| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0010/Э/218/2021/0003 |
| Дугаар | 2021/ШЦТ/10 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.С
Шүүгдэгч О.У нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.У, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1822004110157 тоот хэргийг 2020 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............... төрсөн, ................, малчин ам ............... багт оршин ..............., хэрэг хариуцах чадвартай, ................ овогт ................. гэв. /РД:........................./
Шүүгдэгч О.У, Ц.Э нар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр бүлэглэн, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн “Сэрвэн” гэх газарт нутагладаг хохирогч Д.Б өмчлөлийн хонин сүргээс буруу чих урдаасаа ганзага, зөв чих зүүн үзүүрээс нь тайрсан хулгар им бүхий 2 тооны хонь, 4 ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.
- Шүүгдэгч О.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 сарын дундуур Э манай эмээ Цгэрт, би аймаг дээр байсан. Тэгсэн Э орой над руу залгаад “хэдэн мал ирчихлээ такси аваад хүрээд ир” гэсэн. Би аймгаас такси авч очоод бид хоёр нийлж 4 ямаа, 2 хонь /намайг очиход 4 ямаа, 2 хонь барьчихсан байсан/ таксинд ачаад Сайнцагаан сумын зүүн хойно миний танил Б гэрт Б хамт нядлаад Номгон их дэлгүүрийн урд талд байх мах авдаг газарт Э бид хоёр махаа зарсан. 400 гаран мянган төгрөг болсон. Тэр мөнгийг Э авсан. Надад мөнгө өгөөгүй. Тэгээд хөдөө эмээгийн гэр лүү явсан. Хоёр хоногийн дараа намайг цагдаагаас дуудаад би цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Би Эыг цагдаагаас дуудаж байна гэсэн чинь Улаанбаатар хот явчихсан байсан. Э цагдаа Х ярихдаа “за одоо очлоо” гээд гар утсаа салгачихсан юм. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-66-67/
- Шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны намар байсан санагдаж байна. /он сарыг сайн санахгүй байна/ Тэр өдөр би хотоос замын унаагаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс баруун хойш, оршуулгын газрын зүүн хойд доор байх Уын гэрт нар шингэхээс өмнө очсон. Намайг очиход У гадаа мотоциклоо засаж байсан. Тэгээд орой болсон чинь хойд айлын малчин 2 хүн ирж /сайн танихгүй/ хонь нийлсэн байна гэж хэлсэн. Тэгээд малаа ялгаад явсан. Маргааш нь дахиад нөгөө 2 хүн ирээд мал алга байна гээд байсан. 2 хоногийн дараа У мал хийхээр болсон. Тэгээд 4 ширхэг ямаа /эм ямаа байсан байх/, 2 ширхэг хонь /эр хонь байсан/ У өөрийнхөө малаас надад зааж өгөөд би барьж өгсөн. Тэр 6 бог малыг Уын барьж ирсэн таксинд хийж, Сайнцагаан сумын Паркийн баруун талд Уын таньдаг айлын гэр дотор оруулаад У, нэг ахын хамт хийсэн /алсан/, тэгээд махыг нь Сайнцагаан сумын баруун хэсэгт байдаг мах авдаг газарт /хаягийг нь сайн мэдэхгүй/ 490 хэдэн мянган төгрөг /сайн мэдэхгүй байна/ болсон гээд У авч гарч ирсэн. Тэгээд махаа тушаачхаад Уын гэр лүү бид 2 очсон. Тэгээд 2 хоногийн дараа Уыг цагдаа дуудаж байна хүрээд ир гэж байна гэхэд Уаас би “хулгайн мал байсан юм уу “ гэж асуусан чинь дугаархгүй гараад явсан. Тэр өдрөө би хот яваад өгсөн. ...Би Уын мал зарсан мөнгөнөөс Улаанбаатар явах гэж 200 гаран мянган төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
- Хохирогч Д.Б: “...2018.12.18-ны өдөр манай малчин Г гэх залуу утсаар яриад бог малаа тоолсон чинь мал дутаад байгаа, хонины хагас хөдөө хээр хоносон байна гэхээр нь хөдөө байх гэртээ очоод малаа тоолоход 11 хонь, 6 ямаа дутсан. Тэгээд ойр орчмын айлын малаар шүүж үзээд байхгүй болохоор нь хулгайд алдагдсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Ойролцоо 2 км нутагладаг Ууган гэх залууг сэжиглэж байна. Өчигдөр тасарсан хонь Угадна хоносон байна. Хонин дээрээ өнөөдөр очоод хамгийн түрүүнд хулгар чихтэй, хар толгойтой, бүдүүн эр хонь байхгүй байгааг ажигласан, энд байгаа толгой мөн байна. Мөн нөгөө толгой нь ч гэсэн манай халзан хонь мөн байна. Энэ 2 хонины им чихлээс нь манай тэмдэглэгээ мөн байна. Би малаа алдсаны дараа Номгон дэлгүүрийн Эрдэнэбатын мах авдаг цагийн хяналтын камерыг шүүхэд манай саахалтын У гэх залуу 6 тооны бог мал зарж байгаа бичлэг байсан. Мөн Уаас гадна 2 хүн хамт байсан. Би тухайн 2 хүнийг танихгүй. Эр хонио 200.000, эм хонио 120.000, эр ямааг 150.000, эм ямааг 100.