| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0101/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/102 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа
Улсын яллагч М.Оюунбат
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Х-т холбогдох 2022002380120 тоот хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1995 оны 12 сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкны механик-жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р /Үйзэн/ баг “Тосонгийн хөх толгой” гэх газар нутаглах, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй Э.Х гэв.
Шүүгдэгч Э.Х нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 8 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр баг Үйзэн гэх газарт иргэн У.Р-ийг архи нэхлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 8 сарын 26-ны шөнө 02 цаг болж байхад манайд 3-уулаа ирсэн. Намайг дуудахад нь би сэрээгүй юм байна лээ. Тэгээд дуудсаар байгаад намайг сэрээгээд “Хөөш архиа гаргаад ир” гэсэн. Өдөр нь надтай таарахдаа архи нэхээд байсан. Тэгэхэд нь би “надад юм байхгүй, би ойрдоо аймаг, сум ороогүй” гэсэн. Тэгээд шөнө нь дахиад ирээд архи нэхээд чанга дуугарахад нь нялх хүүхэд маань цочиж сэрээд уйлахаар нь миний уур хүрээд босож очоод нэг цохисон. Тэгээд гадаа гараад жоохон зууралдаж байгаад яваад өгсөн...” гэв.
2. Хохирогч У.Р-ийн “...2020 оны 08-р сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд С.Батсайхан, Ж.Батбуянгийн хамт хамаатны айл болох Э.Хын гэрт очсон юм. Тухайн үед Э.Х вагончик дотор хэвтэж байсан бөгөөд би очоод Хадаа миний дүү бос бос гэсэн чинь Хадаа хувцсаа өмсөж босч ирээд намайг вагончик дотор завилаад сууж байхад шууд зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би хажуу тийшээ хэлбийсэн чинь зүүн нүдний харалдаа бакалтай хөлөөрөө 1 удаа дэвссэн. Тэгээд вагончикноос чирч гаргаад дагз хэсэгт нэг удаа өшиглөөд газар унасан чинь цээжин дээр нэг удаа дэвссэн. Тэгээд С.Батсайхан, Ж.Батбуян хоёр салгасан. Би босоод гэр лүү гээ явсан. Э.Х миний төрсөн эгчийн бага хүү нь байгаа юм. Э.Х намайг ямар шалтгааны улмаас зодож гэмтээсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед Э.Хтай маргалдаж муудалцсан асуудал огт байхгүй. Бэлчээрийн маргаан байхгүй. Өмнө жилийн цагаан сараар Э.Х намайг хотод байх хугацаанд согтуу манай гэрт очоод манай эхнэрээс архи дарс нэхээд манай эхнэрийг архи өгөхгүй бол хүчиндэнэ шүү гэж айлгасан байсан. Тэгэхээр нь би тэр асуудлыг нь эгчдээ хэлчихсэн юм. Тэрэнд өс санаж явдаг юм уу яадаг юм мэдэхгүй байна. Би Ж.Батбуянгийн гэрт С.Батсайхан, Ж.Батбуян хоёртой нэг шил архи хувааж уусан байсан. С.Хадбаатар эрүүл согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Гэрт нь очиход Э.Х эхнэр хүүхэдтэйгээ байсан. Миний зүүн нүд хөхрөөд хавдаад тагларсан, толгой их хөндүүртэй байна. Би аймгийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Гомдолтой байна. Үзүүлж харуулаад эмчилгээний зардлаа гаргуулна...” гэх мэдүүлэг /хх-9/
3. Хохирогч У.Р-ийн дахин өгсөн “...Вагончикны шатан дээрээс нүүрээрээ унасан асуудал огт байхгүй. Намайг Э.Х зодож гэмтэл учруулсан. Намайг унаагүйг С.Батсайхан, Ж.Батбуян хоёр харж байсан. Би яах вэ бие муутай эгчийгээ бодоод л Э.Хт гомдолгүй гэж хэлсэн юм. Би тухайн өдөр өглөө нь Э.Хтай дайралдсан тэр үед л танайд ганц юм байна уу гэж асуусан дахиж асуугаагүй. Э.Х надад эмчилгээний зардал төлбөр гэж 2 сая төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15/
4.Гэрч Т.Ууганцэрэнгийн “...2020 оны 08-р сарын 26-аас 27-нд шилжих шөнө 01 цаг 45 минут болж байхад манай аав Ж.Батбуян, нөхрийн нагац ах У.Р, мөн нутгийн С.Батсайхан ах нар манай гэрт ирсэн юм. Тухайн үед манай нөхөр, хүүхэд бид гурав унтаж байсан. Тэгээд аав У.Р ах чинь ирлээ босоорой гэсэн. Тэгэхэд нь би сэрсэн, тэгээд хэвтэж байтал аав эд нар босохгүй юм байна явъя гэсэн чинь У.Р ах би эднийд орно гэж хэлж байсан. Тэгээд манай гэрт ороод ирсэн. Тэгснээ гэрт орж ирээд манай нөхөр Э.Хыг босоорой архиа гаргаад ир гээд нэлээд олон удаа дуудсан. Тэгтэл Э.Х та харанхуй шөнө ирчхээд архи дарс нэхлээ гээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед манай хүүхэд уйлаад байсан бөгөөд би хүүхдээ авсан. Тэгээд Э.Х, У.Р ахыг гэрээс /вагончик/ гаргасан бөгөөд У.Р ах шатны уруу буухдаа ойчих шиг болсон түчигнэх чимээ гарсан. Тэгээд Э.Х, У.Р ах хоёр гадаа хэрэлдэж байгаад тэд нар яваад өгсөн. Тухайн үед С.Батсайханах У.Р ах нар согтуу байсан. Харин манай аав Ж.Батбуян эрүүл явж байсан. Би хүүхдээ тэврээд гэртээ байж байсан болохоор гадаа яг юу болсныг хараагүй. Э.Х У.Р ахыг шөнө ирээд архи нэхлээ гэж уурлаад цохисон. Э.Х согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Э.Х зан байдлын хувьд бага зэрэг түргэн ууртай хүн бусдаар бол гайгүй...” гэх мэдүүлэг /хх-13/
