Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2017/00067/И |
Дугаар | 83 |
Огноо | 2017-07-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, Асартай хороолол, 5-3 тоотод оршин суух, Бурд овогт Жуулхуугийн Дэлгэрсайхан /РД: РВ62051618/, Хар дархад овогт Бүүвжийгийн Оюунтунгалаг /РД:РВ65030907/ нарт холбогдох зээлийн үлдэгдэл 27 613 791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Оюунтунгалаг нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-т байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа анх 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 9 000 000 төгрөгийг цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээл хүүг сар бүр тогтмол 341 900 төгрөгөөр төлж дуусгах гэрээтэй авсан. Улмаар 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 7 280 575 төгрөгийн зээлийн үдэгдэл дээр нэмж 2 719 424 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатай зээл хүүг сар бүр тогтмол 405 400 төгрөгөөр төлөхөөр авсан. 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 7 807 737 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 3 192 262 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр 408 100 төгрөг төлөхөөр авсан. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ14/780 тоот зээлийн гэрээ байгуулан 9 255 824 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 3 444 175 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай сар бүр зээл хүү тогтмол 470 400 төгрөг төлөхөөр авсан. Зээлдэгч 2015 оны 10 дугаар сараас хойш төлөлт хийгдээгүй өнөөдрийн байдлаар хугацаа хэтрээд 561 хонож байна. Зээлийн үлдэгдэл 10 325 276, хүү 3 234 796 төгрөг, торгуулийн хүү 294 234 төгрөг бүгд 13 854 306 төгрөг өрийн үлдэгдэл байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 13 854 306 төгрөгийг зээлдэгч Б.Оюунтунгалаг, хамтран зээлдэгч Ж.Дэлгэрсайхан нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.
Зээлдэгч Ж.Дэлгэрсайхан нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-т тамгын газрын даргаар ажиллаж байхдаа анх 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 7 500 000 төгрөгийг цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээл хүүг сар бүр тогтмол 370100 төгрөгөөр төлж дуусгах гэрээтэй авсан. Улмаар 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 5264559 төгрөгийн зээлийн үдэгдэл дээр нэмж 3 235 440 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл хүүг сар бүр тогтмол 323000 төгрөгөөр төлөхөөр авсан. 20136 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7797390 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 5102609 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр 494000 төгрөг төлөхөөр авсан. 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЦЗГ13/603 тоот зээлийн гэрээ байгуулан 11132278 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 3167721 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 28 сарын хугацаатай сар бүр зээл хүү тогтмол 660600 төгрөг төлөхөөр авсан. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ЗГ14/557 тоот зээлийн гэрээ байгуулан 9613544 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 5086455 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 28 сарын хугацаатай сар бүр зээл хүү тогтмол 660600 төгрөг төлөхөөр авсан. Зээлдэгч Ж.Дэлгэрсайхан нь 2016 онд Өмнөговь аймаг Манлай сумын тамгын газрын даргаар түр ажиллаж байхдаа 2216800 төгрөл төлсөн. 2015 оны 04 дүгээр сараас хойш хугацаа хэтрээд 721 хонож байна. Зээлийн үлдэгдэл 8 929 094 төгрөг, хүү 4 275 494 төгрөг, торгуулийн хүү 554 897 төгрөг бүгд 13 759 485 төгрөг өрийн үлдэгдэл байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 13 759 485 төгрөгийг зээлдэгч Ж.Дэлгэрсайхан, хамтран зээлдэгч Б.Оюунтунгалаг нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ж.Дэлгэрсайхан нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-т тамгын газрын даргаар ажиллаж байхдаа анх 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 7,500,000 төгрөгийн цалингийн зээл олгосон. 2016 онд ажлаасаа гарч Өмнөговь аймгийн Манлай суманд шилжиж ирсэн. Мөн гэр бүлийн хүн ажилгүй болсон шалтгаанаар зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбартай танилцсан. Үүний тухайд хариуцагч Ж.Дэлгэрсайхан нь үндсэн зээлийн үлдэгдэл болох 8,929,094 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрдөг. Зээлийн хүү 4,275,494 төгрөг, торгуулийн хүү 554,897 хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбар гаргасан байсан. Үүнийг банкны зүгээс энэ хүүнүүдийг төлүүлэхгүй байх боломжгүй. Учир нь талууд зээлийн гэрээ хийхдээ гэрээний зүйл, заалтыг зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа. Цалингийн зээлийн гэрээг барьцаат зээлийн гэрээ гэж байгуулдаг. 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №ЦЗГ 13/603 тоот зээлийн гэрээний 2.3.4 дүгээр заалтад Зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан тул зээлийн хүү, торгуулийн хүүгээс чөлөөлөх боломжгүй гэж үзэж байна. Банк нь зээлийн үйл ажиллагаа явуулахдаа харилцагч, аж ахуйн нэгж байгууллагын хадгаламжид мөнгийг байршуулж, түүүнд тодорхой хэмжээний хүү төлдөг. У.Дэлгэрсайхан, Б.Оюунтунгалаг нарын төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл 27,613,791 төгрөг нь бусдад зээлдүүлсэн харилцагчийн хадгаламж юм. Үүнд нь банкнаас тодорхой хэмжээний хүүг төлж байгаа тул зээлдэгч нараас хүүг төлүүлэхгүй байх нь боломжгүй юм. Энэ асуудлаас болж банк хүүгийн алдагдалд орох эрсдэлтэй. Мөн хариуцагч хариу тайлбартаа 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор батлагдсан Оюутны хөгжлийн зээлийн журамд зээлээ шилжүүлж оюутны хөгжлийн зээлийн дагуу 5 хувийн хүүтэй болгох тухай хүсэлт гаргасан боловч Хаан банкны зүгээс “одоогоор энэ зээл олгогдож эхлээгүй байна” гэсэн хариу өгсөн. 2016 оны 5, 11 саруудад Хаан банкинд хүсэлт гаргаж байсан гэдэг. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банк, Боловсролын зээлийн сангийн хооронд оюутны зээлийг олгож эхлэх хамтран ажиллаж гэрээ байгуулж гарын үсэг зурж, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Хаан банкны захирлын тушаал гарч оюутны зээлийг олгож эхэлсэн. Зээлдэгч тухайн тушаал гарахаас өмнө хүсэлт гаргасан, амаар өгсөн гэсэн байсан. Хаан банканд албан ёсоор оюутны зээлд шилжүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй. Мөн Оюутны зээлийн журамд хамрагдаж, цалингийн зээлийн хүүгээ багасгахын тулд хүсэлт гаргагч нь тухайн үед хугацаа хэтэрсэн зээлгүй байх, тухайн оюутны мэдээллийн сангаас лавлагаа авах, их, дээд сургуулиасаа нэхэмжлэхээ авч ирэх гэх мэт бүрдүүлэх материалууд байдаг. Эдгээр баримт бичгийг банканд гаргаж өгөөгүй тул оюутны зээлд хамрагдах боломжгүй байсан юм. Ж.Дэлгэрсайханы хариу талбарын төгсгөлд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс 5-р баг Улаан хаалга хорооллын 2а-д байршилтай хувийн орон сууц, өмчлөлийн газрын хууль ёсны хамтран өмчлөгчийн хувьд хөрөнгийн дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байна гэсэн. Зээлийн хувьд тухайн харилцагчийн цалин нь барьцаа нь болж байдаг. Бодит барьцаа хөрөнгө барьцаалаагүй байсан. Зээлдэгч банк 2 төлбөрөө хэрхэн төлөлцөх тал дээр ярьж тохиролцоод, төлбөртөө хашаа, байшинг авахаар болсон бол тухайн үеийн зах зээлийн ханшаар нь зарж, худалдан борлуулж болох байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк, хариуцагч Ж.Дэлгэрсайхан, хамтран хариуцагч Б.Оюунтунгалаг нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 13 759 485 төгрөг, хариуцагч Б.Оюунтунгалаг, хамтран хариуцагч Ж.Дэлгэрсайхан нарт холбогдуулан 13 854 306 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлүүдийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлүүдийг хүлээн авч тус тус иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд тухайн хэргүүд нь нэг нэхэмжлэгчтэй, хариуцагч Б.Оюунтунгалаг, Ж.Дэлгэрсайхан нар нь гэр бүлийн хүмүүс ба дээрх зээлийн гэрээнүүдэд үндсэн болон хамтран зээлдэгчээр оролцсон, шүүхэд үндсэн болон хамтран хариуцагчаар тус тус татагдсан байх тул дээрх хэргүүдийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь зохистой гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь “Хаан банк” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Оюунтунгалаг, хамтран хариуцагч Ж.Дэлгэрсайхан нарт холбогдох хэргийг “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Дэлгэрсайхан, хамтран хариуцагч Б.Оюунтунгалаг нарт холбогдох иргэний хэрэгт нэгтгэж шийдвэрлэлээ.
