Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч C.Чинзориг

шүүгдэгчТ.Мөнхдалай, түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Л.Ганцэцэг

шүүгдэгч Н.Одонбаатар түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Т.Мөнхдалайд холбогдуулан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт Н.Одонбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

1.Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын  26-нд Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг эхийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 1-р баг 50-02 тоотод оршин албан ёсны суух хаягтай, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 31 дүгээр байрны 1 тоотод оршин суух түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЕО85122671/ Харцаган овогт Нарантуяагийн Одонбаатар.

2.Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 16-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 2-6 насны өөрийн 2 хүүхэд, дүү нарын хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 2-р баг Мөнх гудамжны 8 тоотод оршин суух албан ёсны хаягтай,  Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 152-а байрны жижүүрийн байранд түр оршин сууж байгаа улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЗЮ85011612/ Боржигон овогт Төгсбаярын Мөнхдалай нарт холбогдох 201526021360 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.Одонбаатар, Т.Мөнхдалай нар  2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн С.Янжмаагийн эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 57 дугаар байрны 47 тоот гэрийг харж үлдэхдээ жижиг өрөөнд байсан модон авдарнаас дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 4х5 хэмжээтэй Алтанбулаг хивс, конейк архи 2 шил зэрэг 1.180.000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг хулгайлж иргэн С.Янжмаад бага бус хэмжээний хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н.Одонбаатар 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналт болон мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Одонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Янжмаагийн гэрээс Мөнхдалай бид хоёр Алтанбулаг хивсийг нь дуудлагаар хивс авна гэсэн зарын дагуу утасдаж 120000 төгрөгөөр зарсан.  Авдран дээр нь 1 мөнгөн аяга байсныг нь аваад ломбарданд 40000 төгрөгөөр тавьсан. 0.5 литрийн Соёрхол нэртэй архи байсныг авсан. 2 ширхэг мөнгөн аяга байгаагүй нэг аяга байсныг нь авсан. Коняк архи байгаагүй.  Энэ хэрэгт шалгагдаж байхдаа би бусдад зодуулсан байсан. Мөрдөн байцаалтаас оргон зайлаагүй гэв.

 

Шүүгдэгч Т.Мөнхдалай шүүхийн хэлэлцүүлэгт: Хулгайн гэмт хэргийг Одонбаатартай бүлэглэж үйлдсэн нь үнэн.  Янжмаагийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга байсныг нь авч ломбарданд 40000 төгрөгөөр тавьсан. Хивсийг нь 120000 төгрөгөөр зарсан. 1 архи байсныг нь авсан. Өөр зүйл аваагүй. Гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор: Н.Одонбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30, 115/, ял шалгах хуудас /хх-ийн 41/, оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 116/,

гэрчээр Ц.Наран-Эрдэнэ:..”Би Одонбаатарыг 4-5 жилийн өмнөөс мэдэх ба бид 2 энгийн сайхан найзууд байж байгаад үерхээд 4 жил болж байна. Одонбаатар нь бүрэн дунд боловсролтой миний мэдэхээр дандаа хувиараа барилгын компани дээр засал чимэглэлийн ажил хийдэг юм. Одонбаатар нь өмнө нь эхнэр хүүхэдгүй, Улаанбаатар хотод ганцаараа хороололд амьдардаг юм...Миний одоогийн байдлаар дүгнэж байгаараар төлөв томоотой, буурь суурьтай, элдэв муу зуршилгүй, хүн чанар сайтай, халамжтай хүн ба өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Архи хааяа нэг уудаг ба архи уусан үедээ агсан согтуу тавиад байдаггүй /хх-ийн 102-103/ гэсэн мэдүүлэг,

 

Т.Мөнхдалайгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 117/, ял шийтгэлийн хуудас /хх-ийн 118/

гэрчээр Э.Энхчулуун:..”Би Төгсбаяр овогтой Мөнхдалайг 1999 оноос хойш мэдэх ба бид 2 багийн найзууд юм. Т.Мөнхдалай 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймагт төрсөн ба эцэг эхээс 5-уулаа айлын том хүү ба эцэг эх нь хөдөө мал дээр байдаг. 2 эмэгтэй дүү нь хадамд гарсан. 1 эрэгтэй дүү нь цэрэгт явсан. Мөнхдалай 6 жилийн өмнө Туяа гэх эмэгтэйдээ танилцаад гэр бүл болсон ба одоо 3 хүүхэдтэй. Эхнэртэйгээ хамт амьдарч байгаа ээж, аав, дүү, төрөл төрөгсөд нь бүгд хөдөө байдаг юм. Миний найз баяр ёслолын үеэр архи уудаг ба архи уугаад агсан тавиад байдаггүй, тамхи татдаг, архаг хууч өвчингүй. Миний найз зан чанарын хувьд хүнлэг, буурь суурьтай, төлөв томоотойих хүнлэг хүндээ. Найзыгаа хулгай хэрэг үйлдсэн гэж бодохоор гайхаад байна. /хх-ийн 104-105/ гэсэн мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.                                                                                                     

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Одонбаатар, Т.Мөнхдалай нар бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 57 дугаар байр 47 тоот иргэн С.Янжмаагийн гэрээс  эд зүйл хулгайлж нийт 1.180.000 төгрөгийн буюу  бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогчоор С.Янжмаагийн:..”Би Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар хороололын 54 дүгээр байрны 47 тоотод амьдардаг юм. Манай 54 дүгээр байрны 47 тоот нь 2 өрөө байр бөгөөд би том өрөөнд нь ганцаараа амьдардаг ба жижиг өрөөг нь Гансүх гэдэг хүн түрээсэлж амьдардаг юм. 2015 оны 6 дугаар сард би Улаанбаатар хотод явж байгаад Гансүхтэй тааралдсан юм. Тэгээд тухайн үед Гансүх бид хоёр нэг нэгнийхээ гар утасны дугаарыг солилцож явсан. Тэр үед би Гансүхэд хандаж би Завхан аймгийн төвд хүмүүстэй хамтарч 5 давхар орон сууц бариулж байгаа. Энэ зун Улаанбаатар хотод бараг байхгүй ихэндээ Завхан аймагт барилгын ажил дээрээ байж байгаад 10 сарын сүүлээр Улаанбаатар хотод орж ирэх байх гэж хэлтэл Гансүх надад хандаж би энэ зун тэгвэл танай гэрийг хараад гэрт чинь амьдаръя харин түрээсийн мөнгөндөө танай байрны мөнгө тог цахилгааны чинь мөнгийг өгч байя гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэр үед Гансүх надад хэлэхдээ би энэ намраас хашаа байшин авч амьдрах санаатай байгаа таныг 10 сард ирэхээр чинь бараг байшингаа авчих байх гэж хэлсэн. Гансүх тэгээд би 2015 оны 6 сард Гансүхэд өөрийнхөө гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд өөрт нь хандаж чи гэр оронд ямар нэгэн хүн авчрахгүй шүү  гэр сайн хараарай гэж хэлтэл надад асуудалгүй гэж хэлсэн. 2015 оны 8 сарын 18-ны өдөр Гансүх над руу залгаад танай жижиг өрөөнд байсан хуйлаад тавьчихсан байсан хивс байхгүй байх юм та гэртээ ирчихсэн юм уу гэж асуухаар нь би гэртээ очоогүй Завхан аймагт байна. Гэрт хулгайч орчихсон юм уу гэрийн хаалга эвдэрчихсэн байна уу гэж асуутал Гансүх гэрийн хаалга зүгээр л байна ганцхан таны хивс л байхгүй байх юм та ямар ч байсан гэртээ ирж юмаа үзсэн нь дээр байхаа гэж хэлсэн. Гэртээ ирэхэд манай гэрийн хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй бөгөөд манай жижиг өрөөнд хуйлаад тавьчихсан байсан 4х5 метрийн шинэ Алтанбулаг хивс байхгүй байсан. Тэгээд би жижиг өрөөний эд зүйлсээ үзээд байж байтал өрөөнд байдаг жижиг хуучны модон авдарны доод тал нь салчихсан байсан. Тэгэхээр нь би авдарыг цоожоор нь онгойлгоод дотор талд байсан эд зүйлсээ бүртгээд үзтэл 15см-ын диаметртэй мөнгөн завъягаас худалдаж авч байсан хоёр ширхэг мөнгөн аяга, хоёр шилтэй конейк архи алга болсон байсан. Тэгэхээр нь би Гансүх рүү залгаад тэр талаар хэлтэл Гансүх надад уг нь зүгээр л байсан даа би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 8 сарын 20-ны өдөр Гансүх гэрт ирээд надад хэлэхдээ манай хамаатны залуу Одонбаатар 2015 оны 8 сарын 17-ны өдөр надтай тааралдаад гэрт ирж хоносон юм. Тэгээд би маргааш ажилтай байсан учраас Одонбаатар ганцаараа гэрт үлдсэн тэр үед Одонбаатар уг нь намайг иртэл гэрт байж байя гэж хэлээд гэрийн түлхүүр аваад үлдсэн юм. Тэгээд би орой иртэл дүү Одонбаатар гэрийн түлхүүр жижүүр эмэгтэйд үлдээгээд явчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд би гэрт ирээд жижиг өрөөний хаалгыг татаж үзтэл таны газарт хуйлаад тавьчихсан байсан хивс чинь байхгүй байсан бөгөөд Одонбаатар руу залгаж асуух гэтэл гар утас нь холбогдох боломжгүй байсан гэж хэлсэн. ...би Алтанбулаг хивсийг 2013 онд нэрийн барааны дэлгүүрээс нь 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Хэрэглээгүй шинэ хивс байсан. Хоёр ширхэг мөнгөн аягийг 2014 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс авч байсан. Хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. хоёр шил конейк архийг нь бол 2015 оны 4 дүгээр сард дэлгүүрээс нэг ширхэгийг нь 40.000 төгрөг нийт 80.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо хивсээ 700.000 төгрөг, архиа 80.000 төгрөг, хоёр ширхэг мөнгөн аягаа 400.000 төгрөгөөр үнэлнэ. /хх-ийн 16-19/ гэсэн,

гэрчээр М.Ууганбаярын:..”2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай байрны дээд давхарт амьдардаг яг хэдэн тоотод амьдардаг  гэдгийг нь санахгүй байна. Хааяа л ирж байдаг бөх барилддаг залуу тухайн өдрийн 2-3 хоногийн өмнө жижиг биетэй танихгүй залуутай цахилгаан шатаар орж байгаа нь харагдсан. Тэгээд 8 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед намайг орцны жижүүрийн байранд байхад дээрээс тэр бөх барилддаг залуутай хамт явж байсан жижиг биетэй залуу өрөөнд орж ирээд танина биз дээ, энэ байранд амьдардаг бөх барилддаг том биетэй залуу ирж байрны түлхүүр авна гэхээр нь би тэр залууг чинь танихгүй ш дээ гэж хэлсэн чинь би утсаар найз руугаа залгаад хэлчихье гэж хэлээд надаа бүргэд хаалганы 1 ширхэг түлхүүр өгөөд яваад өгсөн. Маргааш орой нь буюу  2015 оны 08 дугаарын сарын 19-ний орой бөх барилддаг залуу лифтээр дээшээ гарах гэж байхад нь дуудаад хөөе энэ танай түлхүүр мөн үү, нэг залуу орхисон гэж хэлсэн чинь тэр залуу “Өө мөн байна шдээ, би харин би тэр залууг хайгаад гэртээ орж чадахгүй явж байна, гар утсаар ярихаар холбогдохгүй байхаар нь гайхаад байсан юм. Танд хэзээ өгсөн юм бэ” гэж надаас асуухаар нь өчигдөр өгсөн гэж хэлээд тэр залуу түлхүүрээ аваад лифтээр дээшээ гараад явсан. Тэгээд удалгүй над дээр дахиж ирээд түлхүүр өгсөн залуу хэзээ чамд түлхүүр өгсөн юм бэ, хэдүүлээ явж байсан юм бэ гэхээр нь өчигдөр 17 цагийн үед ганцаараа орж ирээд манай найз ирж түлхүүр авна гээд өгсөн ш дээ гэж хэлсэн, Тэгсэн тэр залуу “Манай эгчийн хоёр ширхэг том хивсийг аваад явсан байна, ганцаараа яагаад ч даахааргүй хивс байгаа, цуг хүнтэй аваад гарсан байна,  цуг хүн явж харагдсан уу” гэж хэлэхээр нь хивс авч гарч байгаа нь харагдаагүй шдээ танай юун хүн юм бэ, та таньдаг юм уу гэж асуусан чинь манай төрсөн ахын өргөмөл хүүхэд эгчийн өрөөнд байсан хивсийг аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн. Тэр өдрөөс 7 хоногийн дараа эгч нь гэх эмэгтэй над дээр ирээд “Манай гэрээс хивс алга болсон байна юу болсон юм бэ,  манай гэрт хэн ирсэн юм бэ гэж асуухаар нь  танай гэрт амьдардаг бөх барилддаг залуу танихгүй залуу дагуулж ирсэн. Тэгээд нэг өдөр намайг жижүүрийн өрөөнд сууж байхад цуг явж байсан танихгүй жижиг биетэй залуу надаа түлхүүр өгсөн. Тэр залуу танай гэрээс хивс хулгай хийсэн байна гээд яриад байгаа, тэр залуу танай гэрээс хивс аваад гараад явсныг хараагүй болохоор мэдэхгүй байна гэж болсон асуудлын талаар уг айлын эгчид ярьсан өөр зүйл мэдэхгүй. Түлхүүрийг жижүүрийн өрөөнд байхад л авчирч өгсөн.Ганцаараа утсаараа оролдоод орж ирсэн, гартаа ямар нэгэн эд зүйл барисан харагдаагүй. Түлхүүрийг орой ирж авна гэсэн. 2015 оны 08 дугаар сарын 18-ны орой жижүүрийн өрөөндөө байсан. Түлхүүр авсан өдөр 12 цагаас 18 цагийн хооронд би байрны гадуур цэвэрлэгээ хийнэ, манай ээж 54 дүгээр байрны баруун талын 57 дугаар байранд орцны жижүүр хийдэг болохоор ээж дээрээ очиж тусалсан. Угаалтуурны дээд талд байдаг түлхүүр өлгөдөг өлгүүр байдаг юм, ганц нэг түлхүүрээ үлдээдэг айлууд байдаг, тухайн үед айлууд түлхүүрээ үлдээгээгүй байсан ба ганцхан 13 давхарын техникийн өрөөний түлхүүр тэр түлхүүртэй цуг өлгөөтэй байсан. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаднаас жижүүрийн өрөөндөө хүн дагуулж орж ирээгүй. Архи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Гадуур гарахдаа жижүүрийн өрөөний хаалгаа хаахаар цоожлогдчихдог, тэгээд гаднаас нь рүчикээр онгойлгодог. Бөх гэх залуу  хүмүүстэй орж гарч байхыг хараагүй, жижиг биетэй залуутай орж ирэхийг нь харсан. Түлхүүр өгсөн залуу 160 орчим өндөр биетэй, гадуураа биеийн тамирын цамц өмссөн харагдсан, сайн тогтоож хараагүй, дахиж харвал танина, 30 орчим насны л гэмээр харагдсан. ”/хх-ийн 21-22/ гэсэн,

 

 

гэрчээр Н.Гансүхийн:..”Би Янжмаа гэдэг эмэгтэйтэй 2000 онд Завхан аймагт ажлаар явж байхдаа танилцсан. Тэрнээс хойш эр, эмийн хаьцаатай байсан бөгөөд Янжмаа нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд бид хоёр эрэн очин л хамтран амьдардаг юм. Янжмаа нь Завхан аймагт барилгын ажил эрхэлдэг бөгөөд гэр нь эзгүй хойгуур би гэрийг нь  харж үлддэг юм. Янжмаа 2015 оны 6 дугаар сарын 20-ны үеэр Завхан аймаг руу явсан хойгуур би бас наадмын бэлтгэлд гарсан юм. Тэгээд 2015 оны 7 дугаар сарны 03-ны өдөр Архангай аймаг руу яваад цаашаа аймгууд руу барилдаж байгаад ирсэн юм. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын эхээр  хотод ирээд Янжмаагийн гэрт 10 гаран хоног гараагүй амарч байх үед 08 дугаар сарын 3-ны үеэр манай дунд ах Болдын өргөмөл хүү Одонбаатар над руу залгаад “ахаа та хаана байгаа юм бэ” гэхээр нь  хотод байна гэж хэлсэн. Тэгсэн би танай гэрт яваад очъё гэхээр нь ТБД андууд дээр яваад ир гэж хэлсэн. Тэгээд андуудын буудал дээр тосоод Янжмаагийн гэрт дагуулж ирсэн. Тэгээд Одонбаатар нь манай гэрт 3-4 хоносон. Тэгээд намайг 08 дугаар сарын 18-ны үеэр найзтайгаа уулзах гээд 18 цагийн үед Янжмаагийн гэрээс гарсан. Тухайн үед би гадагшаа гарах гээд Одонбаатарыг одоо чи яв гэж хэлсэн чинь би одоо хаашаа явах юм, та яагаад намайг хөөгөөд байгаа юм,  би гэрийг чинь хараад байж байна, та надаа гэрийнхээ түлхүүрийг үлдээчих гэхээр нь итгээд түлхүүрийг нь үлдээсэн. Тэгээд найзтайгаа уулзчихаад 21 цагийн үед буцаж ирээд хаалга цохисон чинь хаалга тайлахгүй байхаар нь нүдэж байгаад найз Бөхбат гэдэг найзындаа очиж хоносон ба тухайн үед Одонбаатарын 99644469 гэсэн дугаар руу нь олон удаа залгасан боловч гар утас нь холбогдохгүй байсан.  Маргааш өглөө буцаад ирэхэд бас л  хаалга цоожтой байхаар нь 9 давхараас буугаад алхаж байхад орцны жижүүр залуу та барилддаг ах мөн үү, танай дүү чинь гэрийн чинь түлхүүрийг өчигдөр орой надад өгсөн гээд түлхүүрийг өгсөн. Тэгээд Янжмаагийн гэрт 19-ний өдөр орсон ба 8 дугаар сарын 20-ны өдөр жижиг өрөө рүү шагайсан чинь буланд хуйлаастай байсан том хивс байхгүй болчихсон байсан. Тэгээд Янжмаа руу залгаж чи ирсэн юм уу, жижиг өрөөнд хуйлаастай байсан хивс байхгүй байна гэж хэлсэн чинь би Завханд байна, юу болоод байгаа юм чи цагдаагийн байгууллагад очиод өргөдөл гаргаадах гэж хэлэхээр нь чи хүрээд ир гэж Янжмаад хэлсэн. Тэгээд Янжмаа нь 08 дугаар сарын 22-ны өдөр Завханаас ирээд жижиг  өрөөндөө ороод орон дээрээ хэвтэж байсан чинь хуучин авдарны доод талын банзыг сугалаад дотор нь байсан  дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 2шил виски алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд Одонбаатарын аав Болд ах руу Янжмааг яриулаад Одонбаатарыг асуулгасан. ...Жижиг өрөөнд улаан эрээн Алтанбулаг хивс хуйлаастай шалан дээр тавьчихсан байсан. /хх-ийн 24-25/ гэсэн,

 

