Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0332/З |
Дугаар | 221/МА2017/0017 |
Огноо | 2016-12-27 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2017/0017
Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Б.Нгийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нгийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23В байрны 143 тоот орон сууцыг Т.Э хамт Д.Ш, Э.Э нарт хувьчилсныг хууль бус болохыг тогтоолгох, Т.Э гэр бүлийн гишүүд болох иргэн Д.О, Э.А нарын нэрсийг оруулахыг даалгах, өмчлөх эрхийн Ү-2205039879 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Ш, Э.Э нарыг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, хууль ёсны өмчлөгчөөр Д.О, Э.А нарыг бүртгэж өгөх-ийг даалгахыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дүгээр шийдвэрээр:
Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3-т заасныг баримтлан иргэн Д.Оийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23В байрны 143 тоот орон сууцыг Т.Э хамт Д.Ш, Э.Э нарт хувьчилсныг хууль бус болохыг тогтоолгох, Т.Э гэр бүлийн гишүүд болох иргэн Д.О, Э.А нарын нэрсийг оруулахыг даалгах, өмчлөх эрхийн Ү-2205039879 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Ш, Э.Э нарыг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, хууль ёсны өмчлөгчөөр Д.О, Э.А нарыг бүртгэж өгөхийг даалгах шаардлага бүхий Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт сууц эзэмшигч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг... 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй... гэж тус тус заажээ Энэхүү хуулийн зохицуулалт ёсоор иргэн түүний гэр бүлийн гишүүд нь тухай орон сууц эзэмших эрхийн бичиг дээр бичигдсэн тохиолдолд тухай орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хувьчлан авах эрх үүсдэг байна.
Гэтэл нэхэмжлэгч Д.О болон түүний охин Э.А нар маргаан бүхий орон сууц эзэмших эрхийн бичиг дээр хамтран эзэмшигчээр бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийг нотлох баримтуудаар тогтоогдсон тул тухай орон сууцыг хувьчлахад оролцох эрхгүй болно гэжээ. Хэрэв шүүгчид хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд байгаа №951533 дугаар орон сууц эзэмших эрхийн бичгийг анхааралтай судалсан бол энэхүү бичиг дээр хамтран өмчлөгчийн бүртгэхгүй ар талд нь Сүхбаатарын хөшөөтэй ногоон өнгөтэй дэвсгэр дээр орон сууц эзэмших эрхийн бичиг гэж бичигдсэн нэг тал хуудас эрхийн бичиг юм.
Манай улс хувийн өмчийг хуулиар хориглож байсан нийгмээс хувийн өмчийг хуулиар хамгаалсан нийгэм рүү шилжиж байх үед буюу 1996 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан хуулийн үзэл санаа нь иргэддээ шударгаар гарааны нэг нөхцөлөөр өөрсдийн эзэмшиж байсан орон сууцыг хувьчлах явдал байв. Хувьчлах явцад уг хуулийн 11 дүгээр зүйлд орон сууц хувьчлах товчооны бүрэн эрхэд 3 дахь хэсэгт ...орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ болон орон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримт, бүртгэл, түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж, зөрчлийг арилгуулах... гэж заасныг хариуцагч биелүүлэхгүй хариуцлагүй хандсанаа хүлээн зөвшөөрөөд байгааг шүүх анхаарч үзсэнгүй.
Дээр дурдсан зөвхөн эзэмшигчийн нэртэй ногоон хуудсыг Орон сууц хувьчлах товчоо хүлээн аваад цэнхэр өнгөтэй дэвтэр олгож түүний 2 дугаар хуудасны ар тал дээр Хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэсэн хуудас дээр төрсний гэрчилгээ, гэр бүлийн баталгааг тулган үзэж хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийг бүртгэхээр хуульчилсан болохоос биш хэн дуртай этгээдийг биш тэр дундаа Л.Бгийн гэр бүлийн хүн болох Д.Ш түүний хүү Б.Энхбаярын хамтран өмчлөх ёстой гэр бүлийн гишүүн гэж бүртгэж байгааг зөвтгөж байгаа шүүгч нарыг юу гэж ойлгох вэ.
Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн шүүх гэр бүлийн эрхийг хамгаална гэсэн заалтыг яагаад үл тоон бусдын хууль ёсны гэр бүлийн эрхийг зөрчин хавтаст хэрэгт гэр бүлийн тодорхой архивын лавлагаа байсаар байхад яагаад түүнийг үл ойшоож байгаа юм вэ. Орон сууц хувьчлах товчоо ногоон хуудас \ордер\ эрхийн бичгийг иргэний бичиг баримттай цэнхэр дэвтэрт бичилт хийн цэнхэр дэвтрийг бичигдсэн хувь тэнцүүгээр хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэдэг хуудсан дээр бичигдсэн хүмүүсийг нэрийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн улаан гэрчилгээ олгодог. Иргэний шүүхэд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс Т.Э нэрийг хасах хэлцлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын бүртгэл үнэн зөв байх тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон тул үнэн зөв бишийг тогтоолгохоор уг улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг цэнхэр дэвтэрт буруу бичсэн Орон сууц хувьчлан товчоог захиргааны хэргийн шүүхэд өгч цэнхэр дэвтрийн 2 дугаар хуудсанд хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэсэн хуудсан дээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн орон сууц хувьчлах товчооны бүрэн эрхийн 3 заалтыг зөрчин бусдын гэр бүлийн хүнийг орон сууц хувьчлах эрхтэй гэр бүлийн гишүүн гэж бүртгэсэн захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.Үүний анхан шатны шүүх удаа дараалан үл ойшоож буруу шийдвэр гаргаж байна.
Мөн шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О болон түүний охин Э.А нар нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23в байрын 143 тоот 18 кв.м нэг өрөө орон сууцыг хувь тэнцүү эрхгүй гэж үзэх үндэслэлтэй байна... гэж дүгнэсэн буруу байна.
Дээр дурдсан орон сууц хувьчлах тухай хуулиар ногоон, цэнхэр, улаан гурван хууль ёсны эрхийн бичгийн бие биеэсээ үндэслэж гарсан 3 шат дамжсан 3 өөр гэрчилгээний 3 дахь дамжлага болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хамтран өмчлөгч гэрчилгээнээс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчингүй болгуулах иргэний нэхэмжлэлийг ногоон өнгөтэй Сүхбаатарын хөшөөний зурагтай орон сууц эзэмших эрхийн бичиг-ээс цэнхэр өнгөтэй орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох явцад хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэсэн 2 дугаар хуудсыг хуурамч иргэний бичиг баримт бүрдүүлэн бусдын гэр бүлийн гишүүнээр өөрсдийн нэрийг шургуулсан Д.Ш, Б.Энхбаяр нарын нэрийг бүртгэсэн Oрон сууц хувьчлах товчооны Орон сууцны хувьчлах хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн захиргааны хэрэгтэй хэрхэвч адилтгаж болохгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас шүүхэд болон тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч Д.О нь Т.Этой гэр бүлийн баталгаатай буюу гэр бүлээ цуцлуулаагүй зэрэг нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.
Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулсан хэлцлийг хүчингүйд тооцуулж, хариуцагч нарыг орон сууц өмчлөх эрхгүй болохыг тогтоолгож, улсын бүртгэлээс нэрийг хасуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/01149 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч Д.Оюугэрэл нь талийгаач Т.Этой гэрлэлтээ цуцлуулаагүй ч 1994 оноос хойш түүнийг нас бартал хамт амьдраагүй, харин Д.Ш, түүний хүү Б.Энхбаяр нар хамтран одоогийн маргаан бүхий бүртгэлээр олгогдсон орон сууцанд амьдарч байсан, уг орон сууцыг гэрлэгчдийн хамтын амьдралын үед бий болсон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэхгүй гэж;
-дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00726 дугаар тогтоолд Орон сууц хувьчлах тухай хуулийн 24 дүгээр зүйлд Хувьчлагдсан орон сууцыг өмчлөх эрх нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүснэ гэж заасан тул Т.Э, Д.Ш, Э.Э нар нь тухайн байрны өмчлөгч мөн, Д.О, Т.Э нарын гэрлэлт хүчин төгөлдөр байсан хэдий ч маргааны зүйл болох орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлгүй тул Т.Э тухайн орон сууцны өөрт ногдох хэсгээ бусдад шилжүүлэхдээ Д.Оийн зөвшөөрлийг авах шаардлагагүй гэж тус тус дүгнэжээ.
Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт сууц эзэмшигч гэдгийг эрхийн бичиг, хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг ойлгохоор, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрхийн бичиг, хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй гэж тус тус заасан.
Гэвч иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тогтоолоор нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг давж заалдах гомдолд дурдсанчлан энэхүү захиргааны хэрэгт хамааралгүй, адилтгаж болохгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болно.
Иймд Т.Э, Д.О нар тус тусдаа гэр бүлийн баталгаатай, тэрхүү баталгаа нь хүчин төгөлдөр байсан ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН