Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3-р баг, Жавхлант, Их булаг 1-8 тоотод оршин суух Барзаадай овогт Даринчулууны Ганчимэг /РД:КЮ78100568/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3-р баг, Жавхлант, Их булаг 1-8 тоотод оршин суух Зэлэм овогт Долгорсүрэнгийн Сугиржав /РД:КЙ75041875/-д холбогдох

            Гэрлэлтийн баталгааг цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганчимэг, хариуцагч Д.Сугиржав, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Даринчулууны Ганчимэг миний бие нь 1998 онд Долгорсүрэнгийн Сугиржавтай танилцан улмаар 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн 100 тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1999 оны 08 дугаар сарын 04-нд охин С.Баярмагнай төрсөн, 2003 оны 10 дугаар сарын 24-нд хүү С.Баярмөнх төрсөн. Бид зан харьцаа, байнга архи уудгаас үүдсэн таарамжгүй харьцаанаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн салаж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин Баярмагнай, хүү Баярмөнх нар маань эх Даринчулууны Ганчимэгийн асрамжинд амьдарч өсч торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү С.Баярмөнх, охин С.Баярмагнай нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Ганчимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Би анх 1999 онд Д.Сугиржавтай танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлууж байсан. 2013 оноос эхэлэн бид тусдаад амьдрах болсон. 2014 онд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл гаргаж байсан. 2 хүүхэд миний асрамжид байдаг. Бид хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн тал дээр маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцлуулж өгнө үү? гэв.

            Хариуцагч Д.Сугиржав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Ганчимэгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүл цуцлуулах саналыг хүлээн авч салахад бэлэн байна” гэв.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэлтийн баталгааны хуулбар, хариуцагч Д.Сугиржавын шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний жолооны үнэмлэхний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Ганчимэг, хариуцагч Д.Сугиржав нар нь 1998 онд гэр бүл болж, улмаар 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд хамтран амьдрах хугацаанд буюу 1999 оны 08 дугаар сарын 04-нд охин С.Баярмагнай, 2003 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү С.Баярмөнх төрсөн нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

             Нэхэмжлэгч Д.Ганчимэг, хариуцагч Д.Сугиржав нар нь 2013 оноос тус тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй тус тусдаа гэр бүлтэй болсон нь зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан урьдчилсан арга хэмжээ авах боломжгүй гэж үзэв.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Нэхэмжлэгч Д.Ганчимэг, хариуцагч Д.Сугиржав нарын гэрлэлтийн баталгааг цуцлах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч, хариуцагчийн санал хүсэлтийг харгалзан охин С.Баярмагнай, хүү С.Баярмөнх нарыг эх Д.Ганчимэгийн асрамжинд үлдээх нь зүйтэй.

Тиймээс гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэг хүлээх, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Нэхэмжлэгч Д.Ганчимэг, хариуцагч Д.Сугиржав нар нь охин С.Баярмагнай, хүү С.Баярмөнх нарыг тэжээн тэтгэх үүрэгтэйг сануулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

            Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан байхгүй талаар дурдах нь зүйтэй.           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Барзаадай овогт Даринчулууны Ганчимэг, Зэлэм овогт Долгорсүрэнгийн Сугиржав нарын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 100-рт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 1999 оны 08 дугаар сарын 04-нд охин С.Баярмагнай, 2003 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү С.Баярмөнх нарыг эх Д.Ганчимэгийн асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн, мөн хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүйг  дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Д.Ганчимэг, Д.Сугиржав нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

            5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Сугиржаваас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.БАТТУЛГА