гэрчээр Г.Ганжаргалын:..”Төгсбаяр овогтой Мөнхдалай гэж эрэгтэй 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр манай Хака нэртэй Баянгол дүүргийн 2-р хороололд үйл ажиллагаа явуулдаг ломбарданд “Хүндэт С.Янжмаа танд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос дурсгав 2010.03.08 гэсэн” бичиглэлтэй амсар нь цохигдсон дунд гарын хуучин мөнгөн аяга 40.000 төгрөгний барьцаанд тавьсан. Одоо болтол аваагүй байж байгаад өнөөдөр манайд 40.000 төгрөг Одонбаатар гэж хүн тушаасан. Одоо манай зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Мөнгө аяга болон ломбардны бичгийг цагдаад хураалгасан. Манайх бичиг баримтгүй хүн ирж үйлчлүүлж л байгаа бол ямар нэгэн эд зүйлийг барьцаалж мөнгө зээлүүлдэг ба хулгайн эд зүйл гэдгийг урьдчилаад мэдэх боломжгүй юм. /хх-ийн 106/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Н.Одонбаатар /хх-ийн 94-95/, Т.Мөнхдалай /хх-ийн 97-98/ нарын  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/ эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/, Хакуба “Би–Эс Жи–Эс” ХХК барьцаат үйлчилгээний баримт /хх-ийн 112/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 125/, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Н.Одонбаатар 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 2016 оны 04 дүгээр сарын 04 хүртэлх хугацаанд прокурорын хяналт болон мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрчээр Т.Хундагийн:..”Одонбаатарын аав ээж нь Чойрын 25-р зөрлөг орчимд амьдардаг болохоор Одонбаатар аав ээж рүүгээ явлаа хэд хоночихоод ирье гээд хэлээд явсан ба ер нь бол Одонбаатарыг хаана хэнтэй юу хийсэн талаар үнэхээр мэдэх зүйл алга. /хх-ийн 141/ гэсэн,

 

яллагдагчаар Н.Одонбаатарын:..”би хохиролын мөнгө өгч хохирогчоо гомдолгүй болгох гэж явсан ба хэрэг прокурор руу шилжсэний дараа прокуророос над руу залгахгүй байхаар нь удаан шийддэг юм байна гээд хөдөө явчихсан юм. /хх-ийн 145/ гэсэн мэдүүлэг болон, хэргийг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 79/, прокурорын тогтоол /хх-ийн 134/, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 135/, сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 136/,  түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох прокурорын тогтоол /хх-ийн 138/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Прокуророос Н.Одонбаатар, Т.Мөнхдалай нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарын гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Харцаган овогт Нарантуягийн Одонбаатар, Боржигон овогт Төгсбаярын Мөнхдалай нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар,

Н.Одонбаатарыг прокурорын хяналт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Одонбаатар, Т.Мөнхдалай нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч С.Янжмаагийн гэрээс алдагдсан эд зүйлс нь эд зүйлийн үнэлгээгээр нийт 1.180.000 төгрөг болсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнхдалай 140000 төгрөгийг хохиролд тооцуулахаар шүүгчийн туслахад хүлээлгэн өгөв.

Хохирогч С.Янжмаад учирсан 1.180.000 төгрөгийн хохиролоос 200000 төгрөгөөр үнэлэгдсэн мөнгөн аяга биет байдлаар буцаан төлөгдсөн байна.

Нийт  1180000 төгрөгийн хохиролоос мөнгөн аяганы үнэ 200000 төгрөгийг хасаж үлдэх 980000 төгрөгийн хохиролыг гэм буруутай этгээд Н.Одонбаатар, Т.Мөнхдалай нар 980000:2 төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 490000 төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгч Т.Мөнхдалайн төлөх ёстой 490000 төгрөгнөөс 140000 төгрөгийг төлөгдсөнд тооцож үлдэх 350000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

1.Харцаган овогт Нарантуягийн Одонбаатар, Боржигон овогт Төгсбаярын Мөнхдалай нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус,

Н.Одонбаатарыг прокурорын хяналт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Н.Одонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 /нэг жил хорих ял,

Т.Мөнхдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан Н.Одонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр бүгдийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 1/нэг/ жил 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар  тогтоосугай.

 

4.Н.Одонбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,                          Т.Мөнхдалайд оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

5.Т.Мөнхдалайд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдсугай.

 

7.Н.Одонбаатарын цагдан хоригдсон 10 хоног, Т.Мөнхдалайн цагдан хоригдсон 3 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар тэдгээрийн  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Н.Одонбаатараас 490000 төгрөг,  Т.Мөнхдалайгаас 350000 төгрөг гаргуулж /РД:ЧЛ62082703/ хохирогч С.Янжмаад олгосугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Одонбаатар, Т.Мөнхдалай нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