Мөн хариуцагч нарт шүүх хурлын тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбартай хариуцагч Ж.Дэлгэрсайхан, Б.Оюунтунгалаг нар нь харилцан тохиролцон байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ЦЗГ13-/603 дугаартай зээлийн гэрээний 7.1.1-т “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт 1-т заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн” бол гэрээг банкны санаачилгаар дуусгавар болохоор заасан байна. Банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ хугацаанд төлөх талаар удаа дараа албан мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй нь гэрээгээр хүлээн үүргээ зөрчсөн буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул уг гэрээний 7.3 дахь заалтыг үндэслэн гэрээг дуусгавар болгох үндэслэлтэй байна.
Зээлдэгч Б.Оюунтунгалаг нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-т байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа анх 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 9 000 000 төгрөгийг цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээл хүүг сар бүр тогтмол 341 900 төгрөгөөр төлж дуусгах гэрээтэй авсан, улмаар 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 7 280 575 төгрөгийн зээлийн үдэгдэл дээр нэмж 2 719 424 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатай зээл хүүг сар бүр тогтмол 405 400 төгрөгөөр төлөхөөр, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 7 807 737 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 3 192 262 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр 408 100 төгрөг төлөхөөр, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ14/780 тоот зээлийн гэрээ байгуулан 9 255 824 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 3 444 175 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай сар бүр зээл хүү тогтмол 470 400 төгрөг төлөхөөр, Зээлдэгч Ж.Дэлгэрсайхан нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-т тамгын газрын даргаар ажиллаж байхдаа анх 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 7 500 000 төгрөгийг цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээл хүүг сар бүр тогтмол 370100 төгрөгөөр төлж дуусгах гэрээтэй авсан, улмаар 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 5264559 төгрөгийн зээлийн үдэгдэл дээр нэмж 3 235 440 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл хүүг сар бүр тогтмол 323000 төгрөгөөр төлөхөөр, 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7797390 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 5102609 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр 494000 төгрөг төлөхөөр, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЦЗГ13/603 тоот зээлийн гэрээ байгуулан 11132278 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 3167721 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 28 сарын хугацаатай сар бүр зээл хүү тогтмол 660600 төгрөг төлөх, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ЗГ14/557 тоот зээлийн гэрээ байгуулан 9613544 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 5086455 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 28 сарын хугацаатай сар бүр зээл хүү тогтмол 660600 төгрөг төлөхөөр тус тус зээлийн гэрээ байгуулж авсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр тус тус нотлогдож байна.
Хариуцагч нар нь дээрх зээлүүдийг авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлдэг ба харин зээл олгохдоо барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг шинэчлэн тогтоогоогүй тул хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх хүсэлт гаргасныг тухайн хэрэгт хамааралгүй гэж үзэн хангахаас татгалзсан бөгөөд дээрх зээлийн гэрээнүүд нь хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэв.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу дээрх гэрээг байгуулсан байх тул талуудын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ тохирсон байна.
Иймд Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас дээрх гэрээнүүдийн нийлбэр дүн болох 27 613 791 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453969 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Дэлгэрсайхан, Б.Оюунтунгалаг нараас 453969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Дэлгэрсайхан, Б.Оюунтунгалаг нараас зээлийн гэрээний үлдэгдэл 27 613 791 /хорин долоон сая зургаан зуун арван гурван мянга долоон зуун ерэн нэг/-н төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453 969 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Дэлгэрсайхан, Б.Оюунтунгалаг нараас 453969 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн, төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА