| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0073/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/93 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | М.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.Ц
Улсын яллагч: М.О
Шүүгдэгч: Н.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц-т холбогдох 2022001530082 тоот хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн ................ суманд ..................-ны өдөр төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эцэг, эх, 2 дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ....-р баг .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Ц нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэх буюу Эрүүгийн хуулийн /2002 оны/ Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны цагаан сарын шинийн 1-нээс 4-ний хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ...... дүгээр баг Мандалын ...... тоотод оршин суух иргэн З.Б-ын гэрт тооноор нь нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлж иргэн З.Б-д 730000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд
- Хохирогч З.Б-ын: ...2017 оны 2 дугаар сард Цагаан сарын баярын шинийн 1-ний өдөр манай гэр бүл Улаанбаатар хот явж золголт хийчхээд шинийн 4-ний өдөр гэртээ иртэл манай гэрийн тооноор хулгай орсон байдалтай байсан. Тухайн үед хашаандаа орж ирэхэд гэрийн урд 1 шил эмэгтэй хүний дарс хагарчихсан, мөн цагаан сараар бэлдсэн байсан алим, чихэр гэх мэт зүйлсээс тарааж орхисон байдалтай дахин хэрэглэх боломжгүй болгож орхисон байсан. Намайг гэртээ ороход гэрийн зүүн урд байх гал тогооны шүүгээнээс хүнд өгөх гэж бэлдсэн ууттай бэлэг 10 ширхэг, хөлдөөгчөөс 25 килограммын шуудайны дундуураас дээгүүр бууз алдагдсан. Мөн цагаан сараар бэлдсэн байсан 0.75 литрийн 3 ширхэг Eden нэртэй архи, 1 шил эмэгтэй хүний дарс, 1 шил виски, миний өөрийн хар өнгийн хавар намрын куртик зэрэг эд зүйл алдагдсан. Зарим зүйлийг тодорхой сайн санахгүй байна. Цагаан сарын баяр болж байсан учир хэн нэгнийг хий хардахыг хүсээгүй тул гомдол гаргаагүй..” гэх мэдүүлэг /хх8-9/
- Гэрч Г.О-ийн: 2017 оны 2 сарын 9-ний өдрийн Цагаан сарын шинийн 1-ний өдөр манай нөхөр З.Б болон 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд шинийн 4-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байдалтай байсан. Хаалга бол цоожтой, тооноор орсон байсан. Гэрийн гадуур чихэр жимс бутраасан, гэрийн ойролцоо эмэгтэй хүний дарс хагарсан, мөн хашааны баруун хэсэгт гаражны ойролцоо нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Эдэн гэх нэртэй архи хагалсан байсан. Гэртээ ороход хүнд өгөхөөр бэлдсэн байсан фудволка, хүүхдэд өгөхөөр бэлдсэн байсан шоколад, хатаасан жимс, алим, хөлдөөгчнөөс 25 кг-ын шуудайны талаас дээгүүр бууз, нөхрийн хар өнгийн хавар намрын куртка, Эдэн архи 3 шил, 0,75 л виски 1 шил, 0,75 л дарс 1 шил зэргийг аваад явсан байсан гэх мэдүүлэг /хх-34/
- Хөрөнгийн үнэлгээний комиссоос хохирогч З.Бын хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ тухайн үеийн зах зээлийн ханшаар нийт 730000 төгрөг болохыг тогтоосон 2020.05.07-ны өдрийн 68 тоот акт /хх-17/
- Яллагдагч Н.Ц-хын: Шинийн 3-ны орой 23 цагийн үед гэрээсээ гараад хажуу хашааны Сүхбатыг дуудаж гаргаад хамт айлд оччихоод ирье гэж хэлээд дагуулж Мандал хороолол руу явсан. Гудамны үзүүрт С орхиод “Би айл руу оччихоод ирье” гэж хэлээд дагуулж явсан. Ганцаараа яваад “Утсан загас” хочтой хүний гэр байх блокон хашааны баруун хойноос нь давж ороод хашааны баруун хэсэгт урагшаа харуулан барьсан байх цагаан бүрээстэй монгол гэрийн тооноор нь авирч ороод зуухан дээр нь гишгээд буусан. Гэрийн хоймор хэсэгт байрлах зурагтны доод хэсгийн тавиурны шургуулгыг нээж харахад архи, виски, дарс байхаар нь орон дээр байсан эрэгтэй хүний куртиканд архинуудыг боож авсан. Тооноор буцаж цээжээ гаргаж байгаад урагш нь буюу амбаарын дээд хэсэгт очихоор өнхрүүлсэн. Гэрийн зүүн хойд хэсэгт байрлах хөлдөөгчийг ухахад 25 кг шуудайтай зүйл байхаар нь нээж үзэхэд тал хэсгээр хийсэн хөлдүү бууз байсан. Шуудайны амыг өөрөөр нь зангидаад гэрийн тооноор гаргаж бас үүдний амбаарын зүг өнхрүүлсэн. Гэрийн зүүн урд хэсэгт байх гал тогооны шүүгээг нээж үзэхэд чихэр, жимс, шоколад, фудволка байхаар нь уутанд нь хийгээд шууд тооноор буцаж гарсан. Куртиканд боосон архинуудаа авах гэж байгаад нэг шил Эден архи унагаж хагалсан. Архинуудаа тэр чигээр нь барьж яваад давж орж ирсэн хэсэгтээ тавиад буцаж очоод шуудайтай бууз бэлэгнүүдийг аваад нэг нэгээр нь хашаа давуулсан. Хашаа давуулж байх хооронд нэг шил дарсыг унагаж хагалсан. Тэгээд Сүхбат дээр юмнуудаа авч очиход Сүхбат гайхаад “энэ юу юм бэ” гэж асуусан. Би “дуугүй хурдан аваад явъя” гээд аваад явж байх замдаа “айлаас хулгайлж авсан юм хүнд битгий хэлээрэй” гэхэд С уурлаж “би энэнээс чинь юу ч авахгүй. Намайг энэ хэрэгтэй битгий орооцолдуул” гэж хэлсэн. Тэгээд гэр гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг/хх-24/
- Өсвөр насны гэрч Б.Сын /гэмт хэрэг үйлдэгдэх үед 14 нас 5 сартай/: Шинийн 3-ны орой 23 цагийн үед...Ц намайг орхиод урд талын гудамжны баруун үзүүрт байх блокон хашааг баруун талаас нь даваад орчихсон. Ц айлын хашаа руу ороод 10 орчим минут болсны дараа ууттай бууз, 3 шил архи, хайрцагтай зүйл аваад ирсэн. Би хайрцагтай зүйлсийг тухайн үед харахад хүнд өгөх гээд бэлдсэн ууттай бэлэгнүүд байх шиг байсан. Би авчирсан зүйл юу болохыг асуухад Ц дуугүй бай гэж хэлсэн. Гэр лүү чиглэлтэй явж байхдаа хулгай хийсэн талаараа ярьсан. Би Цт хандан би ямар нэгэн зүйл аваагүй шүү. Би наад асуудалд чинь хамаагүй шүү гэж хэлээд салаад гэртээ очсон. Би өөрийн гэр бүлдээ хэлэх гэсэн боловч Цаас айгаад хэлж чадаагүй гэх мэдүүлэг /хх-13/ зэрэг баримтуудаар;
2.Шүүгдэгч Ц нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айраг хорооллын 6-18 тоот хашаанд байрлах хүнсний мухлагт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж иргэн Ц.От 400900 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ц.О-ийн: “...Би Сайнцагаан сумын Айраг хорооллын 8 дугаар гудамжны 6-18 тоот хаягт хүнс, тамхи зардаг мухлаг ажиллуулдаг байсан. Манай хүнсний мухлагт 2017 оны 4 дүгээр сарын 20-ны үед дэлгүүрийн урд талын вакум цонхыг түлхэж орж ноншим нэртэй том аягатай гоймон 16 ширхэг, жижиг аягатай гоймон 24 ширхэг, ментос бохь 3 хайрцаг, хайрцгандаа 12 ширхэг боодол бохь байдаг, дирол бохь 2 хайрцаг хайрцгандаа 30 боодол байдаг. Асаагуур 1 хайрцаг, хайрцгандаа 30 ширхэг байдаг, нипс үрлэн чихэр 1 хайрцаг хайрцгандаа 24 ширхэг байдаг, клаб ЛД-10 ширхэг, парламент-10 ширхэг, саарал ЛД тамхи-20 ширхэг, цагаан өргөө тамхи-10 ширхэг, алтан навч-10 ширхэг, шпрот- 3 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан хэрэг гарч байсан. Би алдсан эд зүйлсийн нийт үнийг бодож үзэхэд 400.900 төгрөг болсон. Надад сэжиглэж байгаа хүн байгаагүй учир тухайн үед цагдаагийн байгууллагад шалгуулаагүй” гэх мэдүүлэг /хх69-70/
- Өсвөр насны гэрч Ү.А-ын /тухайн үед 14 настай/: Ц надад 2017 оны зун гудамжинд байдаг сагсны талбайд тоглож байхад Айраг хорооллын 8 дугаар гудамжинд байх хүрэн өнгийн хүнсний мухлагт орж тамхи, чихэр, бас бусад зүйл авч байсан талаараа ярьж байсан.Өөр хүнтэй хамт хулгай хийсэн эсэх талаар мэдэхгүй. Хулгайлсан тамхиа дэлгүүрт чадвал зарна гэж ярьж байсан. Ц-ын хулгайлсан зүйлийг хараагүй гэх мэдүүлэг /хх-71/
- Өсвөр насны гэрч Б.С-ын: “.Ц надад 2017 оны 4 сард Айраг хорооллын 8 дугаар гудамжинд байх хүрэн өнгийн хүнсний мухлагт орж тамхи, чихэр, бас бусад зүйлс авч байсан талаараа ярьж байсан. Ц ганцаараа явж хулгай хийсэн гэж ярьж байсан. Цын хулгайлсан зүйлийг харааагүй. Тамхийг нь гадуур явж хүмүүст худалдсан гэж ярьж байсан. Би хулгай хийсэн талаар үнэн худлыг мэдэхгүй учир цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэх мэдүүлэг /хх-73/
- Үнэлгээний комиссоос хохирогч Ц.О-ийн эзэмшлийн дэлгүүрээс алдагдсан эд зүйлийн үнэ зах зээлийн ханшаар нийт 400900 төгрөг болохыг тогтоосон 2020.05.07-ны өдрийн 67 тоот акт /хх-81-83/
- Яллагдагч Н.Ц-ын: “2017 оны 4-р сарын дундуур байх аа өдрийг нь сайн санахгүй байна. Шөнийн 01 цагийн үед л байх. Сайнцагаан сумын Айраг хорооллын 8 дугаар гудманд байх улаан хүрэн өнгийн тоосгон, нэг давхар хойшоо харсан хаалгатай хүнсний дэлгүүрийн урд талын буюу хашаан дотор байх цонхоор нь орж том аягатай бэлэн гоймон нэг хайрцаг, жижиг аягатай бэлэн гоймон нэг хайрцаг, ментос, дирол бохь, нипс үрлэн жихэр, асаагуур, лаазалсан шпрот, тамхинууд авсан. Тамхи нь нэг хайрцагны талаар байхаар нь би авсан бусад зүйлээ нэгтгээд хийсэн. Тэгээд нийт 3-н хайрцаг юм аваад хашааных нь хаалгаар гараад явсан. Өмнө нь тэр дэлгүүрт орж юм авч байсан юм. Тухайн үедээ урд талын цонхоор нь орж болох юм байна гэж харсан. Би ганцаараа хулгай хийсэн. Харин уг хэргийг хийснийхээ дараа найз С, А нарт хэлсэн. Хүнсний бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэсэн. Тамхи болон асаагуурыг нь хувь хүмүүст тухайн үеийн ханшнаас нь доогуур үнээр зарсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хамаарна.
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай баримт тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны цагаан сарын шинийн 1-нээс 4-ний хооронд иргэн З.Бын гэрт нэвтэрч эд зүйлсийг хулгайлж 730000 төгрөгийн хохирол, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны орчимд иргэн Ц.О-ийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн цонхоор нь нэвтрэн орж 400900 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг өөрөө хийсэн гэж хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн нь хохирогч З.Б, Ц.О нарын мэдүүлэг/хх8-9, 69-70/, өсвөр насны гэрч Б.С, Ү.А нарын мэдүүлэг/хх-13, 71/, хөрөнгийн үнэлгээний акт/хх-17, 81-83/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-3-4,64-65/ зэрэг баримтаар батлагдаж байх тул шүүх эдгээр баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцлоо.
Хохирогч З.Б-ын мэдүүлэг болон прокурорын 2020.05.25-ны өдрийн 2022001530082 дугаар тогтоол /хх187-188/, мөн прокурорын 2020.08.10-ны өдрийн 14 дүгээр тогтоол /хх-148/, прокурорын 2020.08.13-ны өдрийн 80а дугаар яллах дүгнэлтэд /хх149-152/ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2017 оны 2 сарын 11-ний өдөр” гэж заажээ.
Төгсбуянт зурхайн аргачлалын дагуу зохиосон Л.Т-ийн “17 дугаар жарны гал тахиа жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-т зааснаар 2017 оны цагаан сарын шинийн 1-ний өдөр нь аргын тооллоор 2017 оны 2 сарын 27-ны өдөр байсан нь тогтоогдож байна[1].
Энэ нь хохирогч З.Б-ын “би 2017 оны цагаан сарын баярыг календарь дээрээс харахад 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр нь шинийн 1-ний өдөр болж таарч байна билээ. Тиймээс уг хулгайн гэмт хэрэг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд болсон байна” гэх мэдүүлгээс /хх-9/ зөрүүтэй байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “4.1.3. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3” гэх заалт, мөн зүйлийн 4.1.8 . Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1” гэх заалтад заасан нийтээр тэмдэглэх баярын өдрийг тэмдэглэхдээ Төгсбуянт шинэ зурхайн ёсны цагалбарыг баримтлан тэмдэглэдэг бөгөөд энэ нь танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй үйл баримт юм.
Хохирогч З.Б дээрх мэдүүлгийг өгөхдөө эх сурвалжаа зааж хэлээгүй тул холбогдох хэсгийг шүүх нотлох баримтаар тооцсонгүй.
Харин хохирогч З.Б, гэрч Г.О нарын “2017 оны цагаан сарын шинийн 1-ний өдөр гэр бүлээрээ Улаанбаатар хот явж, золголт хийгээд шинийн 4-ний өдөр гэртээ ирэхэд хулгай орчихсон байсан” гэх мэдүүлэг /хх8-9, 34/, өсвөр насны гэрч Б.Сын “цагаан сарын баярын шинийн 3-ны орой 23 цагийн үед” гэх мэдүүлэг /хх-13/, яллагдагч Н.Ц-ын “шинийн 3-ны орой 23 цагийн үед” гэх мэдүүлэг /хх-24/ зэрэг баримтаар, З.Б-ын эд зүйлсийг хулгайлах үйлдэл 2017 оны цагаан сарын шинийн 3-ны орой 23 цагийн орчимд үйлдэгдсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд уг цаг хугацаан дээр хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг тохирч байна.
Иймд иргэн З.Б-ын гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэг нь билгийн тооллоор 17 дугаар жарны гал тахиа жилийн шинийн 3-наас 4-нд шилжих шөнө буюу аргын тооллоор 2017 оны 3 сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд үйлдэгдсэн болох нь нотлогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Ц нь 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн өдрөөс өмнө буюу 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс өмнө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн нь баримтаар тогтоогдсон тул улсын яллагчаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Н.Ц-ыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Ц-ын шунахайн сэдэлттэй, хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн З.Б-д 750.000 төгрөг, Ц.От 400.900 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг /хх8-9, 69-70/ үнэлгээний акт /хх-17, 81-83/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Н.Ц нь өөрөө хариуцан арилгах үүрэгтэй, З.Б, Ц.О нар нь өөрсдийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Н.Ц-аас шаардах эрхтэй байна.
Хохирогч З.Б нь “Н.Ц хохирлын 750000 төгрөгийг төлж барагдуулж хохиролгүй болгосон” гэх хүсэлт гаргасан /хх-100/, хохирогч Ц.О “хохирол болох 409 мянган төгрөгийн хохирлыг тохиролцож барагдуулахаар болсон”-оо бичгээр илэрхийлсэн/хх-101/, шүүх хуралдааны товыг Ц.От 2020 оны 9 сарын 28-ны өдөр мэдэгдэхэд 200000 төгрөгийн хохирол дутуу байгаа” гэж мэдэгдсэн ба өнөөдрийн шүүх хуралдааны өмнө үлдэгдэл төлбөрийг “Ц-ын ах Баярдорж гэх хүний 96010690 дугаартай утаснаас 200000 төгрөг мобайлаар шилжүүлж, хохирлоо бүрэн авсан” тухайгаа мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, шүүгчийн туслахын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд хохирогч З.Б, Ц.О нарт учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж, бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг бүрэн арилгасан байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Н.Ц нь анх удаа ял шийтгүүлж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-49/, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар /хх-56/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Ц нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн буюу гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, үйлдсэн гэмт хэргийн талаар шударгаар мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7, 55.1.9-д тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ аван засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.4-т “тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина” гэж заажээ. 2017 оны 7 сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлэх болсон тул энэхүү шийтгэх тогтоолоор тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг биелүүлэхийг шүүгдэгч Н.Ц-ын оршин суугаа газрын харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н. Ц-г давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн /2002 оны/ Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заансаар Н.Ц-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн /2002 оны/ Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Н.Ц-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.
4. Эрүүгийн хуулийн /2015 оны/ Ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс хянан харгалзсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүргийг Н.Ц-т хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн /2015 оны/ Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд тус тус зааснаар Н.Ц-т хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн энэхүү шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж, шүүхээс оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт /дарга Н.Есөн-Эрдэнэ/ даалгасугай.
6. Шүүгдэгч Н.Ц нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч З.Б нь 750000 төгрөг, хохирогч Ц.О нь 400000 төгрөгийг Н.Ц-аас хүлээн авсан тухайгаа бичгээр мэдэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч З.Б, Ц.О нарын иргэний нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Н.Ц хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ
[1] Chuhal.mn/r/18716