Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч М.Оюунбат

Иргэний нэхэмжлэгч П.Э

           Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2022001640108 тоот хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Баянгол дүүргийн .......................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.Б гэв.

  

   Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 8336УБЕ улсын дугаартай “Sonata-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасны улмаас хамт зорчиж явсан иргэн Л.Ш-гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                         ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 5 дугаар сарын 18-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу Шархүү гуайн гуйлтаар явахаар болсон. Тухайн үед биеийн байдал муу байсан боловч үгүй гэж хэлж чадалгүй цуг явж улмаар осол гаргасан. Тухайн үед Дэлгэрцогт сумаас Дундговь аймаг явах замд машин гүйцэж түрүүлэх гэтэл урд машин шахаж орж ирээд санамсаргүй байдлаар авто осол болсон” гэв.

- Иргэний нэхэмжлэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн үед Э.Бн унаж явсан тээврийн хэрэгсэл нь Жи Эс Би капитал банк бус санхүүгийн байгууллагын өмч хөрөнгө бөгөөд Мөнхбуян эзэмшиж, ашиглаж байсан. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний хөлс болох 304000 төгрөгийг манайх төлсөн. Үнэлгээний дүн нь 6.500.000 төгрөг гарсан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан зардлын талаарх 650.632 төгрөгийн баримт нэмэгдээд нийт 7.454.632 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

- Хохирогч Л.Ш-гийн “2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 16 цагт Улаанбаатар хотоос Батдалайтай хамт Өмнөговь аймаг руу нүүрсний уурхай орохоор явахад Батдалай машинуудыг гүйцэж түрүүлээд хурдтай давхиад байсан. 170-180 мильтэй явж байсан байх, би зүүрмэглээд явж байсан, Батдалай нэг машиныг гүйцэж түрүүлэх гээд байх шиг байсан. Тэгээд түс тас хийгээд явчихсан. Осол болсон газар нь Дэлгэрцогт өнгөрөөд Дундговь аймгийн төв орох хооронд болсон. Тэгээд нэг мэдсэн чинь миний гараас хүн татаад байх шиг байсан, намайг гаргаад би хэвтсэн, тухайн үед ухаан орж гараад байсан. Дэлгэрцогт сумын эмнэлгийн машин ирээд Дундговь аймгийн төв дээр эмнэлэгт авч ирсэн.  Дундговь аймгийн төвөөс ГССҮТөвд 2020.05.19-ний 03 цагт хүргэгдэж ирсэн. Миний биед ямар гэмтэл учирсан гэдгийг мэдэхгүй байна, ГССҮТөвд үзүүлсэн эмчлүүлсэн баримтад тодорхой байгаа. Батдалай архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Батдалай хамгаалалтын бүс бүсэлсэн байсан. Би хамгаалалтын бүсээ бүслээд явж байгаад бүсээ тайлаад нэг хэсэг  явчихъя гэж бодоод тайлаад явж байсан юм. Намайг аваарт орсноос хойш эргэж тойроогүй, холбогдохгүй байгаад Батдалайд гомдолтой байна. Эмчлүүлээд 43-44 хонож байх хугацаанд гарсан эмчилгээний зардал мөнгө гэж юу ч өгөхгүй байгаад гомдолтой байна. Одоогийн байдлаар 2 сая гаран төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна. Цаашид эмчилгээ хийлгэх /гадаад болон дотоод/ эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд гарах зардлын баримтыг бүрдүүлж нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх22-23/

- Гэрч А.Мөнхбуянгийн “2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Шархүү, Батдалай 2 Өмнөговь аймаг явах ажилтай болсон машинаа өгөөч гээд надаас 16 цагийн үед миний “Sonata-7” маркийн машиныг аваад явсан. Тэгээд 20 цаг 30 минутын үед Шархүү над руу аваарт орчихлоо гэж ярьсан. Би тэгээд 21 цагийн үед Улаанбаатар хотоос гараад Дундговь аймагт шөнө ирсэн. Миний машин Жи Эс Би капитал ББСБ-ын нэр дээр байдаг. 2019 оны 04 сард лизингээр авч байсан. Одоо төлж дуусах хугацаа нь дөхөж байгаа, машины даатгал бол байгаа. Батдалай бие муутай учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Надад санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-26/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл   /хх7-8/

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх9-17/

- Мөрдөгчийн “...8336 УБЕ улсын дугаартай “Sonata-7” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь хэргийн газрын үзлэг, ослын газрын схем зураг болон гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна...” гэх магадалгаа /хх-57/

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020.06.04-ний өдрийн  6289 дугаартай дүгнэлтэд“ 1. Л.Ш-гийн биед тархи доргилт, тархины сагитал синусны аалзан хальс доорх голомтлог цус харвалт, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талын 5,6-р хавирга, зүүн талын  1-р хавирга, сээрний 5,11-р нугалам, бүсэлхийн 3, 5-р нугалмын их биеийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /31-33/

- Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020.05.20-ны 128 тоот “Э.Б-н биед баруун сарвуу, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 128 дугаартай дүгнэлтийг 482005261, 482005262 тоот хэвлэмэл хуудсан дээр хэвлэв. Нэмэлтээр эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй тул дүгнэлтийг гаргав” гэх дүгнэлт /хх43-44/

          - Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнд “нийт дүн 6500,000 төгрөг” гэжээ /хх50-51/

          - Шүүгдэгч Э.Б-н эрүүл мэндтэй холбоотой баримтууд /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/

          - Иргэний нэхэмжлэгчээс гаргаж өгсөн автомашины зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, гэрээтэй холбоотой баримтууд /хх-ийн 139-148/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

         

          Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 8336 УБЕ улсын дугаартай “Sonata-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Л.Шгийн  биед хүндэвтэр хохирол учирсан үйл явдал болсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох “ВCD” ангиллын эрхийн үнэмлэхтэй болох нь хэргийн 81-рт авагдсан лавлагаагаар,  уг зам тээврийн осол нь 8336 УБЕ улсын дугаартай “Sonata-7’’ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Б-н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “ жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадалгаагаар тус тус тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон  байна. 

          Иймд шүүгдэгч Э.Б-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж  дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б-н үйлдэлд  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Б-г анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болон түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Л.Ш нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй,  эмчилгээний зардалд 3.029.000 төгрөг гаргуулна гэсэн хүсэлтийг ирүүлжээ.

Хавтаст хэргийн 95-134, 137-рт авагдсан  3.029.000 төгрөгийн баримт нь хохирогч Л.Ш-гийн эрүүл мэндтэй холбогдон гарсан эмчилгээний зардал байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж  үзлээ.

Иргэний нэхэмжлэгчээс “ шинжээчийн хөлс 304.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6.500.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал 650.632 төгрөг буюу нийт 7.454.632 төгрөг”-г шүүгдэгч Э.Б-гаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүгдэгч Э.Б-н  осолд орох үедээ жолоодож явсан 8336 УБЕ улсын дугаартай “Sonata-7” маркийн тээврийн хэрэгсэл нь Жи Эс Би капитал ББСБ-ын өмчлөлийнх болох нь гэрч А.Мөнхбуян, иргэний нэхэмжлэгч П.Э нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан автомашины зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, гэрээтэй холбоотой баримтуудаар, уг тээврийн хэрэгсэлд 6.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ний үнэлгээгээр, уг үнэлгээг гаргуулахад 3.04.000 төгрөг төлсөн болох нь баримтаар /хх-ийн 49/ тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Мөн иргэний нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан 650.632 төгрөгийг нэхэмжилсэн ба 362.449 төгрөгийн зардал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан болох нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. Харин 288.183 төгрөгийн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан гэдэг нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна . Өөрөөр хэлбэл зарим шатахууны зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай хамааралгүй ба иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэрэглэсэн хоол хүнс, эм тарианы зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй юм.

         Иймд шүүгдэгч Э.Б-гаас нийт 10.196.292 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Ш-д 3.029.843 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.Э /Жи эс би ББСБ/-д 7.166.449 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 288.183 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.    

Уг ослын улмаас хохирогч Л.Ш-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Б-гаас нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй.

            Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.   

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б нь өөрийн эрүүл мэндтэй холбоотой баримт буюу амбулаториор эмчлүүлэгчдийн карт, зүрх судасны төвийн тодорхойлолт /7 хуудас/, тэтгэврийн дэвтэр зэрэг баримтуудыг эх хувиар нь судлуулсан бөгөөд энэхүү баримтууд нь цаашид эх хувиараа хэрэгтэй гэх тул уг баримтуудыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, эх хувийг нь шүүгдэгч Э.Бд  хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслах Г.Нямаад даалгаж шийдвэрлэлээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Э.Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг  тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

        5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гаас нийт 10.196.292 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Ш-д 3.029.843 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.Э /Жи Эс Би ББСБ/-д 7.166.449 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 288.183 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Ш нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Б-гаас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

             8. Шүүхийн хэлэлцүүлэгт эх хувиар шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Б-н эрүүл мэндтэй холбоотой /амбулаториор эмчлүүлэгчдийн карт, зүрх судасны төвийн тодорхойлолт 7 хуудас, тэтгэврийн дэвтэр/ баримтуудыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, эх хувийг шүүгдэгч Э.Б-д хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.

           9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9-р зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Г.МӨНХБАТ