5.Гэрч С.Батсайханы: “2020 оны 08-р сарын 26-ны орой манай найз У.Р халамцуу ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Тэгээд У.Ртой хамт саахалт айл Ж.Батбуянгийнд очоод Ж.Батбуян, У.Р бид гурав нэг шил 0.5 граммын архи хувааж уусан. Ингээд цаг ч нэлээд орой болсон байх У.Рийн садны хүн болох Э.Хын гэрт очсон юм. Э.Хын гэр лүү нь У.Р яваад орсон бөгөөд би бие засчхаад хойноос нь орсон чинь Э.Х, У.Рийг унагаагаад толгой орчимд нь хөлөөрөө дэвсэлж байсан. Тэгээд нь би Э.Хыг цааш нь түлхээд У.Рийг аваад вагончикоос нь гарсан. Тэгээд гадаа бас барилцаж аваад байхаар нь Ж.Батбуян бид хоёр салгаад би У.Рийг гэрт нь хүргэж өгчхөөд гэр лүүгээ харьсан. У.Р шатнаас унасан асуудал байхгүй, бид нар хамт байсан. У.Р баруун талаараа уначихсан, Э.Х нүүрнийх нь зүүн талд дэвсэлж байсан юм. У.Рийн зүүн нүдний орчимд нь хавдсан байсан, өөр гэмтэл шарх ажиглагдаагүй. У.Р, Э.Хын гэрт надаас түрүүлээд орсон, архи дарс нэхсэн эсэхийг нь мэдээгүй. Би бие засчхаад л орсон чинь У.Рийг Э.Х зодож байсан. У.Р анх манай гэрт ирэхдээ л халамцуу ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-14/
6. Гэрч Ж.Батбуянгийн “...2020 оны 08-р сарын 26-ны өдөр би гэртээ хонио манаж байтал гаднаас У.Р, Ж.Батбуян хоёр нэлээд аажуу ирсэн юм. Тэр хоёр тухайн үед халамцуу байсан бөгөөд би тэр хоёрт нэг шил 0.5 граммын хараа архи гаргаж өгсөн. Би тэр архинаас нэг л татаад би хонио манана та хоёр уу гээд тэр хоёр хувааж уусан. Тэгээд тэр хоёр Э.Хынх руу явлаа гээд явсан. Тэгээд төөрөөд буцаад хүрч ирсэн. Ингээд надаар газарчлуулаад манай хүргэн Хадаагийн гэрт очсон. Тэгээд би түрүүлж орсон чинь Хадаа манай охин Т.Ууганцэрэн хоёр унтаж байсан. Тэгээд би У.Р ах чинь ирж байна гэж хэлээд би явлаа гээд гарсан. Тэгээд С.Батсайхан бид хоёр мотоциклынхоо ойролцоо зогсож байтал У.Р Хадаагийнд яваад орсон. Тэгээд үүдэнд нь байж байтал У.Р, Хадаа хоёр зууралдаад гарч ирээд гадаа барьцалдаж авсан. Гэрт дотроо бол түчигнээд байсан, гэрт юу болсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-16/
7. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 192 тоот “У.Рийн биед зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний алимын салст, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. У.Рийн биед үүссэн зүүн нүдний алимын салст, зүүн дээд доод зовхины цус хуралт, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний зулгаралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх18-19/
8. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх3-5/
9. Э.Х-ын малын А данс зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Э.Х нь 2020 оны 8 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр баг Үйзэн гэх газарт иргэн У.Р-ийг архи нэхлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний алимын салст, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Х-т зодуулсны улмаас хохирогч У.Р-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна
Шүүгдэгч Э.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна..
Иймд шүүгдэгч Э.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Х нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Э.Х-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрчээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагчийн саналын дагуу шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Х нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх41-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-39/, уг торгуулийн ялыг шүүгдэгч Э.Х нь 2020.09.02-ны өдөр төлж барагдуулсан нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-50/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн нэг зүйл хэсэгт заасан гэмт хэргийг удаа дараалан үйлдэж байгаа нь шүүхээс түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгах үндэслэл болно. Гэвч прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэрэгт ял оногдуулах саналдаа шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ялын санал гаргаж түүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Э.Х-т торгох ял оногдуулсан бөгөөд прокурор дээр дурдсан нөхцөл байдлыг цаашид анхаарах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, У.Р нь хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “Хадбаатар эмчилгээний төлбөр гэж 2 сая төгрөг өгсөн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, мөн хуулийн 36.1 дүгээр үйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч У.Р 2000000 /хоёр сая/ төгрөг хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй..
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