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 11 хонь 6 ямаа дутсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүнээс хойш 9 хонь, 2 ямаагаа айлын хониноос олсон. Нийт 4 ямаа, 2 хонь алдсан байна...” гэх мэдүүлэг /хх-22-23, 25-26/
- Гэрч Ц.Г: “...Тэр өдөр хонио хариулаад тууж ирээд хашсан. Тэгсэн манай эхнэр өглөө босоод урд айлын баруун хойд завсар мал хоносон байна, очиж үз гэсэн. Тэгээд очоод үзтэл манай хонь, ямаа байсан. Тууж ирээд малаа гаргаж тоолсон чинь мал дутсан. Тэгээд аймгаас малын эздийг дуудаж ирээд дахиад тоолоход 11 хонь, 6 ямаа дутсан. Тэгээд би урд айлын хотонд очиж мал шүүсэн боловч манай малаас байгаагүй. Гэрт нь ороход Цэвэл гэдэг хөгшин, нэг танихгүй залуу байсан. Би тэр хөгшнөөс манай малаас хонь ямаа дутаад байна яагаад мал энд ирж хоносон юм, хэзээ ирсэн талаар асуухад мэдэхгүй ээ манайхаас ч бас ганц нэг мал дутаад байна гэж хэлсэн. Маргааш нь хонио хариулаад байж байтал О машинтай ирээд “та малаа алдсан юм уу” гэж асаахаар нь тэгсэн гэхэд манай хүү хамаагүй, Э авсан юм шиг байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-29-31/
- Гэрч У.Б: “...2018 оны 12 дугаар сард У надад 1 дааганы оронд 2 ямаа авч ирсэн. Манай хашаанд янзлаад махыг нь зарж бэлэн мөнгө өгч байсан. Түүнээс хойш 2018.12.17-ны орой утсаар яриад хэдэн мал хийж янзлах гэсэн юм танай хашаанд авч очоод янзлах уу гэхээр нь тэг гэсэн юм. Удалгүй 20 цаг өнгөрч байхад У нэг танихгүй өндөр залуутай такситай ирээд машины араас үхүүлсэн 2 хонь, 4 ямаа буулгаад манай гэрт оруулж янзалсан. Гэдэс арилгах хүн байгаагүй тул би ээжийг дуудаад нэг малын гэдсийг 5000 төгрөгөөр арилгуулсан. Малаа хийж дуусаад би мотоциклтой Уын хамт зах орж такси бариад нөгөө залуугийн хамт гурвуулаа Номгон худалдааны төвийн эсрэг талд байх мах авдаг цэгт очиж мах, арьс, нэхий бүгдийг нь тушаасан. Яг хэдэн төгрөг болсныг мэдэхгүй нөгөө залуугийн хамт тоолж авсан. Надад 5000 төгрөг өгсөн, тэр хоёр буцаад хөдөө явсан...” гэх мэдүүлэг /хх-27/
- Гэрч Г.У: “...Өчигдөр 22 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байхад машинтай хүмүүс ирээд малын гэдэс арилгах хүн байдаггүй, малын гэдэс арилгаад өгөөч гэж байна гээд манай хүү Батзориг хэлэхээр нь гараад очтол аймгаас хойно ойрхон нутагладаг У гэх залуу танихгүй өндөр бор залуутай Б гэрт байж байсан. Тэгээд Ууганаа манай хүү Батзориг нар такси дуудаж махаа өгнө гээд явсан, би гэртээ ороод унтсан. 2 хонь, 4 ямаа байсан. Зүс болон чихлээсийг нь ажиглаагүй... гэх мэдүүлэг /хх-28/
- Гэрч А.Гийн: “...2018.12.17-ны өдөр би зүүн цагаан дэлгүүрийн таксины зогсоол дээр байхад миний гар утас руу нэг залуу яриад хөдөөнөөс хэдэн малын мах авч ирж тушаах гэсэн юм гэхээр нь би бензинээ хийгээд өгвөл яваад өгье гэсэн. Мотоциклтой ирсэн залуу Тэс ШТС-ийн гадаа мотоциклоо орхиод надтай хамт аймгаас 10 гаран км-т байх гэртээ очсон. Гэрт нь очиход нэг настай эмээ, танихгүй залуу хоёр байсан. Аймгийн төвд орж ирээд ачсан махаа Аривжихын нэлээн хойгуур хамт явсан хоёр залуу айлд буулгаад буугаад үлдсэн. Тэгээд би зүүн цагаан дэлгүүрийн таксины зогсоол дээр зогсож байхад удалгүй араас надтай анх уулзсан залуу ирээд мах очиж тушаах гэсэн юм гээд хөдөөнөөс ирээд мах буулгасан айлдаа очиж махаа Номгон худалдааны төвийн урд талд мах авдаг газар махыг нь буулгаж өгсөн. Би тухайн 2 залууг танихгүй, 5-6 малын мах байсан байх...” /хх-34/
- Гэрч Ё.Э: “...Би тухайн үедээ авсан махаа бүртгэл дээр бүртгэж байсан. Бүртгэл одоо байхгүй. Одоо санаж байгаагаар 2 танихгүй залуу ямаа голдуу 5-6 алын мах зарсан санаж байна. Тухайн үед гарал үүслийн бичгийг одоогийнх шиг шаарддаггүй байсан. Мөн хөдөөний бололтой 2 залуу байхаар нь гайгүй байх гэж бодоод худалдаа авсан. Хулгайн мах гэдгийг мэдээгүй. Би одоо мал, мах худалдан авах үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тухайн үеийн хяналтын камерын бичлэг одоо байхгүй. Надаас бичлэг хуулбарлаж авахаар цагдаагаас хүн ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-43-44/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-68-69, 95-103 дахь тал/
- Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн 148 дугаартай дүгнэлт /хх-ийн 46/
- Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 93/
- Цагдаагийн байгууллагын АСАР санд эрэн сурвалжлалт зарласан тухай баримт /хх-89-91/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч О.У, Ц.Э нар нь бүлэглэн, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан 2018 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт “Сэрвэн” гэх газраас иргэн Д.Б 2 тооны хонь, 4 тооны ямааг хулгайлсан, уг үйлдлийн улмаас хохирогч Д.Э д 760.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Уыг бусдын 6 тооны бог малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.У нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бусадтай бүлэглэсэн, машин механизм ашиглаж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дах хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа боловч эдгээр хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар шинээр хуульчилж оруулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Уын үйлдсэн хэрэг нь цаг хугацааны хувьд 2018 оны 12 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө хамаарч байгаа тул 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах юм.
Иймд хяналтын прокуророос О.Ут холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч О.У нь Дундговь аймаг дахь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх ялаар тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд 760,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 148 дугаартай үнэлгээний актаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй юм.
Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хохирогч Д.Б д 380,000 төгрөг төлсөн талаар баримтыг хэрэгт гарган өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан болох нь “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-ээр тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Мөн шүүгдэгч нь нас барсан тул хохирогч Д.Б нэхэмжлэлээс түүнд холбогдох 380,000 төгрөгт холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ А.Гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч А.Г болон шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг 1.100.000 төгрөгөөр үнэдсэн болох нь хэргийн 50-рт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийг хамааруулан ойлгохоор заажээ. Гэвч шүүгдэгч О.Уын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Сонота-5” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс уг тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлж гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.16 дугаар зүйл, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Адуучин овогт Огийн У, Х овогт Ц Э нарыг машин механизм ашиглан бусдын малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч шүүгдэгч Х овогт Ц Эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Адуучин овогт Огийн Уыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.100.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Уаас 550.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч О.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч О.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН