Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/101

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч М.Үрэлцэцэг

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Уад холбогдох эрүүгийн 2022000000115 тоот  хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 28 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ......................оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Н

 

Шүүгдэгч Б.У нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 9 дүгээр сарын 28-ны орой Дундговь аймгийн Сайнцагаан сумын ................. тоотод Ө.Б-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

 

2.Яллагдагч Б.У мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд би гэртээ байж байхад манай эхнэр Ө.Бямбажав орж ирсэн. Өдөр нь би найзуудтайгаа гэртээ пиво уусан байсан юм. Тэгээд эхнэр орж ирээд тамхи үнэртэж байна гэх зэргээр ерөнхийдөө янз муутай байсан бөгөөд би явлаа гээд байхаар нь би хэсэг аргадсан юм. Тэгээд бид хоёр бага зэрэг маргасан. Манай эхнэр жирэмсэн болохоор үг авахгүй надтай ярьж хөөрөхгүй байсан. Тэгэхээр нь би хүний гаргадаггүйг гаргах гэж байгаа биш гэж хэлсэн чинь эхнэрийн хоолой нь зангираад явчихсан. Яг энэ үед манай эхнэрийн эгч Ө.Б залгаад ярьсан. Тэгээд удалгүй эгч нь манайд хүрээд ирсэн. Тэгээд Ө.Б орж ирээд орон дээр суусан. Тухайн үед би компьютер дээр хөзөр тоглоод сууж байсан, эхнэр гал тогооны өрөөнд орчихсон өөрсдийнхөө хувийн амьдралын болж бүтэхгүй асуудлыг яриад гоншгоноод байсан. Тэгтэл Ө.Б намайг сандал дээр сууж байхад сандал руу өшиглөөд намайг унагаасан. Тэгээд би босч ирээд өөдөөс нь харж нэг инээчхээд хөзрөө тоглоод сууж байтал Ө.Б манай хүү Ононг /6 настай/ бос явъя гэхээр нь би Ононг наанаа сууж бай гэж хэлээд Ө.Бд чи ямар хоёуланг нь тэжээх юм уу гэж хэлсэн. Тэгтэл Ө.Б миний орны доор тайлаад тавьсан байсан гутал авч саваад миний зүүн гуяны орчимд хальт оносон. Тэгээд би босоод ирсэн чинь Ө.Б яая п... гэж гараа бариад дахиад гутал авах гэхээр нь би ухасхийгээд гутлыг нь булааж авах гэтэл Ө.Б зүүн гараараа миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би эр хүний толгой тархинд хүрлээ гээд уурлаад Ө.Бгийн үснээс нь зулгааж доош нь дарсан. Тэгтэл эхнэр гал тогооны өрөөнөөс орж ирээд надруу дайрахаар нь үснээс нь зулгаахад эхнэр балконы хаалга онгойлгохоор нь цааш нь түлхээд балконы хаалга хаасан. Тэгээд би эгчид нь та нар эр бүстэй хүний толгой тархинд хүрлээ амьдрах гэж ядарч явж байна гэж хэлчхээд үснээс нь тавьсан. Тэгтэл Ө.Б аллаа хядлаа бушуул гээд цагдаа руу ярьсан. Удалгүй цагдаа ирсэн, цагдаа нарыг ирсэн чинь Ө.Б өөрөө намайг зодчихоод энэ намайг ийм болгочихлоо гэсэн. Ингээд цагдаа нар намайг авч яваад эрүүлжүүлсэн. Ө.Б намайг гутлаар цохих үед Ө.Бямбажав гал тогоонд байсан болохоор хараагүй. Тэгээд дахиад гутал авч савах гэхээр нь би гутлыг нь булааж авах гэж байтал Ө.Б намайг үсдээд авсан. Тэгээд би зөрүүлж үсдээд доошоо дарах үед Ө.Бямбажав гал тогооноос орилоод ороод ирсэн. Би тухайн үед архи уусандаа л буруутаад байгаа юм. Ерөнхийдөө согтолтын хувьд бол гайгүй байсан...” гэх мэдүүлэг /хх40-41/

3. Хохирогч Ө.Б-гийн: “2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр миний төрсөн дүү  Ө.Бямбажав 19 цагийн  орчимд над руу утасдаад урьд шөнө Б.У унтуулсангүй. Нясалсан, чимхсэн, даараад байна хуч гээд янз бүрийн асуудал болсон гэсэн. Тэгээд болохгүй бол өнөөдөр танайд очиж хононо шүү, өнөөдөр бас Б.У уусан байна, над руу жаахан байж байгаад залгаарай гэж хэлсэн. Тэгээд би хэсэг байж байгаад дүүгийнхээ утас руу залгасан  чинь Ө.Бямбажав уйлсан байдалтай байсан.  Тэгэхээр нь би яваад очих уу гэсэн чинь Ө.Бямбажав хүрээд ир гэсэн.  Тэгээд би 20 цагийн орчимд гэрт нь яваад очсон, намайг очиход манай дүү Ө.Бямбажав уйлчихсан байдалтай Б.У ганцаараа пиво уучихсан, компьютер дээрээ тоглоод сууж байсан. Тэгэхээр нь би дүүгээ болон хүүхдийг нь авч явах гээд Ононбатаа хувцсаа өмс гэсэн чинь Б.У хүүхдээ наанаа хэвт гэсэн чинь Ононбат айгаад хэвтчихсэн. Тэгэхээр нь чи яах гэж эхнэр хүүхдээ айлгаж байдаг юм гэсэн чинь Б.У чи авах хүнээ аваад яв, тэр чигт нь авч яваарай гэхээр нь чи яаж авсан түүн шигээ аваачиж өг гэсэн чинь намайг элдвээр хэлээд удам судартай нь доромжлоод байхаар нь би Б.Уыг сууж байсан сандал руу нь өшиглөөд унагасан. Тэгээд Б.У ойчиж босч ирээд миний үснээс зулгаагаад дарчихсан. Тэгтэл манай дүү Ө.Бямбажав чи хүн аллаа гээд хүрээд ирсэн чинь манай дүүг бас үснээс нь зулгаасан, бид 2-ыг дарчихсан. Тэгээд ноцолдож байгаад манай дүү балкон онгойлгон тусламж дуудах шиг болсон. Тэгээд намайг Б.У тавихаар нь миний урд талд гутал харагдахаар нь аваад баруун гараараа савсан чинь Б.У өөдөөс босч ирээд миний баруун мөр хэсэгт цохисон. Тэгээд миний гар эвгүй болоод би гутлаа хаяад арагшаа суугаад Б.Утай хэсэг хэрэлдэж байгаад цагдаад дуудлага өгсөн. Б.У манай дүүтэй 2014 оноос эхэлж амьдарч байгаад дунд нь нэг салаад 2-3 жил завсарлаад эргээд жилийн өмнөөс буцаж суусан. Одоо манай дүү жирэмсэн Б.У Ө.Бямбажавыг зодож цохиод байдаг эсэхийг би хамт амьдардаггүй болохоор мэдэхгүй байна. Би өмнө нь Б.Утай маргалдаж муудалцаж байгаагүй.  Надад яг одоо бол хэцүү байна, би хэрэгт хийчихсэн юм шиг л байна. Дүү ч гэсэн гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэх гээд би голоор нь орж ирээд салгах гээд байгаа юм шиг  байдалд орчхоод байна. Ямар сайндаа шал дэмий тэр өдөр гэрт нь очиж гэж бодоод байж байна. Надад бол хүний муу үзэх гээд байгаа юм шиг хэцүү байна. Миний мөр өмнө нь мултарч байгаагүй, зүгээр байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх16-17/

3.Гэрч Ө.Бямбажавын “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 19-20 цагийн орчимд би гэртээ яваад очтол манай нөхөр Б.У гэртээ найз нөхдөө цуглуулчихсан ууж идсэн байсан.  Тухайн үед гэртээ очихоосоо өмнө найзуудыг нь утсаар яриад хөөчихсөн байсан. Ингээд гэрт ирээд нөхөртэйгөө бага зэрэг маргалдсан юм. Би жирэмсэн бөгөөд нөхөртөө ядарлаа гэсэн чинь манай нөхөр хүний гаргадаггүйг гаргаж байгаа биш гэхээр нь би хэлсэн үгэнд нь гомдоод уйлсан юм. Энэ үед манай эгч залгаж таарсан.  Тэгээд би уйлсан байдалтай яриад эгчийг хүрээд ир гэсэн юм.  Манай эгч Ө.Б хүрч ирээд манай хүү бид 2-ыг авч явна гээд Б.У болохоор  хүүг яах гээд байгаа юм гээд хөдөлгөхгүй байсан чинь эгч уурлаад Б.Уыг сандал дээр нь сууж байхад нь хажуу талаас нь тийрээд сандалтай нь цуг унагаасан. Тэгээд Б.У босоод эгчийг бариад авах шиг болсон. Тухайн үед гал тогооны өрөөнд байсан бөгөөд гал тогооны өрөөнөөс гараад харахад тэр 2 бие биеийнхээ үснээс зулгаачихсан байсан. Тэгэхээр нь би Б.Уыг болиоч хүн аллаа гэж хойноос нь нэг цохиж аваад эгчийнхээ хамт цуг үсдүүлчихсэн.  Тэгээд би үсдүүлчихсэн байхдаа балкон онгойлгоод хашхирах гэтэл Б.У намайг балкон руу түлхэж гаргаад цоожилчихсон. Тэгээд балконы цонхоор  харахад нэг нэгийгээ тавьчихсан байсан. Тэгээд эгч Б.У руу гутал авч далайгаад Б.Уын гар орчимд нь цохисон, зөрүүлээд Б.У эгчийг барьж авч буйдан руу дараад гар далайгаад мөр орчимд нь цохиж байх шиг байсан... Эгч тэр даруй эмнэлэг дээр очиж үзүүлэхэд баруун талын мөр нь мултарсан байна гэж байсан. Миний хувьд ямар нэгэн гэмтэл шарх учраагүй.  Б.У согтолт гайгүй, биеэ удирдах чадвартай байсан” гэх мэдүүлэг /хх-18/

4.Ө.Бямбажавын дахин өгсөн “ 2020 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Б.У хөдөөнөөс орой ирээд найзуудтайгаа архи уусан юм.  Тэгээд найзууд нь явсны дараа Б.У шөнө байсхийгээд нойл оръё бөөлжлөө гээд шөнийн 03-04 цаг хүргээд би нойргүй хоносон. Тэр шөнө Б.У бид 2 маргалдаж муудалцаагүй, тухайн үед Б.Уын дүү нь байсан болохоор би Б.Уыг нойл орохдоо дүүгийнхээ бие дээр гуйвж дайваад гишгэчих вий гэж бодоод Б.Уыг нойл орох болгонд нь босч нойл оруулж өгсөн. Хэвтэхээрээ л бөөлжлөө гээд нойл орохоороо бөөлжихгүй нааш цаашаа яваад байсан. Тэгсээр байгаад 03-04 цаг хүргэчихсэн юм. Тэгээд л би эгчдээ урд шөнө унтаагүй гэж хэлсэн юм.  Б.У тухайн үед учиргүй согтуу байгаагүй, өөрийн ухаантай байсан” гэх мэдүүлэг /хх-19

5. Гэрч Б.Наранбаярын “2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би цагдаагийн дэд ахлагч Буджавтай хамт эргүүлийн 1-4-р чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Орой 20 цагийн орчимд 5-р байрны 5 тоотод согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн хаягаар очсон. Очиход нэг эрэгтэй ганцаараа пиво уугаад сууж байсан. Эхнэр нь болон эхнэрийнх нь эгч нь гэх 2 эмэгтэй зогсчихсон байсан. Эхнэр нь болохоор байнга агсам согтуу тавьдаг гэж хэлж байсан. Хөдөөнөөс ирэхээрээ архи уугаад агсам тавиад байдаг гэж хэлж байсан. Тэгээд бид 2 зөрчил гаргасан этгээдийг авч явж эрүүлжүүлсэн. 2 эмэгтэйд ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Эгч нь гэх эмэгтэй гар эвгүй болчихсон гээд харьтаа дараад зогсож байсан. Түлхсэн гэлүү цохисон гэлүү нэг юм хэлж байсан. Тухайн залуу нэлээн согтолттой байсан, 2 бүхэл гаран согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-20/

6. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  221 тоот  “ Ө.Б-гийн биед баруун мөрний мултрал гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх25-26/

7. Согтуурал шалгасан магадалгаанд: “2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 30 минутад Батсайханы Ууганбатыг драгерь багаж үлээлгэж шалгахад 2,22 хувь согтолттой” гэжээ /хх-12/

8. Яаралтай тусламжийн хуудаст: Ө.Б тасагт ирсэн 2020.09.28-ны өдөр 21 цаг 30 минут, ирэх үеийн зовуурь: мөр өвдөнө, үндсэн зовиур: баруун мөр өвдөнө, одоогийн өвчний түүх: 21 цагийн үед мөрөө гэмтээсэн, урьдчилсан онош:баруун мөрний мултрал, хугарал” гэжээ /хх27-28/

9. Шүүгдэгч Б.У-ын малын “А” дансны хуулга  /хх48-51/

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой шүүгдэгч Б.У, хохирогч Ө.Б нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан нэг нэгнийхээ бие махбодь болон эрх чөлөөнд халдсан, үүний улмаас хохирогч Ө.Бгийн  эрүүл мэндэд баруун мөрний мултрал бүхий гэмтэл учирсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч Ө.Б-гийн  эрүүл мэндэд учирсан баруун мөрний мултрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар  хөнгөн зэрэгт хамаарч байгаа  болох нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан уг гэмтлийг шүүгдэгч Б.У цохиж учруулсан болох нь хохирогч Ө.Б, гэрч Ө.Бямбажав нарын мэдүүлгээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байна.

Шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна..

Иймд шүүгдэгч Б.У-ыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай  байна гэж  үзлээ.

Энэ гэмт хэрэг гарахад хохирогч Ө.Б-гийн шүүгдэгч Б.У-ын бие махбодид эхэлж халдсан зүй бус  үйлдэл нөлөөлсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.У нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Б.У-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагчийн саналын дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Ө.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр дурдсугай.

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. Шүүгдэгч Б.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Ө.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Г.МӨНХБАТ