Нөгөөг залууг хартал гартаа хутга барьчихсан байхаар нь машинаасаа буусан чинь нөгөө залуу дагаж машинаас буугаад “наашаа хүрээд ир пязда минь” гээд хутганы үзүүр хэсгийг ил гаргаад машин тойроод туулгаад байсан. Б ах бууж ирээд боль гэж хэлсэн чинь тэр залуу намайг ална гээд туулгаад байсан. Би тэр залуугаас айгаад машиндаа орж суугаад машины хаалгаа дотроосоо түгсэн. Тэгтэл залуу машины хаалга татаад гараад ир ална гээд байсан. Б ахад миний гараас цус гараад байна гэж хэлтэл гарын шархан дээр 00-ын цаас ороож тавиад бид 2 хөдлөөд аймгийн эмнэлэгт ирсэн. Би тэр залууг танихгүй, огт харж байгаагүй. Миний биеийн байдал одоогоор бага зэрэг таагүй байна, гар чинэрч, дотор эвгүй оргиж байна. Сая эмнэлэгт оёдол тавиулсан нэлээд гүнзгий орсон юм шиг байна лээ. Би маш их гомдолтой байна...’’ гэх мэдүүлэг /хх-10-11/

- Гэрч Ш.Бын: “...Өнөөдөр буюу 2020.12.09-ний өдөр 18 цаг өнгөрч байх үед би хамаатны дүү Б.Мхамт найздаа машины дугуй хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд Мандалын хар гэх газар явж байхад 10 жилийн ангид сурч байсан Т, танил Б нар үхэр туугаад явж байснаа зам тосоод гараад ирсэн. Тэр хоёр машинд суугаад юм ярьж байтал Б манай дүү М “муухай хараад байна уу пизда минь” гэсэн тэгэхээ нь би “наадах чинь манай дүү яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл Б паск зүүж авсан байсан бөгөөд паскны орчмоосоо хүрэн иштэй эвхдэг тонгорог гаргаж ирээд буцааж хийж байх шиг байсан. Би Ттай үг сольж байтал Б манай дүүгийн баруун гар луу цохих  шиг болсон. Тэгтэл манай дүү ах аа намайг хутгалчих шиг боллоо гэхээр нь би гарыг хартал куртик нь цоорсон байсан. Тэгээд манай дүү машинаас буусан чинь Б араас нь дагаж буугаад манай дүүг машин тойруулаад туулгасан. Тэгээд би машинаас буугаад Быг бариад дүүгээ машинд суулгаад тэр хоёрыг үлдээгээд бид хоёр аймгийн тов ороод эмнэлэгт очиж М гаранд оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг  /хх-13-14/

- Гэрч Ш.Тын: “...2020.12.09-ний өдөр би Бтой ухар туугаад явж байхад манай найз Б над руу яриад зам асуусан. Тэгээд зам зааж өгөөд өөдөөс ирж байгаа болохоор нь зам тосоод үхрээ туугаад явж байсан юм. Тэгээд Б бид хоёр машинд нь орж суугаад дулаацаад Б ойр зуурын юм яриад байж байсан. Тухайн үед Б нэг залуутай хамт явж байсан. Б тэр залууг “муухай хараад байна уу” гээд нөгөөх нь өөдөөс нь нэг юм хэлсэн. Тэгтэл Б нөгөө залуу руу нэг далайх шиг болохоор нь би боль танихгүй хүнтэй муудалцаад гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу айсан байдалтай машинаас буусан. Тэр залуу ханцуйгаа шамласан чинь баруун гарынх нь орчимд бага зэрэг цус болсон байсан. Тэгсэн Б бас машинаас буугаад нөгөө залуу руу дайрсан. Б бид хоёр буугаад Быг хориод нөгөө залуу машиндаа суугаад Бт ч машиндаа суухаар нь би хөдөл гээд тэр хоёр ч хөдлөөд явсан, би Быг аваад үлдсэн... гэх мэдүүлэг /хх-15/  

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 261 дугаартай: “Б.Мбиед бугалгад хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-17-18/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-6/

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх31-37/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41-44/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-82/

- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 12 сарын 09-ний өдөр хохирогч Б.М хутгалж бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч Б.М нь шүүгдэгчид хутгалуулж бугалгад хатгагдсан шарх гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 261 дугаартай дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Ц.Б нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 554 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сар, 5 хоног хорих ялаар, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх ялаас нэмж нэгтгэн 5 сар, 14 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй,  өмнө нь 1198, 200, 2002, 2004, 2009, 2018, 2020 онуудад 7 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна6

 

Хохирогч Б.М нь шүүгдэгч Ц.Боос баримтаар нэхэмжилсэн 450.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул  хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овгийн Цгийн Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Цгийн Бод 450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Боос 45.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгосугай.

5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Боос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН